Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/02517

 

2020 09 21 183/ШШ2020/02517

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 гудамж, 0 хотхон, өөрийн байранд байрлах, З СӨХ /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 00 гудамж, 000 хотхон 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух,  Э.У /РД:0000000/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 4,372,293 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ардчилсан гудамжинд байрлах Могул таун хотхонд дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хариуцан ажиллаж байгаа. Тус байрны 97 дугаар байрны 104 тоотод оршин суух Э.У нь 2016 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болох 4,372,293 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй тул Э.Уоос гаргуулж өгнө үү ... гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлага болох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4,372,293 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч З СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 4,372,293 төгрөг гаргуулахаар хариуцагч Э.У нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3, 16.1-д заасны дагуу сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас 2016.10 сараас 2016.12.31-ний өдөр хүртэл 586,166 төгрөг, 2017.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдөр хүртэл 1,280,268 төгрөг, 2018.01.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдөр хүртэл 645,465 төгрөг, 2019.01.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл 645,465 төгрөг, 2020.01.01-ний өдрөөс 2020.03.30-ны өдөр хүртэл 244,423 төгрөгийг тус тус нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтыг хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна гэж заасан.

 

Нэхэмжлэгч Зайсан дулаан өргөө СӨХолбоонд 18/125 дугаартай гэрчилгээг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олгосон байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрчилгээнд сунгалт хийгдсэн, гүйцэтгэх захирал З.Бат-Эрдэнэ гэсэн нэр бичигдсэн ба /хх-5/, уг СӨХолбооны удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлаар З.Бат-Эрдэнийг томилсон байна /хх-4/.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Э.У 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оноос уг орон сууцанд амьдарч байгаа. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 4,372,293 төгрөгийг тооцоололд маргаан байхгүй, СӨХ-ны даргатай үл ойлголцож маргасны улмаас төлбөрөө төлөхгүй байсан ба шүүхийн шийдвэрийн дагуу төлөхөд татгалзах зүйлгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримт болох гэрчилгээ 2018 онд олгосон, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зардал нэхэмжилсэн шаардлагатай холбогдуулан шүүх дүгнэлт өгч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж маргадаг.

 

Нэхэмжлэгчээс З СӨХ-ны 2016 онд олгосон гэрчилгээний хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг гэрчилгээ байхгүй, нотлох баримтын шаардлага хангаж өгөх боломжгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тайлбарласан тул шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр нотлох баримт бүрдүүлж, хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн.

 

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2.-д Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно гэж тус тус заасан. Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжилж буй хугацааны зардал нэхэмжлэх өөрийн бүрэн эрхийг нотолсон гэрчилгээний хуулбар холбогдох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд 2016.10 сараас 2018.06.01-ний өдрийг хүртэлх хугацааны СӨны зардлын төлбөр нэхэмжлэх эрхтэй болохоо баримтаар нотлоогүй байна.

 

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зааснаар тус хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нөгөө талаасаа хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцсон этгээд хуульд заасан буюу заагаагүй тодорхой төрлийн гэрээ болон нэрлэгдээгүй аливаа гэрээг холбогдох этгээдтэй байгуулсан бөгөөд тухайн этгээд гэрээний үүргээ зөрчсөнөөс улбаалан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхийн журмаар хэрэгжүүлэх тохиолдолд ийнхүү уг этгээдэд холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх юм.

 

Гэтэл нэхэмжлэгчийн зардалд нэхэмжилсэн 2016.10 сараас 2017.03.01 хүртэлх хугацааны СӨХ-ны зардалтай холбоотой өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байх тул уг хугацааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Учир нь, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар үүнийг хэрэгжүүлэх ба гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг дээр дурдсан 3 жилийн хугацаанд гаргахад хөөн хэлэлцэх хугацааг хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрхийг хэзээ үүссэнийг хуульд заасан журмын дагуу тоолоход хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 2018 оны 6 сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 сарын 31 хүртэлх хугацааны нийт 1,842,580 /хх-10-13/ төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,529,713 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Э.Уод мэдэгдсэн бөгөөд тов мэдэгдэх баримтад хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Уоос 1,842,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,529,713 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42,453.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.О