Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

2025        06           10                                   2025/ШЦТ/104

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Б.Саранзаяа,   

Улсын яллагч                                                                        Б.Баттуяа,     

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                           Д.Цолмон,  

Шүүгдэгч                                                                  ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2404001400050 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “*******” ХХК-нд дампын оператор жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* хэсгийн 6 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* (.

Үйлдсэн хэргийн талаар /яллахдүгнэлтэд тогтоосоноор/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* хэсэгт 2024 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед хохирогч эзэмшлийн IPhone 14 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 3,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байж байгаад төв рүү орж ирсэн. Төвд ирээд Уртнасантай таарсан. Тэгээд “би оройтож магадгүй, чи машинтай байгаа юм чинь намайг ирээд авчих” гэж хэлээд салсан. Би ажлаа амжуулаад явж байхдаа нэг найзтайгаа тааралдаад нэг шил архи уусан. 18-19 цагийн үед гэдэг найзындаа очоод 19-20 цагийн үед 2 дугаар хороонд ирсэн. Тэгэхэд би Уртнасан руу залгахад “ хамт байна” гэж ярихаар нь такси бариад Уртнасан, рүү явсан. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Ганзул гэдэг хүний машинд симээ сольсон. Буцаагаад утсаа авахад миний утсыг блоклочихсон байсан. Төв рүү яваад Шинэбаяр гэдэг айлд очсон. Тэгээд бүгд тарцгаасан. 6 дугаар сарын 4-нд миний сим блоклогдчихсон байсан. Надад симний үүр нь байхгүй байсан болохоор ээжийнхээ утсаар ярьж байгаад симнийхээ блокийг гаргаад утсаа асаахад цагдаагаас залгасан. Тухайн үед хэдэн цагт яаж явсан үйл явдлыг санахгүй байгаа” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- “Сэлэнгэ Эстимейт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаартай үнэлгээ /хх-ийн 33-р хуудас/,

- Хохирогч мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Хохирогч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Г.Ууганбатын мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А.Даваажаргалын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Гэрч А.Даваажаргалын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-14-р хуудас/,

- Гэрч Ц.Ганзулын мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

- Гэрч Д.Цэнгэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

- Гэрч Д.Сайн-Очирын мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

- Гэрч Б.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 89-91-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч мэдүүлэг /хх-ийн 10, 14, 17, 62-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Г.Ууганбатын мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А.Даваажаргалын мэдүүлэг /хх-ийн 23, 73, 93-р хуудас/,

- Гэрч Д.Цэнгэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 67, 101, 203-р хуудас/,

- Мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 43-р хуудас/,

- Гэрч Ц.Ганзулын мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

- Гэрч М.Шинэбаярын мэдүүлэг /хх-ийн 81, 194-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А.Отгонжаргалын мэдүүлэг /хх-ийн 97-р хуудас/,

- Гэрч М.Лхагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 189-р хуудас/,

- Гэрч Б.Уртнасангийн мэдүүлэг /хх-ийн 89, 100-р хуудас/

- Гэрч Т.Мөнхбаатарын мэдүүлэг /хх-ийн 89-91-р хуудас/

- Гэрч Г.Ариунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 214-р хуудас/,

- Шүүгдэгч *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28, 170-р хуудас/,

- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 177-181-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд эд зүйлийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авч буй үйлдлээр илэрдэг.

              Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* хэсэгт 2024 оны 5 дугаар сарын 31-ний орой 21-23 цагийн үед хохирогч эзэмшлийн “IPhone 14 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэх үйл баримт нь:

              - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10-р хуудас/,

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 31-ний орой Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* хэсэгт байрлах аав, ээжийнхээ гэрт оччихоод тэнд байдаг Уртаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх найзынхаа гэрт 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд сууж байтал манай багийн найз ******* нь Уртаагийн гэрт орж ирсэн. Тэгээд бид гурав дахиж пиво авч уухаар гэрээс гарч яваад Ёнхоо /хоч/ гэх зүс таних ах машинтай явж байхаар нь суусан. Тэгээд мөнгө яах вэ гэхэд нь миний утас унтарчихсан байж таараад ийн утсанд сим картаа сольж хийсэн. Тэгээд пин код нь болохгүй байхаар нь өөр өөрсдийн сим картыг авч утас утсандаа хийсэн. Тэгээд би утсаа өөрийн өмдний баруун талын өмдний гуя хэсэгт байрлах халаасанд хийсэн. Тэгээд цааш явж байсан чинь нь эгчийнхээ гэрээр орно гээд нэг гудамжинд зогссон юм. Тэгээд бууж үлдээд бид нар урд талын гудамж руу очиж айлын гэр лүү орох гэж байгаад болиод буцаж ийн буусан гудамж руу явж байхад өөдөөс алхаж ирж байсан. Тэгээд *******ийг авч буцаж нөгөө айлынхаа гадаа ирж *******, Уртаа бид гурав нөгөө ах маань машинтай явсан юм. Би машинаас буусныхаа дараа гар утсаа байна уу гээд үзэхэд миний гар утас байхгүй болохоор нь *******оос асуухад “би чиний утсыг аваагүй, надад мэдэх зүйл байхгүй” гээд байсан. Тэгээд би ямар нэг зүйл яриагүй үлдээсэн юм. Тэгээд би 2024 оны 6 дугаар сарын 04-ний өглөө Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Хэрлэн худалдааны төвийн гар утас засвар худалдаагаар орж “I Phone 14 pro” загварын гар утасны код гаргуулах ямар нэг хүн ирээгүй юу гэж гар утас засварчнаас асуухад “2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхэд ирж код тайлуулах гээд явж байсан” гэж хэлэхээр нь засварчинтай хяналтын камерын бичлэгийг нь шүүж үзэхэд миний зүс таних Даваажаргал, Ууганбаяр гэх хоёр хүүхэд явж байсан дүрс бичигдсэн байсан. Тэгээд хүнээс асууж байгаад утасны дугааруудыг нь олж яриад өдөр 14 цаг өнгөрөөгөөд уулзсан юм. Тухайн үед Даваажаргал нь надад “2024 оны 5 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Багануур дүүргийн 2 дугаар хороонд байхад ах надад өгсөн, тэгээд кодыг нь тайлуулаад зарах юм бол тал мөнгийг нь ахдаа өгөөрэй, болохгүй бол сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгөөрэй” гэж хэлсэн гэх яриа өгүүлэлтэй байсан. Миний гар утас “IPhone 14 pro” загварын, чирнелэн ягаан өнгийн гар утас байгаа юм. Тухайн гар утасны ард талын хоёр камерны хамгаалалт нь цуурсан, урд шилэн наалт нь цуурсан, гадна талаараа хар өнгийн хавтасгүй гэртэй, өөр ямар нэгэн эвдрэлгүй утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Үйл явдал болох үед *******, мөн машин жолоопож явсан Ёнхоо /хоч/ гэх ах, ахтай хамт явсан Ариунаа, Цэнгэлмаа гэх хүмүүс байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд 2 дахь удаагаа өгсөн: “...Тухайн үед миний утас унтарсан байсан болохоор миний утаснаас сим картыг маань авч *******ийн гар утсанд миний симийг хийсэн. Тэгээд *******ийн утсыг асаагаад сим картын пин кодыг буруу хийж миний сим картыг блоколчихсон. Тэгээд надад Ариунаа нь миний утсыг өөрөө надад өгсөн. Тэгээд би тухайн үед өөрийн өмсөж явсан уурхайн нормын өмдний баруун талын халаасанд хийгээд товчлох гэсэн товч нь тасраад унасан байсан болохоор товчилж чадаагүй. Тухайн үед миний баруун талд ******* нь сууж явсан. Тэгээд Багануур дүүргийн төвөөс 2 дугаар хороонд очиход ******* нь “төрсөн эгчийнхээ гэрлүү ороод ирье” гэж хэлээд машинаас буусан. Тэгээд бид тухайн үед Д.Цэнгэлмаа эгчийн гадаа очоод зогсож байхад ******* нь буцаад ирсэн. Тэгээд тэрнээс хойш би *******оос “утас байхгүй байна” гэхэд ******* нь “чи утсаа хаячихсан юм уу” гэж хэлсэн. Тэгээд би *******т “би утсаа хаяагүй, машинаас буугаагүй байж байгаад одоо л бууж байна” гэж хэлсэн. Тэгээд ******* нь “тэгээд намайг авчихсан гэж бодоод байгаа юм уу” гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийг 62-63-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Г.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2024 оны 6 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байж байхад манай найз Даваажаргал утсаар залгаад “чи 7 дугаар байраны Тод фото эсвэл Хэрлэн худалдааны төвийн гар утас засвар онгойсон байна уу хараад өгөөч” гээд байсан. ...Тэгээд би Даваажаргалд “утас засвар ажиллаж байна” гэж хэлээд гэртээ оччихоод буцаад эгчийн хамт Хэрлэн худалдааны төв дээр ирсэн. Тэгээд явж байхад Даваажаргал над руу залгаад “би Хэрлэн худалдааны төв дээр ирчихлээ, чи хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь явж очоод уулзахад “найз нь Багануур дүүргийн 2 дугаар хороо, зам дээр явж байгаад замын хашлага хэсэг дээрээс гар утас олсон юм” гээд I Phone загварын үзмэн ягаан өнгийн гар утас барьчихсан явж байсан. Тухайн үед Даваажаргал “би сая утас засварчин руу ороод кодыг нь тайлуулах гэсэн чинь I Phone-10 загварын гар утаснаас хойшхи загварын гар утсыг тайлах боломжгүй гээд байна, чи ороод сэлбэгт өгчих, гуйж байна” гээд байсан... тэгээд Хэрлэн худалдааны төвөөс гараад явж байхад Даваажаргал “наад гар утсаа хогийн саванд хаячих” гэхээр нь үйлчилгээний төвийн голд 2 давхар руу өгсөх явган хүний шатны хажууд байсан хогийн саванд хаячихсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа гэх зүс таних ах Даваажаргалтай уулзчихсан ирээд гар утсыг хайсан юм. Тухайн гар утасны ар талын камер нь хагарсан, шилэн наалтгүй, хар бор өнгийн утасны гэртэй байсан. ахтай уулзсаны дараа гэх хүнээс авсан гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 31-ний орой Багануур дүүргийн төвд үндэсний бөхийн тэмцээний бэлтгэл хийж байгаад 23 цагийн үед Улаанбаатар хот руу тэмцээнд явах хүүхдүүдийн машинд суугаад Багануур дүүргийн 2 дугаар хорооны уулзвар дээр зам дагуу буугаад дээшээ гэр лүү очихоор явж байх замд хорооны төвд байрлах хүнсний дэлгүүрийн хажуугаар явж байхад ардаас нэг ах дуудсан. Тэгэхээр нь яваад очиход зүс таних /өмнө нь манай ахтай 2-3 удаа архи ууж байсан/ гэх хүн байсан. Тэгээд нэг утас гаргаж ирээд надад “ахын дүү энэ утсыг аваад явчих” гэхээр нь “ахаа би юу гэж таныг утсыг авдаг юм бэ, эвдэрчихсэн юм биш үү, та согтуу байна шүү дээ” гэхэд “ах нь гайгүй байна аа, 2-3 шил архи уусан, энэ утас эвдрээгүй, цэнэг нь дуусчихсан байгаа юм аа” гээд байсан. Тэгээд би ахын өгсөн утсыг асаах гээд товчлуур дээр дарахад асахгүй байсан. Тэгээд би ахад “энэ утас асахгүй байна шүү дээ” гэхэд “ах нь сая кодыг олон хийгээд блоколчихсон юм аа, болж байвал чи кодыг гаргаад өгчих, бүр болохгүй бол сэлбэгт өгөөд тал мөнгийг нь ахдаа өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсыг нь аваад гэр лүү явсан юм. Тэгээд гэртээ очиж хоноод маргааш өглөө нь өөрийн найз Г.Ууганбат руу залгаад “утас засвар онгорхой байна уу, хараад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд манай найз Г.Ууганбат хараад “гар утас засварын газар нээлттэй байна” гэхээр нь би 10 цаг 30 минутын автобусаар Багануур төвд ирж Хэрлэн худалдааны төвийн гар утас засварчин руу орж тухайн гар утасны кодыг тайлах уу гэж асуухад засварчин нь “кодыг тайлах боломжгүй” гэсэн. Тэгээд би буцаж гарч ирэхэд Г.Ууганбат хүрээд ирсэн. Тэгэхээр нь би найз Ууганбатын хамтаар засварын газар луу ороод “ядаж сэлбэгт авах уу” гэж асуухад эхлээд 300,000 төгрөгөөр авна гэж байснаа олсон гар утас гэж хэлсэн чинь тухайн гар утсыг авахгүй гэсэн. Гарч ирээд хэрэггүй юм чинь гэж бодоод Хэрлэн худалдааны төвийн өгсдөг шатны хажууд байдаг хогийн саванд хаячихсан. Тэгээд хэд хоногийн дараа хөлбөмбөгийн талбай дээр бөхийн бэлтгэл хийж байхад Мийгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ах хүрч ирээд гар утсан дээрээ бичлэг үзүүлээд “энэ та 2 мөн үү” гэсэн. ...нөгөө хогийн савандаа гар утсыг хайж үзэхэд байхгүй байсан. Тэгээд олдохгүй байхаар нь Мийгаа ахад би болсон асуудлын талаар хэлж өгсөн. ******* ах анх уулзаад надад хэлэхдээ “миний өөрийн гар утас байгаа юм, ах нь согтуудаа блоклочихлоо” гэж хэлсэн. Тухайн гар утасны ар талын камернууд нь хагарсан, урд талын нүүрнийх нь шил бага зэрэг хагарсан, цэнхэр өнгийн гэртэй I Phone загварын утас байсан...” /хх-ийн 23-24-р хуудас/,

- Гэрч А.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2 дахь удаагаа өгсөн: “...Тухайн утсыг 2024 оны 5 дугаар  сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад миний зүс таних ах ******* нь Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авдар баян нэртэй дэлгүүрээс ертөнцийн зүгээр баруун талд гудамжны дээд талын далангийн хажууд намайг дуудаж өгсөн. ...Тэгээд надад ягаан өнгийн кейстэй, Iphone маркийн 3 ширхэг камертай утас өгсөн. Тухайн гар утасны дэлгэцний шилэн наалт нь гол хэсэгтээ жоохон цуурсан, мөн камерны хамгаалалтын шилэн наалт нь жоохон хагарсан, гар утас нь унтарсан асахгүй байсан. ...тухайн үед найздаа хүнээс авсан гэж хэлээгүй олсон гээд хэлсэн юм. ...******* ах 2024 оны 5 дугаар сарын 31-ний орой надад утас өгөхөд нь би “та надад дугаараа өгөөч, би утсыг чинь зарвал мөнгийг чинь яаж өгөх вэ” гэхэд ах “би өөрөө чамайг олоод уулзаад авна” гэж хэлсэн. Тэгээд надтай дахиж уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р хуудас/,

- Гэрч А.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 3 дахь удаагаа өгсөн: “...Тухайн гар утас нь асахгүй, ажиллахгүй, мөн гар утас засварын газарт сэлбэгэнд авахгүй гээд байсан. ...Цагдаагаас мэдүүлэг авах үед ээждээ “******* ах нэг утас өгөөд “наад утасныхаа кодыг тайлуулчих, эсвэл сэлбэгэнд өгөөд тал мөнгийг нь ахдаа өгөөрэй” гэж хэлсэн” гэж болсон явдлыг үнэнгээр нь хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаартай: “...“IPhone 14 pro” загварын гар утсыг үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 3,100,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

- Гэрч Ц.Ганзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., хоёр нь надтай явахаар болоод машинд суусан юм. Тэгтэл , хоёр нь гар утсаа гаргаж ирчихсэн архи хэн нь авахаа ярилцаад, нэгнийх нь утас цэнэггүй болчихсон, нэг нь нэгнийхээ утсанд сим картаа сольж хийгээд байсан. Тэгээд маргалдаад байж байгаад нь нэг хүн рүү яриад мөнгө асуухад нөгөө хүн мөнгөгүй гэсэн бололтой байсан. Тэгээд уурлаад байхаар нь би “та нар ер нь буу, та нарыг авч явах албатай ч биш, би ямар таксинд явж байгаа биш, төв рүү дөхүүлээд өгье гэж бодсон юм” гэхэд “ядаж энэ ойрхон хүргээд өгчих” гэхээр нь би тухайн хүмүүсийг суулгаад Цэнгэлмаагийн хашааны гадаа буулгасан. ...тэгээд би шууд Багануур дүүргийн төв орохоор 2 дугаар хорооны ойролцоо явж байхад ардаас миний утас руу танихгүй дугаараас залгаад “таны машинд утсаа хаясан юм шиг байна” гэхээр нь би машиндаа гар утсыг нь үзэхэд байхгүй байсан. Тэгэхээр нь би “машинд байхгүй байна” гэдгийг нь хэлэхэд “за” гэж хэлээд тасалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

- Гэрч Д.Цэнгэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд бид нар Ганзулын машинд суусан. Тэгээд тэд нар Багануурын төв рүү орох ажилтай гэж ярилцсан юм шиг байсан. Тэр үед д мөнгө байгаа гээд гийн утас нь цэнэггүй, утаснаасаа сим картаа гаргаад нэгэнд нь өгөөд симээ хийлгээд байсан. Хэний утсанд сим картаа хийсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд нэг нь д “сим карт блоклогдчихсон байна” гэж байсан. Тэгээд бид хоёр Ганзулын машинд үлдсэн. Тэр үед Уртнасан, хоёр хөдлөөд яваад өгсөн. Тэр үед нь машинаасаа буугаад гэр лүүгээ явлаа гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

- Гэрч Л.Мөнгөнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 11-12 цагийн хооронд 18-20 насны эрэгтэй хүүхэд орж ирээд гар утасны код гарах уу гэж асуусан. Тухайн үед “код гаргана, ID кодоо мэдэх үү” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд тухайн эрэгтэй хүүхэд гараад явсан. Тэгээд 20-30 минутын дараа өөр нэг эрэгтэй хүүхэд орж ирээд “код гаргах уу” гэж асуугаад сүүлдээ “сэлбэгэнд авах уу” гэж асууж байсан. Тухайн гар утас нь “...“IPhone 14 pro” загварын чирнелэн ягаан өнгийн утас байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

- Гэрч Д.Сайн-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 31-ний орой ...утсаа алдсан *******ийн сим картаа сольж хийгээд хамгийн сүүлд утсыг аваад мөнгө шилжүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд нь *******т хандаж “утас гаргаж өг” гээд маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

- Гэрч Б.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 31-ний орой ...Тэгээд нь орж ирээд “миний утас байхгүй байна” гээд надаас болон *******оос асуусан. Надтай хамт явахдаа *******, нар нь хоорондоо сим картаа сольж хийсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөд 3,100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс ямар нэгэн хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Иймд шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөртэйд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорын зүгээс тал бүрээс нь шалгасан байх гэж үзэж байгаа байх. Тал бүрээс нь шалгаад миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхөөр зүйлүүд байна. Хэрэгт гэрчээр оролцсон хүмүүсийн мэдүүлэг нь зөрүүтэй, хэрэг болсон гэх цаг хугацааг зөв тодорхойлж чадаагүй, эргэлзээтэй байдаг. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд гэрч нараас дахин мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. *******ийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хэргийг ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Тус хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй болгож миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Анх намайг сэжигтнээр татаад мэдүүлэг авсан. Үүнээс хойш хэдэн сар таг болчихсон, намайг нэг ч удаа дуудаагүй. Тэгээд энэ хэрэг дуусчихсан юм байхдаа гэж бодож байхад өвөл над руу залгасан. Энэ хэргийг сунжруулахгүйгээр тухайн цаг үед нь шийдчихсэн бол утасны түүх, камерын бичлэг, машинтай нааш цаашаа явсан газар гээд бүх юм нь хөдөлшгүй зүйлээр батлагдсан байгаа байх. Шүүхэд хандаж хэлэхэд би энд хилсээр орж ирээд зогсож байна. Би өнөөдөр яаж ч согтсон, яаж ч байсан нэг удаа ч хүний юм авахгүй, ажил хийгээд хүнээс гуйхгүй амьдраад явж байна. Би ажилдаа хайртай, дуртай, надад алдах эрх байхгүй, өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Би амьдралдаа нэг ч хэрэгт орооцолдож үзээгүй. Энэ бүх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх байхаа гэж бодож байна” гэсэн тайлбарыг тус тус гаргав.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс *******т холбогдох хэргийн үйл баримт хангалттай нотлогдоогүй, гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, хэрэг болсон цаг хугацааг зөв тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх журмыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн хэлэлцүүлсэн гэрч Д.Цэнгэлмаа, Ц.Ганзул, М.Шинэбаяр, насанд хүрээгүй гэрч А.Отгонжаргал, гэрч М.Лхагвадорж, Б.Уртнасан, Т.Мөнхбаатар, Г.Ариунчимэг нарын мэдүүлэг нь гэмт хэргийг үгүйсгэх үйл баримтыг нотолсон ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдүүлээгүй байх ба  шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Даваажаргалын мэдүүлэг нь хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, газар, гэм буруутай этгээдийн үйлдлийг хангалттай нотолсон, бусад гэрч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй, *******ийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, дээрх баримтуудаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаартай үнэлгээгээр тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

              2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

Иймд  Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимейт” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 253 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон 3,100,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож, шүүгдэгч *******оос дээрх төлбөрийг гаргуулж хохирогч д олгуулахаар шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос дүгнэлтдээ: “...Энэ хэрэг маань нийгмийн аюул их хэрэг биш. Ганцхан гар утас л яригдаж байгаа. Олон сая төгрөгийн асуудал биш. Хэргийн нөхцөл байдлын тухайд шүүх нэгэнт гэм буруутай гээд дүгнэсэн учраас шүүхийнхээ шийдвэрт нийцүүлэн дүгнэлтээ хэлье. ******* нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэт их хэрэглэсэн байсан учраас өөрийнхөө нөхцөл байдлыг бүрэн мэдэхгүй яваад байсан байгаа юм. Хувийн байдлын тухайд 70 настай ээжтэйгээ амьдардаг. Ээж нь зүрхний хагалгаанд 2 удаа орж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн ухаан мэдрэлгүй болсон үед хүний утас авсан хэрэгт холбогдоод шүүхээс гэм буруутайд тооцогдчихлоо. Эрүүгийн хуулийн энэрэнгүй байх зарчимд харш үйлдэл гаргаж байна гэж улсын яллагчийн саналыг харж байна. Дээрх дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Тухайн үед би согтуу байсан учраас болсон үйл явдлыг санахгүйгээсээ болоод ийм зүйлд орооцолдлоо. Хүн хэзээ ч хийж байгаагүй зүйлээ нэг өдөр хийнэ гэж байхгүй. Миний өмгөөлөгчийн хэлсэн нөхцөл байдлыг харгалзаж үзээд ажлаа хийж болохоор зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух хаягаа өөрчлөх, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.

              Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух хаягаа өөрчлөх, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж хохирогч д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН