Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2018/00409

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт байрлах ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 281 тоотод оршин суух, Их сул овогт *******ын ******* /ГН74060116/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 281 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РИ76110729/ нарт холбогдох

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201642814960 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9.898.67311 төгрөг гаруулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ц.*******, Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

...Зээлдэгч Ц.*******, Н.******* нар нь тус банкны Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төвөөс 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ201642814960 тоот зээлийн гэрээ байгуулан 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 2,600,381.34 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,522,222.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,184.83 төгрөг, нийт 1,724,788.27 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 319 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд банк зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ201642814960 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах.

2.2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах

1.Үндсэн зээлийн үлдэгдэл 8,399,618.66 төгрөг, 2.Зээлийн хүүгийн төлбөр 1,417,930.80 төгрөг, 3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 72,133.65 төгрөг, 4.Нотариатын хураамж 9000 төгрөг, нийт 9,898,673.11 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ... гэжээ.

 

Хариуцагч Ц.*******, Н.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* банкнаас бид 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 11.000.000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Миний бие эрүүл мэндийн байдлаас ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвараа алдаж ажлаасаа гарч, хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь тогтоогдож одоо груп-д орсон байгаа. Энэ байдлаас болж эхнэр маань миний биеийг үзүүлэх нааш цаашаа явах гэж ажлаасаа тэр болгон чөлөө зөвшөөрөл аваад байхад хэцүү байсан учраас мөн л ажлаасаа гарсан. Одоо групын мөнгөөр л амьдарч байна. Ер нь бид ажлаасаа халагдснаас хойш цалингийн зээлээ төлж чадаагүй нь үнэн. Зээлийн төлбөр 9.898.67311 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах, маргах зүйл байхгүй. Групын зээлээ авч төлж барагдууна гэсэн бодолтой байгаа ... гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

ХААН банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Ц.*******, Н.******* нарт холбогдох 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201642814960 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 9.898.67311 төгрөг гаруулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь: Хариуцагч Ц.*******, Н.******* нар нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкны Сэлэнгэ салбар Гааль тооцооны төвөөс барьцаат зээлийн гэрээ байгуулж 11.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан банк болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн болох нь дээрх барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байх ба зээлдэгч нар нь 201642814960 тоот гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар нотлогдож зээлийн гэрээний үүргийг зөрчсөн эсэх асуудалд хариуцагч маргаангүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй  байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх нь гэрээний талуудад байдагтай нэгэн адил гэрээг цуцлах эсэх нь уг гэрээнд оролцож байгаа 2 талын эрх бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 20, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус хүргүүлсэн байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтооон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 2018 оны 01 сараас хойш ямар ч төлөлт хийгээгүй болох нь зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

  Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ц.*******, Н.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8.399.61866 төгрөг, зээлийн хүү 1.417.93080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.12365 төгрөг, нийт 9.898.67311 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ХААН банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173.328 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 173.328 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХААН банк Сэлэнгэ салбарын Гааль тооцооны төв, Ц.*******, Н.******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сасрын 07-ны өдрийн ЗГ201642814960 тоот зээлийн гэрээг цуцалсугай.

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ц.*******, Н.******* нараас 9.898.67311 төгрөгийг гаргуулан ХААН банкны Сэлэнгэ салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк Сэлэнгэ салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 173.328 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 173.328 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ