Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1037

 

Д.М-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00609 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Д.М-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.С-т холбогдох

Хашаа, байшин худалдаж авахаар шилжүүлсэн төлбөр болох 12 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр болох 3 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М миний бие нь О.С-аас 2016 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, 24-434 тоот хаягт байрлах хашаа байшинг 18 000 000-20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 12 000 000 төгрөг өгч, уг хашаа байранд амьдарч байсан. Урьдчилгаа төлбөрт 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 6 400 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 400 000 төгрөгийг тус тус дансаар, 1 200 000 төгрөг бэлнээр өгсөн.

2017 оны 10 дугаар сараас хойш дээрх хашаа байранд амьдарч байгаад, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хөөгдөн гарч, одоо айлын хашаа, байр түрээслэн амьдарч байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч О.С-аас хашаа байшин худалдан авахаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын төлбөрт шилжүүлсэн гэх 12 000 0000 төгрөгөөс дансаар тодорхой хэмжээний мөнгө авч байсан. Бэлэн мөнгө аваагүй. Д.М, н.Буяндэлгэр нарт хашаа, байшингаа худалдахаар болж 2017 оны 10 дугаар сард өөрийн амьдарч байсан байшингаа суллан өгч, хажуу дахь байшиндаа орсон. Миний том охин болох н.Баярцэцэг сэтгэцийн өөрчлөлттэй, байнгын эмчийн хяналтад байдаг. Д.М-ийн нөхөр Б.Буяндэлгэр нь миний охиныг /өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж/ жирэмсэн болгосон байсанд гомдолтой байдаг.

Бидний хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж хэлцэл хийгдсэн боловч, нөхөр болох Б.Буяндэлгэрийн буруутай үйлдлээс болж хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С-ын том хүү Г.Алтаншагай 2017 онд хөлний дурангийн хагалгаанд орох болж, мөнгөний хэрэг гараад, хашаа байшингаа 25 000 000 төгрөгөөр худалдахаар, Д.М худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөрт 12 000 000 төгрөг, үлдэх 13 000 000 төгрөгийг нэг жилийн дараа төлөхөөр болсон. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн амьдарч байсан хашаа, байшингаа суллаж, зэргэлдээ байшиндаа нүүн орсон. Д.М  нь дансаар нийт 10 800 000 төгрөг шилжүүлсэн юм. Энэ хугацаанд Д.М-ийн нөхөр н.Буяндэлгэр нь миний охин Баярцэцэгийн /сэтгэцийн өвчтэй/ биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хүчиндэн жирэмсэн болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 512 дугаарт тогтоолоор 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тухайн амьдарч байсан байрандаа ачаа бараагаа үлдээгээд, цоожлоод явсан. О.С-ын хувьд Д.М нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн байранд амьдарч байсан, хүний тавилга, эд хогшил зэргийг гаргах боломжгүй байсан учраас хашаа байрыг суллаж өгөхийг шаардсаны эцэст 2018 оны 3 дугаар сард ирж хашаа байшингаас тавилга эд хогшлоо авч, дахин цоожлоод явсан. Д.М нь гэрээнээс татгалзсанаас үүдэлтэй О.С нь бусдад хөлслүүлээд орлого олох боломжийг олгоогүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.5 дах хэсэгт заасны дагуу учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй. Иймд Д.М-ээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хугацаанд бусдад хөлслүүлж олж болох байсан 3 900 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгч Д.М сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй. О.С нь хүү Г.Алтаншагайгийн хөлний дурангийн хагалгааны мөнгө хэрэгтэй байна гэхэд нь хашаа байшинг худалдан авахаар шийдсэн. Урьдчилгаа 12 000 000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг нэг жилийн дараа өгөхөөр тохирсон байсан. Үүний дагуу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нүүн ирж амьдарч байгаад 2018 оны 4 дүгээр сард хөөгдөн гарсан. Иймд надаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хугацаанд бусдад хөлслүүлж олж болох байсан 3 900 000 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дах хэсэгт тус тус  зааснаар Д.М, О.С нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, хариуцагч О.С-аас 10 800 000 /арван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөг гаргуулах, Д.М-ээс 3 900 000 төгрөг гаргуулах тухай О.С-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөг, хариуцагч О.С-аас сөрөг нэхэмжлэлд төлсөн 77 350 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.С-аас 187 750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэгчээс гэм хорын хохиролд 3 900 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Иргэд хоорондоо хэлцэл хийж харилцан тохиролцоод хариуцагч О.С өөрийн амьдарч байсан байшингаа чөлөөлсөн. Нэхэмжлэгч Д.М уг байшинд амьдарч өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж уг байшингийн түлхүүрийг өгөхгүй, хэрвээ хүсвэл цаашид ч өгөхгүй гэж хурал дээр өөрөө хэлдэг. Нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр байшингийн урьдчилгаанд өгсөн гэх мөнгөө эргүүлж авахаар шаардаж байгаа хирнээ уг байшинг суллаж хүлээлгэж өгөхгүй байгааг шүүх анхаарахгүйгээр зохигчийн хооронд байгуулагдсан хашааны газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч хариуцагчид гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч О.С-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч олох байсан орлого 3 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Зохигчдын хооронд Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, байшинг 18 000 000 төгрөгөөр худалдах, худалдахаар харилцан тохиролцож, Д.М урьдчилгаа төлбөрт   10 800 000 төгрөгийг дансаар О.С-т шилжүүлэн өгч, Д.М нь нөхөр, хүүхдийн хамт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 28-ныг хүртэл уг газар, байшинг эзэмшиж ашиглаж байсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч О.С нь нэхэмжлэгч Д.М-т Эрхийн улсын бүртгэлийн           Г-2202004346, Ү-2202011404 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 434 тоот хаягт байршилтай газар, мөн хаягт байршилтай, байшинг худалдахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрийг авсан байгаа боловч, тухайн газар болон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй, үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөөгүй үйл баримтын талаар болон хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Талууд хэлцлийн гол нөхцлийн талаар тохиролцсон, үнийг хэсэгчлэн төлж байсан зэрэг нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 186 дугаар зүйлийн 186.1, 187.2 дах хэсэгт заасантай нийцсэн.

Харин Д.М-ийн нөхрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн цаашид үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөх үүргийг хэрэгжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил ашиглалтыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалж талууд хэн алин нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.М-ийн нөхөр болох Б.Буяндэлгэр нь хариуцагч О.Сайнбаярын охиныг хохирогчийг сэтгэцийн өвчтэйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, улмаар хохирогчийг жирэмсэн болгосон гэх гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 512 тоот шийтгэх тогтоолоор ял шийтгүүлжээ. /хх-ийн 49-52 тал/

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа төлбөрт 10 800 000 төгрөгийг дансаар шилжүүлсэнээ нотолсон бол 1 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбараа нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар урьдчилгаа төлбөрт хариуцагчид шилжүүлсэн 10 800 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Хариуцагч О.С нь нэхэмжлэгч Д.М-т холбогдуулан сөрөг шаардлага гаргасан ба хашаа байшин, газрыг 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сар дуустал хугацааны /13 сарын төлбөр/ олох байсан ашиг гэж 3 900 000 төгрөг шаардаж байгааг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 512 тоот шийтгэх тогтоолоор Б.Буяндэлгэрийг гэм буруутайг тогтоосныг нэхэмжлэгч Д.М  гэрээнээс татгалзсанд буруутай гэж дүгнэх үндэслэл болохгүй байхаас гадна нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг уг хашаа байшин, газрыг эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаагүй тул 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэг сарын 300 000 төгрөгөөр тооцож нийт 13 сарын хугацаанд бусдад хөлслүүлж олж болох байсан 3 900 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2019/00609 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1” гэж, өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                              ШҮҮГЧИД                                       Ч.ЦЭНД

                                                                                     Н.БАТЗОРИГ