Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2022/0710

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С***** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*****

Хариуцагч: Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г***** нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л***** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С***** ХХК-иас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Улсын бүртгэгч Г.Г*****ийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 хороо,3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** дугаар байрны *****, *, * тоот орон сууц, автомашины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 11-21511717 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, С***** ХХК-ийн эд хөрөнгийн эрхийг бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/0**** дугаар захирамжаар хариуцагч Т*** ш** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 950,000,000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулах, хэрэв хариуцагч нэхэмжлэгчийн төлөөлөгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хариуцагч М.Б*****ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** байр ****, *, * тоот хаягт байршилтай, 312 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, Т*** Ш** ХХК, М.Б***** нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна./х.х-н-10/

3. Улмаар Т*** Ш** ХХК болон М.Б***** нар нь эвлэрлийн гэрээний хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч М.Б*****ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** байр *****, *, * тоот хаягт байршилтай, 312м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, мөн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2019/***** дугаартай захирамжийг гаргажээ./х.х-н-9/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ахлах дэслэгч Б.Д*****ийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-оор 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулжээ./х.х-н-13-19/

5. Уг дуудлага худалдаагаар М.Б*****ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** байр *****, 5, 6 тоот хаягт байршилтай, 312 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны ялагчаар С***** ХХК шалгарч, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Г*****ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/19 дугаар С***** ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Х.О*****ын 1-167/6219 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх үл хөдлөх хөрөнгийг С***** ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг даалгасан байна. /х.х-н-20-21/

6. Улмаар С***** ХХК нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлгийг холбогдох нотлох баримтын хамт 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ..Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн... гэх шалтгаанаар татгалзсан тухай 11-215**** дугаар мэдүүлгийг гаргасан байна. С***** ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 748 дугаар албан бичгээр 11-215**** дугаартай гаргасан бүртгэлийн мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэх хариу өгчээ. /х.х-н-25-27/

7. С***** ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

8. Нэхэмжлэгч С***** ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анхны болон хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан. Энэхүү дуудлага худалдааны хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Эрхийн Улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу, *** дугаар байрны *****, *, * тоот орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нийтэд мэдээлсэн байсан бөгөөд манай компани нь хуульд заасны дагуу холбогдох дэнчинг байршуулж, хүсэлтээ гарган дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Г*****ийн 2021 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн 11/19 дүгээр Өмчлөх шилжүүлэх тухай тогтоол гарч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эмчлэх эрхийг дуудлага худалдааны ялагч болох манай компанид шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч 2022 оны дүгээр сарын 04 - ний өдөр хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх шалтгаанаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч манай компаниас дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч 2022 оны 04 дүгээр сарын 29- ний өдөр улсын бүртгэгчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай компани нь төрийн эрх бүхий байгууллагаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд хуульд заасан болзол шаардлагыг ханган оролцож, дуудлага худалдааны ялагч болж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэгдсэн Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, 62-6 дугаар байрны *****, *, * тоот орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 530,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хуулийн хугацаанд 530,000,000 төгрөгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндсэн дээр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцож, үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу худалдан авсан байхад хариуцагч байгууллага нь худалдан авсан эрхийг бүртгэхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулсан, хууль бус үйлдэл гэж үзэж байна. гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г***** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрхийн Улсын бүртгэлийн Ү-22060***** дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** байрны ***** тоот орон сууц, *, * тоот хаягт байршилтай авто зогсоолын өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар М.Б*****ы өмчлөлд бүртгэлтэй байна.  "С*****" ХХК- ийн 2022 оны 03 сарын 30-ны өдөр дээрх хаягтай ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өмчлөлдөө шилжүүлэн бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.8-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд "М*** ф******" ХХК-тай 2007 оны 10 сарын 30-ны өдөр байгуулсан 10-30/* дугаартай барьцааны гэрээ мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 06/3*** дугаартай албан бичгийн хавсралт Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 10**дугаартай прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тусгай тэмдэглэл эрхийн улсын бүртгэлд тус тус бүртгэгдсэн байсан бөгөөд өнөөдрийн байдлаар хэвээр байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 д заасны дагуу шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тусгай тэмдэглэлийг хүчингүй болгох, мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны эрхийг дуусгавар болгохыг дурдаж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 - д эрхийн улсын бүртгэлд хийгдсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тусгай тэмдэглэл бүртгэлтэй тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглох, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 20.1.1, 20.1.3- д өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй бол бүртгэхээс татгалзах гэж заасан байх тул эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлгийг буцаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. С***** ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.С***** ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаагаар худалдаж авсан Эрхийн Улсын бүртгэлийн Ү-22060***** дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** байрны ***** тоот орон сууц, *, * тоот хаягт байршилтай авто зогсоолыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргажээ.

3. Хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно, мөн хуулийн 24 дүгээр зүйл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Барьцаалагчийн эрхийг барьцаалбараар гэрчилсэн бол барьцаалуулагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаалбарыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргана., 20.3 дахь хэсэгт Улсын бүртгэгч барьцаалбарт гэрээ байгуулсан он, сар, өдөр, газрыг тэмдэглэж, гарын үсэг зурж, тэмдэг дарах бөгөөд хуулбарыг нь хувийн хэрэгт авч, ажлын 3 өдрийн дотор бүртгэн барьцаалагчид эх хувийг буцаана., 20.1.10 дахь хэсэгт улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх; гэж заасныг тус тус үндэслэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албадан дуудлага худалдааны журмаар нэхэмжлэгч С***** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг барьцаалбараар хангагдах ёстой байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх үүргийг биелүүлж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Г*****ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/19 дугаар С***** ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Хурандаа Х.О*****ын 1-167/6*** дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх үл хөдлөх хөрөнгийг С***** ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг даалгасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 10** дугаартай прокурорын шийдвэрээр тус үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тусгай тэмдэглэл хийсэн гэсэн үндэслэлээр С***** ХХК-ийн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.

6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэл нь заавал биелэгдэх шинжтэй байх бөгөөд мөн хуулийн 8.1 дэх хэсэгт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт ипотек /барьцаа/-ийн гэж зааснаар 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1030/* дугаартай барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд энэ нь тусгай тэмдэглэл биш харин эд хөрөнгийн улсын бүртгэлийн төрөлд хамаарч байна.

7. Өөрөөр хэлбэл, дээрх барьцаалбарын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10** дугаар прокурорын тогтоол гарч 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн, барьцаа нь тусгай тэмдэглэлээс өмнө хийгдсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.

8. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах бөгөөд мэдүүлэгт дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр, гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэл, тэдгээртэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана., 11.9.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ. гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг С***** ХХК-ийн нэр дээр бүртгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул С***** ХХК-иас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Улсын бүртгэгч Г.Ганцэцэгийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 хороо,3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** дугаар байрны ****, *, * тоот орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 11-2151**** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, С***** ХХК-ийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.5, 11.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С***** ХХК-иас Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Улсын бүртгэгч Г.Г*****ийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060***** дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,3 дугаар хэсэг, Зайсангийн тойруу гудамж, *** дугаар байрны ****, *, * тоот орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 11-2151**** дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, С***** ХХК-ийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ