Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0270

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э*****, нэхэмжлэгч П.Н*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*****, Н.Ч***** нарыг оролцуулан П.Н*****ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох  захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н***** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинсанаа, гуравдагч этгээд Ц.Э***** нар нь 2022 оны 3 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн П.Н*****гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга , мөн дүүргийн газрын газар зохион байгуулалтын албанд холбогдох гуравдагч этгээд Ц*****ы Э***** нарын оролцогч бүхий захиргааны хэргийн оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад доорх байдлаар эвлэрэн хэлэлцэв . Үүнд : 1. Нэхэмжлэгч П.Н*****ийн эзэмшлийн СБД - ийн 19 - р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хандгайтын богино дахь зуслангийн орц гарцыг шийдвэрлэхгүй байгаа захиргааны эс үйлдэхүйг тогтоолгох , уг зуслангийн орц гарцыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч талаас иргэн Ц.Э**** нь өөрийн зуслангийн эзэмшил бүхий газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын хэмжээ хэтрүүлж , өөрийн дураар хашаагаа сунгаж барьсан бөгөөд газрын харилцааны албанаас удаа дараа шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг биелүүлэхгүй байгаа гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор шүүхээс иргэн Ц.Э*****г гуравдагч этгээдээр татсан болно .

2. 2022 оны 03 -р сарын 29 -ны өдөр шүүхээс талуудыг өмгөөлөгчийн хамт байлцуулан маргаан бүхий дээрх зуслангийн газарт очиж үзлэг хийж, нэхэмжлэгч П.Н*****, гуравдагч этгээд Ц.Э*****, хариуцагч газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч***** нар нь эвлэрэн хэлэлцсэн тохиролцов.

3. Эвлэрэн хэлэлцсэн нөхцөл нь :

  • П.Н*****ийн зуслангийн байшингийн зүүн хойд тал , гуравдагч этгээд Ц.Э***** нь өөрийн зуслангийн байшингийн баруун талд нэхэмжлэгч , гуравдагч этгээд нь дундаа 2 метр орц, гарц гаргаж, нэхэмжлэгч тал хашаа татахаар эвлэрэн хэлэлцэв .

● Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн энэхүү эвлэрлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно .

● Гуравдагч этгээд Ц.Э***** нь өөрийн эзэмшил бүхий зуслангийн газрын эзэмшлийн эрхийг сунгуулах хүсэлтийг газар зохион байгуулалтын газарт гаргаж нэлээд хугацаа өнгөрсөн талаар дурдаж, хариуцагч тал уг асуудлыг шийдвэрлэн өгөхөөр тохиролцов.

4. Талуудын нь эвлэрлийн гэрээг шүүхээр ЗХШХШТХ -ийн 67, 68-р зүйлд зааснаар баталж шийдвэрлүүлэхээр тогтов.

5. Талууд нь энэхүү эвлэрлийн гэрээг ил маргах журмаар хэлэлцэж хийсэн бөгөөд гэрээний үүргээ биелээгүй тохиолдолд хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан биелүүлэх болно... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Н*****гийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч П.Н*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*****, гуравдагч этгээд Ц.Э***** нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.4 дэх хэсэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор 2022 оны 04 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч П.Н***** болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*****, гуравдагч этгээд Ц.Э***** нарт шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй эрхгүй талаар тайлбарласан бөгөөд талууд зөвшөөрсөн болно.

Иймд нэхэмжлэгч П.Н*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинсанаа, гуравдагч этгээд Ц.Э***** нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*****д 2022 оны 04 дүгээр сарын 08 өдрийн 1/523 дугаар итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь хэсэгт заасны дагуу эвлэрэх эрх олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч*****, гуравдагч этгээд Ц.Э***** нар гуравдагч этгээд Ц.Э***** нь өөрийн зуслангийн байшингийн баруун талд байрлалтай газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд дундаа эзэмших 2 метр орц, гарц гаргаж, нэхэмжлэгч хашаа барихаар, гуравдагч этгээд Ц.Э*****гийн өөрийн эзэмшил бүхий зуслангийн газрын эзэмшлийн эрхийг сунгуулахаар өгсөн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын алба хүлээн зөвшөөрч, эвлэрснийг баталж, П.Н*****гийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ