2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1611

 

2025           06             19                                               2025/ШЦТ/1611

 

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч А.Марал, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 0-р баг, 0-р хэсгийн 0-00 а тоотод оршин суух хаягтай, урьд:

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ял,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар 5 хоногийн хорих ял,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн,

Боржигин овогт Чын Б /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Э-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэрэгний 20 дугаар вагонд зорчин явахдаа иргэн М.Гийн эзэмшлийн “Айфоне 15” загварын хулгайлан авч, хохирогчид 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 551 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч *******.

1. Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтээс шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Э - Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэрэгний 20 дугаар вагонд зорчин явахдаа иргэн М.Гийн эзэмшлийн “Айфоне 15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч М.Гирт 2.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь төмөр замын цагдаагийн газарт гарсан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх07-14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх41-43/, Ашид билгүүн үнэлгээний газрын Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ТХҮ-625-12184 дугаартай “Айфоне 15” загварын гар утсыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх116/,

Хохирогч М.Гийн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө Дархан өртөөнөөс Э-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэрэгний 20 дугаар вагонд зорчих тасалбар аваад 02:55 цагт местэн дээрээ суугаад жаахан гар утсаа оролдож байгаад унтаад Улаанбаатар хотод сэрсэн. Тухайн үед намайг сэрэх үед вагоны зорчигч нар бүгд буусан би ганцаараа үлдсэн байсан. Намайг вагоны үйлчлэгч Улаанбаатар хотод ирсэн сэрээрэй гээд сэрээсэн. Би өөрийн авч явсан хар өнгийн цүнхтэй ачаа тээшээ 3 давхрын местэн дээрээс аваад шууд вагоноос буусан, буугаад гар утсаа хармаандаа үзэхэд гар утас байхгүй болохоор буцаад вагондоо орж үзэхэд олоогүй. Уг нь миний гар утасны байршил 2 газар заасан даанч олон хүнтэй газар байсан болохоор аль хүнийг гэх үү хайгаад олоогүй тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн. Миний гар утас энгийн айфон 15...” гэсэн мэдүүлэг /хх51-53/,

Гэрч Х.Дийн "... Би Э-Улаанбаатар чиглэлийн суудлын 274 дүгээр галт тэргэнд цагдаагийн дэд ахлагч Атэй үүрэг гүйцэтгээд ирсэн. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө вокзал дээр 08:10 минутад ирэхэд суудлын галт тэргээр зорчин ирсэн зорчигч нарын буух үед гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэн эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад дэд ахлагч А нэг хүн гар утсаа алдсан гэнээ гэсэн, тэгэхээр нь би очоод уулзахад гар утсаа алдсан суудлын 274 дүгээр галт тэрэгний 20 дугаар вагонд зорчин ирсэн зорчигчоос юу болсон талаар нь тодруулж яриулаад тухайн хүний хулгайд алдсан гэх гар утасны дугаар болох 860**501 дугаар луу 08:48 цагт залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан...", "... Би хохирогчийн гар утасны байршлыг зааж байсан 10-р хорооллын Улаан цав зочид буудлын орчим, 3-р эмнэлэг, Саппоро төвийн орчмоор байршлаар нь хохирогчийн хамт хайгаад олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх61/,

Гэрч Г.Агийн "... Би цагдаагийн ахмад Х.Дийн хамт гар утсаа алдсан залуугийн хамт гар утасны байршил зааж байсан гэх газрын дагуу 3-р эмнэлгээс гараад Саппоро чиглэл рүү явчихлаа гээд байршлаар нь хайсан, олдохгүй болохоор нь буцаад ажил руу ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх66/,

Гэрч А.Хын "... Би Сайн худалдааны төвд компьютер засвар, гар утасны код тайлах үйлчилгээ үзүүлж 16 жил ажиллаж байна. Над дээр үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг би сайн санахгүй байна зөндөө хүн орж гарч байдаг...” гэсэн мэдүүлэг /хх79-80/,

Гэрч Н.Бын "... Би өдрийг нь сайн санахгүй байна манай эхнэрийн дүү ******* манайд 3 хоноод явсан. Манайд байж байгаад Э рүү вагоноор буцаад явсан. Манайд ирсэн шалтгаан нь толгой тархи нь өвдөөд улсын 3-р эмнэлэгт үзүүлэх, толгойны зураг авхуулах гэж ирсэн. Би өөрөө 3-р эмнэлгээр 2 хоног дагуулж явсан..", "...******* манайд ирэхдээ цэнхэр өнгийн жинс нь өмд, ногоон цагаандуу саарал өнгийн куртик, хар цамц, цагаан саарал өнгийн пүүз, цагаан саарал өнгийн малгайтай явсан. 2025 оны 04 дүгээр сарын 07-нд Эээс ирээд өөрөө шууд 3-р эмнэлэгт очсон, тэр үед нь би хамт яваагүй. Манай эхнэр над руу наад Б чин вагоноос гар утас хулгай хийсэн гэнээ гэж надад хэлсэн, Б өөрөө надад хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх83-87/,

Мөрдөгчийн гар утасны байршлаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх31/, М-Оын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын ээлжийн ахлах Х.Н-с 2025 оны 04 дүгээр сарын 07-нд Э-Улаанбаатар чиглэлд аялал хийсэн суудлын 274 дүгээр галт тэрэгний 20 дугаар вагонд зорчин явсан зорчигчдын тасалбар худалдан авсан мэдээллийг хуулбарлан авсан тэмдэглэл /хх16-30/, *******гийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх134/, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно. Гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан ба гэмт хэргийн улмаас хохирогч М.Гирт 2.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

6. Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Гид олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт гаргасан.

8. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй, шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирол төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзэв.  

10. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирогчид учирсан хохирлын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогч М.Гид олгуулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР