Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар  2021/ДШМ/472

 

 

 

 

 

       2021         5             18                                       2021/ДШМ/472                              

 

 

П.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2008018821549 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                Шүүгдэгч П.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 20 дугаар гудамжны 5 тоот дахь өөрийнх нь гэрт байсан насанд хүрээгүй Х.Ш-Оыг “манай гэрт яах гэж орж ирсэн юм, манай охинтой унтсан уу, манайхаас хулгай хийх гэж байсан уу” гэх зэргээр асууж уурлан, үсдээд зүүн талын хавирга руу нь 6-7 удаа цохиж, баруун талын нүд хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиж, нүүр хэсэгт нэлээд хэдэн удаа алгадаж эрүүл мэндэд нь зовхинд цус хуралт, уруулд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Олхонууд овогт Пэлжээгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /наймаас/ дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие П.Б нь 1968 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Миний нөхөр одоогоос 30-аад жилийн өмнө нас барсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл өрх толгойлон амьдарч байгаа. Би үр хүүхдүүдээ өлсөж, дааруулахгүй, хүний зэрэгтээ явуулахын тулд хийгээгүй ажил гэж байхгүй. Би үр хүүхдүүдээ зөв хүн болгон өсгөн өндийлгөхийн тулд зүтгэж яваа ээжүүдийн л нэг.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 

1. Насанд хүрээгүй гэрч Э.Дий мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой гэж үзээгүйд гомдолтой байна. Яагаад гэвэл 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг шилжих шөнийн 00 цагт манай гэрт болсон хэрэг болох үед байсан гэрч нь Э.Д юм. Тийм учраас Э.Дий мэдүүлэг хамгийн үнэн зөв байх байсныг шүүх ач холбогдолтой гэж үзээгүй.

2. Хохирогч Х.Ш-О манай гэрт хэдэн цагт орж ирсэн, хэдэн цагт гарч явсан тухай хэрэгт баримтууд байсаар байтал энэ цагийг буруу тогтоосон гэж үзэж байна.

3. Насанд хүрээгүй гэрч Э.Дийг охидын эмчид үзүүлсэн, сэтгэл зүйчид  үзүүлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байтал хохирол төлүүлэх шийдвэр гаргаж өгөөгүй.

4. Хохирогч Х.Ш-О насанд хүрээгүй гэрч Э.Дий гар утсыг эвдэж хохирол учруулсан баримт байсаар байтал хохирлыг шийдэж өгөөгүй.

5. Хохирогч Х.Ш-О өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө гараар бичиж  өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өөрөө бичсэн гэдгээ хүлээсэн боловч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь тохиолдлын шинжтэй гарсан. Тохиолдлын шинжтэй учир шууд санаатай гэмт хэрэг биш. Сэтгэл санаа нь цочрон давчидсан тул Х.Ш-Оыг алгадсан. Шөнө 1 цаг өнгөрч байхад Х.Ш-О нь “яадаг юм, би танай охинд дурласан” гэж хэлээд энэ хэрэг гарсан. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг гарсан. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар саринаад ямар хохирол учирсан талаар болон эмчийн акт, хичээлдээ яваагүй гэх ямар нэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогч гэдэг нь ямар нэгэн байдлаар хохирсон байхыг шаарддаг. Энэ хэргийн хохирогч хохирсон эсэх нь тодорхойгүй. Сэтгэл санааны хүнд цочролын улмаас тохиолдлын шинжтэй хэрэгт холбогдсон учир хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэсэн байр сууриас анхан шатны шүүх хуралд оролцож байсан. Хэрэв шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн багаар буюу 240 цагаар оногдуулж өгнө үү.” гэв.  

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Тухайн хэрэгт цочрон давчдах хууль зүйн нөхцөл бүрдээгүй. Иймд анхан шатны шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.   

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс насанд хүрээгүй гэрч Э.Дий мэдүүлгийг үнэлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан. Э.Дийг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн хохирлыг төлөөгүй гэсэн байна. Энэ хэрэгт Э.Дий зардлыг төлөх шаардлага байхгүй. Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч П.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байсан тул 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санаа нь цочрон давчидсаны улмаас энэ хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж байгаа боловч хэргийн баримтаас харахад өөрөө хүсэж халдсаны улмаас хохирол учирсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.   

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 1-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан-Овооны 20 дугаар гудамжны 5 тоот дахь өөрийнх нь гэрт зуухны араар нуугдсан байсан насанд хүрээгүй Х.Ш-Оыг олж хараад, татаж гарган “манай гэрт яах гэж орж ирсэн юм, манай охинтой унтсан уу, манайхаас хулгай хийх гэж байсан уу” гэх шалтгаанаар түүний эрүүл мэндэд цохих, өшиглөх, үсдэх зэргээр халдаж биед нь зовхинд цус хуралт, уруулд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

Насанд хүрээгүй хохирогч Х.Ш-Оын “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ...орой 22 цагийн орчим ...Э.Д намайг “манай гэрт ороод ир” гээд байхаар нь би хашаа руу нь ороод ...байшингийн гадаа хоорондоо юм ярьж байгаад орой 22 цаг өнгөрч байхад ...гэрт нь орсон. ...Э.Д бид хоёр гэрт нь ороод миний гар утсаар кино үзээд сууж байсан чинь гэрийн хаалга хүн цохиод байсан. Тэгэхээр нь би том өрөөний зуухны араар ороод нуугдтал ...Э.Дий ээж П.Б нь намайг олж хараад “чи манай гэрт юу хийж байгаа юм” гээд намайг цохиод, хөл рүү өшиглөөд, үсдэж аваад зуух мөргүүлэх гээд байхаар нь би эсэргүүцсэн. Тэгтэл намайг орон дээрээ суулгаад хэл амаар доромжлоод миний хацар болон цээж хэсэг рүү гараараа цохисон...” /хх 18-19/,

насанд хүрээгүй гэрч Э.Дий “...Х.Ш-О манай том өрөөний зуухны ар талд орсон. ...Ээж П.Б гэрт орж ирээд зуухны араар ямар хүн байгаа юм гээд өөрөө очоод харсан. Тэгээд ээж П.Б, Х.Ш-О гэх хүүхдэд “чи харанхуй шөнө манай гэрт юу хийж байгаа юм” гэж асуусан чинь Х.Ш-О “би танай охинд дурласан юм” гэж хэлсэн чинь манай ээж П.Б “юун дурлал” гээд нэг удаа нүүр хэсэгт гараараа алгадсан...” /хх 27-28/,

гэрч Х.Олийн “...2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн ...өглөө ...Х.Ш-О надад “тэр айлын охинтой үерхэх гэж байгаа, тэгээд ээж нь бид хоёрыг уулзсаныг мэдээд миний утсыг хурааж авсан. Тэгээд намайг зодсон гэж хэлсэн... дүүгийн маань нүд нь хөхрөөд цээж нь өвдөөд байна гээд хэвтээд байсан...” /хх 51-52/,

гэрч Г.Нийн “...Манай хүү Х.Ш-О ...нүд нь хөхөрсөн, цээжний доохон хэсэгт хавдсан байсан. Юу болсон бэ гээд хүү Х.Ш-Ооос асуухад намайг найз охиныхоо гэрт нь байхад найз охины ээж нь ирээд шөнө орой манай охинтой уулзлаа гэсэн шалтгаанаар гар хүрсэн гэж хэлж байсан...” /хх 54-56/,

гэрч Д.Хын “...миний хүүгийн биед нүдний доод хэсэгт хөхөрсөн, уруул нь бага зэрэг язарсан харагдаж байсан...” /хх 60/ гэх мэдүүлгүүд,

насанд хүрээгүй хохирогч Х.Ш-Оын төрсний гэрчилгээний хуулбар /хх 20/,

насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэлд “...Х.Ш-О нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр...15 нас 6 сар 19 хоногтой...” гэх тэмдэглэл /хх 21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5327 дугаар шинжээчийн “...1. Х.Ш-Оын биед зовхинд цус хуралт, уруулд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 30-31/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокурорын газраас П.Быг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Б нь “...насанд хүрээгүй гэрч Э.Дий мэдүүлгийг шүүх ач холбогдолтой гэж үзээгүй, ...хэрэг болсон цаг хугацааг буруу тогтоосон, ...Э.Дийг охидын эмчид үзүүлсэн, сэтгэл зүйчид үзүүлсэн болон хохирогч Х.Ш-О насанд хүрээгүй гэрч Э.Дий гар утсыг эвдэж хохирол учруулсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байтал хохирол төлүүлэх шийдвэр гаргаж өгөөгүй, хохирогч Х.Ш-О өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө гараар бичиж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өөрөө бичсэн гэдгээ хүлээсэн боловч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5327 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдон тогтоогдсон байх ба насанд хүрээгүй хохирогч Х.Ш-Оын “...Тэгтэл 00 цагийн үед Э.Дий ээж гэх эмэгтэй ирээд...” /хх 8/,  шүүгдэгч П.Бын “...2020 оны 4 дүгээр сарын 30-наас 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг шилжих шөнө 00 цагийн орчим гэртээ очсон...” /хх 24/, насанд хүрээгүй гэрч Э.Дий “...ээж 24 цагийн үед орж ирсэн...” /хх 148/ гэх мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч П.Бын “...насанд хүрээгүй гэрч Э.Дий мэдүүлгийг шүүх ач холбогдолтой гэж үзээгүй, ...хэрэг болсон цаг хугацааг буруу тогтоосон...” гэсэн давж заалдах гомдлууд няцаагдаж байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч П.Бын “...сэтгэл зүйчид үзүүлсэн болон хохирогч Х.Ш-О насанд хүрээгүй гэрч Э.Дий гар утсыг эвдэж хохирол учруулсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан байтал хохирол төлүүлэх шийдвэр гаргаж өгөөгүй, хохирогч Х.Ш-О өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийнхөө гараар бичиж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өөрөө бичсэн гэдгээ хүлээсэн боловч шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ