Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 375

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Э.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Д.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтүвшингийн Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн 201625011576 дугаартай, 105/2017/0087/э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 66с-148 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхтүвшингийн Эрдэнэчимэг, /РД:УЖ81110164/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нью свийт фүүдс ХХК-ний захирал Э.Эрдэнэчимэг нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаснаас Эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч идсэн нэр бүхий 101 иргэн уг бүтээгдэхүүнээс илэрсэн Сальмонелезийн нянгийн халдвараар халдварласан хоолны хордлогоор өвчилж эрүүл мэндэд нь хохирол учран 9.775.712 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний хувьд өөрийн буруутай үйлдлээс болж нэр бүхий иргэдийг хохироосноо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үнэхээр харамсаж байгаа. Иргэдэд учирсан бодит хохирлыг төлөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /8 хх 124 дүгээр хуудас/,

Гэрч С.Батчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай компани нь торт, эклер, рулет, пирожен, пирог, медовик, хөөмөл кекс зэрэг нэрийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Эклерийг Тайванжаргал ганцаараа дагнаж хийдэг, бусад ажилчид нь буюу  2 тортчин, 1 зуурагч, 2 шарагч, 2 пирог хийгч гээд хүмүүс нь бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн бүтээгдэхүүнээс хордлого гарсан байсан.  2016 оны 04 сарын 22-ны билүү 23-ны өдөр л мэдсэн. Өдрийг сайн санахгүй байна, бүтэн сайн өдөр л байсан санагдаж байна. Ням гаригт манай цех ажилладаг юм. Хордлого гараад эхэлснийг мэдмэгц манай ажилчид бүх эклерийг буцаан татсан. Хордлого гарсан талаар мэргэжлийн хяналтаас шалгалт ирж манай цехийн бүх бүтээгдэхүүн, түүхий эд зэрэгт шинжилгээ хийсэн. Ганцхан эклерээс хордсон гэж гарсан байсан. Эклерний зуурмагийг Тайванжаргал эгч өөрөө зуурч бэлдээд , өөрөө савлах хүртэл нь бүх зүйлийг хийдэг. Эклерт орж байгаа бүтээгдэхүүнүүд болох өндөг, гурил, масло, шоколад зэрэг түүхий эд нь бүгд нөгөө бүтээгдэхүүнүүдэд бас л адилхан ордог...” гэх мэдүүлэг. /1 хх 57 дугаар хуудас/,

Гэрч И.Дэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх уг компаниас 2-3 удаа эклер гэх бүтээгдэхүүн авсан. 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уг газраас авсан эклерээс аваад 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүмүүс ирээд танайхаас авсан эклернээс хүн хордсон байна гэж орж ирсэн. Бүтээгдэхүүнийг авахдаа он, сарыг нь хараад авсан, зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1 хх 74 дүгээр хуудас/,

Гэрч О.Сайнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх уг компаниас 1 жилийн өмнөөс эклер гэх гурилан бүтээгдэхүүн авч борлуулдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр уг компаниас 5 ширхэг эклер авсан байсан. Эдгээрээс 3 ширхэгийг нь хүмүүс худалдаж авсан. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны шөнө уг эклер авсан хүмүүсээс хордлоо, бөөлжөөд байна гэсэн гомдол манай дэлгүүрт ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх 75 дугаар хуудас/,

Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай дэлгүүр уг компаниас эклер, пирожин, торт зэрэг бүтээгдэхүүнийг авдаг болоод 1 жил болж байна. 2016 оны 04 сарын 24-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүн орж ирээд халдварт дээр эклерт хүн хордсон байна. Танай дэлгүүрт одоо эклер байна уу гэхээр нь байхгүй гээд явуулсан. Манай дэлгүүрээс эклер авсан хүмүүсээс 3-4 хүн хордсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх 77 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 сарын 22-ны өдөр манай дэлгүүрээс эклер авсан хүн орж ирээд хордчихлоо одоо битгий зараарай гэсэн. Өөр бас хоёр хүн хордсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 78 дугаар хуудас/,

Гэрч Д.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 09 дүгээр сараас эхлэн уг компаниас бүтээгдэхүүн авч борлуулдаг байсан. 2016 оны 04 сарын 21-ний өдөр 5 ширхэг эклер авснаас 4 ширхгийг зарсан байсан. Үүнээс нэг л хүн хордсон гэж ирсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 79 дүгээр хуудас/,

Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02-03/63 дугаар шинжилгээнд: Эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь Монгол улсын Эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 заалт, Хүнсний тухай хуулийн 12.1 заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.3 заалт болон MNS0464:2010 стандарт дүрэм журмыг зөрчсөн. Шалгалтаар 23 нэр төрлийн 145ш түүхий эд, бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж шинжилгээний сорилтын дүнгээр 4 сарын 24-ний өдөр үйлдвэрээс авсан сорьц Цохисон сүүн крем, Масло, Медовик эклер, кремтэй бүтээгдэхүүнд нян судлалын шинжилгээгээр Колиформ /1 гр-д 2000-6000/, Е.Coli /1 гр-д 400-310/, эмгэг төрөгч илэрсэн мөн эклерт Salmonella spp /25 гр-д/ илэрсэн, кекст эмгэг төрөгч илрээгүй байна. 4 сарын 24-ний өдөр эмнэлэгт хэвтсэн өвчтөний идсэн 4 сарын 22-нд үйлдвэрлэсэн эклерт Колиформ /1 гр-д 71000-82000/, Salmonella spp /25 гр-д/ илэрсэн. Нян судлалын шинжилгээгээр 4 сарын 24-ний өдөр буцаан татан авалт хийсэн 4 сарын 21-ний өдрийн Эклер, 4 сарын 22-ний өдрийн эклер, 4 сарын 24-ний өдрийн эклер кремтэй бүтээгдэхүүнд Колиформ /1 гр-д 500-730/, Е.Coli/1 гр-д 400-500/ эмгэг төрөгч илэрсэн. Мөн 4 сарын 21-ний өдрийн Эклерт хөгц мөөгөнцөр илэрсэн байна. Нян судлалын шинжилгээгээр 4 сарын 20-ны өдрийн эклерт Staphylockccus aureus илэрсэн. Нийт шинжилгээнд хамрагдсан түүхий эд бүтээгдэхүүний 14.4 хувь нянгийн бохирдолтой байгаагаас 57.1 хувьд Е.Coli, 42.9 хувьд колиформ илэрсэн байна. Мөн шинжилгээнд хамрагдсан нийт эклер кремтэй бүтээгдэхүүний 34.3 хувь нянгийн бохирдолтой гарсанаас 9.3 хувьд Salmonella илэрсэн байна. Эрүүл зүйн арчдас шинжилгээний 70 хувь нь нянгийн бохирдолтой гарсанаас 9 буюу 45 хувь Е.Coli, 5 буюу 25 хувь нь Enterobacter agglomergns илэрсэн байна. Шалгалтаар тус аж ахуйн нэгж нь  үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл хангалтгүй, температурын горимын хяналт байхгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг буруу хадгалж, борлуулалт хийсэн, ажилчдын ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрддөггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Ньюсвийтфүүдс ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үйлдвэрлэсэн эклерийн нэг цуврал бүтээгдэхүүн хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдлээс бохирдон үйлдвэрт 18-24 цаг хадгалж нянгийн үржлийг дэмжин улмаар Salmonella enteritidis-ээр үүсгэгдсэн хоол хүнсээр дамжсан хоолны хордлого халдварын дэгдэлт болсон байна…” гэжээ /1 хх 99 дүгээр хуудас/,

 Иргэний үнэмлэхний лавлагаа /8 хх 159 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нью свийт фүүдс ХХК-ний захирал Э.Эрдэнэчимэг нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаснаас Эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч идсэн нэр бүхий 101 иргэн уг бүтээгдэхүүнээс илэрсэн Сальмонелезийн нянгийн халдвараар халдварласан хоолны хордлогоор өвчилж эрүүл мэндэд нь хохирол учран 9.775.712 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэгт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Э.Эрдэнэчимэгийн дээрхи үйлдлийг хянан шийдвэрлэхэд 2015 оны /Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ. Иймд шүүгдэгч Э.Эрдэнэчимэгт холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Эрдэнэчимэгт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал,гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар хайрцгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Эрдэнэчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.