| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
2025 05 28 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Э.Н
Хохирогчийн өмгөөлөгч Э.Н
Хохирогч Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э
Шүүгдэгч Ю.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ю-н Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, ... настай, ...., ... боловсролтой, мэргэжилгүй, ам бул ..., ... аймгийн .... сумын ... дугаар баг, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух, урьд ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ю-н Г /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.Г нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ... аймгийн ...сумаас 67 километр зайтай ... сумын нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 1.5-р заалт буюу “Энэ хавсралтын 1.4-т дурдсан давахыг хориглосон тэмдэглэлийг жолооч саадыг тойрон гарахын тулд давах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд давж гарах, эргэж орохыг зөвшөөрнө. Ингэхдээ тойрон гарах үйлдлийг аль болох богино зайд, алгуурлахгүй гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөний улмаас Б.Т-н биед хавсарсан хүнд гэмтэл, зүүн нүд, хөмсөг орчмын няцарсан шарх, зүүн нүдний алимын няцрал, аарцгийн зөрсөн хугарал хугарал, баруун талын сүүжний дэлбэн, дунд чөмгөний хүзүү хэсгийн зөрүүтэй хугарал, баруун атгаал ясны диафизын түвшинд сэлтэрч салсан, зөрүүтэй хугарал, доод булууны эпиметафиз хэсгийг дайрсан үе рүү орсон хугарал, зүүн тавхайн 3,4-р шивнүүр яснууд дистал хэсгээр зөрүүгүй хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндий дэх цус хуралт, баруун суганд шарх бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Урьд өгсөн мэдүүлэгтээ өмгөөлөгчийн хамт үнэн зөв ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /2-р хх-ийн 94-95/
Шүүгдэгч Ю.Г сэжигтнээр 2024 оны 09 сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "..." НҮТББ-ын 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ хуулийн дагуу хурдан шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. Энэ хэрэг маш удаан шалгагдаж байна тийм учраас буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би урьд өгсөн мэдүүлэгтээ өөдөөс машин гарч ирсэн гэж мэдүүлсэн яагаад гэвэл голын цагаан зураасыг харж амжаагүй сандраад өөрийн эгнээндээ орох гээд дарсан тэгтэл гэнэт мөргөлдөөд би замын хажуу руу гарсан тухайн үед осол маш хурдан болсон. Тийм ээ би саадыг тойрон гарахдаа тухайн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан яагаад гэвэл би том оврын тээврийн хэрэгсэлтэй уруудаж явсан харин өөдөөс ирж мөргөлдсөн машин өгсөж явсан уул нь жижиг тэрэг архи согтууруулах ундаа хэрэглээгүй бол хурдаа хасаж мөргөлдөхгүй байсан байхаа би том оврын тээврийн хэрэгслийг яаралтай үед уруудаж явахад зогсоох үйлдэл гаргахад том тэргэнд хүндрэлтэй байдаг тухайн үед хоёр жолооч хэн хэнийхээ үйлдлийг хараад хурдаа хассан бол осол болохгүй байх байсан гэж өөрийн зүгээс үзэж байгаа. Одоо мөрдөн байцаалтын шатанд шинжээчийн дүгнэлт хэргийн газрын үзлэг зэргээс харахад ослын гол буруутан би болсон гэж гарсан тул хэргийг түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. Тухайн ослоос болж хүний амь нас эрсдээгүй байгаад миний зүгээс маш их баярлаж байгаа. Машин бол янзална харин хүний амь нас эрүүл мэнд маш чухал зүйл шүү дээ гэж өөрөө дотроо бодож явна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шалгалт шинжээчийн дахин дүгнэлтээр миний буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гарсан гэж нэгэнт үзэж байгаа тул би буруугаа хүлээж байна гэжээ. /2-р хх-ийн 34-35/
Шүүгдэгч Ю.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт авагдсан мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 03 дугаар сарын 25-ний өдөр ... сумын ... дугаар байрны гадаа өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 0.75 литрийн Хараа архи найз нарын хамт ууж дуусгаад дахин 2 шил 0.75 литрийн Хараа архи ... сумын баруун хойд талд байх ... гэх газарт мөн машин дотроо хувааж уусан. Тэгээд надтай хамт байсан 2 найз маань өөрсдийн машинтай хөдлөөд явсан бөгөөд би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон найз А-ын хамт ... чиглэлд хөдөлсөн. Тэгээд ... 67 километр зайд явж байтал эсрэг урсгалд том оврын ачааны машин зогсож байгаа харагдсан бөгөөд би тэр машин руу ойртон ирэх үед тухайн зогсож байсан том оврын машины хажуу талаар урсгал сөрөөд яг миний өөдөөс дахин нэг том оврын тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэр үед би тухайн машинтай мөргөлдөхгүй байхыг хичээж жолоогоо баруун тийш дарах гэсэн боловч өндөр далантай байсан тул зүүн гар тийш дарж тэр том оврын тээврийн хэрэгсэлтэй зөрөх гэсэн боловч тухайн машин их хурдтай явж байсан тул би замаас гарч амжилгүй тэр том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн тэгээд би ухаан алдсан бөгөөд нэг сэрхэд би засмал зам дээр хэвтэж байсан. Би тухайн үед 3 найзтайгаа дөрвүүлээ нийлээд 3 шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан бөгөөд миний хувьд их согтоогүй үйлдлээ хянах чадвартай байсан. Тухайн үе би өөрөө машинаа жолоодон явж байсан бөгөөд манай найз А жолоочийн хажуу талд буюу урд суудал дээр сууж явсан машин дотор хүн байгаагүй. Би тухайн үед 80 километр цагийн хурдтай явж байсан. Би осол болохоос наана буюу осол болсон газраас 10 орчим километрийн зайд явж байгаад нэг жижиг оврын тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлсэн. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээгүй. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хуульд хориглосон байдаг талаар мэднэ. Би тэр үед ... орчхоод буцаад ирэх ажилтай байсан тул машинаа бариад явсан юмаа. Намайг хэн нэгэн хүн хүчээр эсвэл ятгаж машин бариулсан зүйл болоогүй. Би өөрийн биед учирсан эмчилгээний төлбөр болох 1.683.000 төгрөг машины эвдрэл болох 4.750.000 төгрөг мөн сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байна гэжээ. /2-р хх-ийн 01-03/
Хохирогч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Осолд орж эмнэлэгт хэвтсэн. 3 удаа хагалгаанд орсон. Баруун нүд сохорсон, түнхний хугаралттай, баруун гар тэнийхгүй болсон. Эмчилгээний зардалд 1,683,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 4,975,000 төгрөг, шинжээчийн үйлчилгээний зардалд 250,000 төгрөг нийт 6,908,000 төгрөгийн нэхэмжилж байна. Сэтгэцэд хор уршгийг 4 дүгээр зэрэглэл гэж шинжээч тогтоосон тул нэхэмжилнэ гэв.
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос 19 цагийн орчимд эхнэр М-н хамт "..." нэртэй ХХК-ни эзэмшлийн буюу У гэх хүний нэр дээр байдаг ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээр, Замын-Үүд сум руу гарсан. 23 цаг 50 минутын орчимд Говьсүмбэр аймгийн Чойр суманд унтаж амарсан Маргааш нь буюу 03 дугаар сарын 25-ны өдөр 08 цагийн орчимд Замын-Үүд сум руу хөдөлсөн. Тэгээд явж байгаа Улаанбаатар хотоос 592 Замын-Үүд сумаас 67 километрийн заалтын шон өнгөрөөд явж байхад машины бөглөрөөд явахгүй байхаар нь засмал замын баруун талын хөвөө рүү шахаад 14 цаг 10 минутын орчимд зогссон. Тэгээд би машинаас буугаад багажаа гараад кабины баруун талын доогуур орж түлш банкнаас ирэх гуурсан хоолойг үзчихээд багажаа хураах санаатай зогсож байхад машины урд талд тус хийх чимээ гарах үед Волво маркийн тээврийн хэрэгсэл засмал замын баруун талын хөвөөний доод тал руу бууж байхыг харсан. Тэгээд би машины урд тал ирсэн чинь хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл машины хамар буюу зүүн талын гүпер их гэрэл, дохиог зүүн талын урд хаалгаараа мөргөөд наалдсан байдалтай байсан. Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор жолооч болон зорчигч гэсэн хоёр залуу байсан, тээврийн хэрэгслийн эд ангиуд хагарч, тарч бутарсан байдалтай байсан. Манай эхнэр машинаас бууж ирээд, нөгөө волвоны жолооч гүйж ирээд Улаанбаатар хот руу явж байсан суудлын тээврийн хэрэгсэлтэй хоёр залуу бас ирээд нөгөө мөргөлдсөн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудал дээр байсан залуу урд талын салхины шил хагарсан байсан тул урд талаар гараад ирсэн. Нөгөө жолоочийн суудал дээр сууж байсан залууг гарах гэсэн чинь хөл нь гарч өгөхгүй эвгүй байна гээд нүүр хэсэг нь цус болсон, баруун талын хөмсөг язарсан байдалтай байсан. Тэгээд байж байхад нөгөө жолооч хөдөлж байгаад хөлөө сугалаад эсрэг талын суудал дээр суугаад волвоны жолооч бид хоёр жолооч талын суудлыг хойш нь налуулж байгаад баруун талын хойд талын хаалганы цонхоор нь гаргаж ирсэн. Волвоны жолооч Г миний гар утсаар аав руугаа залгаад энэ талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөх талаар ярьсан. Зам тээврийн осол гарах үед үзэгдэх орчин хэвийн, өдрийн цаг байсан. Би архи согтууруулах ундааны зүйл болон ямар нэг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдэм хэрэглээгүй. “...” ХХК-ны эд хөрөнгө боловч одоогийн байдлаар У гэх хүний нэр дээр байгаа. Машин бөглөрөөд, дутуу түлш ирээд байхаар нь түр зогсолт хийсэн. Би чиргүүлийн хойд талд засмал зам дээр түр зогсолтыг тэмдгийг 70-80 метрийн зайд байршуулсан. Би Волво маркийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн талаар хараагүй. Харин засмал замын баруун хөвөө рүү бууж байхыг харсан. Би бас приус-20 маркийн тээврийн хэрэгсэл аль талаас хөдөлгөөн үйлдээд явж байсан талаар хараагүй, зам тээврийн ослыг харахад приус-20 маркийн тээврийн хэрэгсэл болон Волво маркийн тээврийн хэрэгсэл өөр өөрийн эсрэг эгнээнд явж байсан юм шиг харагдаж байгаа. Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн хэрэгслийн жолооч талын суудал дээр хамгийн сүүлд гарч ирсэн гэмтэл бэртэл хийтэй залуу байсан. Нөгөө залуу нь жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан. Тухайн үед миний унаж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл Л.У гэх танил залуугаас 45 сая төгрөгөөр худалдан аваад нэрээ шилжүүлж амжаагүй байж байгаад осол болсны дараа 2023 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр өөрийн нэр дээрээ авсан. Түүнээс хойш одоог хүртэл миний нэр дээр байгаа машины хувьд ослын үед жаахан засвар гарсан гэхдээ өөрөө янзалж унаж байгаа. Миний машинд учирсан эвдрэл нь бага зэрэг байсан учраас би өөрөө зассан. Осол хийсэн 2 жолоочоос миний хувьд ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Осол болох үед ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байсан. Л.У-д мөнгөө өгч машинаа авсан байсан. Тэгэхээр миний эзэмшлийнх гэж ойлгож болно гэжээ. /1-р хх-ийн 51-52, 89-90/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд ... дугаар байрны ... тоотод гэртээ байж байхад манай найз Б миний гар утас руу залгаад танай гэрийн гадаа ирсэн байна гараад ирэх үү гэж ярихаар нь за гэж хэлээд би гэрээс гараад ирсэн чинь Б нэг залуугийн хамт машинтай зогсож байсан. Манай найз Б миний дотор муу байна найздаа ганц шил архи аваад өгөх юм уу гэж хэлэхээр нь хүнсний дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй 1 шил архи, ундаа, ус авсан. Тэгээд Б-ын машин дотор архи задлаад уугаад бууж байхад 10 цагийн орчимд байрны баруун талын замаар зус таних Т хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж таараад зогсож, Б бид хоёртой мэнд мэндчихээд найз нь буцаад хүрээд ирье гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй Т ирээд Б-ын машин бензин байхгүй гээд Сод Монгол нэртэй шатахуун түгээх станцаас 20 литр бензин авч ирж хийгээд тухайн үед Т архи уусан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан Б бид хоёр архиа уугаад байж байсан. Тэгээд архи дуусаагүй байхад Б Улаанбадрах сум явна гээд би бас хөдөө гэртээ буюу Улаанбадрах суманд хоёр хүүхдээ хүргэж өгөх гээд дүүгээ хоёр хүүхдийн хамт гэрээс дуудаж гаргаж ирээд бид нар Замын-Үүд сумаас гарахаар болоод Т нутгийн хоёр залуудаа архи авч өгнө гээд миний данс руу 30.000 төгрөг шилжүүлээд би дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи, ус, ундаа худалдаж авсан. Тэгээд бид нар Замын-Үүд сумын ... гэх газраар гараад баруун хойд талд зогсож байгаад нөгөө үлдсэн архи гаргаж ирээд Б, Т бид гурав уусан. Мөн Т 1 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи гаргаж ирээд бид гурав хувааж ууж дуусаад Б жолоочийн хамт Улаанбадрах сум руу хөдөө замаар явсан. Мөн Т намайг хөдөө гэр лүүгээ явна гэсэн чинь тэгвэл та нарыг дагаад би Зүүнбаян орох ажилтай юм чинь хамт явна гэж хэлэхээр нь чи архи уугаад согтсон байгаа юм чинь Зам-Үүд руу буцаад яв гэж хэлсэн. Тэгээд би өөрийн машин суугаад дүү машин бариад явж байхад манай дүү нөгөө ах машинтайгаа дагаад араас мөргөх гээд байна шүү гэж хэлсэн. Тэгээд манай дүү цагаан хаалганы хажуугаар засмал руу ороод хаалганы хажуу талд зогссон. Тэгээд би машинаас буухад Т машинаасаа бууж ирээд би Зүүнбаян орох ажилтай юм чинь та нарыг дагаж явж байгаад салаад яваад өгнө, бензин аваад хүрээд ирнэ гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй хүрээд ирсэн тэгээд Т бид хоёр нөгөө худалдаж авсан Хараа нэртэй 0,75 литрийн архийг задалж 2-3 удаа уугаад намайг хамт явж байгаад уучих гэж хэлээд би хамт явахаар болоод жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад хөдөлсөн. Замд явж байхад Т нэлээн эвгүй машинаа бариад байхаар нь өөрийн суудлын хамгаалах бүсээ зүүгээд явсан. Ямар ч байсан би Т-ийг хурд хэтрүүлж болохгүй шүү гэж хэлэхэд за би 60-70 км цагийн хурдтай явна гэж хэлсэн. Замын-Үүд сумаас гараад 50 километрийн зогсоол орж байх үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь Т миний баруун талаас татаад чи зүгээр үү гэхэд зам тээврийн осолд орсон байна гэж мэдсэн. Машины бүх салхины шил хагарч бутарсан, машины эд ангиуд, хагарч бутарсан байдалтай би урд талын салхины шил хагарсан байсан тул урд талаар гарсан. Т-ийг гайгүй юу машинаас буух уу гэж асуухад би гайгүй чи яв гэж хэлэхээр нь би хойшоо зам дагаад алхсан. Мөн би бас зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм ослын газарт хүмүүс байсан. Би нэлээн архи уугаад унтаад өгсөн байсан тул ямар ч байсан 50 зогсоол орж байхад 60-70 км цагийн хурдтай явж байсан. Зам тээврийн осол гарах үед үзэгдэх орчин хэвийн, өдрийн цаг байсан. Т бид хоёр 2-3 шил архи уусан байсан тул нэлээн согтуу байсан. Би хамгаалах бүс зүүсэн байсан. Жолооч Т хамгаалах бүс зүүсэн байсан талаар мэдэхгүй байна гэжээ. /1-р хх-ийн 54-55/
Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ... аймаг ... суманд сэлбэг авах зорилгоор очиж баз хүргэн А-ын гэрт очиж хоноод маргааш өглөө нь буюу 2023 оны 03 дугаар сарын 25-ны өглөө найз Т-тэй тааралдсан тухайн үед би өөрийн эзэмшлийн Гранд марк 2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд манай найз Т приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Тэгээд бид манай найз Т намайг гаргаж өгөхөөр болж бид хоёр ... сумын хойд талд байх улаан хонхор гэх газарт гарж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи гурвуул хувааж уусан. Тухайн үед манай баз хүргэн А өөрийн эзэмшлийн гранд марк маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт явсан. Тэгээд бид гурав тэндээсээ шууд салсан бөгөөд би өөрийнхөө машинтай У сум руу хөдөлсөн, манай найз Т өөрийнхөө тээврийн хэрэгслийг жолоодон буцаад Замын-үүд сум руу хөдөлсөн. Манай баз хүргэн А хөдөө гэр рүүгээ авлаа гээд бид гурав тэндээсээ салцгаасан. Тэгээд би тухайн Улаанбадрах сум явах гэсэн боловч замаа олохгүй байсан тул шууд Зүүнбаянд байх гэртээ иртэл манай эхнэр надад Т аваарт орсон байна гэж хэлсэн. Би Т-тэй 2015 онд анх танилцаж найз нөхөд болж тэрнээс хойш холбоотой байх болсон. Би Т-тэй 2023 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед тааралдсан бөгөөд тухайн үед би ажилтай байсан тул тухтай уулзаж чадаагүй салцгаасан. Тэгтэл 12 цагийн үед Т миний гар утас руу залгаад хаана байна гэж асуугаад миний байгаа газарт өөрийнхөө машинтай ганцаараа ирсэн. Тэгээд би явлаа гэж хэлтэл Т намайг гаргаж өгнө гэж хэлээд миний араас дагаад явсан тэгээд би машинтайгаа улаан хонхор гэх газарт ирээд зогстол Т өөрийнхөө машинтай ирсэн, мөн манай баз хүргэн А бас өөрийнхөө машинтай А-ын хамт ирсэн тэгээд. Т намайг гаргаж өгнө гээд машинаасаа 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 1 шилийг гаргаж ирээд А, Т бид гурав хувааж уугаад ойролцоогоор 14 цагийн үед салж явцгаасан. Миний хувьд их согтоогүй гайгүй байсан мөн Т, А нарыг харахад гайгүй байх шиг харагдаж байсан. Т өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа явсан. Т нь цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан би улсын дугаар номерыг нь мэдэхгүй байна. Мөн би өөрийнхөө машиныг өөрөө жолоодоод ганцаараа явсан. Харин А-ын машиныг архи уугаагүй байсан А жолоодоод явсан. Би согтуугаар машин барьж болохгүй гэж мэднэ. Тухайн үед би өөрөө тээврийн хэрэгслээ барьж хөдлөөд хамт явсан өөрийн найз болох М-аар машинаа бариулсан. Харин Т ганцаараа явсан тул өөрөө машинаа бариад явсан гэжээ. /1-р хх-ийн 63-64/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би зэвсэгт хүчний ... дугаар ангид галын салааны гал сөнөөгчөөр 8 жил ажиллаж байна. Би Зүүнбаян багт эхнэр Б охин А нарын хамтаар амьдардаг. Би 2023 оны 02 сарын 24-ны өдөр миний төрсөн эгч М-ийн нөхөр А-тай хамт Замын-Үүд сум руу машины сэлбэг авах гэж явсан тэгээд би Замын-Үүдэд байх гэртээ маргааш нь буюу 25-ны өдөр 11 цагийн орчимд А ах намайг гараад ир явъя гэж дуудсан тэгээд Замын-Үүдээс гарах гээд А ахын гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлд А ах би тэдний хоёр жоохон хүүхдийн хамтаар бид дөрөв явж байсан харин нөгөө хүргэн ах Б ахын гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байхад танихгүй нэг ах бид нар дээр өөрийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганц шил архитай ирээд “ах нарыг гаргаж өгнө” гээд тэр архиа А, Б, тэр ах гурав хувааж уусан. Тэгээд 13 цагийн орчимд байх бид хэд Улаанбадрах сумын наана байх хөдөө явахаар болоход тэр ах А ахыг машинаас нь авч гараад өөрийнхөө машинд оруулсан тэгснээ надад “ах нь урд зөөлхөн явна дагаа явчих” гэж хэлсэн тэгэхээр нь би тэр ахыг “ах та ингээд Замын-Үүд рүү гэр лүүгээ харьчихаа бид нар ингээд явлаа” гэж хэлсэн тэгсэн чинь “ах нь ингээд дагаад явчихъя” гээд байсан тэгээд дагаад явсан. Тэгснээ урд гараад түрүүлээд яваад өгсөн. Бид нар араас нь удаан яваад очиход том машины урд талын хамарт нь наалдчихсан байсан. Тэгээд харахад эвдэрсэн зогсож байсан том машины урдаас нь урсгал сөрөөд орчихсон байсан яг юу болсон талаар мэдэхгүй байна. Зүүнбаян багт айлд ирчихсэн байхад нь ганц хоёр харж байсан бусдаар бол би танихгүй. Энэ Б ах маань бол миний том эгч М-ын нөхөр. 1 шил Хараа 0.75 литрийн архийг Б, А, тэгээд осолд ордог нөгөө архи авчирч өгдөг ах энэ гурав хувааж уусан өөр хүн уугаагүй. Би уугаагүй гэжээ. /1-р хх-ийн 66/
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөхөр О.Б-ын хамт Улаанбаатар хотоос ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн аймгийн Чойр суманд унтаж амарсан. Маргааш нь буюу 03 дугаар сарын 25-ны хэрэгслээр ... аймгийн ... сум руу гарсан. Замдаа Говьсүмбэр өдөр 08 цагийн орчимд Замын-Үүд сум руу хөдөлсөн. Тэгээд явж байгаад байхад машин явахгүй байсан тул манай нөхөр засмал замын ертөнцийн зүгээр Улаанбаатар хотоос 592, Замын-Үүд сумаас 67 километрийн заалтын шон өнгөр баруун тал руу замаа чөлөөлөөд зогссон. Манай нөхөр машинаас буугаад би машин дотор сууж байхад машин мөргөлдөг чимээ гарахаар нь хартал засмал замын баруун тал руу волво маркийн тээврийн хэрэгсэл засмал замын далан руу бууж байхыг хараад манай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна даа гээд машинаас буугаад иртэл манай тээврийн хэрэгслийн кабины урд талд цэнхэр өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хажуу талаараа хамар хэсэгт наалдсан, нөгөө машины урд талаас гал гарч байсан манай нөхөр машиныхаа цаанаас гарч ирээд би машин дотроос ууж байсан усаа гаргаж ирээд асаж байсан гал дээр ус хийж унтраасан. Нөгөө приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор жолооч болон зорчигч гэсэн хоёр залуу байсан, миний зүгээс зүгээр рүү гэж асуухад жолооч талын суудал дээр сууж байгаа залуугийн биеийн байдал нэлээн муу байдалтай ямар ч байсан амьд байсан. Жолоочийн эсрэг талын суудал дээр сууж байсан залуу зүгээр зүгээр гэж хэлээд өөрөө машинаас гараад ирсэн. Энэ үед нөгөө волвоны жолооч гүйгээд ирэхээр нь нь зүгээр рүү гэж асуухад зүгээр зүгээр машин эвдэрсэн гэж хэлсэн. Миний зүгээс цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгөх гэсэн чинь дугаарыг нь мэдэхгүй байсан, волвоны жолооч аав руугаа залгаад эмнэлэг, цагдаагийн байгууллага руу дуудлага өг гэж ярьж байсан. Мөн замаар явж байсан нэг жижиг суудлын тээврийн хэрэгсэл зогсоод хүмүүс бууж ирээд нөгөө мөргөлдсөн суудлын тээврийн хэрэгслийг бид нарын хажуугаа хурдтай, дарчих шахаад яваад байсан машин энд ирээд мөргөлдсөн байна шүү дээ гэж хэлсэн. Мөн мөргөлдсөн машин дотроос жолоочийг нь буулгах гэсэн чинь бэртэл авсан байх буулгаж болохгүй байх гэж хэлээд тэр замын машин яваад өгсөн. Тэгээд би, манай нөхөр, волвоны жолооч бид нар зам тээврийн осолд орсон волво дээр очоод буцаад ирсэн чинь нөгөө мөргөлдсөн приус-20 дотор сууж байсан зорчигч залуу байхгүй яваад өгсөн байсан. Тэгээд бид гурав нөгөө приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг машинаас нь буулгаж замын хажуу талд хэвтүүлсэн. Биеийн байдал нь нэлээн муу, архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд байж байхад цагдаагийн алба хаагч болон эмнэлгийн эмч нар ирсэн. Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн бүх зүйл нь эвдэрсэн байсан. Манай тээврийн хэрэгслийн урд тал нь эвдэрсэн байсан. Волво маркийн тээврийн хэрэгслийн баруун талын эд ангиуд эвдэрсэн байсан гэжээ. /1-р хх-ийн 68-69/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотоос эхнэрийн хамтаар ... улсын ... дугаартай тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сум орж цаашаа БНХАУ-ын Эрээн хотоос эхнэрийн бараа авахаар явсан бид хоёр Эрээнд хоноод бараагаа авчаад буцаад Замын-Үүд сумаас гарч Улаанбаатарын чиглэлд явсан Замын-Үүд сумаас гараад нэлээн явж байсан миний бодлоор бараг 60-70 километрийн зайтай явж байхад миний хажуугаар хөх өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэл их хурдтай хажуугаар гүйцэж түрүүлээд явсан би ард нь нэлээн үлдсэн тэгтэл өгсөөд гараад ирсэн чинь миний хажуугаар хурдтай гүйцэж түрүүлсэн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл том оврын машинтай мөргөлдсөн байхаар нь зогсоод та нар гайгүй юу гэж хэлээд цаашаа явсан би тухайн ослыг мөргөлдөж байхад нь нүдээр хараагүй. Тийм ээ би хараагүй харин миний хажуугаар гүйцэж түрүүлсэн тээврийн хэрэгсэл том оврын машинтай мөргөлдсөн байсныг л харсан өөр зүйлгүй. Би осол болох үед хараагүй харин миний хажуугаар явж байсан машин мөргөлдсөн байсан улаан өнгийн том тэрэгтэй мөргөлдөж харин нэг улаан алга толгойтой волво маркийн машин замаас гарсан байсан. Би машинаас бууж хүн нь гайгүй юу гэж асуухад тэр хүмүүс гайгүй байх шиг байсан тэгтэл манай эхнэр ямар аймар юм бэ хүн нь гайгүй бол гээд хурдан явъя гээд бид хоёр цаашаа явсан өөр зүйл мэдэхгүй байна. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч осол болдог газраас нэлээн зайтай намайг гүйцэж түрүүлсэн би дээрээ ачаатай явсан болохоор хурд багатай явсан тухайн газар нь тойрог хэлбэрийн зам байсан болохоор гүйцэж түрүүлсэн машин тойрог дээр тойроод харагдахгүй болсон нээх удалгүй араас нь гараад ирсэн чинь ийм осол болсон байсан би өөр зүйл мэдэхгүй би хөдөө гадаа их явдаг учир утас маань бараг холбогдохгүй байдаг шүү би ямар нэгэн хүний гэрч болмооргүй байна би өөрийн харсан зүйлээ л хэллээ дахин мэдүүлэг өгмөөргүй байна гэжээ. /2-р хх-ийн 38-39/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн Даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-д 11,126,000 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байна. Иймд гарсан зардлаас яллагдагч .... аймгийн ... сум ... тоот оршин суух хаягтай Б овогт Ю овогтой Г-аас төрд учирсан 11,126,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /2-р хх-ийн 59-62/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 04 сарын 11-ны өдрийн .... дугаартай дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн “Т” гэсэн хаягтай цуснаас 2,8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,8 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 73-75/
А Б ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /1-р хх-ийн 85-86, 93-94, 102-104/
Техникийн эвдрэлийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн .... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 110-112, 116-121, 127-131/
Техникийн шинжээчийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1. .... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч Б.Т нь МУ-ын ЗХД-ийн 3.7 "а"-р заалт буюу "Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно", 12.1-р заалт буюу "Жолооч замын .... нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
2. ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашины жолооч О.Б нь түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн бөгөөд, зайлшгүй зогсолт хийсэн автомашины жолоочийн үүргийг биелүүлсэн гэж үзэж байна. Тиймээс МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.
3. ... улсын дугаартай Волво маркийн автомашины жолооч Ю.Г МУ-ын ЗХД-ийн 2-р хавсралтын 1.5-р заалт буюу “Энэ хавсралтын 1.4-т дурдсан давахыг хориглосон тэмдэглэлийг жолооч саадыг тойрон гарахын тулд давах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд давж гарах, эргэж орохыг зөвшөөрнө. Ингэхдээ тойрон гарах үйлдлийг аль болох богино зайд, алгуурлахгүй гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
4. Дээрх асуулт нь техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарагдахгүй байна.
5. ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины жолооч Б.Т нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон 12.1-р заалтууд, ... улсын дугаартай Волво маркийн автомашины жолооч Ю.Г нь МУ-ын ЗХД-ийн 2-р хавсралтын 1.5-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байна.
6. Хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зүйл илэрсэнгүй. /1-р хх-ийн 136-137/
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 сарын 26-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Б.Т-ийн биед хавсарсан хүнд гэмтэл, зүүн нүд, хөмсөг орчмын няцарсан шарх, зүүн нүдний алимын няцрал, аарцгийн зөрсөн хугарал хугарал, баруун талын сүүжний дэлбэн, дунд чөмгөний хүзүү хэсгийн зөрүүтэй хугарал, баруун атгаал ясны 1/3 диафизын түвшинд сэлтэрч салсан, зөрүүтэй хугарал, доод булууны эпиметафиз хэсгийг дайрсан үе рүү орсон хугарал, зүүн тавхайн 3,4-р шивнүүр яснууд дистал хэсгээр зөрүүгүй хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндий дэх цус хуралт, баруун суганд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх бүрэн боломжтой. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтэл нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 4.7.31-1, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болно. 5.Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна. /1-р хх-ийн 196-198/
Ц ш ж НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнг Шинжээчийн 2024 оны 03 сарын 23-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1. Прокурорын асуусан асуултын хүрээнд:
1.1.Хэргийн материалтай танилцахад Volvo маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ю.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дугаар зүйл дэх "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө..." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
1.2.Хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд жолооч Ю.Г тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар нотлох баримтаар тусгагдаагүй байна.
1.3.Toyota Prius маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл дэх "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ .... согтууруулах ундаа ... хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
1.4.Осол болсон гэх газар нь хэргийн материалд "Суурин газрын гадна" хэмээн тусгагдсан байх тул тээврийн хэрэгслийн жолооч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалтад зааснаар "Тээврийн хэрэгслийн хурдыг .... ... -ээс хэтрүүлэхийг хориглоно" гэснийг баримтлан суурин газрын гадна цагт 80 км зорчих ёстой гэж үзэж байна.
1.5.Энэ зам тээврийн осол нь Volvo маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ю.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 /энэхүү дүгнэлтийн 1.1 дэх хариултад тусгагдсан/ дугаар заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна.
1.6. Өмнө гаргасан шинжээч нарын дүгнэлтэд бидний зүгээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй.
1.7. Нэмж тусгах санал үгүй болно.
2. Өмгөөлөгчийн асуусан асуултын хүрээнд:
2.1.Жолооч Ю.Г-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дугаар заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэг. Нийтлэг үндэслэл” дэх 1.3 дугаар зүйлд заасанд хамаарна гэж үзэж байна.
2.2. Энэхүү дүгнэлтийн 1.2 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна.
2.3. Энэхүү дүгнэлтийн 1.5 дугаар хариултаар хариулсан гэж үзэж байна. /1-р хх-ийн 240-241/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 сарын 04-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Тухайн гэмт хэргээс хохирогч Б-ын Т /РД:.../-ийн сэтгэцэд дасан зохицохуйн хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. /2-р хх-ийн 12-13/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17-28/
Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 29-37/
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1-р хх-ийн 38-40/
Хохирогч Б.Т-ийн өвчний түүх /1-р хх-ийн 161-194/
Хохирлын баримтууд /2-р хх-ийн 51-53/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн тооцоо /2-р хх-ийн 57/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 67/
Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /2-р хх-ийн 101-102/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ю.Г нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ю.Г нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 67 километр зайтай Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 1.5-р заалт буюу “Энэ хавсралтын 1.4-т дурдсан давахыг хориглосон тэмдэглэлийг жолооч саадыг тойрон гарахын тулд давах зайлшгүй тохиолдолд аюулгүй байдлыг бүрэн хангасан нөхцөлд давж гарах, эргэж орохыг зөвшөөрнө. Ингэхдээ тойрон гарах үйлдлийг аль болох богино зайд, алгуурлахгүй гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Б.Т-ийн биед хавсарсан хүнд гэмтэл, зүүн нүд, хөмсөг орчмын няцарсан шарх, зүүн нүдний алимын няцрал, аарцгийн зөрсөн хугарал хугарал, баруун талын сүүжний дэлбэн, дунд чөмгөний хүзүү хэсгийн зөрүүтэй хугарал, баруун атгаал ясны диафизын түвшинд сэлтэрч салсан, зөрүүтэй хугарал, доод булууны эпиметафиз хэсгийг дайрсан үе рүү орсон хугарал, зүүн тавхайн 3,4-р шивнүүр яснууд дистал хэсгээр зөрүүгүй хугарал, уушгины эдийн няцрал, цээжний хөндий дэх цус хуралт, баруун суганд шарх бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 15/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17-28/, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 29-37/, гэрч О.Батбаатарын /1-р хх-ийн 51-52, 89-90/ мэдүүлэг, гэрч Ц.М-ын /1-р хх-ийн 68-69/ мэдүүлэг, гэрч С.Э-ын /2-р хх-ийн 38-39/ мэдүүлэг, техникийн шинжээчийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 137-138/, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 сарын 26-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 196-198/, Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн Шинжээчийн 2024 оны 03 сарын 23-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 238-241/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.
Шүүгдэгч Ю.Г-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ю.Г-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Хохирлын хувьд:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч Б.Т-ийн биед учирсан хүнд хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Нордбенз бэйбэн (Northbenz Beiben) ... улсын дугаартай улаан өнгөтэй тээврийн хэрэгсэл нь гэрч О.Б-ын эзэмшилд байх ба хор уршгийн төлбөр нэхэмжлэхгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн.
Хохирогч болон түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчээс эрүүл мэндийн хохиролд 1,683,000 төгрөг, тээврийн хэрэгслийн хохиролд 4,975,000 төгрөг, шинжээчийн үйлчилгээний зардалд 251,000 төгрөг нийт 6,908,000 төгрөгийг, Сэтгэцэд учирсан хор уршигт 25,294,500 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Хохирогч Б.Т-ийн хувьд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байх эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшилд байх ба Ашид билгүүх ХХК-ны үнэлгээгээр тээврийн хэрэгслийн хохирол 4,975,000 төгрөг, шинжээчийн зардал 250,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд баримт /1-р хх-ийн 51-53/-аар 1,676,966 төгрөг нийт 6,901,966 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулж, эрүүл мэндийн хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа болох нотлох баримтгүй нэхэмжилсэн 6,034 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол 11,126,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох дүгнэлтийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргуулсан. Энэ гэмт хэрэг 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Иймд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалт хамаарахгүй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчийн үйлдэл нь 2023 оны 03 сарын 25-ны үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд өөрчлөлт орохоос өмнө үйлдэгдсэн хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан үеийн буюу нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх заалтыг баримтлах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ю.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалттай. Шүүгдэгч Ю.Г-ын хувьд хохирогч Б.Т-д болон иргэний нэхэмжлэгч байгууллагад хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Шүүх хуралдаан дээр төлөхөө илэрхийлж байна гэх боловч яаж төлөх талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн “хохирлыг боломжоороо төлнө, ... улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийн хохирлыг төлж байсан тул хохирогчид хохирол төлөх боломж байгаагүй” гэх тайлбараар хохирогч Б.Т-д болон иргэний нэхэмжлэгч байгууллагад хохирол төлбөрөө төлөөхөө илэрхийлж байна гэж шүүх үзэж боломжгүй юм. Иймд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ю.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэх тайлбар нь Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнг Шинжээчийн 2024 оны 03 сарын 23-ны өдрийн ... дугаартай дүгнэлтээр няцаагдаж байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ю-н Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ю-н Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ю.Г-аас /4,975,000+250,000+ 1,676,966/ 6,901,966 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д, 11,126,000 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа болон нотлох баримтгүй нэхэмжилсэн 6,034 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, сэтгэцэд хор уршигт нэхэмжилсэн 25,294,500 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б