| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1320/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1490 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1490
2025 06 04 2025/ШЦТ/1490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Онцгойгэрэл хөтлөн,
улсын яллагч Э.Оргилбат,
шүүгдэгч Г.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** *** төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймгийн **** сум дахь Сум дундын шүүхийн *** оны ** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, Б овогт г-Н А- /регистрийн дугаар ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А- 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн *** гудамжны *** тоотод оршин суух хохирогч Б.О-н эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч ээмэг, бугуйвч, мөнгөн аяга хөөрөг, хивс угаагч, угаалгын нунтаг зэрэг 387,630 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А-гийн өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-12 дахь тал/,
Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр манай цэцэрлэгийн хүүхдийн шинэ жил болсон юм. Би тэр өдөр 19 цагийн үед гэртээ орж ирэхэд манай гэрийн баруун талын цонхны хөшиг ярагдаад онгойчихсон цонх онгорхой байсан. Тэр үед би хүүхдүүд цонх онгойлгосон байх гэж бодоод цонх, хөшгөө хаасан. Манай тэр өрөөний хөшиг цонх 2 байнга хаалттай байдаг. Маргааш нь буюу 12 дугаар сарын 20-ны өдөр мөн ажил дээрээ байж байгаад орой 19 цагийн орчим ирэхэд манай баруун талын өрөөний цонх, хөшиг мөн онгойчихсон байхаар нь би гайхаад хөшгөө хаагаад цонхныхоо ручикийг бүр дээш нь тулгаад цоожилсон. Тэгээд 12 дугаар сарын 23-ны өдөр манай ажлын шинэ жил болох гээд би ээмэг, бөгжний мөнгөн хослол болон шармал өнгөтэй цаг, бугуйвч зэрэг гоёлын эд зүйлсээ зүүх гээд үзтэл хайрцаг нь хоосон эд зүйл байхгүй байхаар авдараа онгойлгоод үзэхэд хоёр мөнгөн аяга, нэг жижигхэн сүүлийн үеийн манан хөөрөг, хивс угаагч шингэн, вок зэрэг эд зүйлс алга болсон байсан. Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14 цагт гэрээсээ гараад 21 цаг 30 минутын орчим гэртээ ирээд хувцсаа солиод нөгөө өрөөндөө ороход цонх хагарчихсан байсан. Миний нүүрс оруулахдаа өмсдөг байсан бээлий алга болсон байсан. Өнөөдөр манайхаас миний төрсөн өдрөөр манай хүүхдийн бэлэглэсэн том улаан хайрцагтай набор алга болсон байна. Өчигдөр өглөө манай дээд айлын хүмүүс манайхаас 10 дугаар сард гуйж аваад буцааж өгөөгүй байсан алх манай онгойгоод байсан цонхны дотор талын тавцан дээр байж байсан. Тэгэхээр нь би гайхаад яагаад энд энэ алх байдаг билээ гээд аваад сандал доогуур хийчихсэн. Өнөөдөр гэртээ ирэхэд манай цонхыг хагалаад гэр дотор хүн явсан байсан. Би өдөр явхаасаа өмнө гэрийнхээ шалыг угаачихсан байсан, шавхай болчихсон байсан.
Манай гэрээс ээмэг бөгжний мөнгөн хослол болон шармал өнгөтэй цаг, бугуйвч зэрэг гоёлын эд зүйл, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, тагшны хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг, сүүлийн үеийн манан хөөрөг 1 ширхэг, хивс угаагч шингэн 1 ширхэг, вок 1 кг зэрэг эд зүйлс алга болсон байна.
Би ээмэг бөгжний хослолоо дүүгээсээ 2021 онд 100.000 төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягыг манай ажлын хүмүүс 2017 онд бэлгэнд өгч байсан, гэхдээ надад хэлэхдээ 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэсэн. Жижиг мөнгөн аягаа би 100.000 төгрөгөөр мөнгөлүүлсэн, хивс, угаагч вокыг 2022 оны 9 дүгээр сард хүнээс 60.000 төгрөгөөр авч байсан. Би ээмэг бөгжний хослолоо 100.000 төгрөгөөр, цаг бугуйвч хоёрын үнийг мэдэхгүй байна, дунд гарын мөнгөн аягаа 250.000 төгрөг, жижиг мөнгөн аягаа 100.000 төгрөг, хөөргөө 50.000 төгрөгөөр, хивс угаагч вокоо 60.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дэх тал/,
Гэрч Г.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр манай хажуу айлын О гэдэг эгч надтай утсаар ярьсан бөгөөд “танай дүү манай гэрт ороод хулгай хийгээд гарсныг нь манай хүүхэд харсан байна” гэж хэлэхээр нь би А-тэй холбогдох гээд түүний дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр нэг танихгүй дугаараас дүү А- надтай холбогдож “би хөлөө хөлдөөчихлөө, 11 дүгээр хорооллын энд нэг эмнэлэгт үзүүлсэн, намайг хэвтэж эмчлүүл гэж байна” гэж хэлэхээр нь би “чи яасан юм бэ, айлын юм авсан юм биш үү, тэрийгээ буцааж өг, тэр авсан юмнууд чинь хаана байгаа юм, би яваад очъё, байгаа газраа хэлчих” гэж хэлтэл А- байгаа, байгаа гэж хэлээд утсаа салгасан. 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр цагдаагаас над руу яриад А-гийн талаар асуугаад Яармагт ирж уулзаарарй гэж хэлсэн. Мөн би тухайн хуучин хашаа байшингаа худалдсан айлаас зөвшөөрөл авч, ирж байшингаа онгойлгоод өгөөч гэж асуухад тухайн айлын хүн “эвдээд орчих, түлхүүрээ хугалчихсан” гэж хэлсэн. Ингээд Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод ирж байшин дотор О эгчийн хамт орсон бөгөөд байшин дотор О эгчийн гэх хөөрөг, гоёлын шармал бололтой 2 ширхэг бөгж, 1 цаг зэрэг зүйл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгө даатгалын шинжээчийн “...Ээмэг, бөгжний холсол 24.000 төгрөг, бугуйвч, бугуйн цаг, шармал өнгөтэй 52.500 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 160.000 төгрөг, жижиг гарын мөнгөн аяга 90.000 төгрөг, хөөрөг 50.000 төгрөг, хивс угаагч шингэн 3.630 төгрөг, угаалгын нунтаг 7.500 төгрөг, нийт 387.630 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...шаргал өнгийн бугуйн цаг 1 ширхэг, хар ногоон өнгийн мишок, эмэгтэй хүний хар шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, эмэгтэй хүний шар өнгийн цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, бага гарын хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний улаан өнгийн шигтгээтэй бөгж 1 ширхэгийг Б.Оюунбатад хүлээлгэн өгсөн тухай...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал надад мөнгөний хэрэг гарахаар нь би хажуу айлын байшинг хартал хаалга нь цоожтой байхаар нь ертөнцийн зүгээр хойд талын цонхыг нь гэрт байсан алхаар цохиж хагалаад тухайн байшин руу ганцаараа орсон. Намайг байшинд ороход хүн байгаагүй тул хөөрөг, мөнгөн аяга, эмэгтэй хүний ээмэг, бөгж, хөр өнгийн мишок аваад гарсан. Тухайн 2 ширхэг хөөрөг, мөнгөн аяга, ээмэг, бөгжийг Урт цагааны гудамжинд танихгүй хүнд 160.000 төгрөгөөр худалдсан. Надад мөнгөний хэрэг гарсан тул ийм үйлдэл хийсэн. Тухайн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36, 80 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 86 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.А- нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Оюунбатын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хүн байнга, амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг, “Хүн байнга амьдрах, ...зориулалттай орон байр, ....нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтэрч орсныг, “Орон байр” гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Тодруулбал: Тус хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Г.А- нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** *** гудамжны **** тоотод оршин суух хохирогч Б.О-н эзэмшлийн өвлийн сууцанд нэвтэрч ээмэг, бугуйвч, мөнгөн аяга хөөрөг, хивс угаагч, угаалгын нунтаг зэрэг 387,630 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна.
Шүүгдэгч Г.А- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Г.А- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.А- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх байна.
Иймд шүүгдэгч Г.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Г.А-г гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.А-д 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.А-д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А- хохирогч Б.О-д хохирол төлбөр төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.А-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
шүүгдэгч Г.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Г-н А-г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.А-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-гийн цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ