2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1680

 

   

                                                           

 

 

 

   

   2025       06         24                                     2025/ШЦТ/1680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч С.Болорзул,

хохирогч П.М, түүний өмгөөлөгч О.Баяраа,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн ** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Б

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн зам дээр хохирогч П.М-ийг “тээврийн хэрэгслийн цонх цохисон” гэх шалтгааны улмаас харилцан маргалдаж түүний баруун хөл рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж, хавирч унагаасны улмаас хохирогч П.М-ийн биед баруун шаант болон тахилзуур ясны ташуу сэлтэрсэн далд хугарал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн *дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нь шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгах байр суурьтайгаар, хохирогчийн өмгөөлөгч О.Баяраа нь хохирогч П.М-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Б* нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн зам дээр хохирогч П.М-ийг “тээврийн хэрэгслийн цонх цохисон” гэх шалтгааны улмаас харилцан маргалдаж түүний баруун хөл рүү 1 удаа хөлөөрөө өшиглөж, хавирч унагаасны улмаас хохирогч П.М-ийн биед баруун шаант болон тахилзуур ясны ташуу сэлтэрсэн далд хугарал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч П.М* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би тэр өдрийн оройны 18 цаг 45 минутаас 17 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн шинэ зам дагуу Гандигийн коллежийн орчимд туслах замд явган хүний гарц дээр зам хөндлөн гарч байх үед ертөнцийн зүгээр зүүн тал буюу туслах замаас төв зам чиглэлд явж байсан цагаан өнгийн приүс 30 маркийн машин надад болон надтай хамт зам гарч байсан хүмүүст зам тавьж өгөлгүй шууд гарцын голд ирж зогссон болохоор нь зогсоход тэр машин зогсохоор нь би зам тавьж өгөх гэж байна гэж бодоод урдуур нь тойроод гарах гэтэл тэр машин урагшаа хөдлөхөөр нь би зогсоод буцаж тойроод машиных нь ар талаар нь гарахдаа би тэр машины жолоочид хандаж “Явган хүмүүстээ зам тавьж өгөөч” гэж хэлээд машиных нь арын багажийн хэсгийн шилийг гараараа нэг удаа цохиод цааш гарахад тэр машины жолооч над руу “Миний машиныг яаж байна вэ?” гэж орилоод байхаар нь би тоохгүй шууд цаашаа явахад тэр машины жолооч хойноос ирээд “Чи миний эд хөрөнгийг яаж байна вэ?” гэж хэлээд миний энгэрээс хоёр гараараа заамдаад авсан. Тэгээд би зөрж барьж аваад “Чи тэгээд яах юм бэ? явган хүмүүст зам тавьж өгөөч” гэхэд тэр залуу баруун хөлөөрөө миний баруун хөл рүү хүчтэй өшиглөөд унагаасан. Тэгээд намайг газарт унах үед 2 хүн машинаас нь гарч ирж намайг тойрч бүчиж зогсоод миний мөрнөөс гараараа дараад зогссон. Тэгээд тэр намайг өшиглөж унагаасан жолооч залуу өөрөө машиндаа суугаад яваад өгсөн. Нөгөө үлдсэн хоёр залуу намайг татаж босгоход миний баруун хөл хатгаж өвдөөд байхаар нь би баруун хөл рүүгээ харсан чинь миний хөл дотогшоогоо эргэчихсэн байсан. Тэгээд би өөрөө баруун хөлөө өргөөд явсан чинь хөлийн тавхай маань сул хөдөлж байсан. Тэгээд нөгөө хоёр залуу намайг мөргөсөн залуу руу утсаар залгаад “Хөл нь эвгүй болчихжээ, хүрээд ир” гэж хэлээд дуудаж ирүүлээд тэр гурав намайг өргөөд машиндаа суулгаад намайг шинэ гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд би эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Миний баруун хөлийн бүдүүн чөмөг болон туслах яс нь хугарсан байсан. Тэр залуу баруун хөлөөрөө миний баруун хөл рүү 1 удаа хүчтэй өшиглөөд л унагаасан. Өөрөөр цохиж зодоогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би баруун хөлдөө төмөр суулгаж хадуулах мэс ажилбар хийлгэсэн. Миний баруун хөл байнга янгинаж, арьс, шөрмөс нь таталдаж өвдөөд байгаа. Шөнө өвчин намдаах эмгүй бол унтаж чадахгүй байгаа. Өвчин намдаах эмнээс бас харшлаад хэцүү байгаа. Би сэтгэцэд хор уршиг учирсан хохирлын хэмжээгээ тогтоолгоно..." гэх /хавтаст хэргийн 34-35, 62-63 дугаар тал/,

Гэрч Г.Т* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны 19 цагийн орчимд Б-ын машинтай Э* миний бие бид 3 Ганди сургуулийн хажуу талын байран дундах замаар яваад төв зам руу орох гээд зогсож байтал 1 залуу ирээд зүүн хойд талын цонхыг гараараа цохисон. Тэгээд Б* “Яагаад машин цохиод байгаа юм бэ?” гээд буугаад нөгөө залуу руу явсан. Тэгээд машин дотор Э* бид 2 байсан болохоор буугаад очиход нөгөө залуу газар уначихсан Б-аас зуурчихсан байдалтай байхаар нь Э* бид 2 салгасан. Тэгээд нөгөө залууг босгоод хоорондоо бие биеэсээ уучлалт гуйгаад салах гэсэн чинь нөгөө залуугийн баруун хөл гишгэж болохгүй байна гэхээр бид 3 нөгөө залууг машиндаа суулгаад шинэ гэмтэлийн эмнэлэгт очиж нөгөө залуугийн ар гэр нь ирчихсэн байсан. Ийм л зүйл болсон. Б-ыг нөгөө залуутай маргасан болон зодолдсон үйлдлийг хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

Гэрч Э.Э* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед найз Т*, Б* нарын хамт явж байх үедээ Сүхбаатар дүүргийн *дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр урлалын политехникийн сургуулийн орчимд машинаа байрлуулаад машинтайгаа буцаагаад гарах гэж байх үед хүмүүс гарцаар гарах гээд зогсож байхаар нь зам тавьж өгөөд зогссон. Тэр үед гарцаар гарж байсан үл таних эрэгтэй хүн хажуугаар явахдаа машины зүүн хойд талын хаалганы шилийг хүчтэй нэг удаа цохиод зөрөөд өнгөрөх явцад найз Б* нь тэр үл таних эрэгтэй хүнийг хойноос нь дуудаад уулзах гээд гарсан. Тэгээд Т бид хоёр араас нь гараад очиход тэр үл таних эрэгтэй хүн газар, явган хүний зам дээр унасан байсан ба гараараа Б-ыг заамдсан байдалтай байхаар нь Т* бид хоёр тэр үл таних эрэгтэй хүнийг хоёр талаас бариад босгож өгсөн. Тэр эрэгтэй манай найз Б-ыг заамдаад тавихгүй байсан ба хэсэг хугацааны дараа заамдаж байхыг нь болиулсан. Би тухайн үед тэр эрэгтэй хүнээс “Хөл чинь яасан бэ? Гайгүй юу? аль хэсгээр нь өвдөөд байгаа юм бэ?" гэж асуусан чинь “Чамд хэлээд яах вэ дээ, хөлийн шилбэний хэсгээр өвдөөд байна" гэж хэлсэн. Тэгээд тэр үл таних эрэгтэй алхах гээд үзэхэд өөрөө алхаж чадахгүй, догонцоод, зовуурилаад алхаж чадахгүй байсан. Тэгээд тэр эрэгтэй хүн 103 дугаарын утсанд дуудлага өгөх гэж байсан ба бид нар арай хурдан эмнэлэг хүргэж өгнө гээд Т* тэр үл таних эрэгтэй хүнийг үүрээд машинд суулгасан. Тэгээд “Сөүл” эмнэлэг дээр очиход хаасан байхаар нь 11 дүгээр хорооллын Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд яаралтай тусламж руу нь хүргэж өгсөн. Тэгээд рентген зураг авхуулахад баруун хөлийнх нь шилбэний яс хугарсан байсан. Би тэр хөл нь хугарсан эрэгтэй хүнийг танихгүй, өнөөдөр анх таарсан. Б*, Т* хоёртой найз нөхдийн харилцаатай. Өнөөдөр Б* нь * *улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслээ өөрөө барьж явсан. Т* бид хоёрыг Б*, тэр үл таних эрэгтэй хүн дээр очиход л тэр үл таних эрэгтэй хүн явган хүний зам дээр хэвтсэн байсан. Тэр үл таних эрэгтэй хүнийг яаж газар унасныг нь хараагүй, тэгээд тэр үл таних эрэгтэй хүн босоод алхах гээд чадахгүй байсан. Тэр хүнийг эмнэлэгт хүргэж өгөөд гадаа нь байхад нь юу болсон талаар асуухад Б* “Бид хоёр барьцалдаж аваад, тавихгүй болохоор нь хавираад унагаасан" гэж хэлсэн. Өөрөөр тэр үл таних эрэгтэй хүнийг цохиж зодсон хүн байхгүй. Т* тэр үл таних эрэгтэй хүнийг цохиж зодоогүй, машинд үүрч суулгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн * дугаартай шинжээчийн “...П.М-ийн биед баруун шаант болон тахилзуур ясны ташуу сэлтэрсэн далд хугарал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх  цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *дугаартай шинжээчийн “П.М-/-д сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. Сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамраарна. Цаашид гэр бүл нийгэм хамт олны дэмжлэг болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,

2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 1 гэх нэртэй файлыг нээхэд 3 минут 40 секундийн хэрэг явдал болсон газрын замын наад талын бичлэг байх бөгөөд цагаан өнгийн прус 30 маркийн тээврийн хэрэгсэл туслах замаас гарч ирж, хохирогч явган хүний замаар гарах гэж байгаад тухайн тээврийн хэрэгсэлд тулаад зогсож байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд холбогдогч хохирогчийг очоод заамдаад барьж авч байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд холбогдогч хохирогчийг заамдаж барьж байгаад баруун хөлөөрөө хохирогчийн хоёр хөлийг хавсраад газарт унагааж байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд хохирогч газарт унасан байдалтай, холбогдогч түүнээс барьсан байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжпүүлэхэд машинаас буусан 2 хүн хохирогчийг түшээд босгож байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11-19 дүгээр тал/,

Яллагдагч М.Б* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: "... Би тухайн орой 19 цагийн үед найз болох Т*, Э* нарын хамт Гандигийн политехникийн коллежийн урд өөрийн аавын приүс 30 маркийн цагаан өнгийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй туслах замаас төв зам руу орох гээд төв замын машины урсгал хараад гарцан дээр зогсож байх үед машины ард түс тас гэх араас мөргөсөн мэт чимээ гарахаар нь хойшоо харсан чинь машины арын цонхыг нэг танихгүй залуу гараараа 1 удаа цохиод миний машины араар тойроод хойш зүг рүү чиглээд алхаад явсан. Тэгээд би машинаасаа буугаад тэр залууг “Чи яагаад машин цохиж байгаа юм бэ?” гэхэд тэр залуу “Тэгээд чи яах юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд урдаас нь очиход тэр залуу намайг куртикний энгэрээс заамдаад авахаар нь би эргүүлээд заамдаад авсан. Бид хоёр хоёулаа нэлээн чанга зууралдаад тэр залуу намайг тавихгүй байсан болохоор нь би тэр залуугийн зүүн хөлийн шагай хэсэг рүү өөрийн баруун хөлийн дотор талаараа хавирч үзэхэд тэр залуу хөдлөөгүй. Тэгээд тэр залуу намайг өөррүүгээ огцом угзарч татаад тэр залуу өөрөө хойшоогоо бөгсөөрөө газар суучихсан. Тэр газар унсан хойноо би дээрээс нь бид хоёр бие биеийнхээ энгэрээс зуурсан хэвээр байсан. Ингээд төд удалгүй би гараа тавиад тэр залуу намайг тавихгүй зуураад өөрийнхөө баруун хөл тал руугаа хэлбийж суусан байдалтай байсан. Тэгээд байж байтал машинаас манай найзууд болох Т*, Э* нар бууж ирээд “Юу болсон бэ?” гэж хэлээд бид гурав тэр газарт унасан залууг татаж босгох гэж үзэхэд тэр залуу босож чадахгүй “Миний хөл эвгүй болчихлоо” гэж хэлээд газар хэвтээд байсан. Тэгээд тэр залууг бид гурав босгох гээд үзэхэд миний машины араас машин гарах гээд сигналдаад байсан учир би машин дээрээ очоод баруун гар тал руу буюу ертөнцийн зүгээр хойш зүг рүү эргээд төв замаар 20 метр орчим явж байгаад туслах замаар нь буцаж эргээд анх зогссон газрынхаа хажууд ирээд замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд тэр газарт хэвтээд байсан залууг Тэмүүлэн үүрээд миний машинд суулгаад хамгийн ойрхон эмнэлэг болох “Сөүл” эмнэлэг рүү очиход хаалттай байсан болохоор нь 11-р хорооллын шинэ гэмтлийн эмнэлэг рүү тэр залууг аваачиж үзүүлэхэд тэр залуугийн хөлийг нь эмч рентген зургаар үзээд “Хугарсан байна” гэж хэлээд надад харуулсан. Үүнээс хойш маргаашаас нь эхлээд тэр залуугийн эцэг, эх, өмгөөлөгч нар нь гэх хүмүүс манай эцэг, эхтэй холбогдоод “Хохирогчийн ээж нь ажлаасаа гараад хүүгээ 6 сар харна, эхнэр нь Хятад компанийнхаа 6,000,000 төгрөгийн цалинтай ажлаасаа гараад нөхрөө харна, тэр залуу өөрөө Хаан банканд айти туршилтын ажилд ороод удаагүй цалин нь 4,500 доллар, нийлээд 6 сарын цалин болох 70,000,000 төгрөг өгчих” гэж хэлсэн байсан. Харин манай эцэг, эх хоёр “приүс 30 машинаа өгнө” гэж хэлэхэд тэд нар “Гуйлгачид” гэж хэлээд доромжилсон үйлдлээс болоод дахиж харилцаагүй. Бусдын биед санаатайгаар гэмтэл учруулсан асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би тэр хүний хөлийг хугалаагүй. Тухайн үед хар өнгийн урт куртиктэй, саарал өмдтэй, хар хөх өнгийн цамц, одоо өмсөж сайгаа хар өнгийн үйсэн ултай ботинктой байсан. Би тухайн үед өөрийнхөө баруун хөлийн дотор талаар тэр залуугийн зүүн хөлийн шагай хэсэг рүү хавирахад тэр залуу хөдлөөгүй. Өөр ямар нэг байдлаар тэр хүний биеийн аль нэг хэсэг рүү өшиглөөгүй. Би тухайн үед Э-д юу ч яриагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дугаар тал/,

            Хохирогч П.М* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2024 оны 10 дугаар сарын 25-ны орой 18 цаг 40 минутаас 19 цагийн хооронд ажлаа тараад гэр рүүгээ явж байсан. Би замын уулзвар дээр зам гарах гээд зогсож байхад ертөнцийн зүгээр зүүн талаас цагаан өнгийн “Приус-30” маркийн машин гарч ирсэн. Зам гарах гээд олон хүн зогсож байхад тухай машин гарцад тулж ирсэн тул тухайн гарц дээр байсан хүсүүс түр зогсолт хийхэд тухайн машин угзрах хөдөлгөөн хийж хүмүүсийг цочоосон. Тэгээд тухайн машины хойгуур тойроод гарахдаа “Явган зоричгчийг түрүүлж гаргаач” гээд машины багажны цонх руу нэг удаа цохиод цаашаа явсан.  Гэтэл жолооч миний араас “Миний эд хөрөнгийг яаж байгаа юм бэ?” гээд дуудаад байхаар нь би тоохгүй явсан чинь “Чи миний машиныг яагаад цохиж байгаа юм бэ? “ гээд араас ирсэн. Тэгэхээр нь “Чи тэгээд яах юм бэ? Явган зорчигчийг эхлээд гаргаач” гээд би түрүүлээд заамдаж авсан. Гэтэл М.Б* миний баруун хөл рүү зүүн хөлөөрөө өшиглөж унагаасан. Тухайн мөчид түүний машин дотор байсан найзууд гарч ирээд тойрч бүчээд авсан. Түүний найзууд намайг дараад ямар нэг хөдөлгөөнгүй болгосон ба М.Б* яваад өгсөн. Гэхдээ түүнийг яагаад явсныг мэдэхгүй байна. Зугтсан байх магадлалтай гэж үзэж байна. Найзууд нь надаас юу болсон тухай асуухад нь би болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд босох гэсэн чинь миний баруун хөлөө дотогшоо эргээд санжганасан байсан. Түүний 2 найз нь М.Б* руу залгаад “Энэ хүний хөл болохгүй байна. Чи буцаад хүрээд ирээч” гээд дуудсан. М.Б-ыг явсаны дараа араас нь “Приус-41” маркийн автомашин байсан ба тэр нь түүний найз байсан. Яагаад гэвэл М.Б* явсны дараа тухайн “Приус-41” маркийн автомашин бидний харалдаа ирээд “Энэ хүн зүгээр үү?” гэж хэлхэд надтай хамт байсан 2 найз нь “Зүгээр, чи яв, яв” гэж хэлсэн. Дараа нь М.Б* ирсний дараа найзууд нь намайг өмөөрөөд М.Б-ын машинд суулгаад шинэ Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгхөд хаалттай байсан. Дараа нь 11 дүгээр хорооллын Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд эхний рентген зураг дархад миний хөлийг хугаралтай байна гэсэн. Би эмчилгээний зардал 1,032,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөг, Сэтгэл санааны хохирлыг хамгийн дээд хэмжээгээр буюу 8,573,400 төгрөг, манай эхнэр намайг асрахын тулд 3 сарын чөлөө авсан ба түүний 1 сарын үндсэн цалин 1,150 доллар буюу нийт дунджаар 10,600,000 төгрөг гээд нийт 20,285,400 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх,

Шүүгдэгч М.Б* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би аавынхаа “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод өөрийн найз болох Т*, Э* нартай хамт найзуудыгаа гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан. Ганди Политехникийн Их сургуулийн хажуугийн туслах замаар хойшоо явж байгаа машины урсгал хараад зогсож байтал араас “Түс, тас” гэх чимээ гарсан. Гэтэл манай найз “Машиныг хэн нэгэн цохиод явчихлаа” гэж хэлхээр нь гараад “Чи яагаад миний маштныг цохиж байгаа юм бэ?” гэсэн чинь “Чи тэгээд яах гээд байгаа юм бэ?” гэж зандрангуй байдлаар хэлсэн. Тэгээд би түүний өөдөөс очсон чинь намайг шууд заамдаад байхаар нь би түүнийг бас заамдсан. Би өөрөө Төрийн албанд орох гэж байгаа хүн учраас тухайн хүнийг ямар нэг байдлаар цохиж, зодоогүй. Тэгтэл түүний гар улам чангараад байхаар нь би түүний гарыг тавиулах гэж үзсэн. Тэгэхээр нь би өөрийн баруун талын хөлөөр түүний зүүн талын хөлийн дотор тал руу буюу шагайны доод хэсэг рүү өшиглөж үзсэн. Дараа нь намайг өөр рүүгээ хүчтэй татсан учраас тухайн үйлдэлдээ болоод хойшоо шууд суугаад унасан. Бид хамт унахдаа хүртэл заамдалцсан байдалтай байсан. Улмаар манай найзууд машинаас бууж ирээд түүний гарын тавиулаад, түүний хөл эвгүй болсон байсан тул босгосон. Тухайн үед миний машин туслах замыг хаасан байсан тул арын машинууд гаръя гэж хэлхийн тулд миний дугаар руу залгах гээд гараад ирсэн байсан. Би замаа чөлөөлөөд дараагийн уулзвар руу орж бүтэн эргээд машинаа ойрхон байрлуулсан. Тухайн хүний хөл эвгүй болсон байна гэхээр нь эмнэлэгт хүргэж өгөхөөр шийдсэн. Хохирогч маш зовиуртай харагдаж байсан тул хамгийн ойрын эмнэлэг болох “Сөүл” эмнэлэг  рүү 19 цагийн үед очтол хаалттай байсан. Үүний дараа Гэмтлийн эмнэлэг рүү очоод үүднээс нь түүнийг аваад зөөвөрлөгч сандал дээр суулгаад оруулсан. Рентген зураг даруулсан чинь түүний хөл хугарсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт агуулгын хувьд нийцсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримт зэргээр нотлогдож байна.

            Иймд шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Л.Ган-Очир нь “Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт танилцуулсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Э.Э-ын “...Тэр үл таних эрэгтэй хүнийг яаж газар унасныг нь хараагүй, тэгээд тэр үл таних эрэгтэй хүн босоод алхах гээд чадахгүй байсан. Тэр хүнийг эмнэлэгт хүргэж өгөөд гадаа нь байхад нь юу болсон талаар асуухад Б* “Бид хоёр барьцалдаж аваад, тавихгүй болохоор нь хавираад унагаасан" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дугаар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хяналтын камерын бичлэгт “...бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд М.Б- нь хохирогч П.М-ийг заамдаж барьж байгаад баруун хөлөөрөө хохирогчийн хөлийг хавсраад газарт унагааж байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд хохирогч П.М* газарт унасан байдалтай, М.Б* түүнээс барьсан байдалтай...” зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч М.Б* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх тул өмгөөлөгч Л.Ган-Очироос гаргасан дүгнэлт няцаан үгүйсгэгдэж байна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гархад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл, хохирол нөхөн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгчийг чөлөөлж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн талаар: 

Шүүгдэгч М.Б* нь хохирол төлөхөөр хуульд заасан хугацаагаар завсарлага авч, хохирогч П.Мягмардоржид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй болно.

Хохирогч П.М* нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар: 

Эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтуд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас шүүгдэгчийг чөлөөлсүгэй.

4. Хохирогч П.М* нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        П.АРИУНБОЛД