| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00499/И |
| Дугаар | 104/ШШ2020/00499 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2020/00499
| 2020 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 104/ШШ2020/00499 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 8 дугаар хороо, 41 дүгээр байр 43 тоотод оршин суух Боржигон Бат-Эрдэнийн Мөнхзаяа /РД:УД94092102/
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 33 дугаар гудамж 416 тоотод оршин суух Зальт Батбаярын Дашдаваа /РД:УИ96072217/
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Дашдаваатай 2017 онд танилцаж ханилан суусан. Бидний дундаас 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүү Д.Аминшагай төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа тул хүү Д.Аминшагайд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Дашдаваа шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Мөнхзаяагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Өөрийн үүргийг ухамсарлан хүү Д.Аминшагайд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Би Тайкун ХХК-д 2020 оны 10 дугаар сарын дундаас эхлэн ажиллаж байна. Үндсэн сарын цалин 700.000 төгрөг үүнээс татвар шимтгэлийг төлөөд 600.000 төгрөгийг гар дээр авдаг. Үүнээс Голомт банкны цалингийн зээлд 500.000 төгрөг сар бүр төлдөг тул миний нөхцөл байдлыг харгалзан үзэж 50.000-100.000 төгрөг төлөхөөр шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Дашдаваа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ковид-19 цар тахалтай холбогдуулан би 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 11 цагт болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг эзгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Д.Мөнхзаяа нь хариуцагч Б.Дашдаваагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Б.Дашдаваа нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Д.Мөнхзаяа, Б.Дашдаваа нар 2017 оноос гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдарсан, тэдний дундаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Д.Аминшагай төрсөн бөгөөд эцгээс тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрхтэй бөгөөд эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй.
Хүүхдүүд эцэг, эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд тэдний хэн нэгний асрамжид байж, тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хэн нэгээр тэжээн тэтгүүлэх эрхтэй.
Иймд Б.Дашдаваагаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Д.Аминшагайг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн болно.
Цаг үеийн нөхцөл байдал Ковид-19 цар тахал өвчин дотоодод алдагдсантай холбогдуулан хариуцагч Б.Дашдаваа шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хэргийг эзгүйд хэлэлцэх хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Дашдаваагийн Аминшагайг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Дашдаваагаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.030 /гучин долоо мянга гуч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Дашдаваагаас 37.030 /гучин долоо мянга гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхзаяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хариуцагч Б.Дашдаваад шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Энхчимэгт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ