Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч И.Ариунсанаа,

хохирогч П.Бага,

шинжээч эмч Б.Ганзориг,

шүүгдэгч Н.Гантулга, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаандай овогт Нүрзэдийн Гантулгад холбогдох эрүүгийн 201725010101 дугаартай, 105/2017/0294/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-уул аймаг, Дархан хот, 7 баг, Сэргэлэн 9 гудамж, 150 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Цагаандай овогт Нүрзэдийн Гантулга, /РД:ТВ72082275/,   

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Гантулга нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Шархадны 63-894б тоотод П.Багын гар утас алга болсноос үүдэн маргалдаж хохирогч П.Багын хэвлийн тус газар хутгалж түүний хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 12 дугаар сарын 23-ны өглөө гэрээс гараад талханд явж байсан чинь дэлгүүрийн тэнд Бага гээд хохирогчтой таарсан. Би тухайн өдрөөс 2 сарын өмнө ганц дүүгээ алдчихсан байсан. Дүүтэй маань адилхан харагдаад зогд тусаад харсан чинь шартчихсан явж байхаар нь би дүү хүү дотор муу байна уу гэхэд тийм өчигдөр уучихсан харьж явна гэхээр нь би архи авч өгөөд дотрыг нь засахаар болоод гудамжинд уултай биш гээд манай эгчийнд орж ирсэн. Би 1 жилийн дотор ээж, дүү хоёроо алдчихлаа гээд эрчүүд дотроо онгойлгоод юм ярьж суусан. Тэгээд манай эгчийнх идшээ идчихсэн байсан болохоор адууны 2-3 хавирга чанаад нэг шил 0.5 архи хувааж уусан. Ах нь бас айлын бага болж байх шиг байна 1 жил 6 сарын зайтай төрсөн дүүгээ алдчихлаа гээд бага зэрэг нулимс унагаалаа ах нь тамхи татдаггүй наадхаараа тамхи аваад нэг бол таксинд суугаад харьчихгүй юу гээд 5000-6000 төгрөг өгсөн. Бага гарч яваад юу болсын өөрт нь мөнгө байсан юм уу мэдэхгүй дахиад нэг 0.5 архи аваад ороод ирсэн хоёулаа тэрийг ууж байгаа нилээд муудаад тэгээд хоёулаа унтчихсан. Нэг сэрсэн чинь Бага байж байсан ахаа миний гар утас яачих вэ гэхээр нь би чиний утсыг чинь хараагүй ээ мэдэхгүй гэж хэлээд миний дүү харьж амар гэж хэлээд манайхаас гарч явсан. Тэгээд гэртээ амарч байсан чинь хоёр цагдаа орж ирээд та хүн хутгалсан байж магадгүй байна гээд Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байранд аваачаад хүн хутгалсан гэсэн яриа гарсан. Би хохирогч Багыг зүгээр гараад явсаныг санаж байна. Би мэдүүлэгтээ зодоон болоогүй талаар хэлсэн. Би нэг ах нэг эгчтэй, тэр хоёртоо зовлогшоо яриад сэтгэлийг нь үймүүлчихнэ гэж бодсон, дүүтэй адилхан харагдсан бид хоёрын дунд тийм зүйл болоод 2 шил архи хувааж уусан тийм асуудал болсон гэв.

Хохирогч П.Бага нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр урд өдөр нь найзуудтайгаа гадуур явж байгаад найзындаа хончихоод шөнө нь уучихсан байж байгаад өглөө нь гэр рүүгээ явж байсан. Дэлгүүрийн үүдэнд Гантулга гэдэг ахтай танилцаад дүү шартчихсан юм уу гэхээр нь тийм гээд ах нэг архи аваад яаж шилээр нь гадаа уух бэ гэхэд тэгвэл манай эгчийнд очъё гээд эгчийнд нь очиж уусан. Хоол хийж идээд дахиж нэг шил архи уугаад нилээн согтоод сандал дээр нь сууж байгаад жоохон зүйрмэглэчихээд босож ирээд утас байхгүй байна та авсан уу? гэхэд ах би аваагүй юу гэж хүний утас авдаг юм би хулгайч юм уу? гэж хэлэхээр нь би харилаа гээд гарсанаа санаж байгаа. Тэгээд сайн мэдэхгүй байгаа дэлгүүрт орчихсон цагдаа, эгч, ах нар ирсэн. Нэг мэдсэн госпиталд дээшээ хараад хэвтчихсэн байж байсан. Сүүлд байцаагчаас асуухад согтуу, цусаа гоожуулсан хүн орж ирсэн гэж байна лээ. 103 дуудуулаад ар гэр рүүгээ яриулсан тийм зүйл болсон гэв.

Шинжээч эмч: Хутга иртэй тал дээшээ харсан тохиолдолд том шарх үүснэ. Хутганы ир үзүүр дээшээ харсан тохиолдолд биеийн жингээрээ унахад илүү гүн шарх үүснэ. Хутган дээрээс биеийн жингээрээ унахад ийм гэмтэл үүсэх боломжгүй. Шарханы гүн орох, өнгөц орох гэдэг нь хутганы биед үйлчилж байгаа хүчнээс шалтгаалдаг учир би тогтоохгүй хэрвээ саяны асуудал бол хутган дээр унасан талаар асуусан. Би ямар нэгэн хүн их хүчээр эсвэл бага хүчээр хутгалсан талаар би тогтоох боломжгүй гэв.

Хохирогч П.Багын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 12 сарын 23-ны өдөр 09-10 цагийн үед БЗД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эмнэлэгийн зүүн урагшаа гэр рүүгээ алхаад явж байгаад, Гантулга гэх танихгүй ахтай таарч танилцаад ойролцоо байх эгчийнх нь гэрт очиж хамт 2 шил 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд мах чанаж идээд согтуу тасраад унтаж байгаад сэрэхэд 17-18 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна. Тэгээд явах гэхэд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсан санаж байна. Тэгээд гараад явсан, тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байсан санаж байна, тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор мөн харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан. Тэгэхэд миний хэвлийн зүүн хэсгээс цус гарч байсан болохоор тэр дэлгүүрийн худалдагчийг гуйж Март эгчтэй ярьж хэлээд түргэн, цагдаад мэдэгдсэн. Тухайн үед маргаан болоход Гантулга бид хоёроос өөр хүн байгаагүй, бид нилээд согтуу байсан. Би тэр хутгыг гудамжинд хаячихсан, сүүлд хайгаад олоогүй. Гантулгатай хамт мах чанаж, цэнхэр иштэй хутгаар идэж байсан болохоор тэр хутга байж магадгүй. Тухайн үед Гантулга намайг хутгалчихаад миний халаасанд тэр хутгыг хийсэн байж магадгүй гэж бодож байна. Тэр хутга миний халаасанд үүнээс өөрөөр яаж орсныг хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг. /хх 27 дугаар хуудас/,

Гэрч Г.Бямбатогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 12 сарын сүүлээр өдрийг санахгүй байна 17-18 цагийн үед байх. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байх Бодонч гол хүнсний дэлгүүрт ганцаараа худалдаа хийгээд хүнгүй байж байхад танихгүй залуу согтуу орж ирсэн. Тэгэхэд хамт бас нэг тарган өндөрдүү залуутай маргалдсан байдалтай орж ирээд өндөрдүү залуугаас гар утсаа нэхэж, нөгөөх нь түрүүвчтэй бичиг баримтаа зөрж нэхээд маргалдаж зууралдаад байхаар нь цагдаа дуудлаа гэж хөөж гаргасан. Тэгээд удалгүй 15-20 минут орчим болсны дараа туранхай залуу нь хэвлийн зүүн хэсгээс цус гарсан, түүнийгээ дарсан байдалтай орж ирээд, түрүү нь хамт орж ирээд маргалдаад гарсан махлаг өндөрдүү залуу намайг хутгалчихлаа. Та түргэн, цагдаа дуудаад өгөөч гэж орж ирэхээр нь би 89850131 дугаарын утаснаас тэр залуугийн ар гэр рүү ярьж, мөн түргэн, цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаа түргэн ирээд уг залууг аваад явсан. Би тэр хутгалуулсан залууг хутгатай орж ирснийг хараагүй, мөн хутга гаргаж хаяснийг ч хараагүй” гэх мэдүүлэг. /хх 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын  27 -ны өдрийн шинжээчийн ¹676  дүгнэлтэд:

1. П.Багын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 34 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан тогтоол /хх 62 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 48 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Гантулгыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхээс хохирогч П.Багын биед учирсан хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч Н.Гантулга нь учруулсан, тухайлбал хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн гэрч Г.Бямбатогтохын мэдүүлэг /хх 30 хуудас/, гэрч П.Мартын мэдүүлэг /хх 32 хуудас/ зэрэгт шүүгдэгч Н.Гантулгыг хохирогчийн хэвлийн тус газарт хутгалж, хүнд хохирол учруулсан гэх үйлдлийг мэдүүлээгүй, эдгээр гэрч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг өөрөөр хэлбэл хохирогчийн биед гэмтэл учирсан нөхцөл байдлыг шууд хараагүй, тухайн нөхцөл байдлыг мэдэхгүй байна, хохирогчийн мэдүүлэгт /хх 27 хуудас/ “...Би нилээд согтуу байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Тэгээд явах гээд миний утас байхгүй байсан болохоор гар утсаа нэхэж маргалдсан санаж байна. Тэгээд гараад явсан, тухайн үед би хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Тэгээд замдаа дэлгүүр орж байсан санаж байна, тэгэхэд миний халаасанд хутга байх шиг байсан, ямар хутга байсныг согтуу байсан болохоор мөн харанхуйд хараагүй шууд гаргаад хаячихсан.  

  Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ...Хоол хийж идээд, дахиж нэг шил архи уугаад, нилээд согтоод сандал дээр нь сууж байгаад жаахан зүүрмэглэчихээд босож ирээд утас байхгүй байна та авсан уу гэхэд ах би аваагүй, гэж хэлэхээр нь харилаа гээд гарч байснаа санаж байна. Тэгээд сайн мэдэхгүй байгаа. Тухайн хутга нь мах идэж байсан хутга байж магадгүй гэснээс Гантулга намайг хутгалсан байж магадгүй гэж хэлээгүй гэсэн мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч П.Багын өмсөж явсан хувцсанд үзлэг хийж шинжлэн судлахад шүүгдэгчийн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. Хэргийн 78 дугаар хуудсанд байх гэрэл зургийн үзүүлэлтийн 9 дүгээр зурагт хохирогчийн өмсөж явсан хар хөх хүрэмний гэмтлийн байрлалыг сумаар зааж харуулсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт үзлэг хийхэд хүрэмний зүүн дотор талд зүсэгдсэн, мөн уг хүрэмний зүүн талын халаасны дотор тал   зүсэгдсэн байна. Мөн цамцны зүүн талын хормойн хэсэгт хавагдсан уранхай, богино ханцуйтай цамцны зүүн талын хормойн хэсэгт мөн хавагдаж зүсэгдсэн урагдалт байна. Эдгээрийн урагдаж зүсэгдсэн байдал нь халаасанд байсан хутгаар хохирогчийг халтирч унах үед үүссэн байх ч боломжтой гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх боломжтой байна.

Улсын яллагчийн “…хохирогч П.Багын мэдүүлэгт “Гантулгатай хамт мах идэж байсан цэнхэр иштэй хутгаар намайг хутгалсан байж магадгүй“ гэж хэлсэн байдаг болохоос Гантулга намайг хутгалсан ч байж магадгүй, хутгалаагүй ч байж магадгүй гэж хэлээгүй“ гэж гэм буруугийн талаар дүгнэлтэндээ хэлж байгааг шүүх үгүйсгэх үндэслэл гэж үзнэ. Учир нь “хутгалсан байж магадгүй” гэх эргэлзээтэй үгээр хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Мөн энэ хэрэгт хэргийн газрын үзлэг хийгээгүй, П.Багын биед гэмтэл учруулсан гэж яллаад байгаа хутгыг эд мөрийн баримтаар хураан аваагүй, улсын яллагч нь мөрдөн байцаалтын ажиллагаанд зохих ёсоор хяналт тавиагүй байна. Дээрхи нөхцөл байдлуудаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ. Хохирогч нь хэзээ гэмтэл авсан, уг гэмтлийг түүнд хэн учруулсан болохыг зааж чадахгүй байна.

Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, түүнчлэн хохирогч нь гэмтлийг хэзээ яаж авснаа мэдэхгүй байхад шүүхээс шүүгдэгч Н.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоох үндэслэлгүй байна.     

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цамц, футболк, хүрэм зэргийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.