2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1501

 

2025             06             05                                               2025/ШЦТ/1501

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Очгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ү.Ч, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, тээврийн удирдлага мэргэжилтэй, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын Д0 гудамж 0 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 00 дугаар хороо 000-0 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

О овогт Мын Ц /РД:**000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “А” ХХК-аас 10 ширхэг падаанаар 516,663,040 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,666,301 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 406 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, шүүгдэгчээс  “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг гаргасан болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварыг бууруулах, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “А” ХХК-аас 10 ширхэг падаанаар 516,663,040 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,666,301 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Бгийн “...Ю”, “А”, Т” ХХК-ууд нь санхүүгийн анхан шатны баримт байхгүй үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд байсан тул бусад аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ-ын хий бичилт хийсэн нь шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон байна. ...шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаагаар “А” гэх аж ахуйн нэгжээс “С” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 10 ширхэг падаанаар 516,663,040 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөв төлөх татвараа 51,666,301 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учирсан хохирлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх10-11/,

гэрч Б.Гын “...миний бие фэйсбүүк дээр 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн Ганзориг гэх фэйсбүүк хаягаас НӨАТ-ын илүүдэл байна, зарна, чат бичээрэй гэх зарыг байршуулсан ба зарын дагуу над руу 14-15 хүн холбогдсон тухайн хүмүүст бүгдэд нь НӨАТ шивнэ гэж хэлээд тухайн байгууллагынх нь регистрийн дугаар, хэдэн төгрөгт НӨАТ- шивэх мэдээллийг нь аваад А ХХК-ийн хүн рүү холбогдоод НӨАТ шивүүлэх компанийн мэдээлэл болон НӨАТ-н хэмжээг хэлээд тухайн компани руу нь НӨАТ-н баримтыг нь шивүүлээд мөнгийг өөрийн Хаан банкны 5431040141 тоот данс руу авдаг байсан ба өөрөө тухайн мөнгөнөөс тодорхой хувийг аваад үлдэгдэл мөнгийг Хаан банкны 8817184268 тоот А ХХК-ийн М гэх хүний данс руу шилжүүлдэг байсан. ...гүйлгээнүүд бол миний мэдүүлэгт дурдсан НӨАТ-н падан шивсэнтэй холбоотой юм. ...Би 88198049 гэх дугаарыг 2022 оны эхээр Юнителээс худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-16-17/,

гэрч Д.Бгийн “...А ХХК-н Мгийн компани үйл ажиллагаа явуулдаггүй, тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 8 дугаар сард НӨАТ-ын баримт зарна гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,

гэрч М.Мгийн “тус аж ахуйн нэгжүүд нь манай А гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1,5 хувиар тооцуулж бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ санахгүй байна. А ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд тус аж  ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн” гэсэн мэдүүлэг /хх-25-26/,

гэрч Х.Аын “А гэх аж ахуйн нэгжээс Б нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний 9666***0 дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би А ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-29-30/,

эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07**0018 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “ “А” ХХК-ийн 2022 оны и-баримтын борлуулалтад 612**01 регистрийн дугаартай “С” ХХК нь 10 удаагийн бичилтээр борлуулалтаар тайлагнахдаа цэвэр дүн 516,663,040 төгрөг, НӨАТ 51,666,301 төгрөг, нийт дүн 568,329,350 төгрөг” гэсэн /хх31-59/, мөн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх62-92/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх181/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргээр нотлогдож байна.

3.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол” татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг гэж үзэхээр заасан.

Татварын ерөнхий хуулийн 6.1.5 дахь хэсэгт "албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг ойлгохоор, 6.1.20 дахь хэсэгт "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгохоор заасан.

Тодруулбал, татвар төлөхөөс зайлсхийх нь улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг буюу албан татвар төлүүлэх талаар хууль тогтоомжуудыг зөрчсөн гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл, эс үйлдэхүй байдаг.

Шүүгдэгч ******* нь “С” ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигч, 2020.01.13-аас гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон.

Улмаар шүүгдэгч ******* нь өөрийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх удирдлагаар ажилладаг хуулийн этгээдийн орлого, бараа, ажил үйлчилгээнд хуулиар тогтоосон албан татварыг шударгаар бүрэн тодорхойлж төлөх үүргээ биелүүлэхгүй, бууруулан тайлагнах, эдийн засгийн хууль бус ашигтай байдал бий болгох үүднээс бусдаас бараа, ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч баримтын хий бичилт хийлгүүлэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгасан нь тогтоогдсон. Ийнхүү тодорхойлохдоо 50,000,000 төгрөгөөс дээш буюу их хэмжээний татварыг төлөхөөс зайлсхийжээ. 

4.  “С” ХХК нь дээрх байдлаар татварын тайланд их хэмжээний татвар ногдох бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсны дараа энэхүү хууль бус үйлдлээ залруулан тайлагнаж, холбогдох татварыг бүрэн төлсөн нь талуудаас гаргаж өгсөн санхүүгийн баримтууд, татварын албаны төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. Шүүгдэгч *******гийн гүйцэтгэх удирдлагаар ажилладаг “С” ХХК нь төлөх ёстой татвараа зөвтгөн төлсөн үйлдэл нь хохирлыг барагдуулж буй хэлбэр болохоос шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.  

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

 “С” ХХК нь “А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглан татвараа зориуд худал тодорхойлж татвар ногдох орлогыг бууруулснаа залруулан, холбогдох татвараа бүрэн төлсөн байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн, татварын тухай хуульд зааснаар залруулга хийж, татвараа бүрэн төлсөн. Иймд *******гийн хувьд хуулийн этгээдийг төлөөлдөг болохоор ийм асуудалд орсон, мөн бага насны 2 хүүхэдтэй, хүүхдийн эрүүл мэндийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.

9. Шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

12. Иймд шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хуулийн этгээдийн татвар бүрэн төлөгдсөн, хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мын Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1500 нэгж буюу 1,500,000 /нэг сая таван зуу/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР