Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/470

 

 

 

 

 

  2021            05            18                                         2021/ДШМ/470    

 

Ш.У-, Б.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ш.У-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, Б.Тэнгис,

шүүгдэгч Б.Т-ий өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЗ/549 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаартай эсэргүүцлээр Ш.У-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн 19020086800320 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. У-,

2. Т-,

Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 7 дугаар сарын орчим Булган аймаг ороод буцах замдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0.9 грамм жинтэй өвс гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэж, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

 Ш.У-той бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар-Гүнтийн задгайд байх зуслангийн байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 6.9202 грамм жинтэй “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн түр оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал хотхоны 116 дугаар байрны 255 тоотод мөн 0.3 грамм жинтэй “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Ш.У- нь Б.Т-тэй бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар-Гүнтийн задгайд байх зуслангийн байшинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 6.9202 грамм жинтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн түр оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал хотхоны 116 дугаар байрны 255 тоотод мөн 0.3 грамм жинтэй “мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ш.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг ...олж авсан бол, 2 дахь хэсэгт сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан бол гэж энэ гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхой заасан. Гэтэл прокурорын тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч Ш.У-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 6.9202 грамм жинтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэх үйлдлийг шалгалгүйгээр орхигдуулсан, энэ талаар прокурор хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.У- яллагдагчаар “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед байх Т- бид хоёр Э-г гэрээс нь аваад Ар Гүнтийн зуслан явах замдаа Төмөр замын арктай шар байрнуудын автомашины зогсоол дээр Т-ийг түр зогсоогоод би ганцаараа буугаад өмнө нь 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа танилцсан Ц- найзтайгаа уулзахаар “GВ” таун гэсэн хаягтай 12 давхар байшингийн 10 давхарт гарахад Ц- ганцаараа тамхи татаад сууж байсан. Тэгээд Ц-тэй уулзахад “...Манай найз залуу Ш-ээ БНХАУ-аас жаахан юм авчирсан. Тэгээд зарж чадахгүй байна, хэсэг хадгалах хэрэгтэй байна, ирэх долоо хоногт би шүүх хуралтай, хадгалж чадахгүй байна, надад байх аюултай, намайг араас мөрдөөд байна, тийм учир чи хол гэртээ хадгалж бай..." гэж хэлээд 3 гялгар ууттай мөс өгөхөөр нь би аваад цүнхэндээ хийгээд буцаж гараад машинд суугаад явсан, яг хэдэн грамм мөс байсныг мэдэхгүй. Машинд суухдаа Т-, Э- нарт мөс авсан тухайгаа хэлээгүй...” /1хх 202/ гэсэн,

“...Ц-ийн овгийг О- гэдэг, О- М гэж Ц-ийн ви чатны хаяг, Ц- бид хоёрын 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хоорондоо бичсэн мэссэжнүүд мөн байна, би зуслан луугаа явахаас өмнө Ц-тэй уулзаж хэргийн газрын үзлэгээр хураагдсан гурван тусдаа уутанд хийсэн мөсийг GВ таун орж аваад гэртээ хадгалж байсан нь үнэн...” /1хх 206/ гэсэн,

“...Ц- надад Ш- гэх залуу БНХАУ-аас мөс гэх бодис авчирсан, түүнийгээ зарж чадахгүй байна, тийм болохоор та авч яваад хадгалж байгаач гэж хэлэхээр нь би зуслан руугаа явах гэж байсан тул замаараа Төмөр замын Ц-ийн түрээслэн амьдардаг байранд очиж орцонд уулзаад Ц-ээс өөрөөс нь аваад шууд зуслан явсан. Ц- нийтдээ 10 грамм мөс байгаа шүү гэж хэлж байсан. Ц-ийг хамт зуслан явах уу гэхэд найз залуу Ш-ийг хүлээж байгаа, бид хоёр нэг тийшээ хэд хоног явж бүгэх хэрэгтэй болчихоод байна гэж байсан...” /1хх 208/ гэсэн,

шүүгдэгч Б.Т-ий “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өглөө У-, Э- бид нар У-гийн зуслан явж байхад У- замаараа гялс Төмөр замаар дайраад гаръя гэж хэлэхээр нь би нэг их юм бодолгүй, У-гийн зааж өгсөн газар болох Төмөр замын арктай шар байрны дотор талын автомашины зогсоол дээр зогсох үед У- би гялс буугаад ирье гэж хэлээд машинаас буугаад явсан. Удалгүй 15-20 орчим минутын дараа буцаад ирсэн. Тэгээд бид шууд У-гийн зуслан руу явсан. ...” /1хх 216/ гэсэн,

гэрч Б.Э-гийн “...Т- өөрийн хамт амьдардаг эмэгтэй Ш.У-гийн хамт намайг гэрээс аваад тэндээсээ Төмөр замын арктай шар байрны гадна автомашины зогсоол дээр зогсоход У- машинаас буугаад нэг тийшээ явсан, харин машинд Т- бид хоёр үлдсэн. У- яг хаашаа явсныг мэдэхгүй байна, 10-15 орчим минут л болсон байх. Тэгээд У-г гарч ирэхээр нь хамтдаа зуслан руу нь явсан...” /1хх 123/ гэсэн мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2019.10.20 11:24 цагт Ш.У-гийн гар утаснаас: “одоо бэлэн гэвэл би очоод авъя” гэхэд 2019.10.20 11:49 цагт: О- М-ээс “бэлэн байна аа”...” /1хх 64-67/ гэснээс дүгнэхэд шүүгдэгч Ш.У-гийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 6.9202 грамм жинтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэх үйлдлийг шалгах шаардлагатай нөхцөл байдал байна гэж шүүх дүгнэв. Энэ ажиллагаатай холбоотой шүүгдэгч Ш.У-гийн мэдүүлэгт дурдсан О.Ц-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт хавсаргах, О.Ц- нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан эсэх, холбогдож байсан бол хэзээ, ямар хэрэгт холбогдож, хэрхэн шийдвэрлэгдэж байсан, мөн шүүгдэгч Ш.У-той уулзаж тухайн бодисыг авсан гэх цаг хугацаанд /2019 оны 10 дугаар сарын 20/ О.Ц-т холбогдох хэргийн шүүх хуралдаан болсон эсэхийг нэг мөр тодруулах, энэ талаарх баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулах нь шүүгдэгч Ш.У-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн 1902008680320 дугаартай хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэх үндэслэлээр шүүгдэгч Ш.У-, Б.Т- нарт холбогдох эрүүгийн 1902008680320 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.У-, Б.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээгүй” гэж заасан. Гэтэл шүүхээс шүүгдэгч Ш.У-гийн мэдүүлгийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч Ш.У-, Б.Т- нарын худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисыг О.Ц-ээс авсан байж болзошгүй гэх асуудлыг шалгасан ба гэрч Б.Ш-, О.Ц- нараас гэрчийн мэдүүлэг авах, Ш.У-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, гар утсанд үзлэг хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Сэтгэцэд нөлөөт бодисыг О.Ц-ээс авсан гэх асуудал хангалттай нотлогдохгүй байгаа нөхцөл байдлаас дүгнээд шүүгдэгч Ш.У-, Б.Т- нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч нарт ашигтайгаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалах гэмт хэргийн шинжээр яллах дүгнэлт үйлдсэн болно.

Түүнчлэн О.Ц- нь сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон талаараа гэрчээр мэдүүлдэг ба тухайн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” биш юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ш.У-гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх нь зүйтэй. ...” гэв.

Шүүгдэгч Ш.У-, Б.Т- нарын өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүх хуралдаан дээр Х.У-гийн олж авсан, хадгалсан гэж байгаа 6.9202 грамм жинтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг “О.Ц-ээс авсан. О.Ц- нь Б.Ш- Хятад улсаас оруулж ирсэн” гэж хэлдэг. Эдгээр асуудлыг шалгах шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн захирамжийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Ш.У-гийн “...О.Ц-ээс тухайн мөс гэх бодисыг авсан”, О.Ц-ийн “...Ш.У-д мөс гэх бодис өгөөгүй” гэх мэдүүлгийн үнэн зөв эсэхийг магадлах, аль мэдүүлэг нь үнэн болохыг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан зөв дүгнэх, хураан авсан мансууруулах бодисын гарал, олж авсан эсэх үүсвэрийн талаар зайлшгүй шаардлагатай шалгалтыг гүйцэд хийлгүйгээр хэргийг шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

Тодруулбал, Ш.У-, Б.Т- нараас хурааж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 6.9202, 0.3 грамм жинтэй ”мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хэрхэн олж авсан, бусдад худалдсан, түгээсэн эсэх асуудлыг сайтар шалгаж тогтоох, хууль зүйн зөв дүгнэлт хийх нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэв.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЗ/549 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 210 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Ш.У-, Б.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН