| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2020/00509/И |
| Дугаар | 104/ШШ2020/00498 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2020/00498
| 2020 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 104/ШШ2020/00498 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, *******а*******од оршин суух ******* /РД:*******/
Хариуцагч: Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, *******а*******од оршин суух ******* /РД:*******/-д холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн үүрэг 800.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.*******тай 2016 онд танилцаж, хамт амьдрах болсон. Бидний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү Э.*******э төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. ******* сүүлийн жилүүдэд архи ууж, агсам тавьж надад гар хүрэх болсон. 2020 оны 04 сард Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахад 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр надад амлалт өгсөн. Тэгээд уучлаад хамт амьдарч байсан. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр
ажилдаа явлаа гээд урагшаа явсан. Эхний сар байнга хүүхэд рүүгээ яриад санаад байна гэдэг байсан. Сүүлдээ миний дугаарыг болон фэйсбүүкийг блок хийсэн. Манай хүүхэд аавыгаа байхгүйд өвчин ороогоод байдаг. Сэхээнд орж байсан. Тэгээд хүүхэд чинь сэхээнд орсон байна гэхэд үхвэл үхнэ биз, надад хамаагүй гэж хэлж байсан. Би хүүхдээ дагуулаад ажил дээр нь очиход 50 гаран насны хүүхэнтэй явж байсан. Хүү маань аав дээрээ очиход хүүхдээ үнсээгүй. Хамт явж байсан хүүхэн нь жаргах замын садаа минь гээд намайг хөөсөн. Надад гар хүрч Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагад 2020 оны 10 дугаар сард гомдол гаргасны үндсэн дээр хэргийг шалгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тооцогдож 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Уг төлбөрийг би төлсөн тул Д.*******аас 800.000 төгрөг гаргуулах мөн хүү Э.*******эд тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Д.******* 800.000 төгрөгийг төлсөн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.*******тай 2016 оноос эхлэн хамтран амьдрах болсон. Энэ үед би Өмнөговь аймгийн Гурван тэс дэх хилийн Шивээ хүрэн боомтод нүүрс тээвэрлэлт хийж нэг жил болж байсан бөгөөд одоог хүртэл нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын машины жолооч хийж байгаа. Ц.*******тай хамтран амьдрах хугацаанд би илүү сайхан амьдралын төлөө өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэдэг байсан. Бидний салалтад хэн аль нь буруутай. Хүү Э.*******эд тэтгэлэг гаргуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Мөн хүүхдийн тэтгэлгийг жилд 2 удаа буюу 6 сар болоод нийлүүлж төлж байх саналтай байна гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Өмнөговь аймгийн Гурван тэс дэх хилийн Шивээ хүрэн боомтод нүүрс тээвэрлэлт хийдэг шүүх хуралдаанд оролцоход цар тахалтай холбогдуулан 21 хоног тусгаарлалтад орох шаардлагатай болоод байгаа тул 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 11 цагт болох шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж байна. Иймд намайг эзгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******аас хүүхдийн тэтгэлэг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн 800.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 800.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ц.*******гийн Хаан банк дахь дансанд шилжүүлж биелүүлсэн байна.
Ц.*******, Д.******* нар 2016 оноос гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдарсан, тэдний дундаас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүү Э.*******э төрсөн бөгөөд 2020 оны 5 дугаар сараас хойш эцгээсээ тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдсон.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрхтэй бөгөөд эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй.
Хүүхдүүд эцэг, эхийн хэн нэгнээс тусдаа амьдарч байгаа тохиолдолд тэдний хэн нэгний асрамжид байж, тусдаа амьдарч байгаа эцэг, эхийн хэн нэгээр тэжээн тэтгүүлэх эрхтэй.
Иймд Д.*******аас 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр төрсөн хүү Э.*******ийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн болно.
Цаг үеийн нөхцөл байдал Ковид-19 цар тахал өвчин дотоодод алдагдсантай холбогдуулан Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хэргийг эзгүйд хэлэлцэх хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 100 дугаар зүйлийн 100.3., 106.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.******* нэхэмжлэгч Ц.*******д бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн үүрэг 800.000 /найман зуу мянга/ төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр биелүүлснийг баталсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү *******ын *******ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.200 /жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.*******аас 61.200 /жаран нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хариуцагч Б.*******ад шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Энхчимэгт даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ