2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1506

 

    2025           6            05                                       2025/ШЦТ/1506  

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “О”-д эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Ө овогт Эын Т /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 0 үйлчилгээний төвийн урд зам хөндлөн гарч байхдаа “араас дуут дохио дуугаргалаа” гэх шалтгаанаар О.Бийн эзэмшлийн 00-00 УБЗ улсын дугаартай Toyota Hiace маркийн автомашины салхины шил рүү эд зүйл шидэн хагалж, мөн баруун талын толийг гараараа хугалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 691 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс цагаатгах байр суурьтай оролцсон болно.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, дүгнэлтээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн урд зам хөндлөн гарч байхдаа “араас дуут дохио дуугаргалаа” гэх шалтгаанаар хохирогч О.Бийн эзэмшлийн автомашины салхины шил рүү эд зүйл шидэж, баруун талын толийг гараараа цохиж хугалсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь иргэн О.Бээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол /хх-3/,

Хохирогч О.Бийн “...Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн урд автобусны буудал дээр явж байтал гэнэт нэг согтуу хүн гараад ирэхээр нь машины урдуур гүйж магадгүй гэж бодоод дуут дохио дарсан. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар мөргөсөн зүйл байхгүй, тухайн залуу гарцгүй газраар гарч ирсэн ..Миний салхины шил рүү нэг зүйл шидсэн, юу шидсэнийг хараагүй, автомашины салхины шил хагарсан ба машинаа зогсоолд тавиад буух хооронд нөгөө согтуу залуу зам хөндлөн гараад цаашаа зугтаагаад явсан. Би тухайн залууг алдаж магадгүй гээд гар утсыг нь авахад тухайн залуу үргэлжлүүлээд миний машины баруун талын толийг хуга татсан...” гэсэн мэдүүлэг /хх-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “******* О.Б нар автомашины шил хагалсантай холбоотой маргалдаж байгаа” талаар тусгасан /хх-31-32/, эд хөрөнгийн үнэлгээ болон шүүхийн хэлэлцүүлгээр тус тус нотлогдож байна.

            3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бийн салхины шилийг шинээр солиход 450.000 төгрөгийн зардал, толь солиход 200.000 төгрөг, эд анги задлах, угсрах зардал 100.000 төгрөг нийт хохирол нь “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 30542434 дугаартай автомашин техникийн үнэлгээний “шууд зардал 650,000 төгрөг, шууд бус зардал 100,000 төгрөг нийт 750,000 төгрөг” тайлан, хавсралт, гэрэл зураг /хх-24/-аар нотлогдож байх бөгөөд хохирлын үнийн дүнтэй холбоотой эсрэг санал, хүсэлт гараагүй байна.

4. Шүүгдэгч *******гийн хохирогчийн тээврийн хэрэгслийн салхины шил рүү эд зүйл шидсэн үйлдэл нь өөрөө санаатай үйлдэл буюу тухайн үйлдлээ мэдэж, хүсэж үйлдсэн буюу тухайн үйлдлийг болгоомжгүй үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд улмаар маргаан үүсэж дахин эд хөрөнгө эвдсэн үйл баримт тогтоогдож байна. Мөн хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо зодолдсон болон зодуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх холбогдох ажиллагааг хийхэд гэмтэл тогтоогоогүй байна.

Энэ тохиолдолд аргагүй хамгаалалт, гарцаагүй байдлын шинж нөхцөл байхгүй буюу шүүгдэгч нь хохирогчийг дуут дохио дарлаа гэж уурлан тээврийн хэрэгслийн салхины шил рүү эд зүйл шидэж хагалсан, улмаар маргалдаж байхдаа нэмж толийг нь хугалж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            5. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Шүүгдэгч нь хохирогчид 750,000 төгрөгийн хохирол төлсөн гэсэн бол хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Тиймээс шүүгдэгчийг хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7.1. Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

7.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч ******* нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд түрхэн зуурын бухимдлаа тэвчилгүй, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, учирсан хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

10. Иймд шүүгдэгч *******ий хохирол төлсөн, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.                        

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР