Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1004

 

Т.Ц, Л.Д нарын                                                                           нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00895 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Ц, Л.Д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18 251 820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Цх, Л.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр болон 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “С” ХК-тай Хувиараа сүү бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан.  Гэтэл захиалагч тал 2018 оны 9 дүгээр сарын 24, 28, 29-ний өдөр, 10 дугаар сарын 01, 03, 14-ний өдөр хүлээн авсан сүүний мөнгийг бидэнд өгөлгүй хохироож байна. Би “С” ХК-д 2010 оноос 2016 он хүртэл лаборантаар ажиллаж байсан. Ажлаас гараад 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс тус компанитай сүү нийлүүлэх гэрээ хийж хамтарч ажиллаж байсан. 2018 оны 7 дугаар сард гэнэт надаас сүү авахгүй аудитын шалгалт оруулсан гэж нийлүүлсэн сүүний үнэ өгөөгүй байна. 2018 оны 8 сараас хойш гэнэт чамтай хийсэн гэрээний дагуу сүү авахаа больсон гэсэн боловч Т.Ц-тай гэрээ хийж сүү авч байсан. Би өөртөө сүү авах багаж худалдаж аваад сүүний чанарыг шалгаж авдаг учир чанарын шаардлага хангасан лаборантаар орсон ус холиогүй, гашлаагүй ээдээгүй гэсэн баримттай сүү өгдөг байсан. Нийт 2 тн 500 литр сүүний үнэ буюу 2018 оны 9 дүгээр сарын 23, 24, 26-ны өдрүүдийн 7 474 670 төгрөг авах байснаас 5 000 000 төгрөгийг авсан. Иймд гэрээний дагуу үлдэгдэл 2 474 670 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “С” ХК-д 2017 оноос сүү нийлүүлсэн. 2018 оны 2018 оны 10 сарын 02-ны өдөр сүү нийлүүлэх гэрээ байгуулсан. Өмнө нь гэрээгүй ажиллаж байсан. 2018 оны 9 дүгээр сарын 28, 29, 10 сарын 01, 03, 14-ний өдрүүдэд нийлүүлсэн сүүний үнэ 15 781 150 төгрөгийг “С” ХК-аас нэхэмжилж байна. Гэрээ хийсэн хугацааны болон гэрээ хийгээгүй хугацааны мөнгийг нийлүүлж нэхэмжилж байна. “С” ХК одоо ч миний сүүг авч байгаа. Сүүний үнийг саадгүй өгнө гэсэн бичгийг 2019 оны 1 дүгээр сард хийж өгсөн. Гэхдээ энэ баримтыг надад өгөхгүй гэсэн. 2018 оны 11, 12 дугаар сарын эхэн үе хүртэл сүү нийлүүлээгүй. Харин 12 дугаар сарын дундуураас сүү нийлүүлсэн. Бид ажлаа үргэлжлүүлэхийн тулд хүнээс мөнгө зээлсэн. Л.Д гэдэг хүн миний лаборант, би жолооч бид хамтарч ажилладаг. Мөнгөө нэхэхээр та нар манай байгууллагаас мөнгө идсэн, эрүүгийн журмаар шалгагдаж дуусах хүртэл төлбөр өгөх боломжгүй гэж хохироож байна. Одоо ч цагдаагийн байгууллагаас нэг ч удаа дуудаж асуусан шалгасан зүйл байхгүй. Миний хувьд 5 өдрийн нийлүүлсэн сүүний үнэ буюу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4452 тонн сүү, 1 литрийг 950 төгрөгөөр тооцон 4 229 900 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2763 литр нийт 2 624 550 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 652 литр сүүг 1050 төгрөгөөр тооцон 1 734 600 төгрөг, 10 дугаар сарын 3-ны өдөр 3 тонн 836 литр нийт 4 0 27 800 төгрөг, 2 тонн сүү 2 152 500 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2 530 тонн сүү 400 төгрөгт өгсөн    1 012 000 төгрөг, нийт 15 781 000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн сүүг хэдэн төгрөгөөр авах эсэхийг санхүүгийн алба өөрөө үнэ тогтоодог гэжээ.

Хариуцагч “С” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Т.Ц, Л.Д нар нь “С” ХК-ийн нэрийг ашиглаж малчдаас сүү бэлтгэн нийлүүлсэн, мөн “С” ХК-д сүү нийлүүлэхдээ өөр хүний нэрээр “С” ХК-ийн сүү хүлээн авахад өөрсдийн сүүгээ оруулж, компанийг хууран мэхлэх үйл ажиллагаа явуулан компанид их хэмжээний хохирол учруулсан нь манай компанийн хяналтын камерын бичлэг болон сүү хүлээн авагч нарын бичиг, тайлбар зэргээр нотлогдож байгаа. “С” ХК нь эдгээр хүмүүсийн сүү нийлүүлсэн гэдэгт маргаагүй. Энэ гэрээ нь “С ХК-ийн хүсэл сонирхлоор байгуулсан гэрээ мөн үү гэж үзэж сүүний төлбөр төлөх дээр маргаан байгаа. “С” ХК сүүгээ өгөөч гэж шаардаагүй, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс аудитын шалгалт эхэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд эдгээр иргэдийн зөрчил илэрсэн. Аудитын газраас энэ хүмүүсээс сүү авах шаардлагагүй гэсэн чиглэл өгсөн. Гэрээ байгуулахаас өмнөх сүү хүлээлгэн өгсөн байдаг. Сүү хүлээн авагчийн 3 ажилтан байдаг. Лаборантуудтай сүү хуйвалдаж өгсөн зүйл байгаа. Эдгээр хүмүүс шалгагдаж байгаа. Л.Довчингэрэл их хэмжээний хохирол учруулсан. Энэ хоёр хүн жолооч болон лаборант хийсэн гэдэг. Сүү хүлээлгэн өгсөн дээр гарын үсэг зурсан нь бага байдаг. Сүү нийлүүлэх хүн нь Т.Ц байгаа боловч цаана нь Л.Д нийлүүлж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэх эрхтэй этгээд нь Л.Д юм. Шалгалтаар байгууллагад 84 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр хүмүүсийн гэр бүлийн хүмүүс “С” ХК-д ажилладаг бөгөөд тэдэнтэй холбоотой асуудал мөн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа.       15 781 150 төгрөг болон 2 471 000 төгрөгийн сүү ямар журмаар орж ирсэн эсэх нь тодорхой бус байгаа. Эрүүгийн журмаар шийдвэрлэж дуусах хүртэл иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.2-д зааснаар, хариуцагч С ХК-аас 15 781 150 төгрөгийг Т.Ц-д, 2 471 000 төгрөгийг Л.Д-д тус тус гаргуулж олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчТ.Ц, Л.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн 249 210 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж хариуцагчаас 249 210 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “С” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай" 180805075 дугаар тогтоол, мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "С" ХК-ийн захиргаанд хүргүүлсэн 18/45 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг гарган өгч байсан ба эдгээр баримтууд нэхэмжлэгч нарыг Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх явцдаа сүү нийлүүлэгч малчидтай үгсэн хуйвалдах, бусдын нэр ашиглаж төөрөгдөлд оруулах замаар "С" ХК-нд бодитоор нийлүүлсэн сүүний тоо хэмжээг зохиомлоор өсгөх, огт сүү нийлүүлээгүй хүмүүсийн нэрийг ашиглаж, сүү нийлүүлсэн мэтээр сүүний нийлүүлэлтийг зохиомлоор бий болгох, сүү хүлээлцсэн баримтыг хуурамчаар үйлдэх, тоо хэмжээг нь засварлах зэрэг үйлдлийн аргаар "С" ХК-иас сүүний төлбөрийг илүү гаргуулан авч хохирол учруулсан асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэдгийг нотлох хангалттай нотлох баримтууд байсан учир хариуцагчийн зүгээс нэмж нотлох баримт гаргаж өгөх шаардлагагүй байсан. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нарыг Цагдаагийн  байгууллагаас  дуудаж  шалгаагүй,   мэдүүлэг  аваагүй   гэдэг  нь  баримтаар нотлогдоогүй ба дуудаж шалгаагүй, мэдүүлэг аваагүй нь нэхэмжлэгч нарыг Цагдаагийн байгууллагад шалгагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч нартай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах, гэрчүүдээс мэдүүлэг авах, шинжээч томилох ажиллагаанууд хийгдээд явж байгаа болно. Нэхэмжлэгч Т.Ц, Л.Д нар "С" ХК-тай Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэсэн эсэх нь тэднийг "С" ХК-нд гэмт хэргийн шинжтэй үйлдлээр хохирол учруулсан асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудалтай ямар ч хамааралгүй юм. Гэтэл Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байтал нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.Ц, Л.Д нар нь хариуцагч "С" ХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгч Т.Цолмонбадрах 15 781 150 төгрөг, Л.Д нь 2 470 670 төгрөг, нийт 18 251 820 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Ц “С” ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 02-нд Хувиараа сүү бэлтгэн нийлүүлэх гэрээг жилийн хугацаатай байгуулж, гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс  2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 15 781 150 төгрөгийн сүү нийлүүлсэн  болох нь компаний санхүүгийн тамгатай өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, ачуулсан сүүг хүлээн авах акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.  /хх-ийн 14-19,  44,45, 65-67, 81/

 

Нэхэмжлэгч Л.Д “С” ХК-тай 2017 оны 04 сарын 20-нд Сүү бэлтгэн нийлүүлэх гэрээг жилийн хугацаатай байгуулсан, 2018 оны 9 дүгээр сарын 23, 24, 26-ны өдөр хүртэл хугацаанд 2 470 670 төгрөгийн сүү нийлүүлсэн болох нь компаний санхүүгийн тамгатай өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 4, 58/

Анхан шатны шүүх  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулсанд тооцох үндэстэй  гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэгч нараас сүү нийлүүлсэнтэй холбоотой дээрх нотлох баримтуудыг үгүйсгээгүй тул нэхэмжлэгч Т.Ц 15 781 150 төгрөгийг, нэхэмжлэгч Л.Д 2 470 670 төгрөгийг тус тус хариуцагч “С” ХК-иас шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэж  тайлбарлаж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай 180805075 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “С” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Мандхайд хүргүүлсэн 18-45 дугаартай албан бичиг /хх 40, 74/ зэрэг баримтыг үндэслэж байгаа боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн нь буруутгах үндэслэлгүй.

Макс группийн Аудитын тайлан № 2/05, “С” ХК-ийн лаборант Л.Д 2013-2018 гэсэн баримтад  84 898 624 төгрөгийн хуурамч хий сүү бичин мөнгө хувьдаа завшсан талаар дүгнэсэн байх боловч уг тайлан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2018 оны 9 дүгээр сарын 23, 24, 26-ны өдрүүдэд сүү нийлүүлсэн үйл баримтад хамааралгүй байна.

 

Хариуцагч нь С.Цамбажав, Р.Даваадулам, Ц.Нандинцэцэг, С.Оюун-Эрдэнэ нарт холбогдуулж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, нэхэмжлэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч нарын гэм буруугийн асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдолд энэ шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул  аудитын тайланд тусгагдаагүй  худалдах,  худалдан авах гэрээний үүрэг шаардах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг иргэний журмаар шийдвэрлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Харин шүүх Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2 дах хэсэгт заасныг тухайн тохиолдолд хамааралгүй байхад хэрэглэсэн нь буруу болсныг дурьдах нь зүйтэй, харин шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 210 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

                               ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Н.БАТЗОРИГ