Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ/2023/0016

 

2022 12 26 128/ШШ2023/0016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Н.Б*****

Хариуцагч: С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С***** холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Б*****, хариуцагч С.С*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Н.Б***** гомдлын шаардлагадаа: С***** дүүргийн дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С*****гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7**** дүгээр шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах гэжээ.

2.Хэргийн үйл баримтын тухайд: Хэргийн үйл баримтын тухайд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/*** дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжаар С***** дүүргийн ** дугаар хороонд байршилтай мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 19, мал төхөөрөх, боловсруулах 15 үйлдвэр, мөн судалгаанд хамрагдаагүй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэнийг, түүнчлэн хяналт шалгалтын явцад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан холбогдох иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хяналт шалгалтад хамруулахаар тогтоосон[1][1] байна.

            2.1.Уг хяналт шалгалтаар гомдол гаргагчийн 25 тонн маханд дотоод хяналтын зорилгоор Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжилгээ хийлгэсэн байх ба бүртгэлийн 22-2122 дугаартай шинжилгээний дүнгээр Шинжилгээгээр тетрациклиний бүлэг, пенициллин, ивермектин, Salmonella spp, Clostridium perfringens, Shigella spp Bacillus cereus мөөгөнцөр тус тус илрээгүй. E.coli илэрч нянгийн ерөнхий тоо 8.4х10^5 зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн., харин бүртгэлийн 22-2464 дугаартай шинжилгээний дүнгээр Чанасан мах 1, 2-д тетрациклин, пенциллин, ивермектин, E.coli, Salmonella spp, Bacillus cereus, Clostridium perfringens, Shigella spp, бичил мөөгөнцөр тус тус илрээгүй. 10^-1 шингэлэлтэнд нянгийн бохирдолгүй, кадми, хар тугалга, цези 137 тус тус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй гэх хариу тус тус гарсан байна.

            2.2.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/98 дугаартай Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийх тухай удирдамжаар төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх шалгалт явуулахаар хяналт шалгалтын төрөл, хэлбэрийг тогтоосон ба өмнө хийсэн хяналт шалгалтын мэдээлэлд тулгуурлан 4 аж ахуйн нэгжийг шалгаж, магадлах зорилгоор бүртгэлийн 22-2*** дугаартай шинжилгээгээр А*****ХХК-аас ирүүлсэн дээжинд шинжилгээ хийсэн байх ба шинжилгээний дүн Шинжилгээгээр 10-н сорьцонд тетрациклин, цези 137, E.coli O 157, Salmonella spp, L.monocytogenes, Shigella spp, бичил мөөгөнцөр тус тус илрээгүй, кадми болон хар тугалга нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй. Нянгийн ерөнхий тоо нь сорьц 4, 6-д зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, бусад сорьцонд зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн гэж гарчээ.

            2.3.Хариуцагч 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргагч Н.Б*****д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэлдээ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргын баталсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/-01/*** дүгээр удирдамжийн хүрээнд ***** дүүргийн * дугаар хороонд байршилтай А***** ХХК-ийн хөргүүрт агуулахад иргэн Н.Б*****гийн 25 тн мах хадгалагдаж байгаад төлөвлөгөөт бус шалгалтад хамрагдсан байна. Тухайн хяналт шалгалтын явцад иргэн Н.Б*****гийн 25 тн махнаас Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.М***** 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сорьц авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шилжүүлсэн байна. Тус лабораторийн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 22-**** бүртгэлийн дугаартай сорилын дүнгээр гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч E.coli илэрсэн, нянгийн ерөнхий тоо 8.4*105/зөвшөөрөгдөх хэмжээ-2.5*103/ хүрч зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Иргэн Н.Б*****гийн өөрийн биеэр хяналт шалгалтад байлцаагүй гэсэн шалтгаанаар тухайн дээжний шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу ****** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.М*****, У.Б***** нар дахин дээж авч шинжлүүлсэн байна. Тухайн давтан дээжний Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 22-2*** дугаартай сорилын дүнгээр гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч илрээгүй, эмийн үлдэгдэлгүй, нянгийн бохирдолгүй гарсан байна.

Дээрх зөрүүтэй шинжилгээний дүнг магадлах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/** дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/** дугаар удирдамжийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр давтан дээж/** ширхэг сорьц/ авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн байна. Тус лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-**** бүртгэлийн дугаартай сорилын дүнгээр 13-02-**-* дугаартай сорьц 3.6*103/зөвшөөрөгдөх хэмжээ 2.5*103/ хүрч, 13-02-01-6 дугаартай сорьц 3.5*103 /зөвшөөрөгдөх хэмжээ 2.5*103/ хүрч нийт 10 сорьцын 2 сорьцын нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3 дэх/зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол/ заалтад заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлтэй байна... гэжээ.

            2.4.Улмаар эрх бүхий албан тушаалтан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэмдэглэл үйлдэж ... нянгийн ерөнхий тоо нь сорьц 4, 6-д зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үндэслэлээр эд хөрөнгө буюу гомдол гаргагчийн 25 тонн махыг битүүмжилж, дулааны аргаар боловсруулсан 25 тонн ямааны чанасан махыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутад хураан авах тэмдэглэлийг үйлдсэн байна.

            2.5.С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С***** 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 007**** дугаартай шийтгэлийн хуудсаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-**** дугаартай шинжилгээний дүнгээр нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байх асуудлыг шалгаад С***** дүүрэг, * дүгээр хороо, ***** гудамж **/* тоотод С***** ХХК-ийн хөргүүрт байрлах агуулахад махаа хадгалуулсан иргэн Н.Б*****д хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэх нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахаар шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд хандсан байна.

3.Гомдол гаргагч Н.Б***** гомдлын шаардлагын үндэслэлээ: Миний бие Н.Б***** нь 2021 оны 12 дугаар сард ****** аймгийн Цахир суманд бэлтгэсэн гарал үүслийн бичигтэй нийт 2700 гаруй /25 тонн/ гулууз ямааны махыг Улаанбаатар руу зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэн 2022 оны 04 дүгээр сард С***** дүүргийн ** дугаар хороонд байрлах М***** ХХК-аар дулааны аргаар боловсруулуулсан. Тухайн махыг дулааны аргаар боловсруулах явцад миний бие 8 хоногийн турш хамт байлцаж, ариун цэврийн байдалд хяналт тавин ажилласан бөгөөд ямар нэг зөрчил гаргаагүй билээ. Махыг чанах процесс дууссаны дараагаар тухайн байгууллагаас -80 хэмийн гүн хөлдөөгчинд хөлдөөж өгсөн ба миний бие А***** ХХК-тай Хөргүүртэй агуулах түрээслүүлэх гэрээ байгуулан /Түрээсийн гэрээг хавсаргасан болно/ 25 тонн махыг зориулалтын тээврийн хэрэгслээр хөргүүртэй агуулах руу зөөвөрлөсөн.

3.1.Гэтэл махыг шилжүүлснээс хэд хоногийн дараагаар хөргүүртэй агуулахын эзэн компаниас над руу холбогдон Таны махнаас шинжилгээ авахаар хүмүүс ирсэн байна гэж хэлсэн бөгөөд миний бие тухайн үед Архангай аймагт байсан тул намайг байлцуулалгүйгээр шинжилгээний дээж авсан. Мөн дээжийг авахдаа холбогдох журмын дагуу аваагүй буюу хяналтын дээжийг аваагүй байдаг. Улмаар хэд хоногийн дараа над руу тус компаниас дахин залган таны махны шинжилгээний хариу гарсан гэнэ, таныг уулз гэж байна гэж хэлсний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад очиж уулзахад таны махнаас нянгийн хэмжээ өндөр гарсан гэж хэлсэн. Иймд миний бие энэ махнууд шинэ мах тул шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх байр сууриа илэрхийлээд дахин шинжилгээнд оруулах гомдол гаргасан. Улмаар миний гаргасан гомдлын дагуу ***** дүүргийн Мэргэжлийн хяналтын 2 байцаагч нарын хамт миний бие байлцан дээж авахуулан Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори-д шилжүүлэхэд /өмнөх дээжийг мөн адил Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн/ Нянгийн бохирдолгүй, хар тугалга, цези 137 тус тус зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй гэх хариу гарсан.

3.2.Уг хариу гарсны дараагаар Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээний хариу хэвийн гарсан тул таны хэргийг хааж байна гэж хэлсэн. Уг үйл явдлын дараа миний бие махыг С***** дүүрэгт байрлах өөр хөргүүртэй агуулах руу зориулалтын дагуу шилжүүлсэн бөгөөд зөрчлийн хэрэг хаагдсанаас хойш 1 сарын дараа намайг Архангай аймагт байхад Мэргэжлийн хяналтын байгууллагаас над руу холбогдон таны махнаас дахин шинжилгээ авахаар боллоо яаралтай ирүүлнэ үү гэхэд нь миний бие өмнөх шинжилгээ нь хэвийн гарсан байхад дахин шинжилгээ авах юм уу гэж тодруулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дахин шинжилгээ ав гэх шийдвэр ирсэн гэж хэлсэн.

3.3.Иймд миний бие улсын ажилд саад учруулахгүйн үүднээс ирж шинжилгээний дээжийг өгсөн ба тухайн шинжилгээний дээжийг 3 байгууллагын төлөөлөл гэх тусгай өмсгөлтэй хүмүүс 5 кг-р савласан 10 ширхэг дээжийг өглөөний 10 цагт авсан. Улмаар махны дээжийг тус байгууллагын зориулалтын хөргүүргүй фургон автомашинд ачсан ба тухайн машинд бусад иргэн, аж ахуйн нэгжээс авсан гэх маш олон дээж байсан. Тодруулбал, тухайн дээжийг авсан өдөр зөвхөн манайх бус бусад олон байгууллагаас махны дээжийг авсан бөгөөд тухайн дээжүүдийг нэг машинд ачихдаа мах бүрийг ялгаж, ангилсан ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй. Үүний дараагаар бид Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид очиход тухайн дээжүүд ирээгүй байсан төдийгүй бид оройн 22 цаг хүртэл хүлээхэд мөн ирээгүй.

3.4.Иймд тухайн дээжийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд ямар нэг зориулалтын хөргүүр байгаагүй ба 12 цаг тухайн машинд махны дээжүүд байсан тул тээвэрлэлтийн явцад нян үржсэн байж болзошгүй гэж үзэж байна. Улмаар 8 хоногийн дараа шинжилгээний хариу гарч, нийт 10 дээжний 4 болон 6 дугаар дээжээс нянгийн бохирдол илэрч, бусад 8 ширхэг дээжүүдийн хариу хэвийн гарсан. Үүний дагуу зөрчлийн хэрэг нээн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг ногдуулсан ба маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 500,000 төгрөгийн торгууль ногдуулсан хэдий ч үүний цаана маш том үр дагавар бий болж байна.

3.5.Тухайлбал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатор-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-2959 тоот шинжилгээний дүн болон С***** дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С*****н 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7**** дүгээр шийтгэлийн хуудсыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргын дэргэдэх албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөл-д миний 25 тонн махыг бүхэлд нь устгалд оруулах саналыг хүргүүлээд байгаа юм.

3.6.Хэдийгээр 10 дээжний 2 дээжнээс нянгийн бохирдол илэрсэн ч тухайн 25 тонн махыг бүхэлд нь нянгийн бохирдолтой гэж үзэн устгалд оруулах нь үндэслэлгүй бөгөөд миний хувьд дахин шинжээч томилуулах хүсэлт болон уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлоо холбогдох бүхий л байгууллагад гаргасан боловч хүлээж авдаггүй, хүсэлтийг хангадаггүй. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Б***** нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хуралдааны үеэр тухайн урт нэртэй зөвлөлөөс устгалд оруулах шийдвэр гарсан тохиолдолд хураагдсан махыг хойшлуулшгүйгээр устгалд оруулна гэж мэдэгдсэн.

3.7.Монгол Улсад дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэг техникийн стандарт байдаггүй бөгөөд үүнтэй холбоотой техникийн стандартыг батлуулахаар холбогдох ажиллагаа хийгдэж байгаа билээ. Гэтэл дээрх маргаан бүхий шинжилгээг Стандарт хэмжил зүйн газраас баталсан MNS 6790:2019 дүгээр стандарт буюу Чанаж боловсруулсан махны техникийн ерөнхий шаардлага-г баримтлан хийсэн. Энэ стандарт нь гүйцэт болцтой махны стандарт ба MNS 6790:2019 Чанаж боловсруулсан махны техникийн ерөнхий шаардлага-ын 1 дүгээр хүснэгтийн 4-д Зүсээд гэсгээж шахаж үзэхэд шүүс нь улаан бус гүйцэт болцтой, жигд бор шаргал өнгөтэй байна гэж заасан байдаг.

3.8.Харин дулааны аргаар мах боловсруулахад тухайн махыг гүйцэт боловсруулдаггүй, зөвхөн махны гадар хэсэг борлуулж, дунд хэсэг нь улаан шүүстэй байдаг буюу махыг хагас боловсруулдаг. Иргэн миний гомдолтой байгаа асуудал нь Монгол Улсад дулааны аргаар мах боловсруулах техникийн стандарт байхгүй байхад өөр махан бүтээгдэхүүний техникийн стандартыг баримтлан хийсэн эргэлзээтэй шинжилгээний дүнг үндэслэж, маргаан бүхий шийтгэлийн хуудас гарч, уг шийтгэлийн хуудсыг үндэслэн миний 25 тонн махыг бүхэлд нь устгуулах санал Нийслэлийн Засаг даргын дэргэдэх албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах орон тооны бус зөвлөл-д хүргэгдээд байгаа явдал юм.

3.9.Дараагийн маргаан бүхий асуудал нь миний бие А*****ХХК-тай гэрээ байгуулан гэрээний үндсэн дээр 25 тонн махыг хөргүүртэй баталгаат агуулахад хадгалуулсан. Түүнчлэн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлсэн анхны дээж буюу 06 дугаар сарын 03-ны өдрийн махны дээжийг авахад манай мах түрээсийн гэрээний дагуу А***** ХХК-ийн агуулахад байсан тул шинжилгээний дүнгийн хуудсын Үзлэгт орсон газрын нэр гэх хэсэгт А****** ХХК гэж бичигдсэн. Харин үүний дараагаар бүх шинжилгээнд дээрх компанийн нэр тавигдсан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас урт нэртэй зөвлөлд өгсөн саналд хүртэл А*****ХХК-ийн 25 тонн мах гэх нэрээр яваад байгааг ойлгохгүй байна. С***** дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь намайг иргэн гэж үзэн 500,000 төгрөгийн шийтгэлийн хуудас ногдуулсан байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас А*****ХХК-ийн 25 тонн мах гэх тодотголтой санал хүргүүлж байгаа нь гайхмаар санагдаж байна.

3.10.Иймд уг эргэлзээтэй шийдвэр болох С***** дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С*****гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 7**** дүгээр шийтгэлийн хуудсыг үндэслэн иргэн миний 25 тонн махыг бүхэлд нь устгалд оруулах эрсдэл үүсээд байх тул дээрх байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу дээрх захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.Хариуцагч С***** дүүрэг дэх Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С***** хариу тайлбартаа: Иргэн Н.Б*****гийн нэхэмжлэлд хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:

1.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/49 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 01/98 дугаар удирдамжийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.Б*****гийн дулааны аргаар боловсруулсан 25тн ямааны чанасан махнаас давтан дээж /10 ш сорьц/ авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн. Миний бие дээрх ажлын хэсэгт оролцоогүй тул нэхэмжлэлд тусгагдсан хөргүүргүй фургон автомашинаар ялгах тэмдэггүй олон дээж сорьцуудыг хамт ачиж, оройн 22 цаг хүртэл 12 цагийн туршид тээвэрлэж лабораторид хүргэхдээ удаасан гэх үйл явцыг би мэдэхгүй. Үүнийг тодруулахыг хүсвэл тухайн шинжилгээний дээжийг авч шинжлүүлсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.*****с тодруулах нь зүйтэй байна.

2.С.С***** миний иргэн Н.Б*****д 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 007**** дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан арга хэмжээ нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх /хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтыг үндэслэн торгуулийн арга хэмжээ ногдуулсан болно.

Энэхүү торгох шийтгэлийн арга хэмжээ нь Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд мах хураан шилжүүлсэн шийдвэрээс ангид тусдаа арга хэмжээ билээ.

/Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх /Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ/, 11 дүгээр зүйлийн 1.1. /Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан/ дэх заалтуудад заасан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/**** дугаартай Арга хэмжээ авч ажиллах тухай албан бичигт А***** ХХК /иргэн Н.Б*****гийн/-ийн дулааны аргаар боловсруулсан махнаас нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг шалган шийдвэрлэж танилцуулгыг ирүүлнэ үү/ гэсэн албан бичгийг зөрчлийн хавтаст материалын 3 дугаарт хавсаргасан болно.

3.Чанаж боловсруулсан махны техникийн ерөнхий шаардлага MNS 6790:2019 стандартын 2 дугаар хүснэгт-Чанасан махны эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлт, Бичил биетний эрүүл зүйн болон аюулгүй байдлын үзүүлэлт MNS 6308:2012 стандартын шаардлагад нийцсэн байна гэж заасан. Мөн Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүйн байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартын 2 дугаар хүснэгт Эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтээр дулааны аргаар боловсруулалт хийсэн мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүний бактерын ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээ 1г-д 2.5*103 зэрэгт байна гэж заасан. Харин иргэн Н.Б*****гийн дулааны аргаар боловсруулсан 25 тн ямааны чанасан махнаас илэрсэн нянгийн ерөнхий тоо нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-2959 бүртгэлийн дугаартай сорилын дүнгээр 13-02-01-4 дугаартай сорьц 3.6*103 /зөвшөөрөгдөх хэмжээ-2.5*103/ хүрч, 13-02-01-6 дугаартай сорьц 3.5*103 /зөвшөөрөгдөх хэмжээ-2.5*103/ хүрч нийт 10 сорьцоос 2 сорьцонд нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Эдгээр сорилын дүнгээр Мах махан бүтээгдэхүүн, Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын шаардлагад нийцэхгүй байна.

Дээж шинжлүүлсэн Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь Европын холбооны бүх оронд хүлээн зөвшөөрөгдсөн, ISO/IEC 17025:2017 стандартаар итгэмжлэгдсэн эрх бүхий байгууллага тул тус лабораторийн сорилын дүнд үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

4.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар дотоод албан бичгээр ирүүлсэн А***** ХХК-ийн зөрчлийн мэдээллийг хүлээн авсан. Зөрчлийг шалган шийдвэрлэх явцад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байршилтай А***** ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний 09/01 тоот Ямааны 25 тонн чанасан мах нь А***** ХХК-ийн биш иргэн Б***** мах болохыг нотлох мэдээлэл гэсэн албан бичиг, иргэн Н.Б*****, М***** ХХК хоорондын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах гэрээ, С***** ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн иргэн Н.Б*****д хөргөлттэй агуулах түрээслүүлэх түрээсийн г/22/03 дугаартай гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул иргэн Н.Б*****д холбогдох зөрчил гэж үзсэн.

5.Иргэн Н.Б*****гийн дулааны аргаар боловсруулсан 25 тн ямааны махны үйлдвэрлэлд боловсруулсан цувралын дугааргүй тул 25 тн мах нийтдээ нянгийн бохирдол үүссэн эсвэл тухайн нэг үйлдвэрлэсэн өдрийн хэсэг мах нянгийн бохирдолтой байгаа эсэх, тухайн 25 тн махыг 2 удаа зөөвөрлөж тээвэрлэх үеийн нөхцөл, температурын хэмтэй холбоотой горим алдагдсан байж болзошгүй нөхцөлөөс шалтгаалан нянгийн бохирдолтой хэсгийг ялган тогтоох боломжгүй байсан. Тухайн 25 тн махыг С***** дүүргийн ** дугаар хороо, М***** ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт чанаж боловсруулан тус үйлдвэрийн хөргүүрт агуулахаас Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, А***** ХХК-ийн хөргүүрт агуулах руу зөөвөрлөн тээвэрлэсэн, эргээд тус байршлаас С***** дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын гудамж *******-тоотод байрлах С***** ХХК-ийн хөргүүрт агуулахад хадгалахаар буцааж зөөж тээвэрлэх бүрд махнууд холилдсон анхны үйлдвэрлэлээс гарсан хураалт өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар нянгийн бохирдлыг нийт махны /цувралын дугааргүй тул/ аль хэсэгт байгааг тогтоох боломжгүйгээс 25 тн махыг бүхэлд нь Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлд шилжүүлэх хүсэлтийг гаргасан болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй байна.

2.Шүүх хуралдаанд гомдол гаргагч Н.Б***** оролцоогүй, түүний өмгөөлөгч Д.Б***** гомдол гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцүүлэх боломжтой талаар болон гомдол гаргагч шаардлагаа өөрчлөөгүй, ихэсгээгүй, багасгаагүй болохыг тайлбарласан бөгөөд хариуцагчаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналаа илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч Н.Б*****г байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж хэргийг хянан хэлэлцэв.

3.Гомдол гаргагч Н.Б*****гаас С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С*****/цаашид хариуцагч гэх/-д холбогдуулан С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С*****гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 007**** дүгээр шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах-аар гомдлын шаардлага гаргажээ.

            4.Гомдлын шаардлагын тухайд, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.Хуульд заасныг зөрчиж:3.1.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно гэж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ:11.1.1.зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдуулагч агуулсан гэж тус тус заажээ.

            4.1.Хариуцагчаас гомдол гаргагч Н.Б*****д шийтгэл оногдуулахдаа ...Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-2959 дугаартай шинжилгээний дүнгээр нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байх асуудлыг шалгаад ... хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэх нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэж үзэж шийтгэл оногдуулсан, харин гомдол гаргагч Н.Б***** шийтгэл оногдуулах үндэслэл болсон нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, өөрөөр хэлбэл эргэлзээтэй шинжилгээний хариунд үндэслэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу гэж маргаж байна.

            4.2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Н.Б***** өөрийн 25 тонн махны шинжилгээний хариу/22-2959/-г зөвшөөрч байгаагүй, гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан, хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... 01/98 дугаар удирдамжийн хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.Б*****гийн дулааны аргаар боловсруулсан 25тн ямааны чанасан махнаас давтан дээж/10 ш сорьц/ авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн. Миний бие дээрх ажлын хэсэгт оролцоогүй тул нэхэмжлэлд тусгагдсан хөргүүргүй фургон автомашинаар ялгах тэмдэггүй олон дээж сорьцуудыг хамт ачиж, оройн 22 цаг хүртэл 12 цагийн туршид тээвэрлэж лабораторид хүргэхдээ удаасан гэх үйл явцыг би мэдэхгүй. гэснээс үзвэл хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 5. Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй., 4.15 дугаар зүйлийн 1.Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. гэснийг тус тус зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

            4.3.Эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахдаа эргэлзээтэй нөхцөл байдал байгааг зайлшгүй шалган тогтоох, оролцогчийн гомдлыг шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээдэг бөгөөд энэ тохиолдолд шийдвэрийн үндэслэл болсон шинжилгээний дүнг шалгаж, хэргийн оролцогчийн гомдлыг шийдвэрлэх ёстой байжээ.

            4.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2022/9288 дугаартай захирамжаар Н.Б*****гийн гомдолтой, С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С***** холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, улмаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос 2022 оны 12 дугаар сарын 15-ны **0 дугаартай албан бичгийг шинжилгээний үр дүн, шинжээчийн тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн бөгөөд бүртгэлийн 23-220 дугаартай шинжилгээний дүн Сорьц нь ариун цэврийн болон бусад шинжилгээний үзүүлэлтүүдээр шаардлага хангасан гэж гарсан, ... Шинжилгээнд хамрагдсан ямааны махны 2 сорьц нь мэдрэхүйн болон нян судлалын шинжилгээгээр үндэсний стандартын шаардлагад нийцсэн байна. гэх шинжээчийн тайлбарыг мөн ирүүлсэн байна.

            4.5.Шүүх хуралдааны явцад хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчлөөс яг аль зөрчлийг гаргасан гэж үзэж холбогдогч Н.Б*****д шийтгэл оногдуулсан эсэхийг тодруулахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ... хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан ... зөрчил гаргасан гэж тайлбарласан, маргаан бүхий шийтгэлийн хуудсанд мөн ижил үндэслэл байх боловч маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахаар шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр гомдол гаргагч Н.Б*****гийн гаргасан гэх зөрчил үгүйсгэгдэж байна.

            4.6.Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Н.Б*****гийн 25 тонн мах нь мэдрэхүйн болон нян судлалын шинжилгээгээр стандартын шаардлагад нийцсэн байхад түүнийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, тийм хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

            5.Хариуцагч нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22-2959 дугаартай шинжилгээний дүнг гаргахдаа хууль тогтоомжид заасан журам зөрчсөн талаарх Н.Б*****гийн гомдол, хүсэлтийг шалгаагүйгээ хүлээн зөвшөөрснийг болон шүүх хуралдааны явцад гомдол гаргагчийн өмгөөлөгч, хариуцагч нар гэрч асуулгах хүсэлтүүдээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

            6.Эдгээр үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С*****гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 007**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Н.Б*****гийн гомдлын шаардлагыг хангаж, С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С*****гийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 007**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н.Б*****гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С***** дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.С*****гээс гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.УРАНГУА

 

 

 

 


 

 

[1][1] Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материал, дугаар 17-Ц22082608*******00, 14-220066, 13 дахь тал