2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1603

 

 

 

 

 

 

 

 

 

     2025          6           18                                    2025/ШЦТ/1603

 

 

                             

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Л.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос У  овогт Л-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын  5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Буянт-Ухаа *** дугаар гудамжны **** тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, У  овогт Л-н Н- /регистрийн дугаар ***/.

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н- 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М” төвийн зүүн талд байрлах барилгын ажлын талбайгаас хохирогч М.Д-гийн эзэмшлийн 1 ширхэг 1600А хүчин чадалтай “Busway” /Баасвэй/ цахилгааны кабелийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н-н өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хохирол төлбөр төлж барагдуулна, буруугаа ойлгож байгаа...”  гэх мэдүүлэг, 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8-12 дахь тал/,

 

Хохирогч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай “***” ХХК-ийн эзэмшлийн 1 ширхэг цахилгаан дамжуулах хэрэгсэл буюу ***” нэртэй кабелийг барилгын ажилд хэрэглэх зорилгоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, **” төвийн хашааны зүүн талд ашиглахад бэлэн байлгахаар манай компанийн менежер зөөж камерийн доор байрлуулж тавьсан. Манай компаниас ээлжлэн ажилтнууд хянаж байсан. Маргааш нь буюу 3 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчимд манай инженер Л тус байрлуулсан Зэс шин” -ийг алга болсон талаар мэдэгдэж түүний дагуу Л “М”-гийн хяналтын камерийг шүүж үзэхэд тус бичлэг дээр 3 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн машинтай 30-40 орчим насны хар өнгийн хувцастай эрэгтэй хүн тухайн Зэс шин” -ийг тус тээврийн хэрэгсэл рүү зөөж байгаа нь камерт бичигдсэн байсан. Би хяналтын камерийн бичлэгийг хуулбарлаж аваад өөрийн инженер болон менежерээс асуухад манай компанид цагийн ажил хийж байсан Н- гэх залуу авч явсан нь тогтоогдсон. Тэгээд манай инженер менежерүүд Н-тэй холбоо барихад буцааж өгнө, би аргаа бараад ийм зүйл хийчихлээ, нэг газар тушаачихлаа гэсэн мэссеж бичсэн байсан. Хохирлоо үнэлгээний дагуу нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 21-22 дахь тал/,

 

Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...М” дээр гүүр шинийн ажил аваад доороо туслах ажилчид авсан. Туслах ажилчид шөнөөр ажил хийнэ гээд орой 9 цагаас өглөөний 1, 3 хүртэл ажилладаг байсан. Бид нар тэр хооронд материал нааш нь цааш нь зөөх ажил хийдэг. Цагаан сарын өмнө мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь нөгөө хүмүүст нь тодорхой хэмжээний мөнгийг нь өгсөн. Тэрний дараа манайх материал дутчихсан учраас дахин 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр материал захиалаад 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өмнө нь авчихсан материал ирсэн. Бид нар ажилдаа оръё гэж холбогдоход би энэ ажлыг хиймээргүй байна гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар сарын 29-ний өдөр шинийг хулгайлсан байсан. Бид нар 3 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн. Л.Н-д зэс шинийг авч явах ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй, мэдэгдэлгүйгээр авч явсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын “...900.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай “...Л-н Н- /РД:***/ нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялаас 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төлөлт хийгдээгүй байна...” гэх албан тоот /хавтаст хэргийн 68 дахь тал/,

 

Ялтан “Л.Н- торгох ялын 2.700.000 төгрөгийг хуулийн хугацаанд хэсэгчилсэн төлөлт хийгээгүй тул өнөөдрийн байдлаар 2.700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэх ялын тооцоо /хавтаст хэргийн 69 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Н-н яллагдагчаар өгсөн:

“...2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-ийн туслах ажилтнаар ажиллаж байгаад 700 метр зэс шин тогтоох ажил аваад 600 метр суурилуулж дуусаад цалингаа авах ёстой байтал цалингаа өгөөгүй бөгөөд 3 дугаар сарын 28-ны өдөр үлдсэн шинийг тогтоох зорилгоор М”-гийн зүүн талд очиход тухайн компанийн зүгээс хүчдэлтэй шугам дээр гарч зэс шинийг суурилуулах ажил өгсөн. Тэгээд би тухайн компанид мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстой гэж хэлээд өөр гаднаас мэргэжлийн ажилчид аваад дуусгачих, би үлдэгдэл 120 метр зэс шин тогтоох ажлаа хийж дуусгаад мөнгөө авъя гэж хэлэхэд орой нь Л бид нарыг ажил дээр дуудаад “та нарыг захирал болиул гэсэн гэж хэлсэн. Маргааш нь би захирал руу холбогдох гэтэл гар утсаа авахгүй байсан. Маргааш нь Л-той уулзахад захирал шууд болиул, битгий ажиллуул гэж хэлсэн. Би 17 цагийн орчимд ажлаас буугаад тарж байх үеэр зүүн талын барилгын хашаан дотор ил хураалттай байсан зэс шинээс нь 1 ширхэгийг аваад өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 маркийн машинд хийгээд авч явсан. Тэгээд Нисэхийн эцэст байрлах эд авдаг газарт 120.000 төгрөгөөр өгсөн. Манай охин Солонгос явах гээд яаралтай мөнгөний хэрэг гарсан тул түүнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Н- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Д-гийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Н- 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М”-ын зүүн талд байрлах барилгын ажлын талбайгаас хохирогч М.Д-гийн эзэмшлийн 1 ширхэг 1600А хүчин чадалтай “Busway” /Баасвэй/ цахилгааны кабелийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш буюу 900.000 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Л.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Л.Н- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Л.Н- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх байна.

 

Иймд шүүгдэгч Л.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Л.Н-г гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчид Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох торгуулийн ял биелүүлээгүй байх тул тус ялыг 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 15 нэгжийг 1 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар сольж нийт 180 хоногоор солих саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүнд 1 жил, 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, бүсчлэлийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэх санал гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Л.Н-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 449 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссаны дараа тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын “...900.000 төгрөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 30-33 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Л.Н-гээс нийт 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Дагважанцанд олгох нь зүйтэй байна.

 

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж,

шүүгдэгч Л.Н- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У овогт Л-н Н-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссаны дараа тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тус тус тайлбарласугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н- зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-гээс 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Д-нд олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шүүгдэгч Л.Н- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ