2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1519

 

 

 

 

 

 

 

 

 

    2025          6           06                                    2025/ШЦТ/1519

 

 

                             

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,

улсын яллагч Б.Энхбат,  

хохирогч Б.Ж-,

шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт О-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн ***, ** *** дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт О-ийн Г- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Г- 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******”-ийн зүүн талын зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан Замын цагдаагийн албан хаагч Б.Ж-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж авто тээврийн хэрэгслээр мөргөж зугтаан, дохиурыг нь эвдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г-ын өгсөн “...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир цагдаа дохиход хараад сандарсандаа зугтаах үйлдэл гаргасан нь өнөөдөр ийм байдалд хүргэсэн. Би хохирогчоос дахин уучлалт гуйж байна. Таныг санаатайгаар гэмтээх санаа зорилго байгаагүй, харин миний машины урд унасан байсан тул дээгүүр нь даваад гарахгүй гээд гэж хойш ухраад явсан. Түүнээс надад унагааж, мөргөх гэсэн санаа бодол байгаагүй, намайг уучлаарай...” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ж-ийн өгсөн “...Би 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 15 цагт *** пост буюу “Тасганы аман”-д албан үүргээ гүйцэтгэж байсан. Албан үүргээ биелүүлж байхдаа баруун талаас 2 дугаар эгнээгээр давхар эргэсэн, мөн урд салхины шилэндээ битүү тень наасан цагаан өнгийн “харрерь” маркийн автомашиныг зогсоох гэхэд зогсоогүй тэр чигтээ хойш хаазлаад явсан. Надаас хойш 100 метр яваад 200 метр зайнд түгжрээд зогссон хойноос нь гүйгээд очиход миний шаардлагыг эсэргүүцсэн, зогсохоос зайлсхийж үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн. Давж эргэхээр нь зогсох юм болов уу гээд хажуу талын цонхон дээр очоод бичиг баримтаа шалгуулаарай, та ингэж зогсож болохгүй гэх шаардлага тавихад намайг мөргөсөн, би хойш ухраад зогсох байх, үргэлжилсэн цагаан зураас гараад тэгшрээд зогсох байх гээд дохиур модоороо дохиход зогсохгүй мөргөж унагачихаад цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Би дарга нар болон Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст мэдүүлсэн. 614 дугаартай пост дээр хойноос нь алаг тэрэгтэй яваад очиж шаардлага биелүүлсэн, цонхыг нь цохисон, шаардлага тавихад миний өмнөөс эсэргүүцээгүй, цонхоо хагас онгойлгоод уучлаарай гэж хэлээд дахин шахаад явган хүний зам дээгүүр гарч зугтсан. Тэр цагаас хойш шөнийн 2 цагт машиныг олж, шүүгдэгчийг гэрээс нь олсон. Шүүгдэгч шөнийн 3 цагт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон, жолооч согтууралтай байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5, 12-14, 20-24 дэх тал/,


Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9-10 дахь

тал/,

 

            Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19  дэх тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

 

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ж-ийн хохирогчоор өгсөн: “... Би 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн үүрэг гүйцэтгэх газарт цагийн хуваарийн дагуу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Тасганы овооны уулзвар дээр үүрэг гүйцэтгэхээр 14 цагт очсон. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байх үед 16 цаг 40 минутын орчимд “Тасганы овоо”-ны баруун талаас цагаан өнгийн “харрерь” маркийн тээврийн хэрэгсэл “хоёрдугаар эгнээнээс давхар эргэж эгнээ байр зөрчих” дүрэм зөрчсөн. Би тухайн тээврийн хэрэгсэл рүү шүгэл үлээж дохиур модоор дохих үед зохицуулагчийн дохиог зөрчиж хойш чиглэлд явсан. Тухайн уулзвараас дүрэм зөрчсөн, тээврийн хэрэгсэл хойш 80 метр орчим зайд яваад түгжирч зогссон. Би тухайн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн араас очих үед үргэлжилсэн цагаан зураас давж буцаж эргэх үйлдэл гүйцэтгэсэн. Би тухайн тээврийн хэрэгслийг зогсоон шалгах үүднээс шүгэл үлээж дохиур модоор баруун шахаж зогсохыг шаардах үед тус тээврийн хэрэгсэл зогсохгүй чигээрээ явж намайг мөргөж газарт унагаагаад тээврийн хэрэгслээ хойш хөдөлгөж намайг тойрч зугтаасан. Миний баруун талын хонго хэсэг өвдөж зовиуртай байна. Тухайн машинд мөргүүлснээс болж миний дохиур мод хугарсан, өвлийн бээлий алга болсон. О.Г- дохиур модны 40.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-55, 59, 63 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ц-ны гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр Б.Ж- батлагдсан хувиарын дагуу “Тасганы овоо”-ны уулзвар дээр 2 дугаар ээлжээр 15 цагаас 22 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед би хэлтсийн даргын хамт Замын хөдөлгөөний удирдлагын төв станц дээр ажиллаж байхад 16 цаг 40 минутын үед станцаар 25 дугаар сувгаар Ж- “Тасганы овоо”-ны уулзвараас “Баянбүрд” чиглэлд цагаан өнгийн **-*** улсын дугаартай “харрерь” загварын тээврийн хэрэгсэл зогсохгүй зугтчихлаа гэж мэдээлэл өгсөн, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн чиглэлийн ахлах зохицуулагч Оюун-Эрдэнэд мэдээллийг өгч үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийг өмнөөс нь угтуулж явуулсан. Удалгүй Ж- “Тасганы овоо”-ноос Баянбүрд рүү, Баянбүрд дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч өөд өөдөөсөө хоёр талаасаа машины араас явсан. Машин дээр очиход нөгөө машин цонхоо онгойлгохгүй хаалгаа нээхгүй хэсэг зогсож байгаад явган хүний зам руу зорчих хэсгээс гарч “Гэсэр” сүм чиглэлд зугтаасан тул “Гэсэр” сүм дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчаар хойноос ирж байгаа хөдөлгөөнийг хаалгаж “Гэсэр” сүмийн камерийг хойш нь эргүүлж хяналтын камераар харахад нөгөө машин “Гэсэр” сүмийн зүүн хойд талын байрнууд руу орж хяналтын камераас гарсан. Үүний дагуу Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзвар, зүүн тийшээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт машины марк улсын дугаараар зарлан мэдээлэл хэлж машиныг эрэн сурвалжиласан. Тэгээд хэсэг хугацааны дараа “Метро молл”-ийн урд зам дээр “Дөлгөөн нуур” дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч мэдээлэл өгөөд тухайн алба хаагч тээврийн хэрэгсэлийг зогсохыг шаардаж дохиход үргэлжлүүлээд цаашаа зугтаад “Хүнсний 4 дүгээр дэлгүүр”-ээр ертөнцийн зүгээр урагшаа эргээд хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. ...орой 19 цагийн үед иргэнээс цагдаагийн алба хаагч машинд мөргүүлсэн мэдээлэл явж эхэлсэнтэй холбогдуулаад Ж-тэй холбогдож чи мөргүүлсэн юм уу, энэ талаар яагаад мэдээлэл өгөөгүй юм бэ гэж асуухад тухайн жолоочийг зогс гээд дохиур модоороо дохих үед машины зүүн урд хэсгээр алба хаагчийг шүргэхэд гараараа машиныг тулаад эрчиндээ хойшоо газар унасан гэж хэлсэн, бие чинь яаж байна гэхэд биед ямар нэгэн бэртэл гэмтэл алга байна, өвдөж байгаа юм байхгүй, хэвийн байна гэж хэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс яриад алба хаагчийг аваад Баянголын дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст аваад оч, бид нар очно, тэнд уулзъя гээд гомдлоо гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-ын гэрчээр өгсөн “...Би 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр найз Г-тай утсаар яриад би найз Г-ыг гэртээ хүрээд ир гэж дуудсан. Г- гэрт 19-20 цагийн үед хүрч ирээд тэндээсээ Г-ын гэр рүү нь 7 буудлаас хойшоо “Дамбын пост”-ын хажуу талд “Петровис” колонкийн хажуу талд байдаг гэрт нь хамт очсон. Би ганцаараа 1 шил архи уугаад унтаад өгсөн. 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө нь босоод гэрийн доод давхарын дэлгүүрээс нь 1 шил 0.75 граммын хэмжээтэй архи аваад 2-3 татаад юм ярьж сууж байгаад Г-ад эхнэрт хүргээд өг гээд би 10 дугаар хороолол руу Г-аар хүргүүлсэн, би замдаа машинд нь ууж явж байгаад тасраад нэг сэрсэн чинь 10 дугаар хороололд сэрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө даатгалын “...дохиур мод 50.000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн **** дугаартай шинжээчийн “...Б.Ж-ийн биед баруун чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй ба эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлийн дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Г-ын яллагдагчаар өгсөн: “...2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр би Г- найзыгаа өөрийн машинтай 6 буудлаас авсан, Г- манай гэрт хоносон ба 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өглөө эхнэртэй нь эвлэрүүлэх санаатай би Г-ыг 10 дугаар хороололд гэрийн гадна нь өөрийн эзэмшлийн “харрерь” загварын --*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. 10 дугаар хороололд өглөө 12 болж байхад гарсан байх цаг хугацааг нь сайн санахгүй байна. 13 цагийн үед байрны гадна очоод Г- найз утсаар эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Эхнэр нь наана чинь хүн байхгүй, яах гэж наана очсон юм гээд байсан. Г- замдаа очихдоо архи уугаад яваад байсан. Гэрийн гадна зогсоол дээр очиход 0.75 граммын хэмжээтэй архи талаас дээгүүр үлдсэн байсан. Би Г-тай чи эхнэртэйгээ эвлэрэхгүй байсан юм бол ажилтай намайг яах гэж энд хүргүүлсэн юм гэж бид хоёр маргасан. Маргаж байгаад за за наад архийг чинь уучихаад явъя гээд би архинаас нь 4 удаа 50-ын аяганы талаас доогуур нэг балгын хэмжээтэй уусан. Архиа уугаад би шууд машинаа бариад хөдлөөд Г-ын гэр рүү явсан Г-ын гэр 5 буудалд байдаг, манайх цаашаа “7 буудал”-д байдаг замаараа Г-ыг гэрт нь буулгаад харих бодолтой явсан юм. Г- 10 дугаар хорооллоос хөдлөхөд нилээн муудаад татах уу гэхэд татъя гэсэн мөртлөө ууж чадахгүй байсан. Тэгээд “Гандан”-гийн уулзвараас хойшоо 2 дугаар эгнээсээс давхар эргэж дүрэм зөрчиж эргэх үйлдэл хийхэд замын цагдаагийн алба хаагч зогс гэж дохиур модоороо дохиод би уусан байсан тул сандраад зогсоогүй цаашаа явсан. Түгжрэлд ороод зогссон чинь цагдаагийн алба хаагч араас гүйж машины хажууд ирээд зогсох шаардлага тавьсан, би эсрэг талын толинд харахад хажуу талын урсгал чөлөөтэй түгжрэлгүй байхаар нь цагаан шугам даваад буцаж эргэх үйлдэл хийхэд цагдаагийн алба хаагч миний машины урд хүрч ирээд зогссон. Би зугтаачих гээд балмагдаад зугтахдаа машинаа урагшлуулахад замын цагдаагийн алба хаагч хойшоо газар унасан, надад мөргөе гэсэн санаа бодол байгаагүй. Унаад надад цагдаагийн алба хаагч харагдаагүй. Би хойшоо ухраад тухайн цагдаа харагдахаар нь тойроод доошоо уулзвар руу зугтаасан. “Тасганы овоо” дээр дахиад цагдаагийн алба хаагч дохиод би явган хүний замаар гараад зугтаасан. Сансарт ДСНК-ийн хажуу талын байрны орчимд зогсоолд машинаа тавиад такси бариад Г-ын хамт 5 буудал руу явж Г-ыг буулгаад би цаашаа гэртээ харьсан. Г- яг хэзээ машин дотор сэргэсэнийг мэдэхгүй байна. Би Г-ыг бууя гээд сэрээсэн байх гэж бодож байна. Бид хоёр таксинд суугаад үлдсэн архи уугаад харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 111 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 113 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгийг үзүүлж таниулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан саналдаа: Шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Хууль зүйн хувьд энэ нь гэмт хэрэг биш юм, хууль сахиулагчийг эсэргүүцэх нь өөрөө нийгмийн үзэгдэл ба эсэргүүцэл үзүүлэхдээ биеийн хүч ашигласан байхаар хуульчилсан байдаг. Зөвхөн зогсоогүйн төлөө, зугтаасны төлөө түүнийг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үзэх боломжгүй. Гэрчийн мэдүүлэгт хохирогч машин зүүн урд хэсгээрээ шүргэхэд хохирогч гараараа машин тулаад эрчээрээ хойшоо газар унасан үед нь шүүгдэгч зугтсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. Зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 15.12 дугаар зүйлд заасан цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн, зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” бол гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

Гэмт хэргийг зөвхөн үйлдэл, эс үйлдэхүй гэж тодорхойлох нь учир дутагдалтай бөгөөд, түүний заавал байх нэг шинж бол нийгэмд аюултай байх шинж юм. Аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гол шаардлага бол тэдгээр нь нийгэмд аюултай, өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэн, нийгэм, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд хохирол учруулсан, эсхүл тийм хор уршиг учрах бодит боломж бий болгосон байх явдал юм. Энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж нь хууль сахиулагчдын өдөр тутмын үүрэг гүйцэтгэхэд нь саад учруулах замаар нөлөөлж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулах явдал юм.

Тодруулбал, хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчид, хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулдгийн хувьд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь гэмт этгээд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тухайлбал "Албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэдэгт гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодод халдах хүчирхийллийн аливаа идэвхтэй үйлдэл” хийснийг ойлгоно.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн Танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс зев ялган зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан тайлбарт 2002 оны Эруугийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.2-т зааснаар "Нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелуулж буй цагдаагийн ажилтан, төрийн болон олон нийтийн төлөөлөгч, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж танхайрах үйлдлийг албаны болон иргэний үүргийн хувьд хориглон зогсоох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн шаардлагыг үл ойшоох, биелуулэхгүй байх, тэдгээрийн эсрэг бие махбодын, эсхүл сэтгэл санааны аливаа хүчирхийлэл үйлдэхийг ойлгоно. "Эсэргүүцэх нь хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх хэлбэрийн алинаар нь ч илэрхийлэгдэх бөгөөд энэ үед эсэргүүцлийн ямар ч үйлдэл хийгдсэн байж болно" гэж тодорхой тайлбарласнаас үзэхэд шүүгдэгч О.Г- нь цагдаагийн албан хаагч Б.Ж-ийг хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж авто тээврийн хэрэгслээр мөргөж зугтаан, дохиурыг нь эвдсэн идэвхтэй үйлдэл байна.

 

Хууль зүйн ойлголтоор Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж “...цагдаа”-г ойлгоно гэж заасан. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан.

Иймд шүүгдэгч О.Г-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч О.Г- өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Өмгөөлөгч би шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж ирсэн. Гэвч шүүгдэгч О.Г- хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч О.Г- “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж байна. Надад 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь зааснаар 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...О.Г- дохиур модны 40.000 төгрөг шилжүүлсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч О.Г-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 /гурав/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж,

шүүгдэгч О.Г-ад энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт О-н Г-ыг “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 /долоон мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Г-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 3 /гурав/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч О.Г-ад энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ