| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 1905044890914 |
| Дугаар | 2021/ДШМ/469 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ДШМ/469
2021 05 18 2021/ДШМ/469
Д.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхтуул,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Энхбаатарын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Д.М-д холбогдох эрүүгийн 1905044890914 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М-,
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ** дугаар сарын ***-ний өдрийн 2018/ШЦТ/***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;
Шүүгдэгч Д.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд Д.Л-тэй хамт орж, унтсан байхад нь Хаан банкны картыг нь нууцаар авч гаран Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө, 87-д байрлах Хаан банкны АТМ-ээс 3 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Л-д олгож, түүний цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Гансүх овогтой Амин-Эрдэнэ /РД:*********/-ын асрамжийн асуудлыг харъяа дүүргийн засаг даргад даалгаж, шүүгдэгч Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор М.Энхбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Д.М- нь урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн ба тэрээр уг ялыг эдлэж дуусахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудас, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол зэргээр тогтоогдсон. Шүүх шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн хуулийн заалтыг хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор С.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор М.Энхбаатарын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.М- нь Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн /хх 84-87/ хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 4-ний шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд Д.Л-тэй хамт орж, түүнийг унтаж байхад нь Хаан банкны виза картыг нь нууцаар авч гаран АТМ-ээс 3 удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогдож, анхан шатны шүүх түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг огт шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасны дагуу мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмаар ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д Гансүх овогтой Амин-Эрдэнэ /РД:******/-ын асрамжийн асуудлыг харъяа дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байгаа хэдий ч шүүгдэгч Д.М-ын асрамжид байдаг хүү Г.Амин-Эрдэнэ нь /10 настай/ одоогийн байдлаар хэний асрамж, хяналтад, хаана оршин суугаа эсэх нь тодорхойгүй байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хүүхэд онцгой халамж, туслалцаа авах эрхтэй” гэж, түүнчлэн хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвшөөгүйн улмаас түүнийг төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж, хамгаалалт, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатайг Хүүхдийн эрхийн тунхаглалд заасан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг мөрдөгч, прокурор хангах ёстой. Гэтэл энэ талаар зохих ажиллагааг хийгээгүй байх тул шүүгдэгч Д.М-ын насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар харьяалах дүүргийн Засаг даргаар, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар харьяалах дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжилж шийдвэрлүүлэхийг тэмдэглэж байна.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/170 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН