2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1500

 

 

      2025          06            05                                         2025/ШЦТ/1500

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Б.Энх-Амгалан,

хохирогч Н.А, Ж, тэдгээрийн өмгөөлөгч А.Ш, хохирогчийн орчуулагч Э.С,

шүүгдэгч В Байгал, түүний өмгөөлөгч М.Одбаяр, шүүгдэгчийн орчуулагч Ч /Ch/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар В Байгалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Жирэм аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Б” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Ирээдүй хотхоны 0-р байр, 00 тоотод оршин суух, урьд:

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.09-ний өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн.  

В Б (РД:**0000000, **0000000***0*),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В Б нь хохирогч Н.Ад юань сольж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 159.060 юань буюу 75.882.754 төгрөгийг Хан-Уул дүүргийн 00 дугаар хороонд байхдаа шилжүүлэн авч залилсан,

Хохирогч Жд юань сольж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 юань, нийт 300.000 юанийг Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байхдаа өөрийн дансаар шилжүүлэн авч хохирогчид нийт 145.486.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 381 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч В Б.

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан бол, хохирогч нарын өмгөөлөгчөөс хохирогч нарын эрх ашгийг хамгаалан хохирол төлүүлэх байр суурьтай,

1.2. Шүүгдэгч В Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлж байна гэж, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, шүүгдэгчийн шалгагдаж буй өөр хэргийг нэгтгүүлэх байр суурьтай тус тус оролцсон.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзээд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч В Байгалыг юань сольж өгнө гэсэн зохиомол байдлыг бий болгох, мөн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар хохирогч нарыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.

3. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтаар шүүгдэгч В Б нь хохирогч Н.Ад юань сольж өгнө, манай байгууллага юань худалдаж авч байгаа гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогчийг хуурч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 159.060 юань буюу 75.882.754 төгрөгийг Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байхдаа шилжүүлэн авч залилсан,

Мөн хохирогч Жтэй урьдын танилын харилцаатай, юань сольж өгдөг байсан, энэхүү харилцааны явсан үүссэн итгэлийг урвуулан ашиглаж түүнийг хуурч 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100,000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 юань, нийт 300.000 юанийг Хан-Уул дүүргийн 03 дугаар хороонд байхдаа өөрийн дансаар шилжүүлэн авч хохирогчид нийт 145.486.000 төгрөгийн хохирол учруулан залилсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

4. Үүнд: хохирогч тус бүрийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг авч үзвэл,

4.1. Хохирогч Н.Аын “...Би 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо Санрайз таун хотхоны 00а байрны 00 тоотод байхад манай найз Өвөр Монгол залуу Содоо над руу ви чатаар холбогдоод энд нэг хүн юань асуугаад байна чамд байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн, тэр үед би хэлэхдээ надад 200.000 юань байна гэж хэлсэн. Тэгсэн Содоо энд нэг хүн 710.000 юань авна гэнээ гэж хэлээд надад энэ хүний дугаар болох 88***978 гэх ви чат дугаарыг ви чаттай нь өгсөн. Тэгээд би ви чатаар нь холбогдож өөрт хэдэн юань байгаа талаараа хэлсэн. Тэгсэн байгаа мөнгөө нэмээд 700.000 юань болгоод өгөөч гэж гуйж эхэлсэн. Тэгээд зогсоо зайгүй над руу залгаад байсан. Тэгээд би гэрээсээ гараад энэ хүний ажил болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байх эдний ажил дээр нь очсон. Тэгээд би биеэр уулзаад энэ хүний өгсөн данс руу шилжүүлэг хийсэн.” гэсэн мэдүүлэг (1-р хх 9-10), хохирогч Н.Аын дахин өгсөн “...Би өөрийн хуримтлуулсан мөнгө болон хүүхдийн хадгаламж барьцаалан зээл авсан байсан мөнгийг Хаан банкны 50****4075 тоот данснаасаа танил Бийн Хаан банкны 50****0280 руу юань авахаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр юань авахаар 45.000.000 төгрөг, 3.300.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 24.200.000 төгрөг, нийт 72.500.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд би В Бтай уулзаад Б руу би В Бийн өгсөн дансыг өгсөн. Үүний дагуу Б миний мөнгийг юань болгож 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр В Бийн өгсөн Баатарболд Гансүх гэх хүний 62170004000038***70 тоот данс руу Ю Ли гэх данснаас 120.000 юань шилжүүлсэн. Тухайн өдрөө Б Х Жэ гэх хүний данснаас В Бийн өгсөн данс руу Ч С 62170004000009***57 тоот данс руу 84.000 юань, 2760 юан, 72.300 юанийг нийт 159.060 юань шилжүүлсэн. Тэгээд Б 120.000 юанийг буцаагаад миний 159.060 юань буцаж орж ирээгүй. ...Би В Бийн ажил руу очиход манай компани юан худалдаж авах гэж байгаа, кабелийн мөнгө Хятад улс руу шилжүүлэхэд юан хэрэг болсон, манай дарга нар хүлээгээд байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (1-р хх 12-13, 55-56),

- Хохирогч Н.Аын Хаан банкны 5011***075, 50463***73 дугаартай дансны хуулга, В Бд мөнгө шилжүүлсэн баримтууд (1-р хх 58-75),

4.2. Хохирогч Ж (J)-ийн “...Миний нөхөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Эзүрх нь Монгол Улсын Боловсролын их сургуульд докторын сургалтад сууж байгаа. Энэ хугацаанд тус сургуульд багш ажил хийдэг Э гэгчээр дамжуулан Б гэх Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэнтэй танилцаж хэд хэдэн удаа юанийг Монгол төгрөг болгож солиулж авч байсан. Тухайн үед Б гэгч нь ямар нэг асуудалгүйгээр юанийг Монгол төгрөг болгоод өгчихдөг байсан. Ингээд нөхөр бид хоёр ярилцаж байгаад хоолны газар ажиллуулах зорилготой байсан тул Бд хандаж юанийг Монгол төгрөгөөр солих уу гэж асуухад ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 300.000 юань шилжүүлэн өгсөн боловч түүнээс хойш байнга шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө эргүүлж өгөөгүй, намайг залилсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж байгаад Монгол улсад хоолны газар ажиллуулахаар болсон. Ингээд Хятад улсаас мөнгө оруулж ирээд Монгол төгрөг болгох гээд урьд нь харилцаж байсан Бд хандсан юм. Б тухайн үед асуудалгүй гэхээр нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 юань шилжүүлсэн. Түүний дараа Б нь нэг мөсөн над руу мөнгөө шилжүүлчих. Түүний дараа Монгол төгрөгөөр бодож өгье гэж хэлсний дагуу дахин 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 юань, 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 юань гээд нийт 300.000 юанийг Бд өгсөн. Эхний шилжүүлсэн 100.000 юанийг миний нөхөр Э Б руу шилжүүлээд сүүлийн 200.000 юанийг Хятад улсын Хөх хотод байх миний найз Соргогцэцэг нь өөрийн данснаас Бы Хятад улсын данс руу шилжүүлсэн байдаг. ...Эхний шилжүүлсэн 100.000 юанийг удахгүй өгнө, маргааш өгнө гэж хойшлуулсаар 2023 оны 9 дүгээр сар болсон ба нөхөр бид 2 дахин мөнгө солиулах хэрэг гараад Баас асуутал “над руу шилжүүлчих. Би нэг мөр солиод өгье” гэж хэлээд авсан. ...Хамгийн сүүлийн хугацаа бол 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж хэлсэн боловч одоог болтол нэг ч мөнгө сольж өгөөгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хх 186-187), Хохирогч Ж (J)-ийн дахин өгсөн “...Манай нөхөр Э 2023 оны эхээр Монгол улсын их сургуулийн Э багшаар дамжуулан В Бийг таньдаг болсон байсан. Тухайн үед Э сургалтын төлбөрийн мөнгөө өгөх гэж В Бр юань солиулсан байсан. Тэрнээс өмнө таньдаг байгаагүй. Би Монгол улсад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн. Байрныхаа түрээсийн мөнгийг өгөх гэж В Бр юанийг төгрөгөөр солиулж байсан. Тэрнээс хойш таньдаг болсон. Өөр ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Олон удаа юанийг төгрөгөөр солиулж авч байсан. ...2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 100.000 юанийг Э өөрийнхөө данснаас В Бийн өөрийнх нь данс руу шилжүүлсэн байсан. Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 юанийг, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юаныг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 юанийг, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 юанийг нийт 200.000 юанийг өөрийн найз Сийн данснаас В Бийн данс руу шилжүүлсэн. Би юань солиулахаар шилжүүлсэн. ...Манай нөхөртэй болон надтай ямар нэгэн зээлийн гэрээ огт хийгээгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан зүйл огт байхгүй. ...Энэ нь В Б өөрөө би Эээс 100.000 юань хүүгүйгээр зээлж авсан. 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр авсан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцаана. Эээс В Бд 100.000 юань шилжсэнийг банкны баримтаар гэрчилнэ. Хэрвээ мөнгөө буцааж өгөхгүй хуулийн аргаар шийднэ гээд гэж өөрөө бичиж өгсөн байна. Өөрөө тайлбар бичээд тэрийгээ зээлийн гэрээ гээд байгааг ойлгохгүй байна. Зээлсэн асуудал огт байхгүй. Манай нөхрийн гарын үсэг байхгүй байна. В Б өөрөө хэдэн юань зээлсэн хэзээ буцааж өгөхөө бичсэн байна. ...Энэ 300.000 юаниас буцааж өгсөн асуудал огт байхгүй. В Бтай өмнө олон удаа юань солиулж төгрөгийг авдаг байсан” гэсэн мэдүүлэг, (1-р хх 222-223 тал),

Хохирогч Ж В Бтай харилцсан чатууд болон мөнгө шилжүүлсэн баримтууд (1-р хх 225-235) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүгдэгчийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн.  

5. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах, төөрөгдөлд оруулах зэрэг аргаар эд хөрөнгийг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг.

Шүүгдэгч В Б нь юань сольж өгнө, манай байгууллага юань худалдан авч байгаа гэсэн зохиомол байдлыг бий болгон хохирогч Н.Аыг хуурч мөнгийг шилжүүлэн авсан, мөн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Жг хуурч мөнгийг шилжүүлэн авч, хохирогч нарт нийт 221.368.754 төгрөгийн, их хэмжээний хохирол учруулжээ.

Хохирогч нараас шүүгдэгчид гадаад валют буюу БНХАУ-ын мөнгөн дэвсгэрт болох юань шилжүүлсэн нь баримтуудаар тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо юань шилжүүлсэн үеийн Монгол банкны төгрөгийн ханшаар тооцсон нь үндэслэлтэй байна. (1хх41-43, 205-208)

6. Улсын яллагчаас шүүгдэгч В Бг их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ “...шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч В Бд холбогдуулан эрүүгийн 24100368***42 дугаар хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байх тул тус хэргийг нэгтгүүлэн хоногоор хойшлуулж өгнө үү” гэснийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Тус хэргийг шүүхэд шилжүүлж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацаанд талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй, өөр хэрэгт яллагдагчаар татагдан хэрэгт шалгагдаж байгаа нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед ил болсон тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах, шүүхийн шатанд хэргийг нэгтгэх хууль зүйн үндэслэл байхгүй болохыг дурдаж байна. Мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар прокурорт даалгавар өгч хуралдааныг хойшлуулах ажиллагаа нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэхээр бол гэж заасан ба энэ тохиолдолд хамаарахгүй гэж үзсэн.

8. Иймд шүүгдэгч В Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгох, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглах аргаар хохирогч нарыг хуурч “залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан этгээд нь уг гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж зааснаар шүүгдэгч *******айгала болон түүний өмгөөлөгч нараас хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөс хэтрүүлэхгүйгээр завсарлуулсан хугацаанд хохирол төлөгдөөгүй болно.

Улмаар гэмт хэргийн улмаас 2 хохирогчид нийт 221.368.754 төгрөгийн хохирол учирсан, хохирогч нарын хохирол төлөгдөөгүй байна.

11. Иймд шүүгдэгч В Бас нийт 221.368.754 төгрөг гаргуулан хохирогч Н.Ад 75.882.754 төгрөг, хохирогч  Ж (J)-д 145.486.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

12.1. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч В Бд 3 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

12.2. Хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс хохирол төлөгдөөгүй байдлыг харгалзан хорих ялыг сонгон оногдуулж өгнө үү гэжээ.  

12.3. Шүүгдэгч В Б өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “гэм  буруу дээр маргаагүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлагын хувьд торгох болон хорих гэсэн сонголтод боломжтой, шүүгдэгчийн хувийн байдал, эхнэр нь бие давхар зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулж өгнө үү” санал гаргасан.  

13. Шүүгдэгч В Бд эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг тус тус харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

15. Шүүгдэгчийн үйлдэлд “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” ял оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч В Бгийн гэмт хэрэг үйлсэн шинж байдал, хохирлын хэмжээ, хохирол огт төлөгдөөгүй, хохирогч нарын зөрчигдсөн эрх сэргээгээгүй байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

16. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч В Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж хохирогч нарыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч В Бд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч В Бгаас нийт 221.368.754 төгрөг гаргуулан хохирогч Н.Ад 75.882.754 төгрөг, хохирогч  Ж (J)-д 145.486.000 төгрөг тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР