Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/00430

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2018/00430

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  И ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Д /РД: /-т холбогдох

 

худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Худалдах худалдан авах гэрээний төлбөрт Д.Д аас 2,700,000 (Хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай . Д.Д нь 2013.12.13-нд манай компаниас төхөөрөмж худалдах худалдан авах гэрээг 18 сарын хугацаатай байгуулсан болно. Д.Д нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй, гэрээнд заасан хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,700,000 (үндсэн төлбөр 5.700.000) төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс манай компаний Д.Дтай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрт төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 2.700.000 төгрөгийг Д.Д аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2 700 000 төгрөг худалдах худалдан авах гэрээний дагуу дагуу нэхэж байгаа. Керби гээд тоос сорогчийг 5 700 000 төгрөгөөр худалдсан боловч 3 саяыг төлөөд үлдэгдэлийг төлөөгүй. Шаардсан боловч утсаа авахгүй, төлөхгүй байгаа. Манай 2-3 хүн байнга үйлчилгээ үзүүлж явж байдаг. Нэхэмжлэлд алданги тооцохгүй гэв.

 

Хариуцагч Д.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: БЗД-ийн 15-р хорооны иргэн 85 настай Д овогтой Д би АНУлсын Kirby компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч" гэх И ХХК-ий менежерүүдийн удаа дараа утасдаж санал болгосон, мөн Kirby Sentria /№8130578571/ дугаар бүхий төхөөрөмжийг 2013.12.13-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу 5.700.000 /таван сая долоон зуун мянган/ төгрөгөөр худалдан авсан болно. Гэрээнд заасанаас урьдчилан 3.000.000 /гурван сая/ төгрөгийг 2 сарын дотор хугацаанаас нь өмнө дараах байдлаар төлсөн. /Гэрээнд зааснаар cap болгон 288.000 /хоёр зуун наян найман мянган/ төгрөгийг 18 сарын дотор төлөх ёстой./ Үүнд:

1.    500.000 төг

2.    1.000.000 төг

3.    1.500.000 төг

Дараа нь 2.000.000 /хоёр сая төгрөг/ төлөх гэтэл манай танил хүмүүс энэ төхөөрөмжийг худалдаж авсан хүмүүсийн дунд Kirby компанид үйлдвэрлэгдсэн гэх төхөөрөмжийг хуурамч БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Монголд зарж байгаа үнэ нь 3-4 дахин их үнээр зарж байгаа гэх яриа ихээр гарч эхэлсэн ба Эх орон телевизээр худалдан авагч нарыг хуурч байгаа талаар нэвтрүүлэг гарсан болно. Би тухайн компанийн менежер Дүгэрсүрэнтэй утсаар удаа дараа холбогдож төхөөрөмжийг үйлдвэрлэсэн сертификат, компанийн албан ёсны борлуулагчийн эрхийн тухай баримт бичгийг шаардсан боловч гаргаж өгөөгүй болно. Уг төхөөхөрөмжийг буцаах, төлсөн мөнгөө авах талаар олон удаа шаардсан боловч мөнгө буцаах боломжгүй төхөөрөмжийг буцаан авч болно гэх зэргээр хариу өгсөн. Тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд шинээрээ хайрцагтайгаа байгаа болно. Тоног төхөөрөмжийг ашиглах сургалтыг явуулах гэрээтэй боловч гэрээнийхээ үүргийг тус компани огт биелүүлээгүй. Иймд үлдэгдэл 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган төгрөгийг/ төлөх үндэслэлгүй, харин тэтгэвэрийн өндөр настай хүнийг хуурч мэхэлсэн дээрх компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Учир нь Amazon компани дээрх тоног төхөөрөмжийг 500-750 ам.доллараар зардаг, ОХУ-д 69.000 рубль буюу 2.760.000 мянган төгрөгөөр өөрийн нутаг дэвсгэр дээр хүргэлт бусад урсгал зардалыг оруулаад борлуулдаг байна. Энэ тухай баримтыг хавсаргав. Би энэ компанид итгэж гэрээ байгуулсан. Иймд дараах үндэслэлээр нэхэмжилж байгаа 2.700.000 мянган төгрөгийг төлөх үндэслэлгүй харин урьдчлан төлсөн 3.000.000 төгрөгийг буцаан өгч намайг хохиролгүй болгох ёстой. Үүнд:

1.    Тоног төхөөрөмжийг буцаах талаар тус компанид удаа дараа шаардсаар байтал асуудлыг шийдвэрлээгүй алга болсон.

2.    Би өөрөө дунд чөмөг, түнхний үнэтэй хагалгаанд орж протез хийлсэн. Одоо хэвтэрийн байдалд байдаг.

3.    И ХХК олон хүнийг хуурч 3-4 дахин их үнээр тус төхөөрөмжийг зарж борлуулсан төдийгүй төхөөрөмжийг үйлдвэрлэсэн гарал үүслийн гэрчилгээ, чанарын баталгаа гаргаж өгөөгүй.

4.    № дугаартай төхөөрөмж нь АНУ Kirby компаний мэдээлэлийн санд бүртгэгдээгүй болно.

Иймд дээрх төхөөрөмжийг тус компанид буцаан өгч урьдчлан төлсөн 3.000.000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байгаа болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 87 настай, өндөр настай хүн. Нэхэмжлэгч удаа дараа санал болгосноор 5 700 000 төхөөрөмжийг худалдаж авсан. Сар бүр 288 000 төгрөг төлөхөөр гэрээнд тохирсон. Гэрээний дагуу үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Сургалт явуулна гэх мэт үүрэгтэй байсан. Олон удаа тайлбарлаж худалдсан байсан. Урьдчилгаа болон гэрээний дагуу 3 сая төгрөг төлсөн. Үлдэгдэлээ төлнө гээд байж байтал энэ нь хуурамч бараа болох талаар яриа гарсан. Энэ нь албан ёсоор сериал дугаар нь бүртгэгдээгүй, нэхэмжлэгч нь Керби компаний төлөөлөгч гэдгээ нотлоогүй баримт үзүүлээгүй. Гэтэл ТВ-р нэхэмжлэгч нь албан ёсны төлөөлөгч биш гэдэг талаар ярьсан. Ингээд төхөөрөмжөө буцааж ав гэхэд болно харин мөнгийг буцааж өгөхгүй гээд алга болсон. Утсаар нь залгахаар холбогдох боломжгүй байдаг, хаяг дээрээ ч байхгүй алга болсон. 2 700 000 төгрөг төлөөгүй харагдаж байх боловч нэхэмжлэгч нь үйлчилгээгээ нэг ч удаа үзүүлээгүй. Иймд төлөхгүй. Гарал үүслийн бичиг, сертификат өгөөгүй. Гадаадад байгаа үнээс хэд дахин илүү үнээр зарсан. Буцааж өгье гэж удаа дараа шаардлага гаргаж байсан гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Д нь худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй байна. Харин гэрээний зүйл нь хуурамч, хэт өндөр үнэтэй, гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэрээний зүйл нь Kirby Sentria маркийн төхөөрөмж бөгөөд гэрээний үнэ нь нийт 5,700,000 төгрөг болох нь хэргийн 4-6 талд байгаа баримтаар тогтоогдож байна. Төлбөрийг 18 сарын хугацаанд сар бүр 288,800 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. Хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй бөгөөд 3,000,000 төгрөгний төлбөр төлсөн гэж тайлбарласан. Гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 6 дугаар талд байгаа баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 3,000,000 төгрөг төлсөн гэдгийг зөвшөөрсөн. Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль маргаагүй.

 

Хариуцагч нь гэрээний зүйлийн биет байдлын доголдлын талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгчийг албан ёсны төлөөлөгч биш буюу эрхийн доголдолтой гэж маргаж байна. Гэвч хариуцагч нь өөрийн тайлбарыг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа хавсаргасан хуулбар зураг нь гадаад хэлээр бичигдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй.

 

Мөн хариуцагч нь гэрээний зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж, хуурч мэхлэх замаар худалдсан гэж маргасан боловч өөрийн тайлбарыг нотлоогүй. Түүнлчэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар зохигчид гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, өөрөөр хэлбэл гэрээний үнийн талаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. Учир нь зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулсан бөгөөд хуурч мэхэлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Иймд худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу дутуу төлбөр болох 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Д-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 58,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД