Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2018/00436

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 148/ШШ2018/00436

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг 38 тоотод оршин суух, Арцаа тайж овогт *******ийн******* /МХ-77012607/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль/-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... ******* миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай ЕБС-ийн захирлын тушаалаар орон тоо цөөрүүлсэн шалтгаанаар нийгмийн багшийн албан тушаалаас үндэслэлгүйгээр халагдсан. Энэ тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээр хэлэлцэгдэн нэхэмжлэлийг бүхэлд нь хянан шийдвэрлэж 03 дугаартай шийдвэр гаргасан.

Уг шийдвэрээр намайг ЕБС-ийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эргүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлж даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийх, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2.301.440 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг хариуцагч Г.******* эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхэд гомдол гарган түүнийг хянан хэлэлцэж Анхан шатны Шүүхийн 03 дугаартай шийдвэрийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай магадлалаар хэвээр үлдээсэн.

Магадлалыг хариуцагч Г.******* эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Хяналтын Шатны Шүүхэд гомдол гаргасан.

Гомдлыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 001/ХБ2018/001021 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус үнэн зөв шийдсэн гэж тогтоолыг хэвээр үлдээсэн билээ.

 

Иймд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас МУ-ын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Шүүх хуралдааны тогтоол гарсан едөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 585.236 төгрөгөөр буюу өдрийн 26.601төгрөг x 6сар /181 хоног/= 4.814.781 төгрөгийн үндэслэл тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэлийг 2 үндсэн шаардлага дээр гаргаж байна.

Үүнд: 1. Ажилгүй байсан хугацааны цалин 4.814.781 төгрөгийг гаргуулах

2. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтын мөнгө 2.094.277 төгрөг тус тус гаргуулж өгнө үү! ... гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

... Д.******* миний бие 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тушаалаар нийгмийн багшийн албан тушаалаас үндэслэлгүй халагдсан учир 3-н шатны шүүхээр нэхэмжлэлээ шийдвэрлүүлэн ажилдаа орох гэтэл ямар нэгэн шалтгаан хэлж, болзол тавьж намайг ажилд авахгүй хохироож байна.

Тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин болох 4.814.781 төгрөг, хичээлийн жилийн ээлжийн амралтын мөнгө 2.094.277 төгрөг нийт 6.909.058 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан.

Гэтэл тус сургуулийн захирал Г.******* нь 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл 3-н шатны шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн намайг ажилд авахгүй байгаа тул нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоол гарсан өдрөөс өнөөдрийн хүртэл ажилд аваагүй байгаа хугацааны цалинг нэмж нэхэмжилж байна. Сард би 585.236 төгрөгийн үндсэн цалин авдаг.

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 31 хоног, 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 31 хоног, 8 дугаар сарын 19-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл буюу 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл 19 хоног нийт 81-н өдрийн цалин болох өдрийн цалин 26.601 төгрөг 2.154.681 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийнхээ шаардлагыг

ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 зааснаар ихэсгэж байна.

Иймд ******* сумын Ерөнхий боловсролын сургуулиас 9.063.739 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

2018 оны 8 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 31-ний хоорондох 6 өдөр, 9 сарын 01-нээс 9 сарын 07-ны өдөр хүртэлх 6 өдөр нийт 12 өдрийн 319.212 төгрөгийн цалин бодогдох ёстой бөгөөд анх 2.154.681 төгрөгний нэхэмжлэл гаргаснаас 319.212 төгрөгийг нэхэмжилж үлдэх 1.835.469 төгрөгөөс татгалзаж байна! гэжээ.

 

Хариуцагч: 2018 оны 09 сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Тус сумын иргэн Д.******* шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлэх талаар дахин хүсэлт гаргажээ. Энэ хүн өмнө нь 2018 оны 6 дугаар сарын 19-ныг хүртэлх цалин, түүнээс хойш амралт эдлэх 48 хоногийн нэхэмжлэлээ гаргасан. Тийм байсаар байтал амралтын мөнгөтэй давхцуулан цалин нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байгаа тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үзэж байна.Багш нарын амралт 6 дугаар сарын 15-наас эхэлж 8 сарын 29-өөр дуусгавар болсон. Иймд хуулийн дагуу тайлбар өгөх 14 хоногийн хугацаа авах шаардлагагүй! гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө нийт 9.063.739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны шатанд 1.835.469 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь: Ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.*******тай нийгмийн ухааны багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд түүхийн хичээлийн сургалтын цаг 2 багшийн нормт хэмжээнд хүрэлцэхгүй 1 орон тоотой ажиллаж байгаа тул орон тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр тухайн орон тоог цөөрүүлэх албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний оронд Д.Гантөмөрийг тус албан тушаалд буюу нийгмийн ухааны багшаар шинээр авч ажиллуулж улмаар ажлаас чөлөөлөх тухай үндэслэлгүй тушаал гаргасан болох нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/49 тоот тушаал, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар саын 07-ны өдрийн 05 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/001021 дугаартай тогтоол, зохигчдын шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Г.******* нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ... нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй талаарх тайлбар ирүүлсэн ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй.

Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд Д.*******гийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.228.270 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.831 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130.602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 7.228.270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 125.831 төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогоос буцаан олгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 130.602 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ