Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/113

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Нинжбадгар  

Улсын яллагч О.Одончимэг  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******

            Иргэний хариуцагч *******

            Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, ******* /цахимаар/

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2322001870039 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,,,,,,,,,, Регистрийн дугаар:

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө аймгийн сум багийн нутаг дэвсгэрт загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж онхолдон улмаар зорчигч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч овогт нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би 3 зүйлийг нэхэмжилж байгаа, оршуулгын зардал 20,000,000 төгрөгийн 7,000,000 төгрөгийг өнөөдөр өгсөн үлдсэн 13,704,710 төгрөгийг, нөхрийнхөө ажил хийж байсан цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирол гэсэн 3 зүйлийг нэхэмжилж байна, гомдолтой байгаа илэрхийлж байна. ... Талийгаач нөхөр маань “ ”-ээс сард 1.000.000 гаран төгрөг орж ирдэг байсан сайн мэдэхгүй байна, “Кристал топ майнинг” -аас 3,600,000-гаас 3,700,000 төгрөг авдаг байсан...” гэв.

2. Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд “ Би машинаа банк бусаар авч байсан, нөхөр бид хоёр ээлжилж унадаг байсан. Манай хүн, хүн тээвэрт явдаг, тэгээд ирж явахдаа л осолд орсон. Тээврийн хэрэгсэлд  12,300,000 төгрөгийн эвдрэл тогтоогдсон үнэлгээгээрээ, янзалж чадаагүй байгаа...” гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би талийгаач хамт Улаанбаатар хотод амьдардаг байсан юм. Зуны цаг байсан тул би талийгаач болон хүүхдүүдийн хамт аав, ээж дээрээ очиж агаар салхинд гарсан байсан. Талийгаач нь 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос аймагт байрлах суманд байрлах "" гэх нэртэй компанид төслийн менежерээр ажиллах ээлжийн ажилдаа явсан юм. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ээлжийн ажлаасаа буусан. Тэр оройн 22 цагийн орчимд талийгаач нь хамгийн сүүлд надтай аймгийн Цогт-Овоо суманд замын унаагаа хүлээж байна гэж надтай гар утсаар ярьж байсан. Үүнээс хойш талийгаачийн гар утас нь холбогдохгүй болсон. Дараа нь би аймагт байрлах ажлын хүмүүс рүү нь гар утсаар залгаж лавласаар байсан. Үүний дараа нь талийгаачтай хамт ажиллаж байсан манай аав надад осол болсон, хэргийн газар дээр цагдаа нар ирсэн байна гэж талийгаачийг нас барсан талаар хэлсэн. Талийгаачийг нас барсны улмаас би 1-6 насны 3 нялх хүүхэдтэйгээ үлдсэн. Маш их гомдолтой байна. Оршуулгын зардал, цалингийн зөрүү, сэтгэл санааны хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 176-р хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч “Би аймгийн “ ББСБ”-д ахлах зээлийн ажилтан ажилтай. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр овогтой нь /РД: ЙЖ73020107/ өөрийн хүсэлтийн дагуу 100630040 тоот зээлийн гэрээ байгуулж барьцаанд бүртгэж өөрийн өмчлөлд шилжүүлж авсан ба 22,000,000 төгрөгөөр үнэлж авсан. Манай байгууллагаас нийт 13,850,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 170-р хуудас/

5. Иргэний нэхэмжлэгч “2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Цогтцэций сумаас аймаг явах гээд нөхөр унаа олоод цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэлд суугаад 19 цагийн орчимд гарсан. Уг машинд жолоочийн хажуу талд сууж явсан ба замдаа унтаж байхад гэнэт тээврийн хэрэгсэл шарвахад сэрсэн ба шавар дунд орж тээврийн хэрэгсэл унаад жолооч болон хамт явж байсан 1 залуу машинаас гараад бид нарыг гаргасан ба хамгийн сүүлд 1 залууг машинаас гаргахад ухаангүй байсан. Тэгээд бид нар сүлжээ хайгаад Баянгол сумын эмнэлэг рүү залгаж эмч болон цагдаа нар ирсэн. 6-уулаа зорчиж явсан. ... Дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлт байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие одоо зүгээр болсон хэвийн байгаа” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 21, 182-р хуудас/

6. Иргэний хариуцагч *******ын “******* бид 2 хамтран амьдрагч ба дундаасаа 1 хүүхэдтэй. ... 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдаж аваад “ ББСБ-д 22.000.000 төгрөгөөр үнэлүүлээд 15.400.000 төгрөгийн зээл авсан. Сар болгон 940.000 төгрөг тушаадаг...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 186-р хуудас/

7. Гэрч “... 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Цогтцэций сумаас аймаг руу явах гээд унаа хайсан. ... 19 цаг өнгөрч байхад цагаан өнгийн альфардтай хүн ирсэн Цогтцэцийгээс гарахдаа талийгаач болон нэг хүүхэд авсан. Тэгээд аймаг руу явах замдаа би тээврийн хэрэгсэл дотор унтаж явсан чинь жолооч гэнэт “ээ пизда” гээд хараагаад машин шавар дээр шарваад машин нэг хөрвөөд унасан. Жолооч талын цонх нь хагарсан байхаар нь жолооч эхэлж гараад дараа нь нэг эмэгтэй хүн гарсан. Талийгаач хөдлөхгүй татаад унасан байхаар нь урд талын цонхны шилийг өшиглөөд талийгаачийг гаргасан, машинаас талийгаачийг гаргахад талийгаач хөдлөхгүй байсан. Тэгээд хажуу хамар дээр гараад аймгийн цагдаагийн газар руу залгаад дуудлага өгсөн, мөн Баянгол сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн, нийт 6 хүн зорчиж явсан. Жолооч болон жолоочийн эсрэг талын хүн суудлын бүс хэрэглэсэн, ар талд сууж явсан 4 хүн суудлын бүс хэрэглээгүй” гэсэн мэдүүлэг, /1 хх-ийн 14-15-р хуудас/

8. Гэрч “2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Цогтцэций сумаас аймаг руу явна гэсэн зар хараад дугаарыг нь аваад залгаад орой 16 цагийн орчимд унаанд суусан. аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт шөнө 02 цагийн орчимд явж байхдаа замд шавар тааралдаад шавраа дайраад тээврийн хэрэгслийн урд талын шил нь шавар болоод тээврийн хэрэгсэл шарваад унасан. Тээврийн хэрэгслийн жолооч ах “та нар зүгээр үү” гээд бид нарыг гаргасан ба хамт зорчиж явж байсан талийгаач ухаангүй байсан. Машинаас гараад цээжин дээр дараад хиймэл амьсгал хийгээд ухаан ороогүй. Тэгээд Баянгол сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн, 6 хүн зорчиж явсан. Жолооч болон жолоочийн эсрэг талын хүн суудлын бүс хэрэглэсэн, ар талд сууж явсан 4 хүн суудлын бүс хэрэглээгүй. Биеийн байдал хэвийн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 17-р хуудас/

9. Насанд хүрээгүй гэрч “2023 оны 08 дугаар сарын 19-ний орой 17 цаг өнгөрч байхад аймгийн Цогтцэций сумаас “МТ” колонк дээрээс цагаан өнгийн альфард гэсэн машинд суухдаа хамгийн ард суугаад унтаад явсан. Тэгээд шөнө 1 цагийн орчимд гэнэт машин шарваад миний сууж байсан зүүн талаар шарваад унасан. Жолооч машинаасаа хамгийн түрүүнд гараад жолоочийн хажууд сууж байсан эмэгтэй хүнийг гарсан, мөн жолоочийн ард сууж байсан 3 хүний гол сууж байсан хүний бие нь татаад байхаар нь захын 2 талд сууж байсан 2 талаас нь өргөөд машинаас гаргасан. Би машинаас нь хамгийн сүүлд гарсан. Бид эмнэлэг болон цагдаа дуудах гээд хамт зорчиж байсан хүмүүс сүлжээ хайх гээд явсан машин дээр жолооч ах бид 2, нас барьсан хүнтэй хамт үлдсэн. Удалгүй хамт явж байсан хүмүүс эмнэлэг болон цагдаа дуудчихлаа гээд ирсэн. Удалгүй эмнэлэг ирсэн. ... Миний бие зүгээр, ямар нэгэн өвдөж байгаа зүйл байхгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-184/

10. аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 96 дугаартай “Талийгаач нь гавал тархи, нугалмын битүү хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Нас барсан хугацааг цогцсын гадна үзлэг хийсэн анхны хугацаагаар тогтооно. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавалын суурь ясны заадас салалт, 4 дүгээр ховдлын цус харвалт, гавалын том нүхний цус хуралт, хүзүүний 4 дүгээр нугалмын хугарал, нугасны хальсны цус хуралт, гавалын ясны гадна хальс, хуйхны дотор гадаргууд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт, зүүн гарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.2-т зааснаар амь насанд аюул учруулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд 0.9, ходоодны шингэнд 1 промилли спиртийн агууламж илэрсэн, мансууруулах болон сэтгэц нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 35-38-р хуудас/

11. аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 544 дугаартай “ биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт, /1-р хх-ийн 46-48-р хуудас/

12. Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 65 дугаартай “Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байдаг. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлт, /1-р хх-ийн 157-р хуудас/

13. аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/360 дугаартай “Танай байгууллагаас ирүүлсэн координат нь аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт харьяалагдана... Хавсралтаар зургийг хүргүүлэв...”, гэх албан бичиг, /1-р хх-ийн 92-93-р хуудас/

14. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 хх-ийн 3-р хуудас/

15. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 10-15-р хуудас/

16. 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тэврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 4-7-р хуудас/

17. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 26, 29-31-р хуудас/

18. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 28, 33-р хуудас/

19. Хөрөнгийн үнэлгээчний 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/01 дугаартай “ загварын улсын дугаартай автомашины эвдрэлийн үнэлгээ нийт 12,278,750 төгрөг...” гэх тайлан, /1 хх-ийн 189-192-р хуудас/

20. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 636 дугаартай “ы сэтгэцэд 2023 оны 08 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай”, /2 хх-ийн 240-242-р хуудас/

21. 2022 оны 09 сарын 21-нд төрсөн Маргад /регистрийн дугаар: УЛ22292141/, 2021 оны 03 сарын 12-нд төрсөн /регистрийн дугаар: ЙЭ21231253/, 2017 оны 12 сарын 07-нд төрсөн /регистрийн дугаар: ЙЮ17320721/ хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, /1 хх-ийн 125-127-р хуудас/

22. 1994 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн амь хохирогч нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаархи лавлагаа, /2 хх-ийн 32-33-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан шүүгдэгч ******* нь шөнийн цагаар нойтон шаварлаг хөрс бүхий хээрийн шороон замд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа шаварлаг хөрс бүхий хэсэгт онхолдсон буюу “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчин, аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүй, тохиромжтой хурдыг сонгон яваагүйгээс уг тээврийн хэрэгсэл онхолдсон /Хэргийн газрын үзлэгийн зурагт тээврийн хэрэгсэл хажуу талаараа харсан байдалтай/ осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэргүүдээр тогтоогджээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч буюу жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөнөөс осол гарч 1 хүний амь нас хохирсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэргийн зүйл, хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйд нийцнэ.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, нэхэмжлэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ээс амь хохирогч оршуулгын зардалд 20.704.710 /хорин сая долоон зуун дөрвөн мянга долоон зуун арав/, мөн сэтгэцэд учирсан хохирол, түүнчлэн амь хохирогчийн авч байсан цалин хөлс болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас нэхэмжилж оролцов.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч *******ын эзэмшлийнх байсан ба тэрээр уг тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж зээл авч шүүгдэгчийн эзэмшилд тээвэр хийлгэхээр сайн дураараа шилжүүлэн өгсөн ба ямарваа нэгэн байдлаар эрхийн доголдолгүй, эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгсөн тул иргэний хариуцагчаас хохирол төлбөр гаргуулах боломжгүй гэж шүүхээс үзлээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд “Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах” талаар зааж 508.1 дэх хэсэгт “Хохирогчийг оршуулахтай холбоотой зардал”, 508.2-оос 508.4 дэх хэсэгт “цалин хөлсний зөрүүг буюу гэм хор учруулсны төлбөр” нэхэмжлэх талаар, мөн хуулийн 511.4 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгах” буюу сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхтэй холбоотой асуудлыг тус тус заажээ. Тухайлбал:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”,

508.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй”,

508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна”,

508.4 дэх хэсэгт “Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө”. Үүнд:

508.4.1 “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл”,

508.4.4 “нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл”,

511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульчилжээ.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511.5-д заасны дагуу тогтооно…”, 3.4-д “… төлбөрийн хэмжээг хувьчлан тогтооно…” гэж,

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-г хуульчилсан ба 2.5 дахь хэсэгт “… гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511.5-д заасны дагуу арилгана…” гэж тус тус заасан байна.

 

А. Оршуулгын зардлын талаар:

Амь хохирогч оршуулгын зардалд нийт 20.704.710 төгрөг хохирогч нэхэмжилснээс шүүгдэгч нь 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 13.704.710 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Б. Сэтгэцэд учирсан хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд 3 дугаар зэрэглэлд хамаарах хор уршиг учирсан нь Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 636 дугаартай дүгнэлтээр тогтоогдов.

Уг гуравдугаар зэрэглэлд хамаарах хор уршгийг холбогдох баримт бичигт зааснаар /Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолд/ шүүгдэгчээс гаргуулбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нөхцөл байдал бий болов.

Эрүүгийн хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 636 дугаартай дүгнэлтийн дагуу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /2023 оны 08 дугаар сард хүчин төгөлдөр байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг дээд хэмжээгээр нь буюу 22.99 дахин нэмэгдүүлэхэд 12.644.500 /арван хоёр сая зургаан зуун дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөг, 150 дахин нэмэгдүүлбэл 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөг болж байна.

Харин амь хохирогч аймагт 1994 оны 07 дугаар сарын 09-нд төрж өссөн ба нас барах үедээ буюу 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 29 настай байсан бөгөөд Статистикийн мэдээллийн санд зааснаар 2023 онд аймагт хүний дундаж наслалт 70.65, зөрүү нь 41.65 ба үүнийг тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр  /550.000х5=2.750.000/ үржүүлбэл 114.537.500 болов.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ ... сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэснийг үндэслэн ашигтай буюу 114.537.500 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцнэ.

 

В. Тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалин хөлсний зөрүүний талаар:

Шүүгдэгч *******ийн холбогдсон гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь түүнтэй гэрлэлтийн баталгаагүй боловч хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 2022 оны 09 дүгээр сард төрсөн М.Маргад, 2021 оны 03 дугаар сард төрсөн М., 2017 оны 12 дугаар сард төрсөн М. нарын 3 хүүхэдтэй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 125-127-р талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдов.

Амь хохирогч нь ХХК-аас 3.500.000, Кристалл Топ Майн ХХК-аас 550.000 төгрөг, нийт 1 сард 4.050.000 төгрөгийн цалин авдаг байсан нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрд тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэжээ.

Дээрх заалтын дагуу амь хохирогчийн авч байсан цалинг түүний асрамжид байсан хүмүүсийн тоонд хуваахад 4.050.000:4=1.012.500 төгрөг гарч байна. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 792.000 төгрөгийн хасахад нэг хүүхэд тус бүрд 220.500 төгрөгийн зөрүүг төлөхөөр байна.

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан хүүхэд бүрд сар бүр 220.500 төгрөгийн төлбөрийг /нийт 3/  арван зургаан нас хүртэл, суралцах бол арван найман нас хүртэл төлөх үүргийг шүүгдэгчид хүлээлгэхээр болов.

 

                             Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

            *******ийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдлыг, түүнчлэн амь хохирогчийн 3 хүүхдэд төлбөр сар бүр төлүүлэхээр шийдвэрлэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.           

 

          Бусад асуудлын талаар:

          1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар талд маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шүүгдэгч *******ийн 608579 дугаартай B, C, D ангиллын жолооны үнэмлэх зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан байх ба уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч буюу иргэний хариуцагч *******т буцаан олгож, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэгэнт хасаж байгаа тул уг үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаартай тогтоолоор хоригдож, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нийт 125 хоног цагдан хоригдсон байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож оногдуулж буй ялаас хасах нь зүйтэй байна.                 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан уг тээврийн хэрэгслийг аливаа хэлбэрээр битүүмжилсэн, хураан авсан тогтоол хэрэгт байхгүй байх тул шүүх энэ талаар ямарваа нэгэн шийдвэр гаргаагүйг дурдав.

            

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогтой ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож хассугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн зорчих эрхийг хязгаарласан 3 жил 6 сарын хугацаанд аймгийн Арвайхээр сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.

            6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

            7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч Г.т хүлээлгэн өгөхийг аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

            8. Шүүгдэгч *******ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд 13.704.710 /арван гурван сая долоон зуун дөрвөн мянга долоон зуун арав/, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт 114.537.500 /нэг зуун арван дөрвөн сая таван зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, мөн шүүгдэгч *******ээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн асрамжид байсан 2022 оны 09 сарын 21-нд төрсөн Маргад /регистрийн дугаар: УЛ22292141/, 2021 оны 03 сарын 12-нд төрсөн /регистрийн дугаар: ЙЭ21231253/, 2017 оны 12 сарын 07-нд төрсөн /регистрийн дугаар: ЙЮ17320721/ нарт сар бүр 220.500 /хоёр зуун хорин мянга таван зуу/ төгрөгийн төлбөрийг арван зургаан нас хүртэл, суралцах бол арван найман нас хүртэл гаргуулсугай.

            9. Шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД