Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар  2021/ДШМ/471

 

 

 

 

 

 

  2021           5            18                                          2021/ДШМ/471                           

 

 

      Э.Да, Х.Дадо нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Э.Да, Х.Дадо, тэдний өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Да, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Да, Х.Дадо нарт холбогдох эрүүгийн 1911 02591 0111 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Да, Х.Дадо нар нь Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 20-21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 12-127а тоотод оршин суух, хэрэгт холбогдон шалгагдаагүй Н.Тын гэрт очиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, гэртээ амарч байсан Н.Тыг хувцсаа хурдан өмсөхийг шаардаж, нэр төрийг нь доромжлон, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах, зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах, баривчлагдсан хүнийг эрүүл мэндийн болон холбогдох байгууллагад албадан хүргэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, албаны болон бусдын орон байрыг эзлэн авсан, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх, олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах, тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн зугтаасан тохиолдолд хэрэглэнэ”, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт “албадлагын арга хэмжээг нэн тэргүүнд хэрэглэхгүй байх нийтлэг шаардлагыг баримтална”, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа олгоно” гэсэн заалтуудыг зөрчиж, түүний гарт нь гав зүүн эрх чөлөөнд нь халдан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны байранд дагуулж очсон, улмаар Н.Тыг нөхөр Б.Бн хаана байгаа газрыг зааж өгөхийг шаардаж шөнийн 00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дагуулж яван, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Да, Х.Дадо нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хангийн анчин овогт Энхжаргалын Да, Боржигон овогт Хишигтогтохын Дадо нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Да, Х.Дадо нарыг тус бүр 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу /1 нэгж = 1000 төгрөг/ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Да, Х.Дадо нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Да, Х.Дадо нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Э.Да, Х.Дадо нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Да, Х.Дадо нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Да давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөгийн цаг үеийн байдлаас шалтгаалан цагдаагийн алба хаагчдын ажлын ачаалал, цалин, хангамж, хүн хүчний хүрэлцээ дутмаг хүнд хэцүү нөхцөл байдалд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдынхаа нэгэн адил миний бие цагдаагийн байгууллагад 10 гаруй жил ажиллахдаа хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн.

Цаашид ч Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн болон журамт үүргээ ёсчлон биелүүлэх өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулийг чанд сахин, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөн, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар хөдөлмөрлөж буй итгэл төгс цагдаагийн алба хаагч юм.

Өөрийн үйлдлийг зөвтгөхийг урьтал болголгүйгээр цагдаагийн байгууллагын ажил нь нийгмийн дандаа хар бараан талд нь явж, хуулиар олгогдсон хүний эрх чөлөөнд халдаж байдаг бөгөөд Монголчууд ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг, ажил хийгээгүй хүн алдаа гаргадаггүй гэх яриа байдгийн учир 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа хамтран ажилладаг Х.Дадоийн хамтаар иргэн Н.Тыг хууль бусаар баривчлах, саатуулах буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоолоор бид хоёрыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3.500.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түдгэлзүүлэн Үндсэн хуулийн цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу тухайн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол шүүгч хэргийг түдгэлзүүлэхээр заасны дагуу өмгөөлөгч О.Анхбаяр хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль буцаан хэрэглэхээр хуульчилсныг буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан хуулийн заалтыг ноцтой зөрчиж хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчсөн.

Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж тус тус хуульчилсны дагуу Х.Дадоийн хамт холбогдон шалгагдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгч Н.Баярмаа “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая” гэсэн тангараг, хууль тогтоомжийг ноцтой зөрчин хууль бус шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Гэрч М.Эгийн мэдүүлэгт “...Цагдаагийн алба хаагч нар тухайн үед Тыг “хулгайч минь чи хэлээч” гэж айлган сүрдүүлсэн маягтай харьцаад байсан ...Хэл амаар доромжилсон байдалтай харьцаад байсан...” гэж мэдүүлсэн нь тухайн үйл явдал нөхцөл байдлыг бус өөрийнхөө бодлыг илэрхийлсэн, гэрч С.Нэргүй мэдүүлэгт “...гарт нь гав зүүгээд авч явсан...” гэж автомашинд явж байх үед болсон нөхцөл байдлыг хамт байснаар мэдүүлсэн нь нэгдмэл ашиг сонирхолтой хохирогч, гэрч нарын эргэлзээтэй мэдүүлгүүдээр яллаж байгаа нь прокурор, мөрдөгч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй хэт яллах талыг баримталсан гэж үзэж байна.

Хохирогч Н.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрчийн мэдүүлэгтээ “...2019 оны 3 дугаар сард хорихоос гарч ирээд дахиж хэрэгт холбогдохгүй гэж амлаж, надтай хамт “Тест тайм” гэдэг газар ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сарын үеэр хувцас хунар хамаг юм аа аваад яваад өгсөн. Б.Б тэгж явснаас хойш дахиж эргэж ирээгүй. Надтай дахиж холбогдоогүй. Миний ойлгосноор цагдаа нарт баригдмааргүй байна гээд яваад өгсөн юм байна лээ. ...Би угаасаа мэдэхгүй байсан болохоор түүний хаана байгааг мэдэхгүй гэдгээ хэлсэн. ...Да нь “чи Бг олоход бидэнд тусла” гээд байсан. Би угаасаа мэдэхгүй байсан болохоор “түүний хаана байгааг мэдэхгүй гэдгээ хэлсэн. ...Би худлаа яриагүй. Хэн нэгнийг гүтгээгүй. Үнэндээ Б.Б ч надад хамаа алга. Тухайн хэрэг асуудалдаа шалгагдаад явах байх” гэж мэдүүлсэн.

Гэтэл Б.Бн эрэн сурвалжлагдаж байсан 1909 00000 0807 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.Т нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард-Аюушийн 14 дүгээр гудамжинд Б.Бтай уулзаж байх үед нь баривчилсан, уг гудамжны 388 тоотод байрлах нийтийн байранд Н.Т нь өрөө түрээслэн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш тус байранд Б.Бн хамтаар амьдарч хаана байгааг нь мэдэж байсан болох нь тогтоогдсон.

Иймд Н.Т нь тухайн нөхцөл байдалд амиа хорлох, үхэх талаар гаргасан үйлдэл, яриа өгүүлэл нь ээж С.Нэргүй болон Э.Да миний мэдүүлгүүдээр тогтоогддог бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б.Бн талаар худал мэдүүлсэн зэргээс үзэхэд Х.Дадо бид хоёрын талаар Б.Бн дарамт шахалт, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас өөрийн үйлдлийг ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээ төрж байх тул түүний сэтгэцийн байдлыг тодорхойлуулах хүсэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр гардаж аваад шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:

Өмгөөлөх талаас шүүгдэгч Э.Да, Х.Дадо нарыг гэм буруугүй гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанд гаргадаг. Энэхүү дүгнэлтээ дараах үндэслэлээр анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд “...хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан...” гэж тухай гэмт хэргийн объектив талыг заасан байдаг. Энэ заалтыг тайлбарлавал цагдаагийн алба хаагч нь хуульд заасан үндэслэлийг зөрчсөн буюу хуульд заасан үндэслэлээс гадуур, үндэслэлгүйгээр хүний эрх чөлөөнд халдсан гэх ойлголт байна. Дараагийн ойлголт бол үндэслэл нь байв ч хэрэгжүүлэх дэс дараалал буюу журмаа зөрчсөн байхыг хэлнэ.

Хэргийн үйл баримтыг авч үзвэл Э.Да, Х.Дадо нар нь оройн цагаар айлд нэвтрэх, хүнтэй уулзалт хийхээр төрийн байгууллага руу авч явах, бас хүнийг гавлах эрхгүй байсан уу гэх асуудал урган гарч ирдэг. Гэтэл Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчдад айлд нэвтрэх эрх байдаг, бас оройн цагаар хүнийг гэрээс нь авч явж болохгүй гэж үүрэг болгосон хуулийн хориглосон заалт байдаггүй, мөн хүнийг гавлах бүрэн эрх хуулиар бүрэн олгогдсон байдаг.

Н.Тын гэрт нэвтрэн орох, хүнийг гэрээс нь авч гарах, гарт нь гав зүүх ажиллагааг явуулахдаа дэс дараалал буюу хэрэгжүүлэх журмаа зөрчсөн эсэхийг нотлохын тулд энэхүү ажиллагааг хэрхэн яаж, ямар дэс дарааллаар гүйцэтгэн явуулдаг болохыг нарийвчлан журамлаж зохицуулсан байдаг уу, хэрэв байдаг бол уг журмын яг ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөнийг нотолсон уу гэвэл үгүй юм. Прокуророос Цагдаагийн албаны тухай хуулийн 48, 52 гэх заалтуудыг зөрчсөн хэмээн ялладаг. Анхан шатны шүүх яагаад ямар учраас, ямар үндэслэлээр прокурорын энэхүү дүгнэлтийг баримтлан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа болохоо шийдвэртээ огт дүгнэж бичээгүй байдаг. Прокурорын зөрчсөн гэж дүгнэдэг Цагдаагийн албаны тухай хуулийн 48.1.2, 52.1 дэх заалтууд нь, яагаад өмгөөлөгчийн няцаалт хийдэг 28.1, 48.1.3, 52.1.3 дахь заалтаас илүү үндэслэлтэй болоод байгаа болох, шүүх талуудын харилцан эсрэг байр суурь бүхий үндэслэлүүдээс нэгийг нь сонгон авахдаа, уг тайлбар, үндэслэлийг сонгох болсон шалтгаан, нөгөөг нь няцаасан үндэслэлээ тайлбарлах ёстой байтал огт тэгээгүй байна.

Өмгөөлөх талаас Э.Да, Х.Дадо нарыг Цагдаагийн албаны тухай хуулийн 28.1-д “Цагдаагийн алба хаагч хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн талаарх гомдол, мэдээллийг шалгахдаа бусдын орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах эрхтэй.” буюу хохирогч Н.Тын гэрт нэвтрэх, хуульд заасан бүрэн эрхтэй байсан гэж яллах талтай мэтгэлцсэн байдаг.

Цагдаагийн албаны тухай хууль болоод бусад ердийн хуульд цагдаагийн алба хаагч нь хүнийг гэрээс нь, оройн цагаар, уулзах зорилгоор дагуулж авч явахыг хориглоно гэсэн заалт огт байдаггүй. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зөвхөн хуульд заасан үндэслэл журмыг зөрчих гэдэг объектив талтай хэрэг болохоос санааны зоргоор, дур зоргын шинжтэйгээр, практик ойлголтоор хуульд заагаагүй объектив тал гарган ирж бусдыг яллаж болохгүй юм.

Гарт нь гав зүүсэн үйлдлийн тухайд Цагдаагийн албаны тухай хуулийн 47.1-д “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.” гэж заасан байна. Энэ заалт бол цагдаагийн алба хаагчид эрх олгож буй ерөнхий заалт юм. Мөн Цагдаагийн албаны тухай хуульд албадлага хэрэглэх нийтлэг шаардлагыг тусгасан байдаг бөгөөд энэ хуулийн 48.1.3-т тусгай хэрэгсэл буюу гавыг тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэж байхаар заасан байна. Ингэхээр цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулиар албадлага хэрэглэх ерөнхий эрх болоод нийтлэг шаардлага хоёроор бусдад гав зүүх бүрэн эрхтэй байна. Одоо ерөнхий эрх олгосон заалт болон нийтлэг шаардлагыг цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн тусгайлсан зохицуулалттай холбож ойлгон хэрэглэх ёстой. Тусгайлсан заалт гэдэг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 52.1.5-д “хяналтад байгаа хун амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх,” гэх заалт юм. Уг заалтын “Хяналтад байгаа хүн” гэдэг ойлголтыг үгийн шууд утгаар нь хөөвөл хууль тогтоогч энэхүү ойлголтыг маш өргөн хүрээнд ойлгож болохоор заасан байна. Учир нь хяналтад байгаа “хүн” гэж бичсэнээс дүгнэхэд цагдаагийн алба хаагчийн хяналтад орж байгаа хэн ч байж болох нь тодорхой байна. Бас “хяналтад байгаа” гэдгийг цагдаагийн алба хаагчтай ямар нэг байдлаар уулзаж, харилцаанд орж байгаа ямар ч хүнийг ойлгож болохоор харагдаж байна. Жишээ нь: цагдаагийн алба хаагч гудамжинд сэжиг бүхий иргэний бичиг баримтыг шалгаж дуусаад салж явах хүртэлх хугацаанд тухайн иргэн ямар нэг байдлаар цагдаагийн алба хаагчийн хяналтад орж байдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болоогүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр заасан байдаг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тусгана гэсэн байна. Э.Да нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн, шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгтэй танилцахад, шүүхийн зүгээс Э.Да, Х.Дадо нар нь гэмт хэргийг ямар аргаар үйлдсэн болохыг дүгнэж бичсэн зүйл огт тусгагдаагүй. Мөн шүүгдэгч нарын гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хэрхэн үзэж байгаа талаар дүгнэлт байхгүй. Энэ гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн хамгийн гол шалтгаан, нөхцөл нь юу болох талаар бичээгүй байна. Бас гэм буруугийн хэлбэр буюу Э.Да, Х.Дадо нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж ойлгож байсан юм уу, эсвэл өөрсдийн үйлдлийг хууль ёсны гэж үзсэн юм уу, энэ талаарх дүгнэлтийг тогтоолдоо мөн л тусгаагүй байна. Хохирогчоор тогтоогдсон этгээдэд ямар шинжтэй, хэр хэмжээний хохирол учирсан болохыг тодорхойлох хэсэгт тусгасан зүйл юу ч байхгүй байна.

Ийм “ядмаг” хууль зүйн дүгнэлт хийчихээд, бас хуульд тусгайлан заасан, тодорхойлох хэсэгт заавал тусгах ёстой шаардлагуудыг шийтгэх тогтоол дээрээ огт бичээгүй байж, хүнийг гэм хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож байгаа нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж буй хэрэг юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрээр нь үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг нь тусгана гэсэн байдаг. Гэтэл тодорхойлох хэсэгт хохирогчийн гарт гав зүүх үйлдэл хийсэн шүүгдэгч Э.Да нь энэ хэрэгт ямар оролцоотой болох, хохирогчид гав огт зүүгээгүй зөвхөн автомашин барьж, хамт явалцсан шүүгдэгч Х.Дадо энэ хэрэгт үйлдлээр оролцсон уу, эсвэл эс үйлдлээр оролцсон уу, эдгээрийн аль нь болох талаар, ер нь энэ хоёр хүн энэ хэрэгт ямар оролцоотой болох талаар шүүхээс дүгнэсэн үнэлэлт дүгнэлт огт бичигдээгүй байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар хуульд заасан наад захын дүгнэлтийг тогтоолдоо бичээгүй мөртлөө шүүгдэгч Э.Да, Х.Дадо нарыг гэм буруутай гэж үзсэн нь туйлын ойлгомжгүй байна. Бичиг үсэг тайлагдсан ямар ч хүн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулаад биччихэж чадна. Гэхдээ шүүхийн шийдвэр гэдэг бол нотлох баримтыг үнэлсэн, нөхцөл байдлыг дүгнэсэн, хэргийн оролцогчид уншихад л хуулийг тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэл бүхий, ойлгомжтой байх ёстой. Гэтэл энэ хэргийн тогтоолд сэдэлт, зорилго, арга, үйлдэл оролцоо, шалтгаан, нөхцлийг дүгнэсэн дүгнэлтийг бичээгүй мөртлөө хэргээс мэдүүлэг хуулж бичээд шууд хүнийг гэм буруутайд тооцсон байна.

Энэ бүгдээс дүгнэхэд Э.Да, Х.Дадо нар нь хэрэг гарсан тухайн нөхцөл байдалд бусдыг гавлах, гэрт нь нэвтрэх бүрэн эрхтэй болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйл, Цагдаагийн албаны тухай хуулийн 28.1, 47.1, 52.1.5 дахь заалт, Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.3, 13.2.3, 13.2.6 дахь заалтуудаар тогтоогдож байна. Өмгөөлөх талын энэхүү үндэслэлийг анхан шатны шүүх нь, шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хэрхэн няцааж, үгүйсгэж байгаа болохоо огт бичээгүй байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад шүүх шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцсон хэсэгт өмгөөлөгчийн санал, үндэслэлийг хэрхэн няцааж байгааг тодорхой дурдан бичиж байх ёстой гэсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Дадо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Н.Тыг Б.Бтай адил гэмт хэрэгтэн гэж үздэг. Н.Тын утсан дээр Б.Бн хулгайлсан эд зүйлийн зураг байсан талаар эрүүгийн ахлах мөрдөгч дурдсан. Түүнийг асууж өгнө үү гэж хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй. Хэрэв бид хоёрыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй бол Н.Тыг Б.Бн хэрэгт холбогдуулан баримтжуулах байсан.” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Да, Х.Дадо нар хохирогч Н.Тын гэрт ямар зорилгоор очсон бэ гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б гэгчийг олж илрүүлэхийн тулд оройн цагаар очсон. Оройн цагаар хүч хэрэглэж явахыг зөвшөөрөөгүй байхад хүч хэрэглэж гарт нь гав зүүж “чамайг ганц худагт хорино, хулгайчийг хаана байгааг хэлж зааж өг” гэж 3 дүүргийн нутаг дэвсгэрийг дамжуулан эрх чөлөөнд нь халдаж дагуулж явсан болох нь тогтоогдсон. Энэ гэмт хэрэг гарах болсон сэдэл зорилго нь хэрэгт холбогдсон Б.Б гэгчийг олж илрүүлэх зорилготой байсан. Н.Т тухайн хэрэгт холбогдолгүй болох нь Б.Бн хэрэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр Н.Т нь хэрэгт холбогдож шалгагдаагүй. Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байсан болох нь тогтоогдсон. Харин хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Н.Т нь хулгайн эд зүйлийг зарж борлуулдаг байсан гэж хэрэгт авагдаагүй зүйлийн талаар ярьсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Н.Т нь тухайн хэрэгт ямар ч холбогдолгүй зөвхөн гэрчийн байр суурьтай байсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цагдаагийн албан хаагч нь хүний эрхэд халдах эрхтэй гэж ярьдаг. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт монгол улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл журмаас гадуур хүний эрх эрх чөлөөг зөрчих хууль ёсны ашиг сонирхолд нь халдахыг хориглоно гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж хуульчилсан. Цагдаагийн албан хаагч хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэний ч эрх, эрх чөлөөнд халдах эрх ямар ч хуулиар олгогдоогүй. Гэтэл цагдаагийн албан хаагч хүний эрхэд халдах хуулиар олгогдсон эрхтэй гэж ярьж байгаа нь ойлгомжгүй. Монгол улсын үндсэн хуулиар халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” гэж хуульчилсан. Хавтас хэрэгт авагдсан баримтаар Н.Т нь Б.Бн эхнэр болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хянаж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол нь хуулийг буруу хэрэглэсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Да, Х.Дадо нар үйлдлээрээ нэгж хүний эрх чөлөөнд халдаж, дайрч доромжилж, 3 дүүргийн нутаг дэвсгэрээр дагуулж явж “хулгайчийг олж өг” гэж байгаа нь үйлдлээрээ нэгдэж гүйцэтгэгчийн байр суурьнаас оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон. Харин шүүгдэгч Э.Да, Х.Дадо нарыг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнд хуулийг буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй. Үндсэн хуулийн цэцээс 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 04 дугаартай дүгнэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт заасан “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан. Э.Даийн давж заалдах гомдолд дурдсан хэргийг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэг нь эргэлзээ төрүүлж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдаагүй. Шүүгдэгч Э.Да анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хүн амиа хорлох гээд сэтгэл санаа нь тогтворгүй байна” гэж мэдүүлсэн. Гэтэл гэрч Нэргүйн өгсөн мэдүүлгээс харахад “тэр орой юу болсныг мэдэхгүй. Баахан бужигнуулж байгаад явсан. Охин маань эргэж ирээд “намайг Б.Бн боовонд орсон тэнэг хүүхэн” гэсэн. Би ингэж явахаар үхчихгүй яав даа гээд уйлаад байсан” гэж мэдүүлдэг. Хохирогч Н.Т нь “цагдаагийн албан хаагч нар манайхаас салахаа байсан. Хашааны хаалга онгойлгохдоо би айдаг болсон” гэж мэдүүлдэг. Энэ хүн юуны учир сэтгэл санаа нь тайван биш байгаад байна гэхээр цагдаа нар энэ хүний эрх чөлөөнд халдаж байгаа тул ийм байдалтай байна. Аргаа барсандаа Хүний эрхийн үндэсний төвд 8 дугаар сард гомдол гаргасан. Тэнд хандсан асуудлаараа гэрч, хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэг нь нэг мөр эргэлзээгүй мэдүүлэг өгч байсан. Мэдүүлэгт нь зөрүүтэй эргэлзээтэй зүйл тогтоогдоогүй. Иймд Н.Тын сэтгэцэд дүгнэлт гаргах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Да, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Э.Да, Х.Дадо нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 14-ний орой 20-21 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 12-127а тоотод оршин суух, хэрэгт холбогдон шалгагдаагүй Н.Тын гэрт очиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж, гэртээ амарч байсан Н.Тыг хувцсаа хурдан өмсөхийг шаардаж, нэр төрийг нь доромжлон, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан “Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах, зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах, баривчлагдсан хүнийг эрүүл мэндийн болон холбогдох байгууллагад албадан хүргэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, албаны болон бусдын орон байрыг эзлэн авсан, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх, олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах, тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн зугтаасан тохиолдолд хэрэглэнэ”, 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт “албадлагын арга хэмжээг нэн тэргүүнд хэрэглэхгүй байх нийтлэг шаардлагыг баримтална”, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Албадлагын арга хэмжээг бусдыг гутаан доромжлох, залхаан цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно”, 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацаа олгоно” гэсэн заалтуудыг зөрчиж, түүний гарт нь гав зүүн эрх чөлөөнд нь халдан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны байранд дагуулж очсон, улмаар Н.Тыг нөхөр Б.Бн хаана байгаа газрыг зааж өгөхийг шаардаж шөнийн 00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дагуулж яван, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.Да, Х.Дадо нарыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал буюу нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон ба Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч Э.Да, Х.Дадо нар нь гүйцэтгэх ажил явуулсан эсэх талаарх холбогдох баримт, материал хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд тэдгээр нь гүйцэтгэх ажил явуулсан бол хуульд заасан зохих журмын дагуу “Гүйцэтгэх ажлын материал”-ыг хэрэгт хавсарган, хэргийн бодит байдлыг тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Да, Х.Дадо нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан Э.Да, Х.Дадо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Да, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Да, Х.Дадо нарт холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Э.Да, Х.Дадо нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ