2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1535

 

2025          06           09                                        2025/ШЦТ/1535

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1974 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 51 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хими цэвэрлэгээний машинист мэргэжилтэй, хувиараа хүргэлтийн ажил эрхэлдэг, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ө овогт Дын Ц /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дүгээр хороо СОТ-ийн 0-0 байрны хойд талын замд Тоуоta crown-210 маркийн 00-00 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон ухрах үйлдэл хийх үедээ ардаа байсан явган зорчигч *******ийг мөргөн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 445 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай,  

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд шүүгдэгчийг анхаарал болгоомжгүй байснаас ухрах үйлдэл хийхдээ ардаа байсан явган зорчигчийг харалгүй мөргөн унагаасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэм буруутай гэсэн улсын яллагчийн дүгнэлт, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан нь нотлогдоогүй гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 02 минутын орчимд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо СОТ-ийн 3-1 байрны хойд талын замд Тоуоta crown-210 маркийн 00-00 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, түр зогсоод ухрах үйлдэл хийхдээ ардаа явсан явган зорчигч *******ийг мөргөж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Явган зорчигч нь Тоуоta crown-210 маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талаар зам гарч байгааг харуулав. Тоуоta crown-210 маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ухрах үйлдэл хийж явган зорчигчийг мөргөж байгааг харуулав. Тоуоta crown-210 маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ухрах үйлдэл хийж явган зорчигчийг мөргөж газар унагааж ослын газраас явж байгааг харуулав” гэсэн тэмдэглэл /хх45-46/,

хохирогч *******ий “...Би 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад Зебра зочид буудлын хажуу талын үсчин орсон чинь үсчин хаалтай байсан. Тэгээд би СОТ-0-0 байрны үсчин орох гээд замаар гарах үед баруун, зүүн тал руу хараад зам гарч байсан. Тэгээд зам голд алхаад явж байхад нэг машин ухарч ирээд намайг мөргөсөн. Тэр үед би зам дээр хүчтэй газар унаад, газраас босож чадахгүй байж байхад нэг хүн ирж намайг босгож өргөөд орцны хажуу талын сандал дээр суулгасан. Харин намайг мөргөсөн авто машины жолооч ослын газраас яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх11-12/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

            4. Хохирогч *******ий биед үзлэг хийсэн шинжээчийн ЕГ0725/4600  дугаартай дүгнэлтэд “*******ий биед зүүн гарын шуу, богтос ясны доод булууны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” /хх29-30/ гэж тодорхойлжээ.

            5. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 509 дугаартай магадалгаанд “...“Тоуоta crown-210 маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодон яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах:, 10.14. бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглон а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн байна” гэжээ. /хх51-52/

7. Дээрх тохиолдолд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, ... 10.14. бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэх заалтыг зөрчиж, анхаарал болгоомжтой байгаагүйгээс ухрах үйлдэл хийхдээ, ардаа явсан явган зорчигч *******ийг мөргөж, зам тээврийн осол гаргасан, харин хохирогч ******* нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

8. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч тээврийн хэрэгсэлтэйгээ зорчих хэсэгт зогсож байсан газар нь хажуугаараа явган хүний замтай, явган хүний замыг замын зорчих хэсгээс төмөр хашлагаар тусгаарласан байдалтай байна. Явган зорчигч буюу хохирогч ******* нь явган хүний замаар бус хашлаганы дотор талаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл зогсож байгаагийн хажуугаар тээврийн хэрэгсэл зорчих хэсгээр алхан тээврийн хэрэгслийн зүүн хойд ард талд очин зогсох үед шүүгдэгч тээврийн хэрэгслээрээ ухрах үйлдэл хийхэд хохирогч түлхэгдэн газарт унах, шүүгдэгч шууд урагш хөдлөн явсан нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүгдэгчийн буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй, тухайн үед хүргэлтийн ажлаа хийж яваад хүргэлт авах хүн утсаа авахгүй болохоор дараагийн хүргэлтээ өгөх гээд ухрахдаа өөрийн талын толиндоо хараад ухрах үйлдэл хийсэн, хохирогчийг түлхэж унагааснаа мэдээгүй, хэсэг хугацааны дараа уг газарт буцаж ирж хүргэлтээ өгсөн гэснийг хүлээн авах үндэслэлтэй, түүний мэдүүлгийг няцаан үгүйсгэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн. Мөн хохирогч өндөр настай хүн бөгөөд тээврийн хэрэгсэл ухрахад түлхэгдэн унасан, мөргөлтийн дуу чимээ гараагүй гэсэн шүүгдэгчийн мэдүүлгийг хүлээн авсан өөр нэг үндэслэл нь тээврийн хэрэгсэл хохирогчийг унахад ямар нэгэн байдлаар зогсох, зогсоц хийх үйлдэл гаргалгүй шууд урагш хөдлөөд явж байгаа нь хяналтын камерын бичлэгээс тодорхой байна. Улмаар ослын газрыг зориуд орхин зугтаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаарх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийг ослын газрыг зориуд орхин зугтаасан гэсэн үйл баримт тогтоогдоогүй буюу хохирогч *******ийг машинаараа шүргэж унагааснаа мэдсээр байж санаатайгаар орхиж явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. Тиймээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

9. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн ард талыг орчин нөхцөлийг сайтар анзааралгүйгээр зөвхөн нэг талын толиндоо харан ухрах үйлдэл хийж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байх үүргээ хангалттай биелүүлээгүйгээс ардаа байсан хохирогчийг мөргөн унагаасан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй үйлдэл байна. Улмаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны  улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор  уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

10.1. Мөрдөн байцаалтад хохирогч ******* нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирол төлбөрт нийт 4,200,000 төгрөгийг хохиролд төлжээ.

10.2. Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 364.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100000000000 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ. /хх24/

11. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй”,

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан.

13. Хохирогч ******* нь шүүхийн шатанд шүүгдэгчтэй хохирлын талаар харилцан тохиролцож шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээний зардалд 200,000  төгрөг, сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг, нийт 4,200,000 төгрөгийг хохиролд авсан, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

14. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан ба тус хэрэгт иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнийг тогтоосон нь хуульд нийцжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээс “...манай эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч *******ий эмчилгээний зардалд зарцуулсан 364,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэснийг шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын сангаас төрийн сангийн дансанд бүрэн шилжүүлсэн байна. Иймд шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

15. Улсын яллагчаас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох саналыг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн дүрэм зөрчсөн нөхцөл байдал шалтгаалсан буюу мөрдөгчийн магадалгаагаар хохирогч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруу үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд байнгын асаргаа шаардлагатай охинтойгоо хамт амьдардаг, охины өвчний түүхийн баримтыг гаргаж өгсөн нөхцөл байдлыг харгалзан үзээд 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэжээ.

16. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн буюу явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

17. Шүүгдэгчийн үйлдэлд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасаж 2,700 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэрэг байна.  

18. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан, хэргийн нөхцөл байдлын хувьд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүйгээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчин гарцгүй газраас зам гарсан хууль бус үйлдлээс шалтгаалсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

20. Иймд шүүгдэгч ******* нь анхаарал, болгоомжгүйгээс болж хохирогчийг шүргэж унагаасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлж хохирогчийг эрхийг сэргээсэн, хэрэг гарахад хохирогчийн явган хүн болон тээврийн хэрэгслийн явах замыг заагласан хашлагатай замын дотор хэсгээр буюу гарцгүй газраар зам хөндлөн гарсан нөхцөл байдал нөлөөлсөн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хүргэлтийн ажил эрхлэн ар гэрээ тэжээдэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

21. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэж зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Дын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР