| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/120 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/120
2025 06 25 2025/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2504000000143 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ......... оны ......... дугаар сарын ........-ны Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, ........... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт .........дүүргийн ........дүгээр хороо, .......дугаар байрны .......тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, ...........овогт ******* ******* ()
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам гуанзны урд хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар чулуугаар толгой хэсэгт нь цохиж зодон хуйхны ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам гуанзны урд хохирогч хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар чулуугаар толгой хэсэгт нь цохиж зодон хуйхны ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******гийн мэдүүлэг (хх-ийн 28-29, 38), хохирогч Г.Даваанямын мэдүүлэг (хх-ийн 16), гэрч мэдүүлэг (хх-ийн 18), гэрч мэдүүлэг (хх-ийн 20), Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 189 дугаартай дүгнэлт (хх-ийн 23-24), хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8), камеийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 9-10), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 13), хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 64), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 55) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, ач холбогдолтой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргасан ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Даваанямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан (хх-ийн 65), шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 105,462 төгрөгийг төлж барагдуулсан (хх-ийн 58) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ