Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 127/ШШ2023/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 116/2021/0006/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ПДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДАДТАГ-- холбогдох,

            “ДАДТАГ-- нэр бүхий аудитор нарын үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот ”Төлбөрийн акт”-ыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч ДАДТАГ-Д Б.Б /онлайн/, хариуцагч ДАДТАГ- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б/онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “ПДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай “ПДТ” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д тус тус заасны дагуу Үндэсний Аудитын Газрын дарга Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбатад ДАДТАГ-- аудитор Б.Б, М.Ухаанбилэг, В.Цэнгэлмаа нарын үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот илт хууль бус Төлбөрийн акт /цаашид Төлбөрийн акт гэх/-ын зорилго, хууль ёсны үндэслэлийг хянуулах, тус газрын нэр бүхий аудиторуудын хууль бус актыг хүчингүй болгож захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гомдол гаргаж хандсан боловч тус Үндэсний Аудитын Газраас хуульд заасан хугацаанд манай компанийн хууль ёсны тайлбар, үндэслэл бүхий гомдлыг хянан шийдвэрлэж хариу ирүүлээгүй тул Монгол Улсын ЗХШХШтХ-ийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ДАДТАГ-- нэр бүхий аудиторуудын үйлдсэн. “Төлбөрийн акт”-ыг илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1. ДАДТАГ-- нэр бүхий аудитор нараас хийсэн нийцлийн аудитын шалгалтын тухайд.

ДАДТАГ-- нэр бүхий аудитор нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай “ПДТ” ХХК-ийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19 дүгээр талбай дээр ирж 1 өдрийн нийцлийн аудитын хяналт шалгалт явуулсан байна. Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5дугаар зүйлийн 51.2-д “...Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана...” гэж заасан боловч ДАДТАГ-с нийцлийн аудитын төлөвлөгөөт хяналт шалгалтын талаар манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр хяналт шалгалт явуулсан болно. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “... Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ...” гэж заасны дагуу ДАДТАГ- нэр бүхий аудитор нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нь хяналт шалгалт хийхдээ тэмдэглэл үйлдэж Тосон-Уул 19 дүгээр талбайн ажилтнаар гарын үсэг зуруулсан. Тосон-Уул 19 болон Тамсаг 21 дүгээр талбайн дарга, эрх бүхий албан тушаалтнуудад шалгалтын талаар мэдэгдээгүй шалгалтыг эхлэх, дуусгахдаа удирдамж, хяналтын хуудас болон тэмдэглэлийн нэг хувийг шалгуулагчид гардуулан өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 25, 28 дугаар зүйлд заасны дагуу манай “ПДТ” ХХК нь Монгол Улсын хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг эрх зүйн бүрэн чадамжтай хуулийн этгээд бөгөөд Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар нь хяналт шалгалтын талаарх төлөвлөгөөг манай компанийн албан ёсны оршин байрлах хаягаар болон удирдах албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж дээрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах шаардлагатай байсан боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйд бид гомдолтой байна.

Түүнээс гадна ДАДТАГ- нэр бүхий аудитор нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай “ПДТ” ХХК-ийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19 дүгээр талбай дээр шалгалтаар ирээд буцсаны дараа Монгол Улсын Төрийн Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар нь Гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төсөлд шалгуулагч этгээдээс санал авах үүргээ биелүүлээгүй байна. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд хүргүүлнэ...” гэж заасан боловч ДАДТАГ-с манай компанид нийцлийн аудитын төлөвлөгөөт шалгалт, төлбөрийн актын үндсэн баримт бичиг болох ДОА-2020/06-НА тоот Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлангийн төслийг танилцуулаагүй, санал аваагүй юм. ДАДТАГ- энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу төрийн байгууллага үйл ажиллагаандаа баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчим, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “...хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх...” гэж заасан төрийн хяналт шалгалтын суурь зарчмуудыг тус тус зөрчсөн хууль бус үйлдэл юм.

Мөн Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага нь гадагш чиглэсэн, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт, шийдвэр гаргахаас өмнө Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохион байгуулж явуулах үүрэгтэй бөгөөд тус Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд Захиргааны Ерөнхийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар төлбөрийн акт тогтоох бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг Захиргааны Ерөнхийн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг (...нөгөө талаас захиргааны байгууллага, албан тушаалтан хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх боломжийг тус хуулиар олгосон гэж үзэж болно...) байтал дээрх хуульд заасан үүргийг дагаж мөрдөөгүй байна. ДАДТАГ- үйлдсэн төлбөрийн актын үндэслэл болгосон баримт бичиг нь манай компанийн тухайн шалгалтын зүйлд хамаарах эрх бүхий хариуцсан албан тушаалтны үнэн зөв баримт материал, мэдээллээр бус зөвхөн өөрсдийн бодит бус тооцооллын үндсэн дээр гаргаж авсан тоон мэдээлэлд тулгуурлан төлбөрийн актыг манай компанид оногдуулсан /Энэ талаар гомдлын 3 дугаар хэсэгт дэлгэрэнгүй дурдсан болно/ байдлаас үзэхэд тус аймгийн аудитын газрын төрийн албаны хүнд сурталтай байдлыг тодорхойлон харуулж байна.

Тус аймгийн Төрийн аудитын газар нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн хууль бус төлбөрийн акт гаргахаасаа өмнө Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохион байгуулж Захиргааны Ерөнхийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу хуульд заасан Сонсох ажиллагааг явуулаагүй нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үнэн бодит тайлбар, баримт гаргах, захиргааны үнэн зөв, хууль ёсны акт, шийдвэр гаргахад биднийг оролцоог хангах боломжийг орхигдуулсан тул манай компанийн зүгээс гомдолтой байна.

ДАДТАГ-с манай компанийн газрын тос олборлох талбайд бидэнд мэдэгдэлгүйгээр хийсэн хяналт шалгалтын үйл явц, маргаан бүхий төлбөрийн акт, нийцлийн аудитын тайлан гарах бүхий л үйл ажиллагаанд биднийг оролцуулалгүй эрхийг хязгаарласан нөхцөл байдал, тус аймгийн аудитын газраас хуульд заасан үүргээ удаа дараа зөрчсөн үйлдлүүд нь ДАДТАГ- нэр бүхий аудиторуудын үйлдсэн Төлбөрийн акт гаргах үйл явц нь анхнаасаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг зөрчсөн, хяналт шалгалтын зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа болсон тул хууль бус үйл ажиллагааны үр дүнд уг захиргааны акт гарсан нь илт хууль бус акт гаргах учир шалтгаан болсон гэж үзэж байна.

2. ДАДТАГ- нэр бүхий аудитор нарын үйлдсэн Төлбөрийн акт-ын хууль зүйн үндэслэлийн талаар.

ДАДТАГ- нэр бүхий аудиторуудаас манай компанид үйлдсэн Төлбөрийн акт болон тус Төрийн аудитын газрын Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлангийн зөрчилд тооцох хууль зүйн үндэслэл нь алдаатай, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг андуурч хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй зэрэг нь тус маргаан бүхий төлбөрийн акт нь илт хууль бус байх нөхцөлийг бий болгоод байна.

Тодруулбал Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот Төлбөрийн акт-д “...Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “ПДТ” ХХК нь Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй байна. Тогтоосон хувь хэмжээнээс илүү тооны гадаад ажилтан авч ажиллуулсан тохиолдолд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр тухайн орон нутгийн төсөвт төлөхөөр заасан байна. “ПДТ” ХХК нь 2019 онд сар бүрийн өссөн дүнгээр 1661 ажилтныг тогтоосон хувь хэмжээнээс илүү авч ажиллуулсан ч ажлын байрны төлбөрт ноогдох 5315.2 сая төгрөгийг төсөвт төлөөгүй байна...” гэж төлбөрийн актын хууль зүйн үндэслэлийг заасан байна.

Энэхүү төлбөрийн актын хууль зүйн үндэслэлд дурдсан “...ПДТ ХХК нь Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй байна...” гэдэг нь хууль зүйн үндэслэлийн хувьд илтэд алдаатай, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй зөрчилтэй байна. Манай “ПДТ” ХХК-д 2019 оны ажлын жилд Mонгол Улсын Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай 398 дугаар тогтоолоор 702 ажилтны ажиллах зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгах; Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 118 тоот Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолын Хавсралтад заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 696 гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл /квот/; Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 263 тоот Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай тогтоолын Хавсралтад заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 174 гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл /квот/ тус тус олгосон байна. Тус гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл нь Монгол Улсын Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “...Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч болно...” гэж заасны дагуу олгосон ажиллах хүчний квот тогтоосон зөвшөөрөл ба манай компаниас Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 дүгээр хамтарсан тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам-ын 2 дугаар зүйлд заасан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах 3 төрлийн хүсэлт гаргах нөхцөлөөс тус журмын 2 дугаар зүйлийн 2.1.2-т “...Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үндэслэлээр тухайн байгууллагад Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрсөн ажиллах хүч, мэргэжилтний тоо...” гэсэн 2 дахь нөхцөлийн дагуу гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргаж журмын 2 дугаар зүйлийн 2.3-д “...Байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний хэрэгцээ энэ журмын 2.1.1-д зааснаас их байгаа тохиолдолд журмын 2.1.2, 2.1.3-т заасны аль тохирох нөхцөлөөр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж урьдчилан шийдвэрлүүлнэ...” гэж заасны дагуу зохих байгууллагуудаар шийдвэрлүүлж зөвшөөрөл авсан тул Төлбөрийн акт-д дурдсан “...Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй...” гэх үндэслэл хамаарахгүй юм. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан ажиллах хүчний харьцааг үндэслэсэн зохицуулалт нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 дүгээр хамтарсан тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам-ын 2 дугаар зүйлд заасан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах 3 төрлийн хүсэлт гаргах нөхцөлөөс тус журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “...Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан шалгуурын дагуу тухайн жил Засгийн газраас баталсан гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувь...” гэж заасан 1 дэх нөхцөлөөр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хүсэлт гаргагчид хамаарах зохицуулалт юм.

ДАДТАГ-- нэр бүхий аудиторууд нь манай компанид нийцлийн аудитын хяналт шалгалт хийхдээ Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу баталсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой эрх зүйн нарийвчилсан харилцааг зохицуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны А/108/149 дүгээр хамтарсан тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам-ыг дагаж мөрдөлгүйгээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах харилцаанд зөвхөн Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 377 дугаар тогтоолыг дагаж мөрдөх шаардлагатай мэтээр буруу ойлгож хууль зүйн үндэслэлийн алдаатай, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй зөрчилтэй төлбөрийн акт тогтоосонд бид гомдолтой байна.

Түүнчлэн ДАДТАГ-- нэр бүхий аудиторуудын манай компанид үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот Төлбөрийн акт болон Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлан-гийн хууль зүйн үндэслэлд дурдсан “...Тогтоосон хувь хэмжээнээс илүү тооны гадаад ажилтан авч ажиллуулсан тохиолдолд Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр тухайн орон нутгийн төсөвт төлөхөөр заасан байна. “ПДТ” ХХК нь 2019 онд сар бүрийн өссөн дүнгээр 1661 ажилтныг тогтоосон хувь хэмжээнээс илүү авч ажиллуулсан ч ажлын байрны төлбөрт ноогдох 5315.2 сая төгрөгийг төсөвт төлөөгүй байна...” гэдэг нь мөн хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг андуурч хэрэглэсэн зөрчилтэй байна.

Манай “ПДТ” ХХК нь дээр дурдсанчлан Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай 398 дугаар тогтоол болон 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 118 тоот Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолын Хавсралтад заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл /квот/ авч газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл ДАДТАГ-- гаргасан төлбөрийн актын үндэслэл болсон Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “...Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө...” гэсэн хуулийн зохицуулалт нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна...” гэж заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарт хамаарахгүй хуулийн зохицуулалт юм. Газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарын эрх зүйн харилцааг ашигт малтмалын тухай хуулиар биш Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ...” гэж заасны дагуу газрын тосны салбарын хууль тогтоомжуудаар зохицуулдаг болно.

Тодруулбал Монгол Улсын Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “...Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө...” гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно...”, 43.2-д “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө...” гэсэн хуулийн заалтуудтай холбогдох боловч эдгээр гадаад ажилтны тоон хязгаар, нэмэгдүүлсэн ажлын төлбөрийн хэмжээг тогтоосон зохицуулалтууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарт хамаарахгүй бөгөөд зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 3.1, 3.2 болон 3.3-д зааснаас бусад ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарт хамааралтай зохицуулалт юм. Иймд газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нар нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “...Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна...” гэж заасны дагуу ердийн журмаар гадаад ажиллах хүч, мэргэжилтний ажлын байрны төлбөрийг тооцож төлөх бөгөөд манай “ПДТ” ХХК нь 2019 онд гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний төлбөрийг бүрэн төлж 2019 оны 12 дугаар сард холбогдох төрийн байгууллагуудтай тулгаж хянасны дагуу ажлын байрны төлбөр тооцооны үлдэгдэлгүй ажилласан болно.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын байрны төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрүүлж, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна...”, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 41 дүгээр тогтоолын Хавсралтаар баталсан Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “...Байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.1-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага (цаашид эрх бүхий байгууллага гэх)-д  ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө...” гэж заасны дагуу гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл авах хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллага нь ажлын байрны төлбөрийг ажиллах хүчний зөвшөөрөл авахаас өмнө тусгай зориулалтын дансанд урьдчилан байршуулдаг хуулийн зохицуулалттай тул ажлын байрны төлбөрийг төлөхгүй байх, дутуу төлөх боломжгүй юм.

Эндээс дүгнэхэд ДАДТАГ-- нэр бүхий аудиторууд манай компанид холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” бол илт хууль бус байна гэж заасны дагуу төлбөрийн акт тогтоохдоо ийнхүү хууль зүйн үндэслэлийн хувьд алдаатай, хэрэглэх ёсгүй бусад салбарт хамаарах хуулийн зохицуулалтыг андуурч хэрэглэсэн төлбөрийн зөрчилтэй актаар үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр оногдуулсанд бид гомдолтой байна. Иймд ДАДТАГ-- нэр бүхий аудиторууд манай компанид үйлдсэн илт хууль бус төлбөрийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “...Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна...” гэж заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчингүй гэж үзэж байна.

3. Төлбөрийн актын үндэслэл болсон гадаадын ажилтан, мэргэжилтнүүдийн тоо бүртгэл, ажлын байрны төлбөрийн тухайд:

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ДАДТАГ-- нэр бүхий аудиторууд манай “ПДТ” ХХК-ийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19 дүгээр талбай дээр ирж нийцлийн аудитын хяналт шалгалт явуулахдаа төлбөрийн акт тогтоох үндэслэл болсон гадаадын ажиллах хүч, мэргэжилтний талаарх хууль тогтоомж зөрчсөн гэх асуудал нь хууль зүйн үндэслэлгүй болох талаар бид дээр дурдсан болно.

Төлбөрийн актын үндэслэл болсон гадаадын ажилтан, мэргэжилтнүүдийн тоо бүртгэл, ажлын байрны төлбөрийн тухайд манай компанийн нэр дээр Mонгол Улсын Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай 398 дугаар тогтоолоор 702 ажилтны ажиллах зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгах, Mонгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай 118 дугаар тогтоолын Хавсралтад заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 696 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг шинээр авах; 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар 263 тоот Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай тогтоолын Хавсралтад заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 174 гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл /квот/-ийг тус тус олгосны дагуу манай компани 2019 онд нийт 1572 гадаадаас ажиллах хүч авах зөвшөөрлийн хүрээнд 1527 ажилтныг /Үүний дотор 718 ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгаж, 809 ажилтанд шинээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, 778 ажилтныг хасалт хийж хилээр буцаан гаргасан/ хөдөлмөр эрхлэх визийн дагуу хөдөлмөр эрхлүүлсэн байна. Манай компанийн 2019 оны гадаадын ажиллах хүч, мэргэжилтний талаарх энэхүү тоон мэдээлэл бүхий хариуг ДАДТАГ-- 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №20/1-902 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч энэ талаар тус төрийн аудитын газраас бидэнд хариу өгөөгүй юм. Гэтэл ДАДТАГ-- нэр бүхий аудиторуудын хийсэн хяналт шалгалтаар манай компанийг давхардсан тоогоор 2019 оны 1-12 дугаар сарын хугацаанд 7176 гадаад ажилтан хөдөлмөр эрхлүүлснээс 1661 гадаад ажилтны ажлын байрны төлбөрийн төлөөгүй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд хяналт шалгалт хийсэн аудиторууд нь төлбөрийн акт тогтоохдоо үндэслэл болгосон тоо баримтууд нь илтэд буруу, үндэслэлгүй байна.

Тодруулбал 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ДАДТАГ-- нэр бүхий аудиторууд манай “ПДТ” ХХК-ийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19 дүгээр талбай дээр ирж 1 өдрийн дотор нийцлийн аудитын хяналт шалгалт явуулахдаа манай компанийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн зөвхөн ажилчдын сар бүрийн ажлын өдрийн ирцийн тайлан мэдээний тоог дундажлан тооцож төлбөрийн актыг бодит үндэслэлгүйгээр тогтоосон байна. Ажилчдын ажлын өдрийн ирц бүхий тайлан мэдээ нь компанийн дотоод хөдөлмөр зохион байгуулалт, ажилчдын ирц, бүтээмжид үнэлгээ өгөх зорилгоор гаргадаг албан бус тоо бүртгэлийн баримт юм. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний жилийн эцсийн тоо бүртгэлийг Монгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн түр ирэгч, хувийн хэргээр оршин суугч болон энэ хуулийн 32.2-т заасан гадаадын иргэн тус улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ...” гэж заасны дагуу гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Монгол Улсын Гадаадын Иргэн, Харьяатын Газар, гадаадын ажиллах хүч, мэргэжилтний ажлын байрны төлбөрийн төлөлт, түүнтэй холбоотой тоон мэдээллийг Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 41 дүгээр тогтоолын Хавсралтаар баталсан Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “...Байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.1-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага (цаашид эрх бүхий байгууллага гэх)-д  ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө...”, 2.2-д “...Эрх бүхий байгууллага ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд ажлын байрны төлбөр төлсөн эсхүл хөнгөлөлт үзүүлсэн, чөлөөлсөн тухай бүртгэл хөтөлнө...” гэж заасны дагуу Монгол Улсын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар тус тус эрхлэн гаргахаар хуулиар тогтоосон байна. Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “...шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах...” гэж заасан өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу ДАДТАГ-- нэр бүхий аудиторууд нь хяналт шалгалт хийхдээ дээрх төрийн байгууллагуудаас манай компанитай холбоотой ажиллах хүч, мэргэжилтний талаарх мэдээллүүдийг авч хянан үзэх боломжтой байсан боловч зөвхөн компанийн дотоод хүний нөөцийн ажилчдын ажлын өдрийн ирц бүхий зориулалтын бус тайлан мэдээллийг үндэслэн алдаатай буруу дүгнэлт хийсэн нь ДАДТАГ-- нэр бүхий аудиторуудын хууль бус төлбөрийн акт тогтоосныг бүрэн тодорхойлсон үйлдэл, үйл ажиллагаа юм.

Мөн ДАДТАГ-- Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлангийн 5 дугаар хуудсанд “...”ПДТ” ХХК-ний гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог тогтоохдоо 2019 онд ХХҮГ-аас санал аваагүй...” гэж дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь манай компани нь 2019 онд Дорнод аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газрын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/410 тоот хариу албан бичиг болон тус байгууллагын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/607 тоот хариу албан бичгийг тус тус авч Дорнод аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газраас манай компанийн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах саналыг 2 удаа хариу албан бичгээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

4. ДАДТАГ-Д Б.Бын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №775 тоот хариу албан бичигт дурдсан үндэслэлийн талаар.

Манай “ПДТ” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.7-д “...Гомдол гаргагчийн хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч өөрөө шийдвэрлэж болно...” гэж заасны дагуу ДАДТАГ-- аудитор Б.Б, М.Ухаанбилэг, В.Цэнгэлмаа нарын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот Төлбөрийн акт /цаашид Төлбөрийн акт гэх/-ын зорилго, хууль ёсны үндэслэлийг тус аймаг дахь Төрийн аудитын газрын удирдлагаар хянуулах, тус газрын нэр бүхий аудиторуудын хууль бус актыг хүчингүй болгож захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 20/1-1007 тоот албан бичгээр ДАДТАГ-Д Б.Бд хандсан болно. Манай компаниас ДАДТАГ-- нэр бүхий аудиторуудын хууль зүйн үндэслэлгүйгээр мэргэжлийн алдаатай тогтоосон төлбөрийн актыг дахин хянуулж хүчингүй болгуулахаар хандсан албан бичигт ДАДТАГ-- даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №775 тоот хариу албан бичгээр “...Төрийн аудитын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1, 83 дугаар зүйлийн 83.3.1-д заасан хугацаа өнгөрсөн тул гомдлыг хүлээн авах боломжгүй...” хэмээн хариу ирүүлсэн байна. Гэвч ДАДТАГ-- даргын хариу албан бичигт дурдсан дээрх хуулийн үндэслэлүүд нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх харилцаанд хамаарах зохицуулалт бус захиргааны байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай хамааралтай хуулийн зохицуулалт байна.

Тодруулбал Монгол Улсад иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан захиргааны актын талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлэг болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль-ийн холбогдох заалтуудаар зохицуулж байна. Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулийн 23 дугаар зүйл нь Албан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хангах буюу 23.1-д ...Төрийн аудитын байгууллага хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ... гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэг: Захиргааны шийдвэр гүйцэтгэл хэсгийн 82 болон 83 дугаар заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулсантай холбогдож байх тул ДАДТАГ-- даргын албан бичигт дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйл нь Захиргааны шийдвэр гүйцэтгэлд тавих шаардлага буюу 83.1.3-д ...хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх... гэж заасан хугацаа нь Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах харилцааны нэмэлт хугацааг тогтоосон зохицуулалт ба тус захиргааны шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдлийн хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд заасан Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлэх нөхцөл шаардлагыг хангасны дагуу тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.4-д ...үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх... гэж зааснаар үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хуудсаар мэдэгдсэнээс хойш /энэ талаарх мэдэгдэх хуудас манай компанид ирээгүй/ тооцох Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн хугацаа юм. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйл нь иргэн, хуулийн этгээдээс төрийн байгууллага, албан тушаалтанд захиргааны актын талаарх гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хамаарах зохицуулалт биш юм.

Мөн ДАДТАГ-- даргын дээр дурдсан хариу албан бичигт заасан Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйл нь Захиргааны шийдвэр гүйцэтгэл буюу 82.2.1-д ...гомдол гаргах хугацаа өнгөрсөн... бол захиргааны актад шийдвэр гүйцэтгэх гэсэн үндэслэл нь дээр дурдсан Захиргааны шийдвэр гүйцэтгэх харилцаанд оролцож буй захиргааны акт гаргасан анхан шатны байгууллагын эрх хэмжээнд хамаарах бус Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлэг: Гомдол гаргах журам-д заасан Захиргааны актад гаргасан гомдлыг дээд шатны захиргааны байгууллага болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагын шийдвэрлэх хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд захиргааны маргаан урьдчилан шийдвэрлэх харилцаанд хамаарах зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан гомдол гаргах хугацаатай холбоотой зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.3-д заасан захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэмэлт хугацаатай хамааралгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянах захиргааны дээд шатны байгууллага болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хугацаанд хамаарах хуулийн зохицуулалт байна. Энэхүү маргаан бүхий тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан дээд шатны байгууллага болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь Үндэсний аудитын газар байх бөгөөд манай компани нь Үндэсний Аудитын Газарт гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд бидэнд хариу өгөлгүй эс үйлдэхүй гарган өдийг хүрээд байна. /Энэ талаар гомдлын 5 дугаар хэсэгт тодорхой дурдсаныг харна уу/

ДАДТАГ-Д Б.Бын манай компанид ирүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №775 тоот хариу албан бичигтээ Захиргааны шийдвэр гүйцэтгэх харилцаа болон Захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянах Захиргааны гомдол маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зэрэгтэй хольж, андуурсан ойлгомжгүй хариуг бидэнд ирүүлсэн нь ДАДТАГ-- дарга, нэр бүхий аудиторууд нь өөрсдийн үйлдсэн хууль бус төлбөрийн актад хамаарах манай компаниас гаргаж өгсөн хууль зүйн үндэслэлийг шалгаж тогтоох замаар өөрсдийн үйлдсэн алдаатай шийдвэрийг залруулахаас илүүтэй хууль бус төлбөрийн актыг хуульд заасан үндэслэлгүйгээр, захиргааны шийдвэр гүйцэтгэлээр албадан биелүүлэхээр хүчилж буй үйлдэл нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хууль ёсны бодит үндэслэлгүйгээр хөндсөн харамсалтай үйлдэл болж байна.

ДАДТАГ-- нэр бүхий аудитор нарын хяналт шалгалтын явцад гаргасан дээрх зөрчлүүд болон тус газрын тогтоосон төлбөрийн актын хууль бус үндэслэлүүд нь Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална... гэж заасан төрийн аудитын үйл ажиллагааны үндсэн зарчим, Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д ...хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх... гэж заасан төрийн хяналт шалгалтын суурь зарчмыг тус тус зөрчиж байх тул бид ДАДТАГ-- аудитор Б.Б, М.Ухаанбилэг, В.Цэнгэлмаа нарын үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот хууль бус Төлбөрийн акт-ыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул гомдолтой байна. ДАДТАГ-- даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №775 тоот хариу албан бичигт ...Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжид хэрэгжилтэд нийцлийн аудитын гүйцэтгэл, тайлагналын шатны ажилбаруудыг Захиргааны ерөнхий хууль, Төрийн аудитын тухай хууль, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн... гэх боловч тус газрын нэр бүхий аудиторуудын хийсэн нийцлийн аудитын шалгалтын явцад бий болсон дээр дурдсан илт хууль бус нөхцөл байдлуудын талаарх хууль зүйн үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

5. Үндэсний Аудитын Газрын дарга Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбатад гаргасан гомдлын тухайд.

Манай “ПДТ” ХХК нь ДАДТАГ-- аудитор Б.Б, М.Ухаанбилэг, В.Цэнгэлмаа нарын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот хууль бус Төлбөрийн акт /цаашид Төлбөрийн акт гэх/-ын зорилго, хууль ёсны үндэслэлийг тус аймаг дахь Төрийн аудитын газрын удирдлагаар хянуулах, тус газрын нэр бүхий аудиторуудын хууль бус актыг хүчингүй болгож захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 20/1-1007 тоот албан бичгээр ДАДТАГ-Д Б.Бд хандсан боловч тус ДАДТАГ-- даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №775 тоот хариу албан бичгээр манай компанийн хууль ёсны тайлбар, үндэслэлийг хүлээж аваагүй тул Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу ДАДТАГ-- нэр бүхий аудиторуудын үйлдсэн хууль бус Төлбөрийн акт-ыг хүчингүй болгож цуцлуулахаар Монгол Улсын Үндэсний Аудитын Газрын дарга Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Дугаар №21/1-1 тоот захиргааны гомдлыг Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийн хамт гаргасан. Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “...Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө...” гэж заасан боловч Монгол Улсын Үндэсний Аудитын Газраас одоог хүртэл бидний гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөлгүй эс үйлдэхүй гаргаж манай компанийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

Иймд дээрх хууль бус, мэргэжлийн алдаатай үндэслэл шаардлагын дагуу ДАДТАГ-- нэр бүхий аудитор нарын үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот Төлбөрийн акт-ыг Захиргааны ерөнхий хууль, ЗХШХШтХ-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож манай компанийн хөндөгдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч “ПДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлагадаа: “... ДАДТАГ-- аудитор Б.Б, М.Ухаанбилэг, В.Цэнгэлмаа нарын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот хууль бус “Төлбөрийн акт” /цаашид 'Төлбөрийн акт” гэх/-ын зорилго, хууль ёсны үндэслэлийг тус аймаг дахь Төрийн аудитын газрын удирдлагаар хянуулах, тус газрын нэр бүхий аудиторуудын хууль бус актыг хүчингүй болгож захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 20/1-1007 тоот албан бичгээр ДАДТАГ-Д Б.Бд хандсан боловч тус ДАДТАГ-- даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №775 тоот хариу албан бичгээр манай компанийн хууль ёсны тайлбар, үндэслэлийг хүлээж аваагүй тул ДАДТАГ-- нэр бүхий аудиторуудын үйлдсэн хууль бус “Төлбөрийн акт”-ыг хүчингүй болгож цуцлуулахаар Монгол Улсын Үндэсний Аудитын Газрын дарга Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Дугаар №21/1-1 тоот захиргааны гомдлыг Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийн хамт гаргасан. Монгол Улсын Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “...Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага. албан тушаалтанд гаргасан өргөдөл. гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч. хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө...” гэж заасан боловч Монгол Улсын Үндэсний Аудитын Газраас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хариуг ирүүлсэн. Энэ бүхнээс үзвэл нэхэмжлэгч байгууллага нь Төрийн Аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн аудитын байгууллагад Монгол Улсын Ерөнхий аудитор, түүний орлогч, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн тусгай албан хаагч байна” гэж заасны дагуу Дорнод аймгийн Төрийн Аудитын газрын дарга тэргүүлэх аудитор Б.Болортуул, Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат нарыг тус тус дээд шатны албан тушаалтнуудад гэж үзэн актыг хүчингүй болгуулах гомдлоо гаргасан.

 Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/100 дугаартай “Аудитын төлөвлөгөө батлах тухай” тушаал гарах үед мөрдөгдөж байсан 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д зааснаар газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлыг хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад Үндэсний аудитын газар аудит хийх бүрэн эрхийг эдлэхээр зохицуулсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/100 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 8-д “ПДТ” ХХК-ны нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлын хэмжээ, газрын тосны эскпорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад Үндэсний Аудитын газар нь аудит хийхээр төлөвлөгдсөн байна. Тэгэхлээр "Дорнод аймгийн Төрийн Аудитын газар”-т “ПДТ” ХХК-ны үйл ажиллагаанд Төрийн аудит хийж, хувийн хэвшлийн компанид төлбөрийн акт тогтоох бүрэн эрх олгогдоогүй гэж үзэж байна.

Аудитын шалгалт хийх үед буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Төрийн аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий Аудитор батална” гэж заасны дагуу холбогдох нийцлийн аудит хийх журам батлагдаагүй, хүчин төгөлдөр болсон хуулийг баримтлалгүйгээр “ПДТ” ХХК- д нийцлийн аудит хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3- 2/12 тоот албан бичигт дурдсанаар нийцлийн аудит хийхдээ баримталсан гэх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны “Нийцлийн аудитын түр журам батлах тухай” А/146 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актад бүртгэлгүй байсан.

Мөн тухайн актыг оногдуулахдаа “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “ПДТ” ХХК-д ажиллах хүчний зөвшөөрөл олгосон Монгол Улсын Засгийн Газрын тогтоол зэрэг эрх зүйн баримт бичигт дүгнэлт хийлгүйгээр хийсвэрээр төлбөрийн актыг тогтоосон, Газрын тосны харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн зэргээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдлийг Дорнод аймгийн Төрийн Аудитын газраас гаргасан.

Иймд ДАДТАГ-- нэр бүхий аудитор нарын үйлдсэн Дугаар: 03/80 ДОА-2020/06-НА тоот “Төлбөрийн акт”-ыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

            Нэхэмжлэгч “ПДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорнод аймгийн Төрийн Аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА төлбөрийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.  Дорнод аймгийн Төрийн аудитын газар болон нийцлийн аудитын хийсэн хяналт шалгалт нь Төрийн аудитын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулж хэлэхэд Дорнод аймгийн Төрийн Аудитын газрын шалгалт явуулах эрх бүхий ажлын хэсэг нь 2020 оны 09 дүгээр  сарын 15-ны өдөр “ПДТ” ХХК-ны Тосон уул 19 дүгээр талбай дээр нэг өдөр нийцлийн аудитын шалгалтыг явуулсан. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах тухай бичгээр мэдэгдэх ёстой гэж заасны дагуу бичгээр мэдэгдэл ирүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэж заасан. Дорнод аймгийн Төрийн Аудитын газар аудит явуулахдаа компанийн төлөөлөх эрх бүхий этгээдтэй харилцаагүй. Өөрөөр хэлбэл “ПДТ” ХХК-ийн төлөөлөх эрх бүхийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан албан ёсны хаягаар хяналт шалгалт явуулах талаар ямар нэгэн мэдэгдсэн зүйлгүйгээр хяналт шалгалт явуулсан гэж үзэж байна. Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Төрийн аудитын газар нь гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын төсөлд шалгуулагч этгээдээс санал авах үүрэгтэй боловч саналыг аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар тухайн нөхцөл байдалд бодит байдлыг тогтоох ёстой. Гэтэл бодит байдлыг тогтоолгүйгээр зөвхөн Засгийн газрын нэг тогтоолыг үндэслэл болгож мөн холбогдох Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, төрийн холбогдох байгууллагуудаас нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулж, тогтоолгүйгээр Төрийн аудитын актыг тогтоосон учир үнэн зөв баримтад тулгуурлан тухайн актыг гаргаагүй гэж үзэж байна. Дорнод аймгийн Төрийн аудитын газрын тухайн актад дурдсан үндэслэл дээр Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газрын тосны үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай  “ПДТ” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 377 дугаартай тогтоолд заасны дагуу 2019 онд газрын тос олборлолт, байгалийн хийн үйл ажиллагаа эрхлэх ААН байгууллагын нийт ажилчдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй, тогтоосон хувь хэмжээнээс хэтрүүлж ажилласан гэх үндэслэлээр 5,319,200,000 төгрөгийн ажлын байрны төлбөрт ноогдох энэхүү төлбөрийг төлөөгүй байна. Үүнийг төлөх ёстой гэж захиргааны актыг оногдуулсан. “ПДТ” ХХК нь тухайн үед гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т зааснаар томоохон хэмжээний хөтөлбөрт хамрагдсан. Тус компани нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 398 дугаартай Засгийн газрын тогтоолоор 702 ажилтны зөвшөөрлийг сунгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 118 дугаартай Засгийн газрын тогтоолоор 696 ажилтны зөвшөөрлийг авсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 267 дугаартай Засгийн газрын тогтоолоор 174 ажилтны гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрлийг авсан байна. Үүнээс үзэхэд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн болох 1572 ажилтан авах зөвшөөрөлтэй байна. Хариуцагч тал манай компанийг зөвхөн 377 дугаартай Засгийн газрын тогтоолыг баримтлан ажилтан авах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барих, гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч болно гэж Засгийн газрын тогтоолд тодорхой зааж өгсөн. Засгийн газрын тогтоолоороо хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллах хүчний зөвшөөрлийг олгосон байхад зөвхөн нэг тогтоолыг барьж ажиллах хүч, мэргэжилтэн авах ёстой гэж үзсэн нь үндэслэлгүй. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015 оны 108, 149 дугаартай хамтарсан тушаал байгаа. Үүгээр гадаадын иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах журмыг нь баталсан. Энэхүү журамд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авахыг төрөл төрлөөр нь гадаадын ААН, дотоодын ААН гэж тусгайлан зааж журам баталсан. Энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1-д гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан үндэслэлээр тухайн байгууллагад Засгийн газрын шийдвэрээр ажиллах хүчийг олгож болно. Мөн 2 дугаар зүйлийн 2.3-т байгууллагын гадаадаас ажллах хүч, мэргэжилтэн авах хэрэгцээ нь энэ журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаас их байгаа тохиолдолд , 2.1.2, 2.1.3-т зааснаар аль тохирох нөхцөлөөр мэргэжилтэн авах асуудлаар Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар шийдвэрлүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 377 дугаар тушаалд гадаадаас ажиллах хүч авсан ААН-ийн 30% нь гадаад ажилтан байна гэх энэ зохицуулалтаас илүү хэмжээгээр ажиллах хүч авах тохиолдолд Засгийн газрын шийдвэрээр авна. Засгийн газрын шийдвэрээр авахдаа Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар урьдчилан шийдвэрлүүлнэ гэсэн зохицуулалттай. Нэхэмжлэгч компанийн хувьд шийдвэрлүүлж явуулсан гэж үзэж байгаа. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-т Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам хураамжийн хэмжээг хөдөлмөрийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно гэж заасан. Ийм нарийвчлан заасан журам байхад энэхүү журмыг мөрдөлгүйгээр захиргааны акт тогтоож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Илүү тооны хэмжээгээр 1161 хүн авч ажиллуулсан гэдгийг үндэслэсэн нотлох баримт байхгүй.  Иймд 1161 гэсэн тоог гаргаж ирж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмж актын дүнг өсгөж тавьсан нь хуулийн заалтыг зөрчсөн. Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө гэж заасан байдаг.Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 буюу тухайн хуулийн үйлчлэх хүрээнд энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байдаг. Газрын тосны харилцаа нь Газрын тосны тухай хуулиар зохицуулагдана. Иймд хамааралгүй хууль тогтоомжоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн нь хууль бус юм. Ажиллах хүчийг хэтрүүлж ажлуулчихаад ажиллах хүчний төлбөрийг төлдөггүй гэсэн асуудал яригддаг. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 41 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмын 2.1-д зааснаар ажлын байрны төлбөрийг урьдчилан төлөхөөр зохицуулсан. Өөрөөр хэлбэл гадаадаас ажиллах хүч авахын тулд төлбөрийг урьдчилан төлж гадаадын иргэнийг Монгол Улсад авчирдаг.  Иймд төлбөрийг урьдчилан төлөхгүйгээр ажиллуулах ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэгч байгууллага нь холбогдох шийдвэрээр ажиллах хүчээ авдаг. Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор ажлын байрны төлбөрийг урьдчилан төлсөн. Энэ төлбөртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хариуцагчийн гаргасан акт үндэслэлгүй. Хуульд тогтоомжид заасан журмыг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд ажлын байрны төлбөр болон ажиллах хүчний тоо хэмжээг Засгийн газрын тогтоолууд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ирүүлсэн албан бичгээр бүрэн төлсөн гэх нөхцөл байдал тогтоогддог. Энэ акт нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн учраас хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна.

... Ажиллах хүчний харьцааг Хөдөлмөрийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоож өгсөн . Энэ тушаалаар ажиллах хүчний харьцааг зааж өгсөн. Хоёрдугаарт харьцаа хэтэрсэн тохиолдолд Засгийн газар зөвшөөрөл олгоно. Гуравдугаарт нь мөн харьцаанаас хэтэрсэн тохиолдолд Засгийн газар эрхээ Яам руу шилжүүлж Яам шийдвэрлэхээр заасан 3 зохицуулалттай. Гэтэл Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар сонгох 3 арга зам байхад зөвхөн харьцааг барьж байх ёстой гэдэг байдлаас дүгнээд байна. Ажиллах хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж акт тавьсан.  Хоёрдугаар асуудал нь төлбөрийн хэмжээг 10 дахин нэмэгдүүлэн төлөх ёстой гэж ярьж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдэг нь ашигт малтмал эрхлэгчийг хэлж байгаа. Ураны тусгай зөвшөөрөл эзэмшигч, Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигч, Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагад хамааралгүй. Манай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учир 10 дахин нэмэгдүүлсэн төлбөрийг орон нутгийн санд төлөх төлбөрт хамаарахгүй. Иймд тухайн актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч ДАДТАГ-Д Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...ДАДТАГ-- “Төлбөрийн акт тогтоох тухай” 2020.10.26-ны өдрийн ДОА-2020/06-НА 03/80 дугаар акт нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж гарсан акт болно.

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, ДАДТАГ-- 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэслэн Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудитыг хийсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд байгаа шиг үндэслэлгүй, хууль зөрчсөн илт хууль бус захиргааны актыг гаргаагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ДАДТАГ-- нэр бүхий аудитор нарын үйлдсэн ДОА-2020/06-НА 03/80 тоот Төлбөрийн актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд Захиргааны акт илт хууль бус болох гээд 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно. Үүнд: 47.1.1-д “...утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй...” гэх үндэслэлүүдийг тодорхойлон заасан байна.

Тэгвэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хүульд заасан үндэслэл байгаагүй...” гэх үндэслэлийг баримталж нэхэмжлэлийг гаргасан байгаа нь үндэслэлгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэсэн, бидэнд хууль үйлчлэхгүй мэтээр асуудалд хандаж маргах эрхийг хэрэгжүүлсэн байна.

1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрийг няцаасан дараах тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “....Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана гэсэн заалтын дагуу урьдчилан мэдэгдээгүй хяналт шалгалт явуулсан. Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ гэсэн заалтын дагуу шалгалтын удирдамжийг өгөөгүй...” гэж маргажээ.

Монгол Улсын Үндэсний аудитын газар, түүний харьяа ДАДТАГ-- үйл ажиллагаа нь Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулиар зохицуулагддаг. Төрийн аудитын байгууллагын Тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн тусгай албан хаагч нар юм. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хууль хамаарахгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо, төрийн захиргааны хяналт шалгалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн.

Нэхэмжлэгч “ПДТ” ХХК-д Аудитыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаалыг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон ДАДТАГ-- бүрэн эрхийн хүрээнд “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д нийцлийн аудит хийсэн.

Аудитаар ГИХГ-ын зүүн бүс дэх газар, Дорнод аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, Дорнод аймаг дахь аж ахуй нэгж, байгууллагууд болон тэдгээрийн 2018-2020 оны үйл ажиллагааны тайлан, мэдээ, судалгаа холбогдох баримт материалуудыг цаасаар болон цахимаар авч дүн шинжилгээ хийсэн. Аудитын дүн шинжилгээнээс харахад “ХХЕМ” ХХК, “Шинь Шинь” ХХК, “Тун Гуан Майнз Констракшн Монгол” ХХК, “ПДТ” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хууль, тогтоомжид заасан хувь хэмжээнээс илүү гадаад ажилтан авч ажиллуулсан зөрчил урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Иймээс аудитын баг дээрх аж ахуй нэгжүүд дээр очиж тулган баталгаажуулалт хийгдсэн. Газрын тосны 19 дүгээр талбайн үйлдвэрлэлийн баазын даргатай 2020 оны 09 дүгээр сарын 11-нд утсаар ярьж “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д хийх нийцлийн аудитаар очих тухайгаа урьдчилан мэдэгдэж аудитын төлөвлөгөөг түүний хэлсэн ... цахим хаягаар илгээсэн.

ДАДТАГ-- дарга бөгөөд тэргүүлэх аудитор Б.Болортуул, аудитын менежер В.Цэнгэлмаа, аудитор М.Ухаанбилэг, гэрээт аудитор З.Шинэхүү нар “ПДТ” ХХК-ны 19, 21 дүгээр талбай дээр 2020 оны 9 дүгээр сарын 15-нд очиж аудитын төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулан аудитыг гүйцэтгэсэн. Гадаад харилцааны хэлтсийн менежер, гадаад харилцаа гаалийн ажилтан, нягтлан бодогч нараас газрын тосны 19, 21 дүгээр талбайд 2018-2020 онд ажилласан Монгол, гадаад ажилчдын тоог авч хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, аудитаар илэрсэн асуудлын бүртгэл хөтлөн БНХАУ-аас орж ирээд гэрийн хорионд байгаа Захиргаа аж ахуйн хэлтсийн менежер Hunistu-д онлайн /we chat/-аар танилцуулж, асуудлын бүртгэлийг хүргүүлж гарын үсэг зуруулан авсан...

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ДАДТАГ--с манай компанид нийцлийн аудитын төлөвлөгөөт шалгалт, төлбөрийн актын үндсэн баримт бичиг болох ДОА-2020/06-НА тоот “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлан”-гийн төслийг танилцуулаагүй, санал аваагүй...” гэжээ.

ДАДТАГ-- 2020 оны 9 дүгээр сарын 29-ний №701 тоот албан бичгээр “ПДТ” ХХК-ний гүйцэтгэх захирал Гао Хунггуанг-д “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт”-д нийцлийн аудитаар илэрсэн зөрчил төлбөрийн актын төслийг хүргүүлсэн. “Перточайна дачин тамсаг” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20/1-902 тоот албан бичгээр дараах хариуг ирүүлсэн байдаг. Үүнд:

“...Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 9.2 “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь нэг сард гадаадын иргэн бүрд Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.” гэсэн заалтын дагуу төлбөр төлсөн бүртгэл, Засгийн газрын 2018 оны 398, 2019 оны 118 дугаар тогтоолуудад заасан тоогоор ажиллах хүч оруулж ирсэн тухай тайлбар...”,

Дээрх албан бичгээр ирүүлсэн уг хариу тайлбар нь илэрсэн зөрчилд хамаарахгүй байгаа тул аудитын явцад тус компанийн хүний нөөцийн ажилтнаас тодруулга авахад “Засгийн газрын тогтоолуудад заасан ажиллах хүчний тоонд багтаан ажиллах хүч оруулж ирдэг. Харин Засгийн газраас аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоосон тогтоолыг мөрдөж ажилладаггүй, манай компанид хамаарахгүй” гэсэн тайлбарыг өгсөн байдаг...

3. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...ДАДТАГ-- үйлдсэн төлбөрийн актын үндэслэл болгосон баримт бичиг нь манай компанийн тухайн шалгалтын зүйлд хамаарах эрх бүхий хариуцсан албан тушаалтны үнэн зөв баримт материал, мэдээллээр бус зөвхөн өөрсдийн бодит бус тооцооллын үндсэн дээр гаргаж авсан тоон мэдээлэлд тулгуурлан төлбөрийн актыг манай компанид оногдуулсан...” гэжээ.

Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хууль, АОУС, Төрийн аудитын стандартад заасны дагуу баримт материалыг цуглуулж үнэлж дүгнэдэг бөгөөд бодит бус тооцооллын үндсэн дээр гаргаж авсан тоон мэдээлэлд тулгуурлан үнэлэлт дүгнэлт гаргадаггүй юм.

Аудитаар гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд болон тэдгээрийн тайлан, мэдээ, судалгаа, баримт материалуудыг холбогдох төрийн байгууллагуудаас гаргуулан авч дүн шинжилгээ хийсэн.

Аудитын баг тулган баталгаажуулалтаар “ПДТ” ХХК-ний 19, 21 дүгээр талбай дээр 2020 оны 9 дүгээр сарын 15-нд очиж Аудитын төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулан аудитыг гүйцэтгэсэн. Засгийн газрын төлөөлөгч, гадаад харилцааны хэлтсийн менежер, гадаад харилцаа гаалийн ажилтан, нягтлан бодогч нараас газрын тосны 19, 21 дүгээр талбайд 2018-2020 онд ажилласан Монгол, гадаад ажилчдын тоог авсан. Аудитаар илэрсэн асуудлын бүртгэлийг хөтлөн танилцуулж, тус компанид Монгол, гадаад ажилчдын тоотой холбоотой нэмэлт тайлбар, мэдээлэл өгөх боломжийг олгосон боловч асуудлын бүртгэлд хариу өгөөгүй...

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, гэж заасны дагуу хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй нь манай компани хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үнэн бодит тайлбар, баримт гаргах, захиргааны үнэн зөв, хууль ёсны акт, шийдвэр гаргахад бидний оролцоог хангах боломжийг орхигдуулсан...” гэжээ.

“ПДТ” ХХК-ний Монгол, гадаад ажилчдын оршин байгаа газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 19, 21 дүгээр талбайн холбогдох албаны хүмүүст 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр аудитаар илэрсэн асуудлын бүртгэлийг танилцуулснаас хойш ажлын 10 хоногт хариу ирүүлээгүй тул зөрчлийг хүлээн зөвшөөрснөөр тооцсон.

ДАДТАГ-- 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 701 тоот албан бичгээр аудитаар илэрсэн зөрчил төлбөрийн актын төслийг Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ.” гэсэн заалтын дагуу хүргүүлсэн...

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Төлбөрийн актын хууль зүйн үндэслэл нь алдаатай, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэжээ.

“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 7.3, 9.5 дахь заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 398, 2019 оны 118 дугаар тогтоолуудад гадаадын хөрөнгө оруулалттай газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “ПДТ” ХХК-ний 2019 онд гадаадаас авах ажиллах хүчний тоог тогтоосон байна. Энэ нь Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож буй тус компанийн гадаадаас авах ажиллагсдын тооны хязгаар юм.

Харин дээрх хуулийн 4.1.4, 7.3 дахь заалтуудыг үндэслэн тогтоосон Засгийн газрын 2018 оны 377 тогтоолд 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг зааж өгсөн байна.

“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, тухай” хуулийн 9.2, 9.3-т гадаад иргэнийг ажлын байраар хангаж орлого олох ажил үйлчилгээ эрхлүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин, нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаад ажиллагсдын хувь хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг тус тус төлөхөөр заасан байна.

Иймд “ПДТ” ХХК -ний Засгийн газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нийт ажиллагсдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй зөрчилд төлбөрийн акт тогтоосон...

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1-т “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулнагэж заасны дагуу газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарт хамаарахгүй хуулийн зохицуулалт юм. Газрын тосны хайгуул, олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, тэдгээрийн туслан гүйцэтгэгч нарын эрх зүйн харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар биш Монгол Улсны Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-тМонгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ гэж заасны дагуу газрын тосны салбарын хууль тогтоомжуудаар зохицуулдаг болно...гэжээ.

“Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д нийцлийн аудит хийгдсэн. Аудитаар ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнийг гадаадад, гадаадын иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх /цаашид "ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах" гэх/, тэдний эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Төлбөрийн актыг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн заалтыг үндэслэн тогтоосон болно.

Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн “3.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.” гэж заасан байна. Уг нийцлийн аудитаар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тос олборлох үйл ажиллагааг шалгаагүй...

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Манай компанийг давхардсан тоогоор 2019 оны 1-12 дугаар сарын хугацаанд 7176 гадаад ажилтан хөдөлмөр эрхлүүлснээс 1661 гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг төлөөгүй гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй. Манай компанийн эзэмшлийн газрын тос олборлох Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайн зөвхөн ажилчдын сар бүрийн ажлын өдрийн ирцийн тайлан мэдээний тоог дундажлан тооцож төлбөрийн актыг бодит үндэслэлгүйгээр тогтоосон байна. Ажилчдын өдрийн ирц бүхий тайлан мэдээ нь компанийн дотоод хөдөлмөр зохион байгуулалт, ажилчдын ирц, бүтээмжид үнэлгээ өгөх зорилгоор гаргадаг албан бус тоо бүртгэлийн баримт юм...” гэжээ.

Аудитаар Гадаадын иргэн харьяатын газрын зүүн бүс дэх газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хилийн 0306 дугаар анги, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, Дорнод аймаг дахь аж ахуй нэгж, байгууллагууд болон тэдгээрийн 2018-2020 оны үйл ажиллагааны тайлан, мэдээ, судалгаа холбогдох баримт материалуудыг цаасаар болон цахимаар авч дүн шинжилгээ хийсэн. Аудитын дүн шинжилгээнээс харахад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хууль, тогтоомжид заасан хувь хэмжээнээс илүү гадаад ажилтан авч ажиллуулсан зөрчил урьдчилсан байдлаар тогтоогдсон. Аудитын баг “ПДТ” ХХК-ны 19, 21 дүгээр талбай дээр 2020 оны 9 дүгээр сарын 15-нд очиж Аудитын төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулан аудитыг гүйцэтгэсэн. Гадаад харилцааны хэлтсийн менежер, Засгийн газрын төлөөлөгч, гадаад харилцаа гаалийн ажилтан, нягтлан бодогч нараас газрын тосны 19, 21 дүгээр талбайд 2018-2020 оны ажилласан Монгол, гадаад ажилчдын тоог авч хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзэж аудитаар илэрсэн асуудлын бүртгэл хөтлөн танилцуулсан.

Аудитад шаардлагатай баримт материал, тоо бүртгэлийг анхан шатны үнэн бодитой эх үүсвэрээс авсан. Дорнод аймгийн Халхгол, Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны 19, 21 дүгээр талбай нь Монгол, Гадаад ажилчдын ажил үүргээ гүйцэтгэж байгаа газар юм...

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ‘‘...Аудитын тайланд “ПДТ” ХХК - ний гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог тогтоохдоо 2019 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас санал аваагүй” гэж дурдсан нь үндэслэлгүй байна...” гэжээ.

“ПДТ” ХХК -ний 2019 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоог дэмжээгүй тухай Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас судалгаагаар авсан хууль ёсны дагуу баримт байгаа.

Иймд нэхэмжлэгч “ПДТ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь илт үндэслэлгүй, төлбөрийн актыг санаатайгаар биелүүлэхээс татгалзсан, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох...” гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч ДАДТАГ-Д Б.Б нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ПДТ” ХХК нь нэхэмжлэлийн илт хууль бус гэсэн шаардлагаа хууль бус болгож өөрчилж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “3ахиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна", 14.1 “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гарганагэсэн заалтын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоног өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг хүсье.

Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар нь МУЕА-ын 2019 оны А/100 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Нийслэл, Аймаг дахь Төрийн аудитын газруудын 2020 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний 10 дахь хэсэгт тусгагдсан ДАДТАГ-- 2020 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөний 18 дахь заалтад “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт” ДОА-2020/06/НА кодтой аудитыг гүйцэтгэсэн. Мөн 2020 оны А/53 дугаар тушаалаар шинэчлэн баталсан аудитын төлөвлөгөөний хоёрдугаар хавсралтын 10 дахь хэсэгт ДАДТАГ-- аудитын төлөвлөгөө батлагдсан.

Төлөвлөгөөний 18 дахь заалтад “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт ДОА-2020/06/НА кодтой аудит төлөвлөгөөнд хэвээр тусгагдсан болно.

Монгол Улсын Ерөнхий аудитын 2019 оны А/100 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 8-д заасан ‘‘ПДТ” ХХК-ийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийгээгүй болно” гэжээ.

Хариуцагч ДАДТАГ-Д Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас Засгийн газрын 2018 оны 377 дугаартай тогтоол, 2018 оны 398 дугаартай тогтоол, 2019 оны 118 дугаартай тогтоол, 2019 оны 263 дугаартай тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарын хамтарсан А/108, А/140 тушаал зэргийн ялгааг ойлгохгүйгээр нэхэмжлэлийг гаргасан. Загийн газрын 2018 оны 377 дугаартай тогтоол нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах харьцааг тогтоосон. Нийт ажилчдын хэдэн хувь нь монгол ажилчид, хэдэн хувь нь гадаад ажилтан байх вэ? гэсэн харьцааг тогтоосон. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа бусад тогтоолуудын гарчгийг харахад 2 сайдын хамтарсан тушаал нь гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журмын хураамжийн хэмжээг, 118 дугаартай тогтоол нь гадаадаас ажиллах хүч авах, төлбөрөөс чөлөөлөх, 398 дугаартай тогтоол нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрыг төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолууд юм. Гадаадаас ажиллах хүчийг Монгол Улсад оруулж ирэхдээ хэнийг оруулж ирэх вэ? болох уу? болохгүй юу? гэх зөвшөөрлийг ярьж байгаа юм. Бид нарын ярьж байгаа 377 дугаартай тогтоол нь нийт хүмүүсийн хэд нь гадаад хүн байх ёстой вэ? гадаад хүмүүсийн ажиллах хэмжээг ихдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нугалсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нугалсантай тэнцэх хэмжээний төгрөгийн төлбөр төлөх заалттай. Энэ 2 тусдаа ойлголт юм. Нэхэмжлэгч төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэж манайд гомдол гаргасан. Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулиар тусгай чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгай чиг үүргийн байгууллага юм. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зорилт нь төрийн хяналт шалгалтын үндсийг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дотоод чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Төрийн аудитын баг аудитын шалгалт хийх талаар мэдэгдээгүй гэх тайлбар гомдол дээр тусгагдсан. Төрийн хяналт шалгалт буюу нэхэмжлэгчийн яриад байгаа төлөвлөгөөт хяналт шалгалтыг Монгол Улсын Их хурлын тогтоолоор ямар ямар хяналтыг хийх талаар гаргаж legal info дээр тавьчихдаг. Үүнийг хүн болгон орж үзэх боломжтой. Төрийн аудитын газар төлөвлөгөөг баталж, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр утсаар ярьж “Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д хийх нийцлийн аудитаар очих тухайгаа урьдчилан мэдэгдэж аудитын төлөвлөгөөг түүний хэлсэн [email protected] цахим хаяг руу явуулсан. Явуулсан нотлох баримтыг хэргийн материалд хавсаргасан. Дараагийн гомддог асуудал нь эрх зүйн бүрэн чадамжгүй хуулийн этгээдэд мэдэгдсэн албан ёсны хаяг болон албан  тушаалтанд мэдэгдээгүй гэж ярьж байна. Албан ёсны үйл ажиллагаа явуулж буй 19, 20 дугаар талбай дээр өөрсдийн биеэр очиж мэдэгдэж, аудитын төлөвлөгөөг танилцуулж, тэнд байгаа удирдлагуудад гарсан асуудлыг танилцуулахаас илүү мэдэгдэл байна гэж ойлгохгүй байна. Дараагийн зүйл нь  гүйцэтгэл болон нийцлийн аудитын төсөлд шалгуулагч этгээдээс санал авах үүргийг биелүүлээгүй гэж байна. Бидний аудит дуусаад 19, 20 дугаар талбай дээр очсон нь гүйцэтгэлийн үе шат байсан. Аливаа ажил төлөвлөлт, гүйцэтгэл, тайлан гэсэн 3 үе шатнаас бүрддэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Гүйцэтгэлийн үе шатанд 19, 20 дугаар талбай дээр очиход “ПДТ” ХХК-ийн удирдлагууд ковид-19-н цаг үеэр хятад улсаас ирсэн 14 хоногийн хориотой байна гээд we chat-аар аудитынхаа нээлтийг хийж гарсан асуудлыг танилцуулж, танилцуулсан асуудлыг орчуулагч нь орчуулан өгч тэнд байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулж бид нарт өгсөн. Тэр баримт нь мөн хэргийн материалд байгаа. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн буюу тусгай зөвшөөрлийн эрх дээр байгаа хаяг дээр 2020 оны 09 дүгэр сарын 20-ны өдрийн 701 тоот албан бичгээр “ПДТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гао Хунггуанг-д гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд нийцлийн аудитаар илэрсэн зөрчилд төлбөрийн акт тогтоогоод албан ёсоор шуудангаар хүргүүлсэн. Үүнийг хүлээж аваад буцааж 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20/1-902 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байдаг. Иймд тухайн актыг мэдээгүй гэх тайлбар худлаа гэдэг нь энэ тайлбараар харагдаж байна. Уг хариудаа илэрсэн зөрчилд хамаарахгүй байх тул тус компанийн хүний нөөцийн ажилтнаас тодруулга авна уу гэсэн. Хүний нөөцийн ажилтан нь манай өрөөний 70584203 утас руу залгаж ярьсан. Надтай ярихдаа Засгийн газраас ААН байгууллагын нийт ажилчдын тоонд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг тогтоосон тогтоолыг мөрдөж ажилладаггүй. Манай компани энд хамаарахгүй гэсэн тайлбарыг өгсөн. Энэ нь анх аудит эхэлсэн цагаас эхлээд “ПДТ” ХХК нь өөрсдөө ажиллах хүчний квот буюу харьцаа, ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл хоёроо ялгахгүй ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ч гэсэн аудит эхлэхээс төгсгөх хүртэл огт байгаагүй, ойлгохгүй байгаа учраас тогтоолынхоо ялгааг ойлгохгүй байна гэж харж байна. Бодит нөхцөл байдал, төлбөрийн актыг үнэн зөв тогтоох түүнтэй холбоотой нотлох баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу цуглуулаад үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулах нь хуулиар олгосон үүрэг. Гэтэл Төрийн аудитынхан тэгэхгүйгээр хий хоосон тоо мэдээлэлд үндэслэн өөрсдийнхөө актыг тогтоосон гэж тайлбарласан. Би энэ талаар тайлбар дээрээ бичсэн байгаа. Бид нар өнөөдөр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагуудаас тоо мэдээг авч, шалгагдаж буй “ПДТ” ХХК дээр очиж Засгийн газрын төлөөлөгч, гаалийн ажилтан дээр биеэр очсон хүний хувьд хэлэхэд өдөр болгон орж ирсэн Хятад ажилчдын ирц нэрээрээ байдаг. Мөн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 0306 дугаар Мэнэнгийн анги дээр тэр тоо бас байдаг. Гадаадын харьяатын газраас  орж гарч буй гадаадын хүмүүсийн тоо, нийгмийн даатгал төлж буй гадаад ажилчдын тоо, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас андуураад байдаг гадаад ажилтан оруулж ирэх зөвшөөрөл буюу хэмжээний тоо, өөрсдийн нийгмийн даатгал төлсөн монгол ажилчдын тоо, газар дээр нь очиж нягтлан, захиргааны менежер, холбогдох удирдлагуудаас нь гаргаж авсан хадгаламжийн нэгж болгосон санхүүгийн баримтууд зэргээс үзэж энэхүү тоо мэдээг гаргаж ирсэн. Нэхэмжлэгчийн тайлбар дээр 2019 оны 1572 гадаад ажилтан ажиллах хүчний зөвшөөрлийн хүрээнд 1527 ажилтан гэж байгаад нэмэгдсэн, хасагдсан, сунгагдсан тоог нарийвчлан бичсэн байгаа. Иймд энэ тал дээр мөнгийг төлсөн. Мөнгийг төлөхгүй бол энэ хүмүүсийг оруулж ирэхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа нь зөв. Нэхэмжлэгч тал 1572 хүнийг оруулж ирэхийн тулд яриад байгаа хуулийн 9.3-т зааснаар оруулж ирэх зөвшөөрлөө авахын тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж төлдөг. Харин оруулж ирсэн ажилчдаа нийт ажилчдын 30 хувьд бариулж ажиллах ёстой. Хэрвээ тэгж чадаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн төлбөрийг төлнө гэсэн тусдаа ойлголтууд юм. Сар бүр нийт 1572 хүнээ ажиллуулдаг гэж ярих юм бол  өнөөдрийн 5,3 тэрбум төгрөг илүү өсөх асуудал гарч байна. Дараагийн асуудал нь Төрийн аудитын байгууллага нь аудитын дээд байгууллага болох Олон улсын стандартад нийцүүлж, Төрийн хяналтын чиг үүргийг Олон улсад хэрэгжүүлдэг хамгийн зөв механизмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бид нар өөрсдөө тоо мэдээлэл зохиогоод боддог зүйл байхгүй. Бусад төрийн байгууллагуудаас тоо мэдээг авч актыг тогтоосон байгаа гэдгийг хэлмээр байна. Хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд санал өгөх боломж олгоогүй гэдэг асуудал яригдсан. 09 дүгээр сарын 15-ны өдөр аудитаар илэрсэн асуудлын бүртгэлийг газрын тосны 19,20 дугаар талбай дээр очиж албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулсан. Тайлангийн үе шатад Улаанбаатар хотод байрладаг хаяг руу шуудангаар хүргүүлсэн. Иймд энэ нь үндэслэлгүй гомдол байна. Хөдөлмөр эрхлэх хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолуудыг дахин дурдсан. 5 дугаар хуудасны 17 дугаар мөр дээр байгаа квот гэдэг үгийг харна уу гэж хүсэж байна. Учир нь нэхэмжлэгч тал квот, зөвшөөрөл хоёрыг ижил утгатай үг гэж нэхэмжлэл дээрээ тайлбарласан байсан. Квот, зөвшөөрөл хоёр нь өөр утгатай. Зөвшөөрөл гэдэг нь гадаадаас ажиллах хүчээр орж ирж байгаа хүнийг оруулах уу, үгүй юу? гэдгийг зөвшөөрч байгаа Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөл юм. Энэ зөвшөөрлийг авахын тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж төлж байгаа. Квот гэдэг нь харьцаа. Нийт тоонд байх эзлэх хувийн жин юм. Дараагийн асуудал нь Ашигт малтмалын тухай хууль биш газрын тосны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу зохицуулагдана. Манай компани ашигт малтмалын тухай хууль хамаарахгүй гэж нэхэмжлэгч тал ярьж байна. Монгол Улсын газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос уламжлалт бус газрын тостой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ гэж заасан. Үүнийг яаж ойлгож өөрсдөдөө үйлчлэхгүй гэж тайлбарлаж байгааг шүүгч тунгааж үзнэ биз. Хамгийн сүүлд нэр бүхий аудит нар үндэслэлгүй акт тогтоосон байна хэмээн гомдол гаргасан байна. Бид нар дотооддоо  ирц авч ажлын бүтээмжээ үнэлэх зорилгоор ашигладаг тоог авч аудит тавьсан. Өнөөдөр ирц гэдэг талаар бүгд мэдэж байгаа. Хэн ажилдаа ирсэн, хэн өвчтэй, чөлөөтэй байсан гэдгийг гаргаж ирдэг зүйл. Манай аудитын тоо мэдээ нь Монгол Улсын төрийн захиргааны байгууллагаас авсан тоо мэдээ юм шүү гэдгийг эцэст нь хэлэхийг хүсэж байна.

... Монгол Улс Үндсэн хуультай. Хуулиас дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг. Үндсэн хуульд иргэнд өмчлүүлснээс бусад хэвлийн баялаг ард түмний өмч гэж заасан. Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж буй тохиолдолд ажилчдын харьцааг барина. Үүнийг Засгийн газрын тогтоолоор тогтоож өгнө гэсний дагуу 377 дугаар тогтоолоор тогтоож өгсөн. Яриад байгаа бусад тогтоол болон хоёр сайдын журам нь ажиллах хүчний гаднаас оруулж ирэх төлбөрийн талаар юм. Харьцааг бариагүй тохиолдолд 10 дахин нэмэгдүүлж төлнө гэж байгаа логик нь Монгол Улс ядуу, ард түмэн ажилгүй, залуучууд хэцүү байгаад гол учир байгаа юм. Иймд бид нарын баялгийг ухаж байгаа юм чинь бид нарыг ажилтай байлгаач. Хэрвээ ингэж чадахгүй бол 10 дахин нэмэгдүүлсэн мөнгөөр тус сумын ажилгүй залуучуудыг ажилтай болоход нь дэмжиж хөтөлбөр, сургалт, дамжаа гэх зүйлүүдэд сургаж орлоготой болгоё гэсэн зорилготой юм. Засгийн газрын бодлого нь өөрөө энэ юм. Иймд ажилтай болгохын тулд 10 дахин нэмэгдүүлэн төлөх, гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрлийг 2 дахин нэмэгдүүлэх төлөх ойлголтыг хольж сольж ойлгохгүй байхыг хүсэж байна. Төрийн аудитын байгууллага гэдэг нь  аудитынх нь үр дүнд ард түмнийх нь амьдрал сайжраад, нийтийн өмч нь үр ашигтай, үр нөлөөтэй байлгахын төлөө тангараг өргөж ажилладаг төрийн тусгай албан хаагчид юм. Нэхэмжлэгчийн ярьж буйгаар бид нарт нэг талыг барих, Засгийн газрын тогтоолыг буруугаар ойлгох шаардлага байхгүй. Бусад засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шиг татвар, эсхүл акт тавьсан мөнгөнийхөө хувь хэмжээнийхээ дагуу тодорхой хэмжээг байгууллагатаа авдаг зүйл бол байхгүй. Тэр чигээрээ улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэгдээд явдаг. 21 аймгийн өрсөлдөх чадварын судалгаагаар Дорнод аймаг ядуурал, ажилгүйдлийн түвшингээр доороосоо 3-т эрэмбэлэгдэж байна. Яавал бид нар аудитынхаа үр дүнгээр ард түмэндээ нэмэр, тус болж явах вэ гэдэг судалгааны үндсэн дээр аудитынхаа сэдвийг гаргадаг. Зүүн бүс хязгаарт байгаагийнхаа хэрээр гадаадын хөрөнгө орлоготой компанид газрын баялгаа өгч байгаа учир залуучууд маань яагаад бүх аймгаас ядуу байгаад байгаа юм бэ, үүнийг л бодож аудитыг хийдэг гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэв

Хариуцагч ДАДТАГ-- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэхүү аудитын багыг ахалж эхлэхээс нь дуусах хүртэл аудитыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь энэ аудитын талаар огт мэдэхгүй хүн байна. Бид аудитын төлөвлөгөө тайлан төлбөрийн актыг цахимаар болон цаасаар, албан бичгээр авсан. “ПДТ” ХХК-ны холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан баримт материалууд нь байхад танилцуулаагүй гэж тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой холбогдуулан ажиллах хүчний харьцаатай холбоотой асуудлыг ярьж байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ төлдөг төлбөрийг ярьж байгаа нь хууль тогтоомжоо ялгаж, салгаж ойлгоогүй эсвэл шүүхийн байгууллагыг санаатай төөрөгдүүлж байна гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”ПДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дорнод аймгийн Төрийн аудитын газарт холбогдох хэрэг нь цаг хугацаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд ч тэр нэлээн удааширсан хэрэг байгаа. Энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлүүлэхээр хариуцагч талын зүгээс нэлээн олон удаа шүүхээр дамжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй шүүгчийн ажиллагаатай холбоотойгоор татгалзлын асуудал яригдсан. Нэгэнт ажиллагаа хийгдээд өнөөдөр хэргийг хэлэлцэж байгаа учир нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь яагаад үндэслэлгүй болох талаар тайлбарыг хэлье. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь маргаан бүхий захиргааны  актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг ярьж байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж тайлбарлаж байна. Энэ нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагатайгаа зөрчилдөж байна. Б.Б нь 2021 оны 03 дугаар сард анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тайлбарлаж маргахдаа иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй юм гэсэн шаардлага гаргаж үүнийгээ дэмжээд 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хэрэг маргаан энэ нэхэмжлэлийн шаардлагаар хянагдаад явж байсан гэсэн үг. Яагаад нэхэмжлэлийн шаардлагыг ингэж гаргах болсон бэ? гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэхэмжлэлийг шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой зааж өгсөн. Тухайн захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана. Хэрэв дээд шатны захиргааны байгууллага байвал түүнд гомдол гаргаж, гомдлын хариуг 30 хоногийн дотор авах бөгөөд хариу ирэхгүй бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Үндсэндээ 30 хоног хүлээгээд гомдолд хариу өгөхгүй бол захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар 2017 оноос хойш хэрэгжиж буй захиргааны процессын хуульд заасан байгаа. Энэ шаардлагад нэхэмжлэгч тал хамаарагдаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа буюу нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Тийм учраас одоо ямар арга байна гэдэг арга замыг хайсан байгаа юм. Захиргааны процессын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т захиргааны акт, байгуулсан гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа үл хамаардаг заалт руу оруулж илт хууль бус акт гэж маргавал бид нарын нэхэмжлэлийг шүүх хүлээж авах юм байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байгаа юм. Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэгэнт илт хууль бусаар маргаж байгаа учир үүнийг тодруулж ямар үндэслэлээр маргаж байгаа вэ? Гэхэд, Илт хууль бусаар маргаж байна гээд нэхэмжлэгч тал 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл байгаа гэж үзсэн байгаа юм. Дорнод аймгийн шүүх Захиргааны хэрэг үүсээд шалгасан. Хариуцагчаас хариу тайлбар авахаар хариуцагчаар татсан, 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр  хуудаснаас харвал 2021 оны 03 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл манай гаргасан акт нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу 5 сар гаруй хугацааны өмнө гарсан захиргааны акт байгаа юм. Хариуцагч Б.Болортуул дарга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнар нь энэ актыг хэзээ мэдэгдсэн бэ? гэдгийг он сар, албан бичигтэй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай нь хэллээ. 2020 оны 10 дугаар сардаа багтаагаад “ПДТ” ХХК-д Дорнод аймгийн Төрийн аудитын газрын 03/80 ДОА 2020/06-НА гэх актыг мэдэгдсэн. Ингэж мэдэгдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэж байгаа юм. Дорнод аймгийн Төрийн аудитын актыг Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар гомдол гаргая гэдэг байдлаар өөрсдөө шийдсэн байгаа юм. 10 дугаар сард хүлээж авсан актаа 11 дүгээр сарын 01-ны өдөр гомдол гаргаад 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл гомдол гаргаад хариу өгөхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэл гаргаагүй. Дорнод аймгийн Төрийн аудитын актыг илт хууль бус гэх хөөн хэлэлцэх хугацаа нь 5 сар өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хууль тогтоогчийн зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яагаад хуульчилж, хугацаа тогтоож өгсөн бэ? гэхээр захиргааны актыг мэдсэн гэдгийг шүүх, захиргааны байгууллага хянах ёстой гэсэн байдлыг зааж өгсөн. Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс захиргааны актыг хүчингүй болгох шаардлага гаргасан бол хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар хүсэлт гаргаж үүнийг захиргааны шүүх хүлээж авч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үү? үгүй юу? гэдэг асуудлыг шалгаж хянах байсан юм. Гэтэл Дорнод аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг шалгаагүй, хүсэлт гаргаагүй учраас илт хууль бус актаар хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн өнөөдрийг хүртэл явсаар байна. 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд заасан 47 дугаар зүйл заалтаа өөрчлөөд хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өнөөдрийн хувьд хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байна. Нэгдүгээрт хэргийг хэлэлцэхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй. Мөн бичгээр гаргасан шаардлагатай холбогдуулан хууль бус акт гэдэг дээр тайлбар өгсөн.  Гэтэл өнөөдөр Захиргааны процессын тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар шийдвэр гаргаж өгнө үү гэсэн юм ярьж байна. Энэ нь хуулиа мэдэхгүй байгаа юм уу? бид нарыг хууль мэдэхгүй гэж бодоод байгаа юм уу? эсвэл шүүхийг төөрөгдүүлсэн байдлаар гаргаж байгаа юм уу? шүүхэд нэг зүйл бичиж өгчхөөд тэрийгээ яриад байгаа юм уу? Асуудалтай илт хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргачхаад өнөөдрийг хүртэл явж байна. Хариуцагч талын зүгээс шүүхийг хууль хэрэглээсэй гэж үзээд  хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаж байгаа процесстой холбоотойгоор шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй учир гомдол гаргаж, шүүгчээс татгалзсан ажиллагаанууд хийгдсэн. Хэрэг хянан хэлэлцэх үед нэг л зүйл харагдана. Нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа 5 сарын хугацаанд хэтрүүлсэн байна гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоно. “ПДТ” ХХК нь захиргааны актыг мэдсэн гэх албан бичгээ 2020 оны 10 дугаар сард өгсөн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар захиргааны актыг мэдээгүй байж байгаад нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаад захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байна. Үүнээс юу харагдаж байна вэ? гэхээр Монгол Улсад хэрэгжиж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэхүү захиргааны хэрэгт хэрэгжсэнгүй. Иймд шүүгч танд хуулиар олгогдсон эрх буюу Захиргааны процессын тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хангалттай үндэслэл байна. Тодорхой хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээж авч хэргийг хэлэлцэх ямар ч боломж байхгүй юм. Шүүх хэргийг хянан хэлэлцэж байх үед энэ нь тогтоогдож байгаа учир хэргийг хэлэлцэж шийдвэр гаргахдаа 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж хууль бус болгосон. Хууль бус шаардлага дээр хөөн хэлэлцэх хугацаа нь Захиргааны процессын хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлага гаргана гэснийг хэтрүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч тал буруу ойлгоод байгаа юм шиг байна. Хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргавал хөөн хэлэлцэх хугацаа нь хязгааргүй болсон юм шиг бодоод байгаа юм. Гэтэл тийм зүйл байхгүй. Ганцхан илт хууль бус захиргааны акт дээр  илт хууль бус гэж маргаж буй тохиолдолд хөөн хэлэлцэх асуудал яригдахгүй. Гэтэл хууль бус болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргангуут шүүх хүлээж авсан. Илт хууль бус актыг гаргаж байгаад хууль бус болгуулах шаардлага гаргавал хөөн хэлэлцэх хугацааг шүүх эргэж харах хэрэгтэй. Энэ ажиллагааг хийхгүй байсан учир Дорнод аймгийн шүүгч нараас болон Балжмаа шүүгчээс татгалзаж Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч тань дээр энэхүү хэрэг хэлэлцэж байгаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийг анх гаргахдаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан. Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс татгалзсан гол үндэслэл нь ийм нэхэмжлэлийг та яагаад хүлээн авч байгаа вэ? та хууль хэрэгжүүлж байгаа хүн биз дээ. Яагаад захиргааны процессын хуулийг хэрэглэхгүй байгаа юм бэ? гэдэг байдлаар татгалзсан. Ямар алдаа гарсан бэ? гэхээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудсан дээр нэхэмжлэл гаргаж буй этгээд нэхэмжлэлээ гаргахдаа ямар ч бланк байхгүй. 8 дугаар хуудсанд нэхэмжлэл гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гэж бичсэн. Мөн тамга тэмдэг байхгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргана гэдгийг Захиргааны процессын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааж өгсөн. Энэ нь төлөөлөх эрхийн асуудал яригдаж байгаа юм. Төлөөлүүлэгчийн олгосон итгэмжлэлийг “ПДТ” ХХК-ийн улсын бүртгэл дээр байгаа албан ёсны гүйцэтгэх захирал, эрх бүхий этгээдээс аваагүй. Би энэ талаар хүсэлтийг шүүхэд хэд хэдэн удаа өгсөн. Улсын бүртгэлийн сайт дээр Ж Хгэх хүн компанийг төлөөлөх эрхтэй этгээд байгаа. Монгол Улсад хэрэгжиж буй шүүхийн систем, шүүхийн тогтолцоо нь гүйцэтгэх захирлыг томилсон албан ёсны гэрчилгээ байна уу? үгүй юу?, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа байгаа эсэх, хавсралтад байдаг дүрэм нь байгаа эсэх талаар шалгаж байж нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шалгадаг. Б.Бд олгосон итгэмжлэлийг харахад дэд ерөнхийлөгч Ван Юүвэй гэдэг хүн олгосон байдаг. Энэ хүний нэр нь “ПДТ” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа дээр нэр нь байхгүй учир итгэмжлэл олгох этгээд биш юм. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тухайн компанийн төлөөлөл, Компанийн тухай хуулийн 83 дугар зүйлийн 83.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг бусдын өмнө хариуцаж төлөөлөх, итгэмжлэл олгох, Захиргааны процессын тухай хуульд зааснаар итгэмжлэл авах этгээд нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байна гэж заасан. Итгэмжлэл авах, итгэмжлэл олгосон этгээд нь дэд ерөнхийлөгч буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгаа юм.Үүнээс харахад процессын хуулийн хэд хэдэн заалтууд зөрчигдсөн байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хүлээж аваад захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг бүхэлд нь зөрчсөн. Шүүгч энэхүү хэргийг хэлэлцэж байж хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн учир өнөөдөр энэхүү хэргийг хэлэлцэж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа “ПДТ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн олгосон итгэмжлэлээр нэхэмжлэл гаргаж буй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалт шууд хамаарч байгаа юм. Ж Х-д нэхэмжлэл гаргах хүсэл зориг байсан үгүй нь мэдэгдэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хоёр дахь үндэслэл үүгээр батлагдаж байгаа юм. Захиргааны процессын хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх ёстой гээд хуульд зааж өгсөн. Би үүнийг мянга тайлбарлаж ярилаа. Шүүгчид нэхэмжлэлийн шаардлагыг энэ хоёр үндэслэлээр хүлээн авахаас татгалзаад, давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэнэ гэвэл ямар ч асуудал байхгүй. Монгол Улсад хууль зөрчөөд нэхэмжлэл гаргаад яваад байж болдог юм байна гэсэн шүүхийн жишиг практик тогтог гэж бодсон боловч энэ асуудлыг хэлэлцээгүй. Захиргааны процессын хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т  нэхэмжлэлд гарын үсэг зурах этгээдийг тусгайлан заасан тохиолдолд гэж заасан. Гэтэл хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэлээс харахад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд тусгайлан заасан эрхийг олгосон. Ийм зүйл байж болохгүй. Иймд дээрх зүйл заалтыг зөрчиж байна. Захиргааны процессын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалт дээр энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр нэхэмжлэл гаргаж, шүүх захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, уг нэхэмжлэлийг өнөөдөр шүүх хянаад явж байна. Нөгөө талаас харахад хууль хэрэглээний том алдаа гаргасан. Өнөөдөр хэргийг хэлэлцээд шүүх хуралдаан хийж байгаа нь ичмээр байна. Шүүх өнөөдөр хүчин төгөлдөр бус нэхэмжлэлээр хэргийг хянан шалгаад явж байгаа учир 109 дүгээр зүйлд заасан миний яриад байгаа 2 үндэслэл байгаа учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Дараа дараагийн шатны шүүхүүд хянаад явна биз. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Б.Болортуул дарга нарийн тодорхойлолтыг үг бүрчлэн ярьж тусгалаа. Төлбөрийн акт тогтоосон захиргааны актын хувьд нэхэмжлэгч тал манайд Төрийн аудитын тухай хууль хамаарагдахгүй гэж ярьдаг. Төлбөрийн акт тогтоох тухай захиргааны акт гаргахаас өмнө хяналт шалгалт явагдах тухай ажлын хэсгийн удирдамж гарсан байгаа. Энэ удирдамжийн дагуу Б.Бболон аудитын ажлын хэсэг бүрэлдэхүүнтэйгээр очиж Үндэсний аудитын газраас гаргасан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явагдсан. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байгаа гол тохиолдол нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах хуульд заасан үндэслэл байгаа бол гэж тайлбарлаж байна. “ПДТ” ХХК  нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компани учир Монгол Улсын хууль тогтоомж тухайн компанийн үйл ажиллагаанд хэрэгжинэ. Гэтэл өнөөдөр хууль бус үйл ажиллагаа нь даамжирч явсаар байгаад Засгийн газрыг худалдаад авсан. Өнөөдрийн гаргаж буй нэхэмжлэлээрээ бид нарт Монгол Улсын хууль үйлчлэхгүй гэж харуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг зааж өгсөн. Иймд Төрийн аудитын хяналт шалгалтыг явуулж, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны актыг гаргаж байна. Тэгтэл энэхүү захиргааны актыг бид нарт гаргах эрх байхгүй гэж тайлбарлаж байна. Дорнод аймгийн аудитын газар нь Үндэсний аудитын газраас гаргасан удирдамж болон өөрийн байгууллагын гаргасан удирдамжийн дагуу Дорнод аймагт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй бүх компаниуд дээр ажиллах хүчтэй холбоотой хяналт шалгалтыг явуулсан. Хяналт шалгалтын процесс ажиллагаа дээр алдаа гараагүй. Б.Болортуул дарга, Б.Баудитор хоёр тодорхой хэллээ. Бид нар удирдамжаа танилцуулж, “ПДТ” ХХК-ний эрх бүхий албан тушаалтан байхад нь тэднийг байлцуулж газар дээр нь очиж хяналт шалгалтыг явуулахад зөрчил илэрсэн учир акт тогтоосон. Үүнд мэдэгдэх, сонсгох буюу захиргааны хуульд заасан бүх ажиллагаа явагдсан. Ийм байхад “ПДТ” ХХК нь бид нарт хууль хэрэгжихгүй гэж яриад сууж байна. Хувийн компанийг Төрийн аудитын газар шалгах ёсгүй гэж тайлбарладаг. Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд байгаа. Тухайн маргаан дээр төлбөрийн актаа хүлээн зөвшөөрөөд төлбөрөө төлсөн компани хүртэл байгаа. Эдгээр компаниуд бүгд Дорнод аймгийн Аудитын газраас шалгалт ажиллагаа хийхэд зөрчил гарсан учир төлбөрийн акт тогтоож тэр төлбөрийг төлсөн. Зарим компаниуд маргасан учир шүүхээр явсан. Шүүхээр явсан компаниуд нь ялагдсан. Дорнод аймгийн Аудитын газрын гаргасан акт нь хүчин төгөлдөр болоод хэрэгжээд дууссан. “ПДТ” ХХК нь маргаад өнөөдөр шүүхээр явж байгаа юм. Энэ компанийн гаргасан нэхэмжлэл өөрөө хуулийн зүйл заалт зөрчсөн учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хангалттай үндэслэлтэй байна. Үндэсний аудитын газраас “ПДТ” ХХК-д албан ёсоор бичиг хүргүүлсэн. Энэ акт дээр тодорхой зааж өгсөн. Дээд шатны байгууллагын хянан шалгасан албан бичиг дээр Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар Засгийн газрын 2018 оны 377 дугаартай тогтоолоор тогтоосон хувь хэмжээнээс илүү хэмжээгээр ажиллах хүч ажиллуулсан, гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар төлбөрийн акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 92,93 дугаар зүйлд заасан захиргааны доод шатны байгууллагын гаргасан актыг хянаж хууль зүйн үндэслэлтэй акт гарсан гэдгийг 2 хуудас хариу тайлбараар “ПДТ” ХХК-д гаргаж өгсөн. Үүнээс харахад энэхүү захиргааны акт нь үндэслэлтэй гарсан байна. Тооцооллын хувьд манай зүгээс сүүлд хариу тайлбарыг өгсөн. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоон акт гаргаж “ПДТ” ХХК-ний хууль зөрчсөн үйлдлийг Дорнод аймаг дахь Төрийн аудитын газар акт тогтоосон. Энэ акттай маргаж шүүх дээр процесс ажиллагаа явагдаж байгаа нь бүхэлдээ хууль зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн шүүх үүнийг тасалж шийдвэр гаргахгүй хэргийг хэлэлцээд явж байна. Иймд 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.

... “ПДТ” ХХК-д Монгол улсын хууль үйлчилдэггүй юм байна. Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэдэг юм байна гэж ойлголоо. Монголд үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд гадаад монгол ажилчдын тоо харьцааг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл үүнийг авч хэрэгжүүлж ажилладаггүй юм байна. Нотлох баримтуудаа гаргаж өг гэхээр гаргаж өгөхгүй нуучихдаг. Ярихдаа өөр тоог үндэслэж ярьдаг. 1661 гэдэг тооны харьцааг ярьж байгаа. Энэхүү тоог зөрүүлсэн бол төлбөрөө төлнө үү гэж байгаа юм. Гэтэл үүнийг төлөхгүй гэдэг байдлаар өнөөдрийг хүртэл маргаад явж байна. Хоёрдугаарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэл хангалттай бүрдсэн. Хэрвээ бүрдээгүй байна гэж үзвэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл мөн байна. Иймд 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа компанийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэдгийг мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан баримтуудыг харахад 5 сарын дараа нэхэмжлэл гаргадаг тогтолцоо хаана байгаа юм. Илт хууль бус акт гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 47 дугаар зүйлийн хэдийн хэддүгээр заалтаар үндэслэж байгаа вэ? гэхээр тайлбарлаж чадахгүй. Өнөөдөр газрын тосыг ашигт малтмал биш гээд яриад байж байна. Монгол Улсын Үндсэн хууль, ашигт малтмалын тухай хуульд тодорхой заагаад өгсөн байна. Үүнтэй уялдуулаад аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл гэж байгаа. Ажиллах хүч гадаадаас оруулж ирэх тухай хуулийг дагаж мөрддөг гэсэн хэдий ч энэ хуулиа яагаад дагаж мөрдөхгүй байгаа вэ? гэхэд энэ нь манайд хамаагүй гээд яриад байгаа юм.  Бүх хууль тогтоомж адил тэгш үйлчлэх ёстой. Энэ хяналт шалгалтаар ганцхан “ПДТ” ХХК-г шалгаагүй. Нийцлийн аудитын тайлан дээр хүртэл нэлээн олон компанийн төлөвлөгөө, шалгалттай холбоотой зүйл байгаа. Нэг компанийг онцолж аваад шалгалт хийгээгүй. Шүүгчийн асуусан асуултууд их оновчтой асуултууд байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариулж буй байдлаас харахад “ПДТ” ХХК нь хуулийг буруу ойлгож эсхүл хууль эдний компанид үйлчилдэггүй нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл алга. Нэг үндэслэл байсан бол бид нар маргахгүйгээр эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байдалтай байна. Манай гаргасан төлбөрийн акт бусад компанитай адилхан тогтоогдож байхад ганцхан “ПДТ” ХХК төлөхгүй гэж маргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэх бүрэн үндэслэлтэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ПДТ” ХХК нь “ДАДТАГА нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар анх нэхэмжлэлээ гаргажээ.[1]

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  нэхэмжлэгчээс ДАДТАГ-- аудитор нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.[2]

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус байна” гэсэн хүсэлтийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д “...Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө.”, мөн хуулийн 27.3-т “...Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө” гэж заажээ.

Иргэн Буянбадрахийн Билгүүнд 2021 оны 03 дугаар сарын 03-ний өдөр №21/1-117 тоот албан бичгээр[3] “ПДТ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох дэд ерөнхийлөгч Ван Юүвэйгээс “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан бүрэн итгэмжлэлийг олгосноор итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.[4]

Мөн “ПДТ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох ерөнхийлөгч Жян Хонгфу нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр №22/1-22 тоот албан бичгээр[5] “...нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримтаас хасуулах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-д тус тус заасан бүрэн эрхийг эдлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх”-ийг Б.Бд олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

“ПДТ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох дэд ерөнхийлөгч Ван Юүвэй, ерөнхийлөгч Жян Хонгфу нарын гаргасан дээрх итгэмжлэлүүд нь “ПДТ” ХХК-ийн төлөөлөх хүсэл зорилго нэг этгээдүүд болох бөгөөд иргэн Б.Бд  дээрх итгэмжлэлийг олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Тухайн итгэмжлэлүүд нь хуулийн шаардлага хангасан байх тул “ПДТ” ХХК-ийг иргэн Б.Б бүрэн төлөөлөх эрхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-д заасан бүрэн эрхийг эдлэж, нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг, “ПДТ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд болох ерөнхийлөгч Жян Хонгфу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Бд тусгайлан олгосон. Түүний дараа 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь “ДАДТАГ-- аудитор нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээж авсан үндэслэлийн тухайд:

 “ПДТ” ХХК нь “ДАДТАГА нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг хүчингүй болгож, цуцлуулахаар дээд шатны албан тушаалтан болох ДАДТАГ-Д Б.Бд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №20/1-007 тоот албан бичгээр[6] гомдол гаргажээ. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №775 тоот албан бичгээр[7] тухайн гомдлыг нь хүлээн авах боломжгүй гэсэн хариуг ДАДТАГ-Д Б.Б “ПДТ” ХХК-д өгсөн байна.

Улмаар “ДАДТАГА нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Үндэсний Аудитын газрын дарга Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбатад 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №21/1-1 тоот албан бичгээр[8] гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр[9] буюу тухайн маргаан бүхий актын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ПДТ” ХХК нь хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч “ПДТ” ХХК-ийн дээрх гомдол гаргасан үйл баримтаар нэхэмжлэгч нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д “...Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн байх тул шүүх хүлээн авах үндэслэлтэй юм.

Мөн Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №18 тоот шүүгчийн захирамжаар[10] хариуцагчийн өмгөөлөгч Б.Хын шүүхэд гаргасан “...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгчийн “ДАДТАГА нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн Аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, ДАДТАГ-- 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үндэслэн “Гадаадаас ажиллах хүч авах, ажиллуулахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт”-д Нийцлийн аудит хийж, ДАДТАГ-- аудитор нар /маргаан бүхий/ “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг[11] гаргажээ.

Дээрх актын үндэслэлээ: “Дорнод аймгийн Халх гол, Матад суманд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “ПДТ” ХХК нь “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 4-р зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтуудыг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 377 дугаар тогтоолд заасан, 2019 онд газрын тос, байгалийн хийн олборлолтын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд, гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг мөрдөж ажиллаагүй” гэж үзэн, нэхэмжлэгч “ПДТ” ХХК-д 5.315.200.000 /таван тэрбум гурван зуун арван таван сая хоёр зуун мянган/ төгрөгийн ажлын байрны нөхөн төлбөр тавьжээ.

ДАДТАГ-- аудитор нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар /маргаан бүхий/ актыг хариуцагч гаргахдаа, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар батлагдсан “Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаалыг үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн гэдэг боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн нотлох баримт байхгүй байна.

 Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын төлөвлөгөө батлах тухай” 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/100 дугаар тушаалын хавсралтын ДАДТАГ-- хүснэгтийн 18-д,[12] Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг зүүн бүс дэх газар 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хийхээр төлөвлөсөн байна.

Гэтэл ДАДТАГ-- аудитор нарын бүрэлдэхүүн нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр “ПДТ” ХХК-ийн эзэмшилийн талбай дээр 1 өдрийн нийцлийн аудитын хяналт шалгалт явуулсан нь, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон 2003 оны Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.2-д “...аудит хийх төлөвлөгөө, хөтөлбөрийг хянаж батлах; 19.2-д “...Төрийн аудитын байгууллага аудитын зорилт, хамрах хүрээний талаар аудит хийлгэх байгууллагад аудит эхлэхээс өмнө мэдэгдэнэ” гэж заасныг, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “...Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын “Аудитын төлөвлөгөө батлах тухай” 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/100 дугаар тушаал нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон 2003 оны Төрийн аудитын тухай хуулийн дагуу батлагджээ.

Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр шинэчлэн найруулсан Төрийн аудитын тухай хуулийн дагуу, Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “...Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа гүйцэтгэх дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг энэ хуулийн 11.3-т заасан хүчин зүйлийг үндэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий аудитороор батлуулна”, 11.5-д “...Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална” гэж заасны дагуу “Аудитын төлөвлөгөө”-г шинэчлэн баталж гаргаагүй байна гэж шүүх үзлээ.

            Мөн Монгол Улсын ерөнхий аудиторын 2016 оны “Нийцлийн аудитын түр журам батлах тухай” А/146 дугаар тушаал нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүтгэгдээгүй болох нь, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Ариунтуягийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3-2/12 тоот албан бичиг[13] түүний хавсралтаар тогтоогдож байна.     

Дээрх нотлох баримтуудаар ДАДТАГ-- аудит нар 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д “...шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “...Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална” гэж заасныг зөрчиж, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөө, сэдэвгүйгээр  “ПДТ” ХХК-ийн эзэмшилийн талбайд нийцлийн аудитын хяналт шалгалт явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “...Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” гэж заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “ПДТ” ХХК нь “... 2019 оны 1 дүгээр сараас 12 дугаар сар хүртлэх хугацаанд 7176 гадаад ажилтан хөдөлмөр эрхлүүлснээс 1661 гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөөгүй гэж Дорнод аймаг дахь Төрийн Аудитын газар дүгнэсэн нь огт үндэслэлгүй” гэж маргаж байна.

Харин хариуцагч нь “...Аудитаар: Гадаадын иргэний харьяатын газрын зүүн бүс дэх газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Ниймгийн даатгалын хэлтэс, Хилийн 0306 дугаар анги, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газруудаас Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд, Дорнод аймаг дахь аж ахуй нэгж, байгууллагууд болон тэдгээрийн 2018-2020 оны үйл ажиллагааны тайлан, мэдээ, судалгаа, холбогдох баримтуудыг цаасаар болон цахимаар авч дүн шинжилгээ хийсэн” гэж тайлбарлажээ. Мөн тухай үед хяналт шалгалтад хамруулсан нотлох баримтууд болох “ДАДТАГ-- 2020 оны төлөвлөгөө”, “ПДТ” ХХК-ийн 2018 оны 1 сараас 2020 оны 12 сарын ниймгийн даатгалын лавлагаа”, “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаад иргэдийн судалгаа, 2019 онд “ПДТ” ХХК-д ажилласан гадаадын иргэдийн тоо ”, “2019 онд гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих албан бичиг авсан аж ахуйн нэгжийн хүснэгт”, “ПДТ” ХХК-ийн газрын тосны 19, 21 дүгээр талбайд 2018-2020 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд ажилласан гадаад иргэдийн тоог мэдээлсэн Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Энхтүвшингийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 199 тоот албан бичгийг хавсралтын хамт шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Хил хамгаалах ерөнхий газрын Гадаадын иргэн, харьяатын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрууд чиг үүргийн хувьд хяналт тавьж, зохих зөвшөөрлийг олгодог тул гадаад ажилчдын талаарх мэдээллийг холбогдох байгууллагад хандаж авна уу” гэсэн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2/1146 тоот албан бичиг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10/891 албан тоотын хавсралтаар “ПДТ” ХХК-ийн 2018, 2019, 2020 онд ажилласан нийт гадаад ажилчдын тоог ирүүлсэн нотлох баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/1110 албан тоотоор ирүүлсэн  “ПДТ” ХХК-ийн 2018, 2019, 2020 онд ажилласан нийт гадаад ажилчдын тоо мэдээ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

Мөн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1098 албан тоотоор[14] “ПДТ” ХХК-ийн 2018, 2019, 2020 онд ажилласан нийт гадаад ажилчдын тоо, жагсаалтаар, “ПДТ” ХХК нь 2019 онд 126 албан бичгээр 817 гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авч, 26 албан бичгээр 718 гадаад ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн сунгалт хийлгэж, нийт 7,671,884,800 /долоон тэрбум зургаан зуун далан нэгэн сая найман зуун наян дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн ажлын байрны төлбөрийг төлсөн болох нь нотлогдож байна.

Тиймээс хариуцагч ДАДТАГ-- аудитор нарын бүрэлдэхүүн нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр “ПДТ” ХХК-ийн эзэмшлийн талбай дээр 1 өдрийн нийцлийн аудитын хяналт шалгалт хийхдээ шалгасан дээрх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан нотлох баримтуудаар “ПДТ” ХХК-ийн 2018, 2019, 2020 онд ажилласан нийт гадаад ажилчдын тоон жагсаалт, гадаад ажилтны төлбөр төлсөн баримт зэрэг бодит баримтыг үндэслэн, тогтоож шалгалгүйгээр, ДАДТАГ-- аудитор нар нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр “ПДТ” ХХК-ийн эзэмшлийн талбай дээр 1 өдрийн нийцлийн аудитын хяналт шалгалт явуулж, “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг гаргасан нь хууль бус байна гэж шүүх дүгнэв.

Учир нь: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Гадаадын иргэн, Харьяатын газар, гадаадын ажиллах хүч, мэргэжилтний ажлын байрны төлбөрийн төлөлт, түүнтэй холбоотой тоон мэдээллийг баталсан. Уг тогтоолын “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх чөлөөлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “ ... байгууллага нь гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахдаа ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.1-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллага ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө”, 2.2-д “...Эрх бүхий байгууллага ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд ажлын байрны төлбөр төлсөн эсхүл хөнгөлөлт үзүүлсэн чөлөөлсөн тухай бүртгэл хөтөлнө” гэж зааснаар Гадаадын иргэн, Харьяатын газар, гадаадын ажиллах хүч, мэргэжилтний ажлын байрны төлбөр төлөлт, түүнтэй холбоотой тоон мэдээллийг Хөдөлмөр халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар тус тус эрхлэхээр тогтоожээ.

Тиймээс хариуцагч ДАДТАГ-- аудитор нар “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг гаргахдаа “ПДТ” ХХК-ийн гадаад иргэдийн ажиллах хүч, мэргэжилтны ажлын байрны төлбөр төлөлттэй холбоотой, Хөдөлмөр халамжийн Үйлчилгээний Ерөнхий газрын тоон мэдээлэлтэй холбоотой баримтад тулгуурлан гаргаагүй, нотолгооны үндэслэлгүй акт гаргажээ.

Тодруулбал: 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн Аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээд үйл ажиллагаандаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг хэрэгжүүлж байгаа эсэхэд аудит хийнэ”,  мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /цаашид "мэргэжлийн хяналт" гэх/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ”, мөн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “...хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл ДАДТАГ- аудитор нар “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг гаргахдаа хуулийн энэхүү заалтуудыг зөрчиж гаргажээ.

Иймд ДАДТАГ-- аудитор нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар акт нь хуульд нийцсэн захиргааны акт гэж тогтоогдохгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн аудитын тухай хууль /2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн/-ийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5,  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1,  4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан ДАДТАГ- аудитор нарын “Төлбөр тогтоох тухай” 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03/80 ДОА-2020/06-НА дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож нэхэмжлэгч “ПДТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Төрийн Аудитын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БАЯСГАЛАН

 

 

[1] 1-р Хавтаст хэргийн 1-8-р хуудас

[2] 2-р Хавтаст хэргийн 244-246-р хуудас

[3] 1-р Хавтаст хэргийн 10-11-р хуудас

[4] 1-р Хавтаст хэргийн 110-121-р хуудас

[5] 2-р Хавтаст хэргийн 186-187-р хуудас

[6] 1-р Хавтаст хэргийн 22-31-р хуудас

[7] 3-р Хавтаст хэргийн 78-р хуудас

[8] 1-р Хавтаст хэргийн 32-44-р хуудас

[9] 3-р Хавтаст хэргийн 75-76-р хуудас

[10] 2-р Хавтаст хэргийн 203-206-р хуудас

[11] 1-р Хавтаст хэргийн 19-20-р хуудас

[12] 1-р Хавтаст хэргийн 177-р хуудас

[13] 1-р Хавтаст хэргийн 188-189-р хуудас

[14] 1-р Хавтаст хэргийн 204-р хуудас