| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/1183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1405 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1405
2025 05 27 2025/ШЦТ/1405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч С.Алтай, хохирогч Х.М,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч В.О, Р.Б,
шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2400 000000 0000 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2000 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа ажил эрхэлдэг, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Төв аймгийн Зуунмод сумын 0 дугаар баг, 00 дугаар байрны 00 тоотод оршин оршин суух, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.
Х овогт Эгийн П /РД:**00000000/.
2. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа ажил эрхэлдэг, танкны буудагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Төв аймгийн Зуунмод сумын 0 дугаар баг, Ланс хийдийн 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, урьд:
- Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 141 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан ялаас өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.
Б овогт Өны Г /РД:**00000000/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч *******,******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын 0 давхарт хохирогч Х.Мийг тухайн үед үүсэн маргааны улмаас бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 241 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч*******, *******.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн *******гийн өмгөөлөгч нар нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авав.
Хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд: Шүүгдэгч *******,******* болон хохирогч Х.М нар нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын 0 давхарт хурмын үйл ажиллагаанд оролцон согтуурсан байдалтай байхдаа хоорондоо маргалдан *******,******* нар нь хохирогч Х.Мтэй харилцан зодолдсоны улмаас хохирогчийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Х.Мийн “2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Шийн хурим Хан-Уул дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан хилл цогцолборт болсон. Тухайн хуримын үйл ажиллагаа нь 17 цагаас 23 цагийн хооронд болсон. Тэгээд хүргэн, бэр талын найзууд нь гээд хүмүүс нь хажуу талын арай жижиг өрөөнд ороод үргэлжлүүлэн дуулж, бүжиглэж байгаад манай нэг найз болох Чимгээ харих гэсэн юм гэхээр нь би гаргаж өгөөд такси бариад суулгачхаад байж буцаад 3 давхрын нойл ороход манай найз Д нойлд буланд суучихсан нэг танихгүй хүргэний талын залуу хажуу талд нь ярилцаад байж байсан. Тэгээд байж байхад нойлын хаалга онгойлгоод нөгөө манай найзыг зодсон гэх залуучууд орох гээд байсан чинь тухайн нойлд байсан залуу нөгөө хүмүүсийг оруулахгүй гээд түлхээд буцаагаад гаргаж байсан. Тэгээд нөгөө залуучууд дайраад байсан учраас би гарах гээд тухайн хүмүүсийг түрээд гараад 3 давхрын нойлын хажуу талд коридорт 1 залууг нь түрээд гарчхаад хажуу тийшээ болоод зогсож байхад миний араас юм уу хажуу талаас 1 хүн ирээд намайг толгой хэсэг рүү цохиод авсан. Би цохиулаад газарт унасан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд намайг манай найз Ш “найзаа зүгээр үү” гэчихсэн уйлчихсан байсан. Тэгээд манай найзууд шүд чинь хааччихсан юм бэ гээд байсан тэгээд түргэн тусламж дуудаад үзүүлсэн чинь эрүү чинь хугарсан байна яаралтай гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд би Ү гэх найзынхаа хамт гэмтлийн эмнэлэг рүү явах гээд гарахад намайг нөгөө зодолдсон залуучууд хөөгөөд байсан тэгээд би буугаад шууд нөгөө найзтайгаа такси бариад явсан... Намайг хэн, хаашаа хэдэн удаа юугаар цохисон талаар мэдэхгүй байна. Тухайн үед хэн намайг цохисон талаар санахгүй байна. Миний эрүү гол болон баруун хэсгээр 2 хугарсан өөр ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Хүзүүний баруун хэсэгт хөхөрсөн байсан. Би тухайн гэмтэлтэй холбоотой гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүү хадах хагалгаанд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр орсон. 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэвтээд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс ажилдаа 4 хоног яваад болохгүй байсан учраас гэртээ байж байгаад 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилдаа явж эхэлсэн. Би тухайн хүмүүсээс өөрийн эрүүл^ мэндэд учирсан хохирлын зардал болон ажилгүй байсан ажлаас акттай байсан үеийн цалин зэргийг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол тогтоолгох хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг/хх46-48/, Х.Мийн дахин өгсөн “Тухайн бичлэгээс харахад би нойлоос гарч ирэхдээ хүргэний талын цагаан цамцтай цагаан өмдтэй туранхай залууг зохиж унагаачхаад салаад цаана зогсож байхад миний араас хүргэн талын цагаан подволктой цэнхэр өнгийн жиннс өмдтэй махлаг залуу ойролцоогоор 178- 180 орчим өндөртэй залуу миний баруун эрүү хэсэгт 2 удаа цохиод унагаад дээрээс 2-3 удаа гараараа цохиж байгаа харагдах бөгөөд манай найз хар өнгийн пиджактай халзан толгойтой О гэх залуу намайг цохисон махлаг залууг салгах гээд 2-3 удаа цохиж байгаа харагдсан би анх эхэлж цохидог туранхай залуу намайг уначихсан байхад миний толгой, нүүр хэсгийн аль руу нь цохиж байгаа нь харагдах боломжгүй 4-5 удаа цохиж байна. Нөгөө намайг цохиж унагаад залуу манай найзыг 2-3 удаа цохиж байх бөгөөд тэнд байсан хүмүүс тухайн залуусыг салгаж байсан. Манай найз Шийн нөхөр миний дээр зогсчихсон намайг хамгаалаад байж байхад анх цохиулсан туранхай залуу миний толгой хэсэг рүү 1 удаа хөлөөрөө хөшиглөж байгаа харагдсан. Бичлэг дээрээс харахад намайг 2 хүн цохиж зодсон байгаа байдалтай байсан. Би гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орсон тухайн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас ихэнх хувийг нь гаргасан надаас 640.000 төгрөг авсан надад тухайн баримтыг өгөөгүй. Дараа нь 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр бас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан надаас 100.000 төгрөг анх хэвтэн эмчлүүлэхэд авсан. Би тухайн үед эм уух боломжгүй юм идэх боломжгүй байсан учраас шингэн уураг хэрэглэдэг байсан. Одоо надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх51-53/
Гэрч Б.Отгонбаярын “2024 оны 09 дүгээр 18-ны өдөр миний найз Шийн хурим болсон. Тэгээд найзуудын хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын 3 дугаар давхарт очсон. Тэгээд үндсэн хуримын үйл ажиллагаа дууссан байсан ба хоёр талын найзууд үлдээд үргэлжлүүлж баярласан. Тухайн үед хүмүүс архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж байсан ба манай хоёр найз М, Д хоёр ариун цэврийн өрөө орсон. Тэгээд ариун цэврийн өрөө рүү орсныг нь би мэдээгүй байсан ба найзуудыгаа хайгаад заалнаас гартал ариун цэврийн өрөөний гадаа хаалган дээр найз М, Д хоёр хүргэний талын найзуудтай хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгээд би очоод хоёр найзыгаа өмөөрөөд юу болсон талаар асуухад цагаан футболктой, 175 см орчим өндөртэй, цайвар шар арьстай залуу "Хоёулаа гаръя, үзэх үү" гэх мэтээр хариулсан. Тэгээд хүргэний талаас ирсэн 4-5 орчим залуу М, Д хоёрыг шууд зодож цохиж эхэлсэн. Тэгээд би тэд нарыг салгах гээд очсон ба бужигнаан дунд нэг харсан чинь М газарт хэвтсэн, дээшээ харсан байдалтай, амнаас нь их хэмжээний цус гарсан хэвтэж байсан. Мөн Дийн нүүрэн тус газарт нь нэлээн цохисон юм шиг байсан. Тэгээд хүргэний найзууд нь шууд зугтаад явсан ба хоёр найз маань зодуулаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг/хх64-65/
Гэрч Э.Дийн “...Хуримын үйл ажиллагаа дуусаад бид нартийн нөхрийн найзуудынх нь хамт хажуу талын жижиг өрөөнд орж ирээд бид нар бөөндөө нэг өрөөнд тус тусдаа ширээн дээр сууж байгаад би нойл орох гээд байж байхад миний ардаас Шийн нөхрийн найзууд нь гэх 3 эрэгтэй орж ирээд намайг нэг нь араас боогоод нөгөө 2 нь намайг цохиод байсан. Тэгээд байж байхад М миний араас орж ирээд нөгөө хүмүүстэй нойлын гадна талд М нөгөө хүмүүстэй зодолдсон. Хэн хэнийг нь зодож цохисон талаар мэдэхгүй байна. Тухайн хүмүүс нойлын гадна талд коридор хэсэгт зодолдсон...” гэх мэдүүлэг /хх74-75/
Гэрч Б.Мгийн “2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай хурим болсон. Хуримын үйл ажиллагаа 15 цаг 30 минутад эхлээд 23 цаг 30 минутад дууссан. 00 цагийн үед эхнэр бид 2 хуримд ирсэн зочдоо гаргаж өгөөд би нойл орох гээд ариун цэврийн өрөө орох үед Дийн нүд хөхөрсөн байдалтай нойлын өрөөнд С, Г, Э нарын хамт байсан. Намайг нойл ороход Д нойлын угаалтуурын хажуу талд цохиулсан байдалтай бусад 3 нь нойлын үүд хэсэгт зогсож байсан. Би тухайн үед юу болсон талаар асуухад надад хэн нэгэн нь хариу хэлээгүй энэ үед гаднаас М нойл руу орж ирсэн. М найзыгаа өмөөрөөд үүдэнд байсан 3 хүн лүү орилсон. Тэгээд би Сг нойлоос түрээд аваад гарсан. Тэгээд би найзуудаа гаргаад урсдаг шат руу аваад явсан. Тэгээд нойлын гадна коридор хэсэгт зодоон болж байсан бөгөөд би эргээд харахад М нойлын гадна үүдний шал дээр хэвтсэн байдалтай байсан. Тэгээд би Мийн дээд талд гараад гараараа хүмүүсийг холдуулж байхад П цаанаас ирээд Мийн толгой хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд тухайн үеэс хойш зодоон намжаад 2 тийшээ салсан...” гэсэн мэдүүлэг /хх78-80/,
Гэрч Э.Эын “...Хуримын үйл ажиллагаа дуусаж, үндсэн зочид нь тараад эрэгтэй эмэгтэй талын найзууд нь хажуу талын арай жижиг өрөөнд ороод хоорондоо танилцаад бүжиглэж уур амьсгал сайхан байсан. Би сууж байгаад нойл орохоор болоход С, Г, эхнэрийнх нь найз гэх жижигхэн залуу байсан. Нөгөө хурим хийсэн хосуудыг найз гэх залуу Сг элдэв янзаар хараагаад эхэлсэн тэгэхэд С чи юу гээд байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаж нэг нэгнээ түлхэж эхэлсэн. Тэгэхээр нь би Сг түлхээд гаргахад эмэгтэй талын найз нь гээд том биетэй залуу орж ирсэн. Нөгөө согтуу анх нойлд байсан залуу намайг энэ хэд зодчихлоо гэхэд тухайн том биетэй залуу над руу дайраад эхэлсэн тэгэхээр нь би тухайн залууд хандаад энд ямар нэгэн зүйл болоогүй би эрүүл байна архи уугаагүй гэж хэлсэн чинь над руу дайрахаа болиод манай найз руу дайраад намайг хэн гэдгийг мэдэх үү би Дарханых хэний хүүхдээр оролдсоноо та нар мэдэхгүй байна гээд дайраад байсан. Би тухайн залууг хориглоод дийлэхгүй намайг түлхээд би хананд цохигдоод унасан тэгээд би гарч ирээд харахад бөөн зодоон болчихсон байсан тэгээд би харахад урсдаг шатны хажуу талд манай найз Ггийн дээд талд халзан сахалтай туранхай эрэгтэй зодож байхаар нь салгаж аваад болио хөгшөөн гээд салгахад би чамтай юм ярихгүй эрүүл байгаа юм чинь гээд бид нар ойлголцоод би Гг аваад гарсан. Тэгээд Сг эхнэр нь авчихсан байхаар нь би Гг холдуулаад үлдсэн найзуудаа гаргаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/
Гэрч Х.Шийн “...Тэгээд би зарим нэлээн согтсон байсан эмэгтэй найзуудаа түрүүлээд явуулаад буцаад орох гээд явж байхад Билгүүн гээд манай нөхрийн найз бид хоёр юм яриад байж байхад 3 давхрын нойлын хажуу талд хүмүүс бие биеэ барьж авч байгааг хараад салгах гээд очих гэсэн боловч намайг цохиулчихна гээд Билгүүн намайг явуулаагүй. Тэгээд дахиад харсан чинь манай нөхөр гараад ирчихсэн байсан олон хүмүүс энд тэнд муудалцаад байсан. Тэгээд би очоод юу болоод байгаа юм гээд салгах гэсэн боловч чадаагүй тэгээд эрэгтэй нойлын үүд хэсэгт очиход М нойлоос гарч ирээд манай нөхрийн найз Жо гэх хүнийг цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд гараад ирсэн тэгээд болиоч гэсэн боловч архи уучихсан хүмүүс сонсохгүй байсан тэгээд намайг цохиулчихна гээд нэг нь миний араас татаад авсан. Тэгээд би эргээд харахад Жо болон М нар зодолдоод М газар уначихсан Жог нэг нь салгаад аваад явж байсан. Би тэгээд М дээр очиход дээшээ хараад хэвтчихсэн амнаас нь цус гарчихсан зүүн талын шүднүүд нь сугарчихсан юм шиг харагдсан, зүүн талын шанаа хэсэгт хавдчихсан байсан. Би цусыг нь арчаад зүгээр үү гэхэд ямар аймар шаачихваа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр тухайн зодооныг салгах гээд найзуудаа нэг нэгээр нь салгаж аваад гаргаж байсан тэгээлд ард үлдсэн манай найзууд болох Отгонбаяр, Д, Халиун, Халиунаагийн найз залуу байж байгаад Мийг сандал дээр суулгаад эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирээд гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай яаралтай үзүүлэх хэрэгтэй гээд манай найз Үржин Мийг аваад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх88-90/,
Э.Пийн сэжигтнээр өгсөн “ Би тухайн намайг цохиж, зодоод байсан том биетэй залууг газарт унасан байхад нь гараараа нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон, толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх164-166/, шүүхийн хэлэлцүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12495 дугаартай дүгнэлтэд “Х.Мийн биед эрүү ясны ооч болон баруун булан хэсгийн сэлтэрхий зөрөөтэй хугарал, эрүүний баруун зүүн, хүзүүний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ. /хх104-105/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг толгой руу нь өшиглөх, цохих зэрэг идэвхтэй хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан. Шүүгдэгч нар нь тухайн үед үүссэн маргаан, зодооны улмаас үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогчийг зодсон нь тогтоогдсон ба бүлэглэж хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.
5. Иймд шүүгдэгч*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
6.1. Хохирогч Х.М нь 750,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой гэмтлийн улмаас нэг сар ажлаа хийж чадаагүй, ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдан нотлох баримтуудыг шинжлэн судалж хохирогч нь гэмтлийн улмаас нэг сар ажлаа хийгээгүй болох нь түүний мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хохирогчийн мэдүүлгийг үндэслэн нэг сарын цалин болох 3,200,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Х.Мд олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.2. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад Шинжилгээний байгууллага нь “Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/,... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 441 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ “хохирогч Х.Мийн сэтгэцэд 2024 оны 9 дүгээр сарын 18-19-ны шилжих шөнө болсон гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2хх-28/ гарчээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор заасан.
Тиймээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан хохирогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин тооцон нөхөн төлбөр олгуулах буюу шүүгдэгч нараас 1,320,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.
Хохирогчид ажилгүй байсан хугацааны болон сэтгэцэд учирсан хохиролд 4,520,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 750,000 төгрөг төлсөн байх тул тухайн мөнгийг хохирлоос хасаж, хохирогчийн ажилгүй байсан болон сэтгэцэд учирсан хохиролд шүүгдэгч*******оос 2,635,000 төгрөг, шүүгдэгч *******гаас 1,885,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Тиймээс даатгалын санд нөхөн төлүүлэх зардлыг хариуцан төлбөл зохих шүүгдэгч *******,******* нараас тус тус 1,687,120 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8.1. Улсын яллагчаас шүүгдэгч*******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг,
8.2. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч нараас “торгох ялын саналын хувьд хэлэх зүйлгүй, гэхдээ хэмжээний хувьд их байна, шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэргээс учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахад харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж үзнэ үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.
9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Гэхдээ тэдний хувьд урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан анх удаа гэж үзэхгүй болно. Харин хэрэг гарахад хохирогчийн зодоон эхлүүлсэн хууль бус үйлдэл нөлөөлсөн байна.
Тиймээс шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, маргаан үүсгэсэн байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгч нарын үйлдэлд хуульд зааснаар “2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэнэ гэж заасан.
12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.П, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 2800 нэгж буюу 2,800,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд биелүүлэх хугацаа тогтоов.
14. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эгийн П, Өны Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн ажилгүй байсан болон сэтгэцэд учирсан хохиролд шүүгдэгч*******оос 2,635,000 төгрөг, шүүгдэгч *******гаас 1,885,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулсугай.
4.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нараас тус тус 1,687,120 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч*******ийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг болон энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР