2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1516

 

 

 

 

 

 

 

 

 

     2025         6           06                                    2025/ШЦТ/1516

 

 

                             

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө.5МНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,

улсын яллагч Б.Өлзийжаргал /цахимаар/,

шүүгдэгч П.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Пн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Х аймгийн Мөрөн суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай урьд *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн *** дүгээр тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,  О овогт П-н У- /регистрийн дугаар ****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч П.У- нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Зайсангийн Маршалын гүүрний баруун талд байрладаг шорлог зардаг хэсэгт хохирогч Б.М-н гээгдүүлсэн “I phonе 13” /ай фоне 13/ маркийн гар утсыг авч,  бусдын эзэмшлийн эд зүйл болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.У-гийн өгсөн: “...

“...Хохирогч Б.М гар утсаа алдсан өдрөө утсаа хаячихлаа гээд шорлог зардаг газарт буцаж ирсэн гэж худлаа мэдүүлсэн байсан. Би тэр өдөр шорлог зардаг газраа орой 12 цаг хүртэл байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ****  дугаартай хавтаст хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-н хохирогчоор өгсөн:

“...2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 16-17 цагийн хооронд нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Маршалын гүүрийн баруун талд байрлах шорлог зардаг газарт шорлог худалдаж аваад машиндаа сууж идсэн бөгөөд 30 орчим  минутын дараа машинаасаа бууж шорлог авсан газрынхаа дэргэд байрлах хогийн саванд хогоо хаячихаад явсан. Тэндээсээ хөдлөөд *” орчимд явж байхдаа гар утсаа хэрэглэх гээд хайтал машинд байгаагүй ба хамгийн сүүлд шорлог худалдаж авахдаа тооцоогоо хийчихээд шорлогоо авчихаад ширээн дээр нь гар утсаа үлдээсэн байснаа санасан. Тухайн үед  шууд буцаад шорлогны газраа очиход ганцхан миний үйлчлүүлсэн шорлогны газар хаалттай, бусад нь онгорхой байсан. Маргааш нь шорлогны газрын эгчтэй очиж уулзахад “надад байхгүй, зар бичээд яг хэдэн төгрөгийн шагнал өгөхөө бичиж үлдээгээд наачих” гэж хэлэхээр нь бичиж үлдээсэн. Орой нь наасан газраа очиж үзэхэд хуулаад авчихсан байна. Дээрх үйл явдлаас хойш 2 хоногийн дараа манай нөхрийн дугаар руу шорлогны эгч согтуу залгаад “утсыг чинь манай таньдаг хүн олсон байна, тэр хүүхэд ямар ч утасгүй байгаа” гэж хэлэхээр нь 500.000 төгрөгөөр утсаа буцааж авъя гэж хэлэхэд “одоохон нөгөө хүүхэд нь утасгүй байна, надтай холбогдвол чам руу хэлье” гэж хэлээд таг чиг болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 15-16, 19-220 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Ж-н гэрчээр өгсөн:

“...Би 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр цайны цагийн орчимд эхнэр М болон хүүгийнхээ хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн уулын зам дагуу байрладаг шорлогны газарт шорлог авч машиндаа сууж байгаад шорлогоо идэж дуусаад яг хөдлөөд удаагүй байхад эхнэр М гар утсаа тухайн шорлогны газарт байхдаа ширээн дээр нь  үлдээсэн талаар надад хэлсэн. Тухайн үед би буцаж эргээд шорлогны газартаа очиход шорлогны эгч байгаагүй, бүх зүйлээ хураагаад явсан байсан. Маргааш орой нь шорлогны газрын ойр орчимд цаасан дээр гар утсаа гээгдүүлсэн, олж өгсөн хүнд шагналтай гэх агуулга бүхий зарлалын цааснуудыг нааж үлдээгээд маргааш нь ирээд харахад тэр зарлалын цааснуудыг бүгдийг нь аваад хаячихсан байсан. Тэнд байсан хүнээс асуухад ажилладаг хүн нь тэр зарлалыг аваад хаячих гээд байхаар нь аваад хаячихсан гэж хэлсэн. Нэг хоногийн дараа тухайн шорлогны газраар очиход байрлалаа өөрчилсөн, өөр хүнтэй хамт шорлог зараад зогсож байсан. Би тэр эгчийг манай тавьсан зарлалын цаасыг урж хаясан болохоор нь сэжиглээд тэр эгчид “эгчээ юмыг яаж мэдэх вэ, энэ хавиар миний гар утсыг олсон хүн явж байгаад таарч магадгүй, та над руу залгаарай” гэж хэлээд дугаараа үлдээгээ явсан. Орой нь шорлогны эгч над руу залгаад “манай нэг дүү чиний гар утсыг олчихсон байна, тэр нь 10 жилийн хүүхэд байна, 500.000 төгрөг өгөөд аваарай гэж байна, тэр хүнд холбогдох утас байхгүй, би утсыг чинь авчихаад чамд хэлье” гэх зүйл ярихад нь би зөвшөөрөөд эхний ээлжинд утсаар холбогдоод гар утсаа өгөх талаар асууж ярилцаж байгаад сүүлдээ тэр эгч уурлаад дахиж холбогдохоо больсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...I Phone 13 маркийн гар утас 1.450.000 төгрөг...” гэх тайлан /хавтаст хэргийн 30-31 дахь тал/,

Таньж олуулах ажиллагааны гэрэл зураг /хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

Хохирогч Б.М-н хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан гэх баримт /хавтаст хэргийн 91 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.У-гийн яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тэнгэрийн амны зам дагуу шорлог зараад зогсож байхад эхнэр, нөхөр хоёр манай шорлогын газарт ирээд шорлог авч идсэн. 1-2 хоногийн дараа тухайн 2 хүн ирээд утсаа гээчихсэн байна гэж хэлэхээр нь би тухайн хүмүүсийг шагналтай гээд бичиг наагаад үлдээчих гэж хэлсэн. Тухайн хүмүүс ирээд бичиг наачихаад явсан. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа нөгөө эмэгтэйтэй хажуу талын шорлогын газарт таараад “утсаа олсон уу, юу болсон бэ” гэж асуухад “олоогүй” гэж хэлсэн. Тэрнээс хойш 1-2 хоногийн дараа танихгүй 1-2 хүүхэд ирээд Айфоне загварын гар утас гаргаж ирээд “100.000 төгрөгөөр авчих” гэж хэлсэн. Тэгээд би тухайн хүнд бэлнээр 100.000 төгрөг өгөөд гар утсыг худалдан авсан.  Би тэр утсыг аваад утсаа алдсан гэх хүн рүү залгахад “очиж авна” гэж хэлсэн боловч ирэхгүй байсан учраас би гар утсыг нь гэртээ аваачсан байсан. 4-5 хоног архи уугаад манай охин хонхны баяр нь болох гээд байсан учраас би тухайн гар утсыг зараад мөнгө авчих гэж хэлсэн. Манай охин тухайн гар утсыг 100.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дэх тал/, гэрч П.У-н мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэргийн үндсэн шинжээр  тодорхойлжээ.

Гээгдэл эд хөрөнгийг завших хууль зүйн ойлголт нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн буюу өмчлөгч, эзэмшигчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран санамсаргүй хаягдаж орхисон эд хөрөнгийг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас олж авсны дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсныг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч П.У- хохирогч Б.М-н Айфоне-13 маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч нь өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заасан ба уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор заасан. Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” бол гэж гэмт хэргийн шинжид материаллаг шинжийг хуульчилсан.

 

Шүүгдэгчийн хохирогчид учруулсан 1.450.000 төгрөгийн хохирол бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч П.У-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Б.М-н мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.У-гийн өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна, би хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...шүүгдэгч П.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргав.

 

Шүүгдэгч П.У- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч П.Удраад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч П.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч П.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч П.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.У-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч П.Унадраад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч П.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.М-н “хохирол төлбөрт 1.450.000 төгрөгийг өөрийн дансанд хүлээж авсан, надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх баримт /хх-91 дэх тал/ авагдсан байх тул  шүүгдэгч П.У-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч П.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч П.У- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч О овогт Пн У-г “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч П.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч П.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                  

5. Шүүгдэгч П.У- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ