| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/00801/И |
| Дугаар | 101/ШШ2018/01761 |
| Огноо | 2018-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2018/01761
| 2018 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2018/01761 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Э /РД: /
Хариуцагч: Д.Д /РД: / нарт холбогдох
Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.Э, Д.Д, хариуцагч нарын өмгөөлөгч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х-ийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот гэрээгээр Монголшуудан банкны шаардах эрхүүдийг Хадгаламж банкинд шилжүүлсэн.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч банкны эрх хүлээн авагчийг томилсон. Банкны тухай хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламж банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Хадгаламж банкны зарим актив, пассив, хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлж Хадгаламж банкны чанаргүй актив нь банкны эрх хүлээн авагчийн тэнцэлд үлдсэн. Үүнд хариуцагч Г.Э, Д.Д нарт олгосон чанаргүй зээл хамаарч байна. Иймд банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах ... гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч Г.Э, Д.Д нар нь Монголшуудан банктай 2005 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулан зээл авч тухайн зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын 02 дугаар байрны 20 тоот Улсын бүртгэлийн Ү-2204002546 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно.
| г |
Зээлдэгч Г.Э, Д.Д нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахгүй банкийг хохироож байсан тул Монгол шуудан банкны зүгээс шүүхэд хандан нэхэмжлэл гарган Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг 830 дугаар шийдвэрэрээр хариуцагч Г.Эоос 23,449,529.00 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамж 223,248.00 төгрөгийг тус тус гаргуулж Монголшуудан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар 21-ны өдрийн 830 тоот шийдвэрийг үл хүндэтгэн сайн дураар биелүүлээгүйн улмаас 2007 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 1711 тоот албадан гүйцэтгэх захирамж гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцааны хөрөнгө болох уг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Монгол шуудан банкинд зээлийн төлбөрт тооцон авах талаар ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны саналын дагуу зээлийн өр төлбөр болох 23,672,777.00 төгрөгт, тус албанд хариуцагч нь Монкорд хадгаламж зээлийн хоршоонд давхар гүйцэтгэлийн ажиллагааны дагуу төлж барагдуулах төлбөр болох 4,425,287.00 төгрөгт тус тус шилжүүлэн /Монголшуудан банк төлж барагдуулсан/, нийт 28,098,064 төгрөгийн үнийн дүнд тооцон 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монголшуудан банкны өмчлөлд шилжүүлэн авсан. Үүнээс хойш зээлдэгч нар нь дээрх зээлийн өр төлбөрөөс нийт 17 463 250,00 /арван долоон сая дөрвөн зуун жарган гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл төлөх ёстой өр төлбөр болох 10,891,814.00 /Арван сая найман зуун ерэн нэгэн мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгийг Банкны эрх хүлээн авагчийн зүгээс төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлж боломжит хугацааг өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулаагүй хариуцагч нар нь уг орон сууцанд түр оршин суугчдаар амьдарсаар байгаа нь банкны өмчлөлд саад учруулан, өр төлбөрөө төлж барагдуулахгүй, орон сууцыг сайн дураар чөлөөлөхөөс татгалзаж байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч П.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 830 дугаар шийдвэр гарсан. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Дуудлага худалдаагаар борлогдоогүй. Хариуцагч нар 18 сая төгрөгийг төлсөн. Төлбөрт санал болгох ажиллагаа нь хууль бусаар явагдсан. Монкордод давхар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад банк төлбөрийг төлөөд 2010 онд байрыг банкны өмчлөлд шилжүүлсэн. Улмаар хууль бусаар явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Энд хариуцагчаар НШГА ороод гуравдагчаар банк орсон. Шийдвэрээр санал болгох тогтоол, өмчлөлд шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгосон. Улмаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч биш гэсэн. Улмаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажиллагаа хууль бусаар явагдаж, өмчлөлд хууль бусаар шилжсэн гэсэн. Дээд шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Монкордод төлсөн төлбөрөө нэмээд нэхээд байдаг. Төлөх төлбөр нь 5 сая төгрөг л үлдсэн байгаа. Өмчлөгч нь банк биш гэдгийг тогтоосон байгаа. 2007 оны 830 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлийг шийдсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, дугаар байр, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Э, Д.Д нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу өмчлөх эрх шилжсэн боловч уг ажиллагаа нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хойшилсон шүүх хуралдааны дараа өнөөдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулахгүй.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 830 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Эоос 23,449,529 төгрөг гаргуулан Монгол шуудан банканд олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 2 дугаар байр, 20 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу дээрх 2 өрөө орон сууц нь Монгол шуудан банк ХХК-ний өмчлөлд шилжсэн болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 21 дугаар тогтоолын хуулбар, Монгол шуудан банк ХХК-ний 01/2493 дугаар худалдан борлогдоогүй хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлэн авах тухай тоотын хуулбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Хадгаламж банканд хүргүүлсэн 2/9747 дугаар албан тоотын хуулбар, Монгол шуудан банк ХХК-ний 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/2576 дугаар албан тоотын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000084695 дугаар гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 23-29 дүгээр тал/ Зохигчид энэ үйл баримт болон нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар маргахгүй байна.
Харин хариуцагч нар нь ийнхүү өмчлөх эрх шилжсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүчингүй болсон тул нэхэмжлэгч нь өмчлөгч биш гэж маргасан.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 1612 дугаар шийдвэрээр 2007 оны 830 дугаар шийдвэр, 454 дүгээр гүйцэтгэх хуудсын дагуу хийгдсэн Монгол шуудан банкны төлбөрт тооцож Г.Э нарын орон сууцыг Монгол шуудан банканд шилжүүлсэн, улмаар орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, мөн Г.Эын өмнөөс Монгол шуудан банкаар Монкорд ХЗХ-д өр төлүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг дуусгавар болгосон ажиллагаануудыг тус тус хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Улмаар Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 849 дүгээр магадлалаар дээрх 1612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Хариуцагчийн төлөөлөгч нар нь энэхүү үйл баримтын талаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд маргаж буй орон сууцыг төлбөрт тооцож өмчлөх эрх шилжүүлсэн ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон гэж тайлбарласан бөгөөд энэ үйл баримтыг няцааж, маргаагүй болох нь 7919 дүгээр тэмдэглэлээр тогтоогдож байна.
Эдгээрээс дүгнэвэл хэдийгээр өмчлөх эрхийн гэрчилгээ байх боловч нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон тул нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн эрхийг эдлэх үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Э, Д.Д нарт холбогдох Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр, 20 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлөх тухай Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД