Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч С.Өлзийбат, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2015/ тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Содномын Өлзийбатад холбогдох эрүүгийн 201724000270 дугаартай, 105/2017/0478/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж, 484в тоотод оршин суух, Буурал овогт Содномын Өлзийбат, /РД:ВЮ60111419/,     

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Өлзийбат нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Монелийн 20 дугаар гудамжинд согтуурсан үедээ Тоёота Раум маркийн 59-61 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а, 2.5.б, 2.5.в, 2.7.а, 2.3.а, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нарангэрэлийг мөргөж, Х.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, дээрх автотээврийн гэмт хэрэгт холбогдсон жолооч С.Өлзийбат хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Өлзийбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 08-ны орой 17 цаг өнгөрч байхад гэртээ ганцаараа байж байгаад 0.5-тай архинаас ууж байгаад гэр усгүй байхаар нь усанд явсан. Усаа авчихаад булан тойроод гарч ирэхэд хохирогч хүүхэд гараад ирсэн. Тэгээд хүн орилох шиг болохоор нь 40-50 метр яваад зогссон ээж нь ирээд хүүхэд дайрчихлаа гэхээр нь гайгүй юм байна 5-6 хаалганы зайтай юм байна гээд гэр рүүгээ явж орсон тэгээд хойноос цагдаа орж ирсэн. Тухайн орой гэмтлийн эмнэлэг орж хөлийг гипсдүүлсэн. Түүнээс хойш 2-3 удаа гэмтлийн эмнэлэг авч явсан, хэвтрийн дэглэм сахиад гайгүй болчихоно гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч С.Өлзийбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 16 цагийн орчим 0.5 л Хараа архи уусан юм. Тэгтэл ам хатаад гэртээ ус уух гэтэл ус байхгүй болохоор нь худаг орж ус авах гээд хашаанд байсан хүү Чинбаярын 59-61 УНВ улсын дугаартай ягаан өнгийн Т.Раун маркийн автомашиныг унаад худаг руу явсан. Буцаад харих гэж яваад Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Монелийн 20 дугаар гудамжинд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун тийшээгээ явж байгаад машиныхаа зүүн урд дугуйгаараа гудамжинд явж байсан эмэгтэй хүүхдийн хөл дээгүүр гарсан байсан. Би худгаас ус авч байснаа санаж байгаа юм, тэрнээс хойш огт санахгүй байна. Салхинд цохиулаад тасарсан юм шиг байна лээ. Нэг санахад гудмаар явж байхад 16-17 насны охины хажуугаар өнгөрсөн. Цаашаа 20 орчим метр явж байтал нэг хүүхэд араас хашгираад хүүхэд дайрчихлаа гэсэн. Би машинаа зогсоогоод буутал нөгөө охин босоод гэр рүүгээ орж явсан. Тэгэхээр нь гайгүй юм байна гэж бодоод машиндаа суугаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг. /хх 50-56 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Х.Нарангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гудамжаар явж байтал араас нэг машин ирж явсан, би тэр машиныг хараад замаас холдоод зүүн гар тал руугаа хашаа руу шахаад зогсож байтал хажуугаар гарахдаа зүүн урд хэсгээрээ намайг мөргөөд би газарт унатал хойд талын дугуйгаараа миний баруун хөлийн урд хэсгийг дайраад шууд яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 12-15 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Солонгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16:30 цагийн орчим Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Монелийн 20 дугаар гудамжинд манай төрсөн хүүхэд Х.Нарангэрэл нь машинд мөргүүлж биедээ гэмтэл авсан юм. Тухайн өдөр би гэртээ байж байтал гадаа манай хүүхэд ээжээ гэж дуудах сонсогдохоор нь гартал Х.Нарангэрэл гудамжинд машинд мөргүүлсэн газарт хэвтэж байсан. Харин мөргөсөн машин нь 40-50 метр яваад зогссон байсан. Тэгэхээр нь би та хүүхэд дайраад яваад өгсөн байна гэж хэлтэл юу ч дуугарахгүй буцаж машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх 16-18 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Б.Чинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тоёота Раум маркийн 59-61 УНВ улсын дугаартай машин миний нэр дээр байдаг юм. 2016 оны 02 дугаар сараас унаж байгаа. Гэхдээ хаяа манай төрсөн аав С.Өлзийбат нь унадаг байсан. Уг ослоос болж миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, тийм болохоор ааваасаа нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хохирсон хүний эмчилгээний зардлыг аавтай хамтран шийдэж хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг. /хх 25-26 дугаар хуудас/,

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹234 актад “Х.Нарангэрэлд баруун хөлийн 1-р хурууны өлмий ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэжээ /хх 33 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 35-38 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт /хх 40 дүгээр хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан магадлалд С.Өлзийбат нь 2.51 хувь гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов гэжээ /хх 8 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 58 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Өлзийбат нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 16:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Монелийн 20 дугаар гудамжинд согтуурсан үедээ Тоёота Раум маркийн 59-61 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а, 2.5.б, 2.5.в, 2.7.а, 2.3.а, 9.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нарангэрэлийг мөргөж, Х.Нарангэрэлийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, дээрх автотээврийн гэмт хэрэгт холбогдсон жолооч С.Өлзийбат хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Өлзийбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч С.Өлзийбатад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

С.Өлзийбатын 909497 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Өлзийбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.