Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/02645

 

 

 

 

 

 

  2022        06           07                                       101/ШШ2022/02645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,*******,

хариуцагч- Төв аймаг,*******,*******,*******,

хариуцагч- Төв аймаг,*******,*******,,

гэм хорын хохиролд 38,,419 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:  

      

 нэхэмжлэгч Л.Алтангэрэл,,

        хариуцагч А.Мөнгөнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа,,

         хариуцагч Н.Мөнх-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан,

         иргэдийн төлөөлөгч М.Гунгаадорж,

гэрч Ц.Мөнхцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь хариуцагч А.Мөнгөнбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 38,,419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2009 оны 9-р сарын 5-ны өдөр Төв аймгийн*******ын нутагт эгчийндээ амрахаар очоод унага тамаглах ёслол болсон. Тэр өдөр үеэл А.Мөнгөнбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нартай нутаг усны яриа өрнүүлж маргаан гарч, гэрээс гарахад А.Мөнгөнбаяр араас гарч ирж зодолдсноор Алтан-Эрдэнэ гэрт байгаа хүмүүст хэлснээр Н.Мөнх-Эрдэнэ гарч ирэн намайг цохиж, А.Мөнгөнбаяр нүүр рүү өшиглөсөн, ингээд ухаан алдаж маргааш өглөө сэрэхэд амбаарт байсан. Тэр өдрийн 4 цагийн үед Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг явах замд адуунд өшиглүүлсэн гэж хэлээрэй гэж намайг ятгасан, ингээд эмнэлэгт ирж хагалгаанд орсноор 9-р сарын 9-ний өдөр А.Мөнгөнбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нар ирж уулзан цагдаа, шүүх гээд хэрэггүй зохицьё гэж гуйсан тул гэр бүл, үр хүүхдийг нь бодсон. Ингээд 10,000,000 төгрөгийг надад хоёр хувааж өгсөн бөгөөд цаашид амьдрал ахуйд чинь нэмэр болно, туслана гэж ам гарсан боловч нэг ч удаа туслаж, ярьж, уулзаж байгаагүй. Би 2009-2015 оныг хүртэл эмнэлэгээр явж, Энэтхэг улс руу 2011 онд явж хиймэл нүд хийлгэсэн. Энэ хугацаанд хоёр нүд бүрэн хараагүй болж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсноор 2020 онд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй.

Иймд иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, Энэтхэг улс руу хиймэл нүд хийлгэхээр явсан зардал зэргийг нэхэмжилсэн. Шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 12-р сарыг дуусталх хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг хөдөлмөрийн хөлсний хэмжээний өөрчлөлтөөр тооцоолол гаргасан тул анхны шаардлагаа дэмжиж, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 34,238,400 төгрөг, Энэтхэг улс руу явсан зардал 3,998,069 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Н.Мөнх-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа 2009 оны 9-р сарын 5-ны өдөр зодоон болсон, гэхдээ хариуцагч нар нийлж нэхэмжлэгчийг зодсон зүйлгүй. Харин Л.Алтангэрэл нь хариуцагч А.Мөнгөнбаярыг зодож байхад нь гэрээс Н.Мөнх-Эрдэнэ гарч ирснээр нэхэмжлэгчийг өшиглөсөн байдаг. Тэр үед Л.Алтангэрэл нь архи уусан агсам тавьж, нутаг усны маргаан гаргасан байдаг. Хохирол учруулсанд маргахгүй, тэр даруй нэхэмжлэгчид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байдаг. Мөн 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Энэхүү үйл явдал болсноос хойш 11 жилийн дараа нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тиймээс 2009 оны 9-р сарын 5-нд учирсан хохиролд 10,000,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан, үйл явдал 2009 оны 9-р сарын 5-ны өдөр болсон тул энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь 1998 оноос хойш нүдэндээ эмчилгээ хийлгэж, 2005 оны 01-р сараас 60 хувийн групп тогтоолгож, тэтгэвэр авч байсан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хариуцагч А.Мөнгөнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа эдгээр хүмүүс Н.Мөнх-Эрдэнийн гэрт архи уусан байдаг. Тэр үед А.Мөнгөнбаяр мөн ухаан балартсан тул болсон үйл явдлыг сайн санахгүй байдаг. Нэхэмжлэгч Л.Алтангэрэлд гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч “хүн хараагүй болсон байх тул хохиролыг хариуцагч нар бүрэн төлөх ёстой, нэхэмжлэлийн дүнг бүрэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлт гаргасан.

 

6. Нотлох баримт:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, Л.Алтангэрэлээс төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-5/, цахим тасалбарын баримт англи, монгол хэлээр /хх-6, 197-198/, Air trans орлогын ордер /хх-7/, эмнэлэгээс гарах тодорхойлолт англи, монгол хэлээр /хх-8, 9/, Сонгдо эмнэлэг үзлэгийн захиалгын хуудас /хх-10/, эм зүйн нийлүүлэгч англи, монгол хэлээр /хх-11, 12/, хиймэл нүд захиалгаар хийлгэх төв ангил, монгол хэлээр /хх-13, 14/, төлбөрийн баримт англи, монгол хэлээр /хх-16, 17/, харааны тусламжийн төв англи, монгол хэлээр /хх-18, 19/, Оньс трейд ХХК-ийн тодорхойлолт /хх-20/, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-47/, Төв аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-48/, Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 81 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол /хх-51-53/, захиалгын дугаар 0032, цувралын дугаар 001589 дугаартай, спорт бүч гэж орчуулагдсан англи, монгол хэлэр /хх-15, 195/, захиалгын дугаар 0032, цувралын дугаар 001588, нарны шил гэж орчуулагдсан англи, монгол хэлээр /хх-15, 196/, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-199/, Л.Алтангэрэлийн гадаад паспортын хуулбар /хх-200/, Л.Алтангэрэлийн хаан банкны 5006251781 дугаартай дансны хуулга /хх-201/, Л.Алтангэрэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороонд оршин суудаг тухай тодорхойлолт /хх-204/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч А.Мөнгөнбаярын хариу тайлбар /хх-31/, хүсэлт /хх-32/, итгэмжлэл /хх-156/, хариуцагч Н.Мөнх-Эрдэнийн итгэмжлэл /хх-33/, түүний тайлбар /хх-34/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

/хавтаст хэргийн 43-45, 49, 50, 142-143, 205-215 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт:

 

Шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг /хх-64-66, 103-105/, А.Мөнгөнбаярын 2020-01-12-ны өдрийн гэрчийн мэдүүлэг /хх-67-70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 433 дугаартай дүгнэлт /хх-71-73/, Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай 41 дугаартай тогтоол /хх-74-75/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай 1/19 дугаартай тогтоол /хх-76-77/, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 1/19-213400082 дугаартай тогтоол /хх-78-79/, Л.Алтангэрэлийн хохирогчоор 2020-12-30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-81-84/, А.Мөнгөнбаярын гэрчээр 2020-01-12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-85-88/, Н.Мөнх-Эрдэнийн гэрчээр 2020-01-12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-89-92/, Л.Алтангэрэлийн хохирогчоор 2021-05-12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-93-95/, Ц.Мөнхцэцэгийн гэрчээр 2021-05-12-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-96-98/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Ганцэнгэл, О.Оюунбаясгалан нарын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаартай дүгнэлт /хх-99-102/, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Л.Алтангэрэлийн 2009 оны шимтгэл төлсөн архивын лавлагаа /хх-107/, Л.Алтангэрэлийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2016-10-12-ны өдрийн 0150372 дугаартай акт /хх-108, 136/, Л.Алтэнгэрэлийн 125694 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-109-113, 115/, Л.Алтангэрэлийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай 2807000359 дугаартай баталгаажилтын хуудас /хх-114/, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Л.Алтангэрэлийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-132/, Л.Алтангэрэлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-133-134/, Л.Алтангэрэлийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон 2005 оны 01-р сарын 05-ны өдрийн 36 дугаартай акт /хх-135/   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь хариуцагч А.Мөнгөнбаяр, Н.Мөнх-Эрдэнэ нарт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 38,,419 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ нь 2009 оны 9-р сарын 5-ны өдөр зодоон болсон, Л.Алтангэрэлд хохирол учруулсанд маргахгүй, тэр даруй нэхэмжлэгчид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, учирсан хохиролд 10,000,000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан, үйл явдал 2009 оны 9-р сарын 5-ны өдөр болсон тул энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь 1998 оноос хойш нүдэндээ эмчилгээ хийлгэж, 2005 оны 01-р сараас 60 хувийн групп тогтоолгож, тэтгэвэр авч байсан зэрэг үндэслэлээр,

хариуцагч А.Мөнгөнбаяр нь нэхэмжлэгч Л.Алтангэрэлд гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс 17,046,400 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 21,190,019 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн 81 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай ...хохирогч Л.Алтангэрэлийн баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь зүүн нүдэнд нөлөөлж улмаар хоёр нүд бүрэн хараагүй болсон гэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдоогүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна... гэх тогтоол,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2021-01-07-ны өдрийн 433 дугаартай ...Л.Алтангэрэлийн биед баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, агуулагдахуун бүрэн гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, баруун 8, 9-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, ...гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, харин баруун 8, 9-р хавирганы хуучин хугарал гэмтэл нь цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй гэх... дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Ганцэцэг, О.Оюунбаясгалан нарын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаартай ...улсын клиникинй төв эмнэлгийн 2009 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 15 тоот өвчний түүхийн хуулбараас үзэхэд Л.Алтангэрэлийн биед тухайн үед баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, агуулагдахуун бүрэн гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний дээд, доод зохи, дээд уруулд няцарсан шарх, цус хуралт, баруун доод 5-р шүдний цөгцний хугарал, дал, аюулхай орчимд шалбаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, агуулагдахуун бүрэн гадагшлалт, баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.34.10-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх... дүгнэлт,

эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч эмч М.Энхбаяраас ...Алтангэрэл өмнө нь нүдний даралт ихсэх өвчтэй байсан болохоор баруун нүднээс шалтгаалан нөгөө нүдэнд хараагүйдэл үүссэн болохыг, гэмтэл тогтоох боломжгүй гэх... мэдүүлэг,

А.Мөнгөнбаярын ...Алтангэрэлтэй муудалцаж, Алтангэрэл гэрээс гарч намайг дуудахад нь гараад очтол намайг боож газар унасан, ...би боолтонд орсон ухаан санаа самуурсан байсан, бид гурав Мөнх-Эрдэнийн байшинд ороход Алтангэрэлийн баруун талын хөмсөг нь яазарсан байсан, маргааш өглөө хадам ээж Сарантунгалаг бусад хүмүүсийн хамтаар Алтангэрэлийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан, ...эмчилгээний зардалд Н.Мөнх-Эрдэнэ бид хоёр 10,000,000 төгрөгийг гаргаж өгсөн гэх... гэрчийн мэдүүлэг,

Н.Мөнх-Эрдэнийн ...Б.Мөнгөн-Оньс гэх хүн манайд байдаг унагаа тамгалсан, Л.Алтангэрэл ах хөдөө хэд хоног байна гээд манайд үлдсэн, орой нь манайд айраг, архи, дарс ууж суусан. Тэгтэл Л.Алтангэрэл ах, Мөнгөнбаяр нар хоорондоо маргалдаж байгаад Л.Алтангэрэл ах Мөнгөнбаярыг гэрээс гараад ир гэж дуудсан. Мөнгөнбаяр Алтангэрэл ахын гараас гэрээс гарсан удаагүй байтал гаднаас айлын адуу хараад манайд байдаг байсан Эрдэнэ гэх залуу гаднаас орж ирээд нөгөө хоёр чинь гадаа муудалцаад байна гэхээр нь гараад хартал манай гэрийн урд байх байшингийн урд хэсэгт Мөнгөнбаярын дээр нь Л.Алтангэрэл ах гарцан цохиж байхаар нь би Л.Алтангэрэл ахын толгой нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөөд дараа нь газарт унахаар нь дахиад 1 удаа нүүр хэсэг рүү нь өшиглөсөн. Мөнгөнбаяр босож ирэхгүй байхаар нь татаж босгоод гэр рүү авч ороод гэрээс гараад ирсэн чинь Л.Алтангэрэл ах гэрийн урд байх модон байшинд орсон байсан араас нь яваад орсон чинь Л.Алтангэрэл ахын нүүр ам нь цус болсон газар унтаж байхаар нь би өөрийнхөө мишокийг нөмрүүлээд гараад гэртээ ороод унтсан. Маргааш нь босоод Л.Алтангэрэл ахыг очоод харахад нүүр нь бүхэлдээ хавдсан байсан тул хүний машин гуйгаад Л.Алтангэрэлийг аваад Улаанбаатар хот нэгдүгээр төв эмнэлэг дээр ирсэн, тэгээд эмч нар нүд нь хагараад цөцгий нь гарцан байна яаралтай нүдний хагалгаанд орно гэж хэлж байсан, ...Л.Алтангэрэл ах цагаа сэргийлэх гээд яахав ах нь өөрөө архи дарс уугаад гэр оронд чинь агсам тавьчихаад асуудал үүсгэхгүй, ах нь адуунд өшиглүүлсэн гэж хэлий ямар ч байсан эмнэлэгт хүргээд өг гэж хэлж байсан... гэх мэдүүлэг,

 

шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Мөнхцэцэгийн ...2009 оны 9-р сард улсын нэгдүгээр төв эмнэлэгт жижүүрт хонож байхад Л.Алтангэрэлийн нүдний бүх юм гарсан яаралтайгаар ирж байсан, нүдийг үлдээх боломжгүй байсан тул хагалгааг Төмөрбаатар эмч удирдаж хагалгаанд орсон, тухайн үед өвчтөнөөс өгүүлэмж авахад хүнд цохиулсан гэж хэлсэн, ингээд хагалгаанд орж баруун нүд нь авагдсан, дараа нь ирж үзүүлж байсан, ...тохирсон эмчилгээ хийхэд нүдний даралтыг эмчилж болдог, хараа алдахгүй байх боломжтой, Л.Алтангэрэлийг Энэтхэг улс руу явахад протезын хэмжээ авч үйлчилгээ хийлгэх санал хэлснээр авч явсан, тэнд хиймэл нүд хийлгэж, нөгөө нүдний даралт үзүүлж байсан, энэтхэг рүү 2011 онд явсан байх... гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Л.Алтангэрэлийн баруун нүдний алимны эвэрлэгийн нэвтэрсэн шарх, агуулагдахуун бүрэн гадагшлалд, баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд няцарсан шарх, цус хуралт, баруун доод 5-р шүдний цөгцний хугарал, дал, аюулхай орчимд шалбаралт гэмтлүүд учирсан, эдгээр гэмтэл 2009 оны 9-р сарын 5-ны өдөр нэхэмжлэгчийн нүүрэн хэсэгт өшиглөсөн хариуцагч Н.Мөнх-Эрдэнийн хууль бус үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь дээрх гэмтлийг хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ, А.Мөнгөнбаяр нар хамтран учруулсан гэж тодорхойлж байх боловч эрүүгийн хэргийн баримтуудаар хариуцагч А.Мөнгөнбаярын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн баруун нүдэнд гэмтэл учирсан гэх байдал бүрэн тогтоогдоогүй байна. Иймээс шүүх А.Мөнгөнбаярт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгч эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 34,238,400 төгрөг, Энэтхэг улс руу эмчилгээнд явсан зардал 3,998,069 төгрөг, нийт 38,,419 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг “эрүүл мэнд” гэж тодорхойлсон байна. Тиймээс хүний сайн сайхан байх эрхэд нь халдсан, эсхүл амьдрах боломжийг нь алдагдуулсан этгээд учруулсан гэм хорыг эд хөрөнгийн байдлаар хариуцан арилгах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн зөрчигдсөн эрхийг хамгаалах зохицуулалтын аргатай холбогдоно.

 

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

8. Нэхэмжлэгчийн баруун нүд гэмтсэний улмаас баруун нүдийг авч, нүдний хэлбэржүүлэгч хийснээр Энэтхэг улс руу 2011 оны 10-р сард явж хиймэл нүд хийлгэсэн болохыг гэрчээр оролцсон эмч Ц.Мөнхцэцэг мэдүүлж, хэрэгт авагдсан Арт Айес хиймэл нүд захиалгаар хийлгэх төвийн тодорхойлолт, Л.Алтангэрэлийн цахим тасалбарын баримт, эм зүйн нийлүүлэгчийн баримт, төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон ба хариуцагч нар маргаагүй.

 

Энэтхэг улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад 3,998,019 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан Air trans орлогын ордерт бичигдсэн 1000 ам.доллар, 20,080 төгрөг, Энэтхэг улсын эмийн үнэ 6000 рүпи, хиймэл нүд захиалгаар суулгасан төлбөр 15,000 рүпи, спорт бүч 365 рүпи, нарны шилний үнэ 2470 рүпи, нүдний эмнэлэгийн мэдээлэл 50 рүпи, нүдний даралтын шинжилгээний багц 2700 рүпи, зөвлөгөө өгсөн төлбөр 750 рүпи, контакт линзийн 1650 рүпи зэрэг /нэхэмжлэл гаргах үеийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ам.доллар 2848,85 төгрөг, Энэтхэгийн рупи 38,04 төгрөгөөр тооцсон/ баримтаар, мөн Сонгдо эмнэлэг үзлэгийн төлбөр 26,500 төгрөг тус тус нотлогдож, цаг хугацааны хувьд эмчилгээ, үйлчилгээ авсан хугацаанд хамаарч байна.

 

9. Иймд нэхэмжлэгчийн дээрх эмчилгээний зардлыг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

10. Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2009 оноос 2021 оны 12-р сарыг дуустал хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 34,857,600 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон тодорхойлсон.

 

Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ нь 2009 оноос өмнө нэхэмжлэгч нүдний өвчин эмгэгийн улмаас 2005 оны 1-р сард хөдөлмөрийн чадварын алдалт 60 хувиар алдсанаа тогтоолгосон, ОХУлсад лазерийн эмчилгээ хийлгэж байсан, мөн 2016 оноос хөдөлмөрийн чадвар 100 хувь алдсан нь 2009 оны 9-р сарын 5-ны өдөр болсон үйл явдалтай холбоогүй гэж маргасан боловч нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааг түүний баруун нүдний гэмтэлтэй огт холбоогүй гэж үзэх үндэслэл дор дурдсанаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар 2005 оны 1-р сарын 5-ны өдөр ердийн өвчний шалтгаанаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар нэг жилийн хугацаатай тогтоосон байсан хэдий ч энэ хугацаанд буюу 2005-01-04-ний өдрөөс 2010-01-06-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “Оньс трейд” ХХК-засварчнаар ажиллаж байсан байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч ердийн өвчин 1-5-3 заалтаар 2016 оны 10-р сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувиар хугацаагүйгээр тогтоогдож, “Монголын хараагүйчүүдийн холбоо”-нд 2014 оны 1-р сараас 5-р сарыг дуустал хугацаанд, “Борудо” ХХК-нд 2019 оны 11-р сараас 2021 оны 6-р сарыг дуустал хугацаанд тус тус ажилласан боловч эдгээр ажил үйлчилгээ нь хараа шаардагдахгүй бариа засалчийн ажил гэж нэхэмжлэгч тайлбарласан.

 

11. Нэхэмжлэлд дутуу авсан цалин хөлсийг 2009 оноос 2021 оны 12-р сарыг дуустал хугацаагаар тооцсон байх хэдий ч дээрх баримтуудаар 2010 оны 1-р сараас 2014 оныг хүртэл, 2014 оны 6-р сараас 2019 оны 10-р сар хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй байх тул шүүх энэ хугацааг баримтлах нь зүйтэй гэж үзэв.  

 

Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн шаардлагаа тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж зохицуулсныг зөрчөөгүй байна.

 

12. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2010 оны 1-р сараас 2011 оны 3 дугаар сарын хугацаанд 108,000 төгрөг, 2011 оны 4-р сараас 2013 оны 9-р сарын 18-ны өдрийн хугацаанд 140,400 төгрөг, 2013 оны 10-р сараас 2016 оны 12-р сарыг дуустал хугацаанд 192,000 төгрөг, 2017 оны 1-р сараас 2018 оны 12-р сарыг дуустал хугацаанд 240,000 төгрөг, 2019 оны 1-р сараас 10-р сарыг дуустал хугацаанд 320,000 төгрөг, 2020 оны 1-р сараас 420,000 төгрөгөөр тус тус тогтоогдсон байна.

 

13. Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ 2009 оны 9-р сарын 5-ны өдөр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсантай холбоотойгоор 10,000,000 төгрөг төлж хохирол барагдуулсан гэж маргасан ба нэхэмжлэгч уг төлбөрийг хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны 5006251781 дугаартай дансны хуулга зэргээр тогтоогдсон. Нэхэмжлэгч уг төлбөрийг гэмтэл авсан даруйд гарсан эмчилгээний зардалд зарцуулсан гэж маргаж байх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй.

 

Иймээс дээрх 10,000,000 төгрөгийн 3,998,019 төгрөгийг Энэтхэг улс руу явж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад гарсан зардалд, үлдэх 6,001,181 төгрөгийг нэхэмжлэгчийн 2010 оны 1-р сараас 2013 оны 10-р сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд тус тус төлөгдсөн гэж тооцох үндэслэлтэй.

 

14. Харин нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 2013 оны 10-р сарын 19-ний өдрөөс 12-р сарыг дуустал хугацааны 454,400 төгрөг, 2014 оны 6-р сараас 12-р сар хүртэл хугацааны 1,344,000 төгрөг, 2015 оны 1-12-р сарын хугацааны 2,304,000 төгрөг, 2016 оны 01-12-р сарын хугацааны 2,304,000 төгрөг, 2017 оны 01-12-р сарын хугацааны 2,880,000 төгрөг, 2018 оны 01-12-р сарын хугацааны 2,880,000 төгрөг, 2019 оны 01-10-р сарын хугацааны 3,200,000 төгрөг, 2021 оны 7-10-р сарын хугацааны 1,680,000 төгрөг, нийт 17,046,400 төгрөгийг хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

15. Хариуцагч Н.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2009 оны 9-р сарын 5-ны үйл явдлын улмаас нэхэмжлэгчид учирсан  хохирлыг барагдуулсан гэж маргасан боловч хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үгүйсгэж, няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

16. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-дХөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус зохицуулсан.

 

Мөн хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан.

 

Дээрх тооцооллоор нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2013 оны 10-р сарын 19-ний өдрөөс эхлэн тооцох үндэстэй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

17. Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 17,046,400 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 21,190,019 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А.Мөнгөнбаярт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

18. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “хүн хараагүй болсон байх тул хохирлыг хариуцагч нар бүрэн төлөх ёстой, нэхэмжлэлийн дүнг бүрэн төлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн, шүүх дээр дурдсанаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 414,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс 243,182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс 17,046,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Алтангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,190,019 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч А.Мөнгөнбаярт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 414,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнх-Эрдэнээс 243,182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Алтангэрэлд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар  шийдвэрийг  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                    Д.ЯНЖИНДУЛАМ

 

                            ШҮҮГЧИД                                                Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                          Д.ЗОЛЗАЯА