| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0095/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,, 2 хүүхдийн хамтаар аймгийн сумын 3 дугаар баг Цантын 9-15 тоотод оршин суух,, овогт , Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь ******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр согтуурсан үедээ аймгийн сумын төв наадмын талбайд хохирогч “морь цаанаас эргүүллээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь “зүүн дээд нэгдүгээр шүдний уналт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогч “Манай суманд тухайн өдөр морины сунгаа болсон юм. Би их насны 1 морьтой ирсэн. Морио эргүүлэх гээд дагаад явж байхад сумын 3 дугаар багийн засаг дарга машинтайгаа согтуу миний хажууд тулж ирээд намайг “буугаад ир пизда минь алнаа чамайг” гэсэн. Би бууж очоогүй “хоёулаа бариан дээр очиж байгаад болоё” гээд зогсоогүй шууд мориныхоо араас явсан. Би тай урьд нь муудалцаж маргалдсан асуудал байхгүй. Морь барианд ороод би мориныхоо хөлсийг хусаад байж байтал хүрч ирээд намайг дээлнээс заамдаад авсан. Би ыг зөрүүлээд заамдсан. Тэр үед намайг “чи яасан овоо болчихсон муу гөлөг вэ" гээд намайг нэг удаа хий цохисон. Дараа нь дээлнээс заамдаад татаад 2 удаа мөргөсөн. Эхний удаа мөргөхөд миний хамраас цус гарсан, дараагийн удаа мөргөхөд нь миний дээд талын шүд аман дотор эвгүй болсон. Би маскаа доошлуулаад шүдээ тэмтэрч үзэхэд миний үүдэн дээд талын нэг шүд санжигнаад хөдөлчихсөн байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг хоёр тийш нь болгосон... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 08-10-р хуудас/
2. Гэрч “... ******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр морь барианд ороод ах бид хоёр морины хөлсөө хусаж байхад багийн дарга машинтай согтуу ирээд машинаасаа буугаад ахыг заамдаж аваад эхлээд нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд тэр хоёр нэг нэгнийхээ хувцаснаас заамдалцаж аваад зууралдсан. Тэгэж байгаад ахыг нүүр рүү нь мөргөсөн. Тэр үед ахын хамар болон амнаас нь цус гарсан. Би ахын амнаас нь цус гарч байхад харахад үүдэн дээд талын нэг шүд нь санжганасан ойчих гээд хөдөлж байсан. ... Багийн дарга өөрөө их согтуу явж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13-р хуудас/
3. Гэрч “... ******* оны 05 дугаар сарын 01 ний өдөр суманд морины үсэргээ сунгаа болсон. Их насны морь урагшаа явж байхад надтай хамт явсан сумын 3 дугаар багийн Засаг дарга нь 1 дүгээр багийн малчин ийг морь дагаад явж байхад зогсоож уулзах гээд машины цонхоор хэрэлдээд байсан. Тэгэхэд зогсолгүй шууд яваад өгсөн. Их насны морь эргээд бариан дээр ирсэн. Би ын машинд суугаад үлдсэн. машинаасаа буугаад явсан. Тэгээд эргэж орж ирэхдээ би ийг зодчихоод ирлээ гэж байсан. Ямар үйл явдал болсныг би мэдэхгүй, би өөрөө тухайн үед архи уусан халамцуу байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас/
4. Шүүгдэгч *******ын талаархи лавлагаа, /хх-ийн 35-р хуудас/
5. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “******* оны 05 сарын 01-ний өдөр сумын 1 дүгээр баг сумын төвд наадмын талбайд Н. нь сумын 3 дугаар багийн Засаг дарга *******т зодуулсан”, /хх-ийн 2-р хуудас/
6. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0725/236 дугаартай “... биед зүүн дээд нэгдүгээр шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ******* оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тус журмын Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 41.1 зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 10 хувь алдагдуулна...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 21-23-р хуудас/ нотлогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт толгойгоороо 2 удаа мөргөж зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг шууд хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Н. нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД