| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2020/03197/И |
| Дугаар | 183/ШШ2020/02914 |
| Огноо | 2020-10-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2020/02914
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х-т холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 18 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 22-ын авто худалдааны төвөөс Субару Порестер маркийн автомашиныг Б.Х аас худалдаж авч, төлбөрийг дансаар шилжүүлсэн. Өөр ямар нэгэн гэрээ, баталгааны хуудас байхгүй. Машинаа унаад хотын төв рүү явж байтал машины чек нь асаад сонин дуугараад байхаар нь Б.Х т хэдэхэд засварчны дугаар өгсний дагуу холбогдоход замдаа тосоо нэмээд хүрээд ир гэсэн, яваад очиход зүгээр байна гэж хэлсэн. Ингээд 3 хоногийн дараа Увс аймаг руу унаад явахад зүгээр байж байгаад, дахин дуугараад чекийн гэрэл нь ассан. Буцаад автомашины худалдагч руу холбогдоход “ямар сонин юм бэ, оношилгооны хүнтэй яриад үзье” гэж хэлсэн, дахиж холбогдоогүй. Машин явах боломжгүй болсон тул хот руу ачиж ирээд оношилгоонд оруулахад мотор нь цохисон байсан. Гэрчилгээнд 2010 оны машин гэсэн боловч моторын загвар нь таарахгүй байна гэж засварчид хэлж байсан. Иймд Б.Х нь надад доголдолтой автомашин худалдсан тул гэрээг цуцалж, машиныг буцаан өгч, машины үнэд төлсөн 18 500 000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Худалдан авсан машиныг яагаад буцаан, мөнгөө авах эсэх талаарх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Б.Х нь олон жил автомашины бизнес хийсэн, өдийг хүртэл ийм асуудал огт гарч байгаагүй. А. нь тухайн машиныг хэдэн өдөр ирж үзэж байгаад, бүх үйлчилгээг хийгээд бэлэн болгосон байсан машиныг 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр худалдаж авсан. Ийнхүү худалдаж авахдаа тос тосолгоо, эд анги зэргийг бүгдийг нь шалгаж авах үүрэгтэй. Гэтэл улаан гэрэл нь асахад нь хүнтэй ярьтал тосол нэмээд хүрээд ир гэсэн гэх мэт тайлбар нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Хяргас сумруу явж очоод, машин эвдэрсэн гэх хугацааг тооцоход 10 хоног машин зүгээр явсан байхаар байна. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мотор цохисны улмаас машин асахгүй болж, ачиж ирсэн гэж тайлбарласнаар Б.Х доголдолгүй эд хөрөнгө худалдсан болох нь нотлогдож байна. Иймд Л.ын өөрийнх ашиглалтаас болж машин эвдэрсэн байх магадлалтай тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А. нь хариуцагч Б.Х т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 18 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн баримтаас үзвэл талууд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан автомашин худалдах, худалдан авах хэлцлийг амаар байгуулсан байх бөгөөд зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйл болох автомашиныг А.ын өмчлөлд шилжүүлсэн, А.оос 18 500 000 төгрөгийг хүлээж авсан үйл баримтад маргаагүй, харин тухайн тээврийн хэрэгсэл доголдолтой эсэхэд маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримтад зохигчийн тайлбар багтах бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан “...машинаа унаад ...явж байтал чек нь асаад сонин дуугарсан” гэх тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийн доголдолтой гэдгийг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь уг автомашин доголдолтойн улмаас эвдэрсэн гэж тайлбарласан боловч энэхүү татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байхаас гадна түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...машиныг ачиж ирээд оношилгоонд оруулахад машины мотор цохисон байсан” гэх тайлбараар уг тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийг ашиглах явцад доголдсон болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар нэхэмжлэгч А.ын хариуцагч Б.Х т холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээг цуцалж, 18 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ