| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0069/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 13.7.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
2025 06 05 2025/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Э.Н
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д, Б.М, М.З
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, М.М, Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, М.М, Т.Э. нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны... дугаар сарын ....-ний өдөр ... аймгийн .... суманд төрсөн, ..., .... настай, ..., ... боловсролтой, .... аймгийн ... сумын ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн .. ангид сурдаг, ам бүл ..., ... хамтаар Д аймгийн ... сум .. дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И овогт Т-н Э /РД: ..../
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, яс үндэс ..., ... настай, ..., ... боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ... хамтаар ... аймгийн .... сумын ... дугаар баг .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И овогт Б-ийн Б /РД: .../
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ..., ... настай, ..., ... боловсролтой, ... аймгийн ... сумын ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн .... ангид сурдаг, ам бүл ..., ....нарын хамтаар ... аймгийн .... сум .. дугаар баг .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогт М-ийн М /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нар нь бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ны агуулахын цонхыг түлхэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Velvet гэсэн архи 3 ширхэг, Taiga autumn гэсэн архи 2 ширхэг, Fanta orange ундаа 24 ширхэг, ММ Pulpy orange ундаа 6 ширхэг зэргийг хулгайлж, бусдад 246,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдрийн орой 21 цагийн орчимд Б, М, О бид дөрөв ... дэлгүүрийн урд байдаг сагсны шийд дээр тоглож байгаад шөнийн 22-23 цагийн үед миний сонирхол татаад ундаа уумаар санагдахаар нь Б, М хоёрт ... оръё гэж хэлээд бид дөрөв ... рүү явсан. Тэгээд ...-ийн зүүн талд нь байдаг баригдаагүй эзэнгүй барилга дотор О айгаад байна гэж үлдээд бид гурав МСS-ийн ард талын цонхны дэргэд нь очоод хартал цонхны хамгаалалтын төмөр нь доогуураа мултарчихсан байсан, тэрийг нь би гэдрэг татаж завсар гаргаж байхад М цонхыг нь гараараа түлхэж нээгээд Б түрүүлж дотогшоо ороод араас М орсон тэгээд би ороод цонхны тавцан дээр нь зогсож байгаад тэр хоёрын авчирч өгсөн ундааг нь цонхоор гадагш гаргасан. Тэр үед нэг хроп 6 ширхэгтэй том ундаа, дотроо олон ширхэгтэй нэг хроп Fanta нэртэй жижиг ундаа, 1 хайрцагтай дотроо 3 шилтэй архи аваад тэндээс гараад баригдаж байгаа балгасанд очоод жижиг ундааг задалж ганц хоёрыг ууж байх хоорондоо 2-3 минутын дараагаар би дахиж ороод үзье гэж нөгөө хоёрт хэлээд М, Б хоёр орохоор болоод дахиж дотогшоо орсон. Тэгээд тэр хоёр гарч ирэхдээ нэг, нэг шил архи бариад гараад ирсэн. Тэгээд бид нар тэндээс гэрээдээ явцгаасан. Гэрээдээ явах замдаа ундаагаа уугаад, согтуу ах таарахаар нь 1 шил архи өгөөд заримыг нь хагалсан. Нийтдээ 5 шил архи нэрийг нь мэдэхгүй, 2 хроп ундаа авсан гэжээ. /хх-ийн 83-84/
Өсвөр насны шүүгдэгч Т.Э шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Хэрэгт мэдүүлэг өгсөн, яллах дүгнэлтэд сая уншигдсан тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдрийн орой 20 цагийн үед эмээгийн гэрийн ойролцоо байдаг ... тоотод байх сагсны шийдэд М, Э, О гуравтай хамт тоглож байгаад болиод ... дэлгүүрийн урд байдаг талбай дээр ирж тоглосон. Тэгээд 22 цагийн үед байх Э ундаа аваад ирье гээд М бид хоёр Э-той хамт ...-рүү явсан. О МСЅ-ийн дэргэд байдаг баригдаж дуусаагүй барилга дотор үлдээд би орохгүй гээд яваад өгсөн. Тэгээд Э түрүүнд нь гараад бид гурав ...-ийн ар талын хамгийн захын цонхоор нь орохоор болоод Э цонхны хамгаалалтын төмрийг нь наашаа татаж байгаад М завсраар нь ороод цонхыг нь жоохон түлхэж нээгээд бид гурав дотогшоо орсон. М бид хоёр бүүр дотогшоо орсон Э болохоор цонхны тавцан дээр зогсож байгаад 2 хроп ундаа аваад ир гэхээр М бид хоёр нэг, нэг хроп ундаа авсан, надад нэг жижиг хайрцагтай зүйл харагдахаар нь аваад гарсан тэр нь архи байсан дотроо хэдэн ширхэг байсныг мэдэхгүй байна. Тэгээд бид гурав гадаа гараад 5 минут орчмын дараагаар дахиж орохоор болоод М бид хоёр дотогшоо ороод миний хайрцагтай архи авсан газраас дахиж 2 шил архи аваад гарсан. Тэгээд тэндээс ... байдаг газар руу явсан. Замдаа ундаа уухыг нь уугаад, асгаад, бид нарын гэр ойрхон, ойрхон байдаг тул гэр рүү гээ явах замдаа нэрийг нь мэдэхгүй гудамжинд танихгүй ахад архиа өгсөн. М, билүү Э-ын нэг нь үлдсэн архиа хагалчихсан. Өөр зүйл болоогүй. Би ... оны хавар ... суманд ... дүгээр ангиа төгссөн одоо сургуульд сурахгүй ажил хийхгүй байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй миний буруу би буруу зүйл хийсэндээ харамсаж байна гэжээ. /хх-ийн 94-95/
Өсвөр насны шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Сая яллах дүгнэлтэнд уншигдсэн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр Б, Э, О бид дөрөв ... дэлгүүрийн тоглоомын талбай дээр тоглож байгаад цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Э MCS ороод ундаа аваад гараад ирье гээд бид дөрөв МСЅ руу алхаж явсан. Тэгээд МСS-ийн зүүн талд нь байдаг байх аа баригдаагүй барилга дотор бид дөрөв ороод О би орохгүй гээд тэнд үлдсэн. Тэгээд бид гурав МСЅ-ийн зүүн талаар нь алхаад, ард талынх нь хамгийн эхний цонхны дэргэд нь очоод би вакум цонхыг нь гараараа түлхэж нээгээд Б ороод араас нь би ороод миний араас Э ороод цонхны тавцан дээр зогсож байсан. Б бид хоёр цаашаа нь яваад би 1 хорп ундаа аваад Б болохоор 1 хроп ундаа, тэгээд дахиад нэг хайрцагт зүйл бариад явж байсан. Тэгээд бид хоёрын авчирсан ундааг Э цааш нь цонхоор гаргаж байсан. Тэгээд бид гурав гадаа гараад баригдаагүй барилга дотроо очсон. Тэгээд Б дахиад нэг орчоод ирье гээд надтай хамт нээх удалгүй буцаж орсон, цонхоор эхлээд Б ороод араас нь би орсон тэгээд Б хоёр шил архи аваад цонхоороо буцаж гарсан. Гадаа гараад хартал Т гэсэн нэртэй 2 шил архи байсан. Тайга гэсэн нэртэй хоёр шил архи, нэрийг нь мэдэхгүй гадаад нэртэй цэнхэр өнгөтэй 3 шил архи, Fanta нэртэй жижиг хуванцар савтай олон ширхэгтэй хроп ундаа, гадаад нэртэй дотроо 6 ширхэг хроп ундаа зэргийг авсан гэжээ. /хх-ийн 105-106/
Өсвөр насны шүүгдэгч М.М шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлтэд уншигдсан мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ны хууль ёсны төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хараа хяналт муу л байгаа юм байна. Энэ хүүхдүүдтэй нийлээд яваад байдаг. Дахин ийм хэрэг төвөгт оруулахгүй ээж рүү нь явуулна гэж бодож байна гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр 3 хүүхдээ гудманд тоглож байхад нь гэртээ оруулсан. Тэгээд буцаад дахин гараад явсан байсан. Манай бага хүү О уг нь ахыгаа буруу юм хийх гэхээр нь болиулдаг хүүхэд юм. Тэгтэл тэрийг явуулчихаад ийм юм хийсэн байсан. Цаашид анхаарлаа сайн тавина гэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.Э-ын хууль ёсны төлөөлөгч М.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Э эмээгийндээ байдаг хүүхэд манайд ирчихээд эмээгийндээ очно гэж хэлээд явахдаа ийм хэрэгт орсон байсан. Одоо хараа хяналтаа сайн тавьж байгаа гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... сумын ... багт үйл ажиллагаа явуулдаг ... ХХК-ний бөөний төвд ..., ... ... жил ажиллаж байна. Би тухайн өдөр ... сумын ...-р баг ... ХХК-ны бөөний төв болох агуулахад 09 цагийн орчимд ирсэн намайг ажилдаа ирэхэд манай байгууллагын жолооч Г ажилдаа ирчихсэн байсан. Тэгээд манайд урьд шөнө хулгай орсон байна камерт шүүж үзтэл шөнийн 23 цагийн орчимд арван жилийн бололтой 3 хүүхэд манай бөөний төвийн ертөнцийн зүгээр хойд талын зүүн хойд вакум цонхоор ороод Velvet 3 ширхэг архи, Taiga autumn 2 ширхэг архи, Fanta orange Pet 24 ширхэг ундаа, MM Pulpy Orange PET 6 ширхэг ундаа нийт 35 ширхэг 246,800 төгрөгийн үнэ бүхий зүйлийг маань цонхоор ороод аваад явсан байна. Манай жолооч Г 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө ажилдаа ирээд камер шүүж үзтэл 3 хүн манай цонхоор ороод архи, ундаа аваад гарч байгаа бичлэг байсан тэгээд бид нар цагдаад дуудлага өгсөн. Өмнө 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шөнө орсон байж магадгүй. Орой ажлаасаа буухдаа бүх цонхоо хаагаад явсан өглөө нь ирсэн чинь яг энэ гурван хүний орсон цонх нь онгорхой агуулахаас 6-н нэр төрлийн пиво, ундаа дутсан, тэр өдөр ... сум тэр чигтээ тоггүй байсан болохоор камерын бичлэг байхгүй байна. Тэгээд 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа ирээд Г камер шүүсэн чинь цонхоор 3 хүн ороод архи, ундаа хулгайлж байгаа бичлэг байсан. ... Нэхэмжлэх зүйл байхгүй манай агуулах руу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө орж хулгай хийсэн хүүхдүүд хохирол мөнгө өгсөн. Хохирол мөнгө бэлнээр өгсөн болохоор надад гаргаж өгех нотломж байхгүй байна гэжээ. /хх-ийн 12-13, 15/
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай хүү Б ... аймгийн ... суманд ... онд төрсөн ... сумын ...-р сургуулийг ... оны хавар төгсөөд Улаанбаатар хотод ээж Б.Б рүүгээ яваад Цагаан сарын үеэр манайд ирээд надтай хамт амьдарч байна ер нь бага байх үеэсээ надтай хамт амьдарч байгаа хүүхэд, ... суманд ирэхээр нь М-ийн хүүхдүүд болох М, О, тэгээд Э нар гэрээс нь дуудаж авч яваад гадаа тоглоод байдаг би гэрээс гарахад нь эрт ирээрэй гээд хэлээд гаргадаг манай хүүхэд орой 09-10 цагийн үед л гэртээ ирдэг. 2025 оны 04 сарын 02-ны өдрийн орой 21 цагийн орчимд надтай хамт гэртээ байж байгаад гэнэт л найзууд дуудаад байна гээд гараад явсан, тэгээд нэлээн орой ирсэн байх аа би ядраад унтаад өгсөн байсан, маргааш нь чи өчигдөр хэд гээд ирсэн гээд асуутал шене 01 цагт ирсэн гэж байсан. Хаана, хэнтэй уулзсан талаар нь би мэдээгүй найзууд дуудлаа гээд гарч яваад шөнө ирсэн гэжээ. / хх-ийн 22-23/
Насанд хүрээгүй гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: М ах, Б, Э нарын хамт ... дэлгүүрийн сагсны талбайд би цаг мэдэхгүй байна харанхуй болсон байхад тоглох гээд очсон. Тэнд бараг хүүхэд байхгүй байсан тэгснээ Хараа дэлгүүрийн сагсны талбайн хойд талын засмал замын хойно байдаг MCS-ийн дэлгүүрийн дэргэд байдаг баригдаж дуусаагүй барилга дотор бид дөрөв очоод М, Б хоёр намайг яваа чи одоо харь гэсээр байгаад явуулсан. Би замдаа сагсны талбай дээр очоод Б гэх найзыгаа дуудаад намайг манай гэрийн ар талын гудамжинд байдаг сагсны талбайд хүргэж өгөөд явсан. МСЅ дэлгүүрийн дэргэд байдаг баригдаж дуусаагүй сүнстэй байшин дотор гурван ах ороод тэнд хоорондоо юм ярьж байгаад намайг чи одоо яв гээд хөөгөөд байхаар нь би яваад өгсөн. Мэдэхгүй намайг чи одоо яв, харь гэсэн гэжээ. /хх-ийн 48/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
Хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06/
Шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 37, 41, 45/
... ХХК-ны агуулахын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-55/
Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний ХХК-ны шинжээчийн 2025 оны 04 сарын 24-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 60-62/
Хохирол барагдуулсан талаарх хохирогч байгууллагын тодорхойлолт /хх-ийн 70/
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108, 118, 134/
Шүүгдэгч нарын төрсний гэрчилгээ /хх-ийн 113, 123, 138/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 142-145/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нар нь бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ны агуулахын цонхыг түлхэн нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Velvet гэсэн архи 3 ширхэг, Taiga autumn гэсэн архи 2 ширхэг, Fanta orange ундаа 24 ширхэг, ММ Pulpy orange ундаа 6 ширхэг зэргийг хулгайлж, бусдад 246,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч байгууллагын төлөөлөгч Э.М-ын мэдүүлэг /хх-ийн 12-13, 15/, гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 22-23/, насанд хүрээгүй гэрч Б.О-ын мэдүүлэг /хх-ийн 48/, ... ХХК-ны агуулахын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-55/, Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээний ХХК-ны шинжээчийн 2025 оны 04 сарын 24-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 60-62/, хохирол барагдуулсан талаарх хохирогч байгууллагын тодорхойлолт /хх-ийн 70/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нар нь хулгайн үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.1 /Хугайлах/ ...-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан. Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн болох нь шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 37, 41, 45/, төрсний гэрчилгээ /хх-ийн 113, 123, 138/ зэргээр нотлогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирол барагдуулсан талаарх хохирогч байгууллагын тодорхойлолт /хх-ийн 70/, хохирогч байгууллагын төлөөлөгч Э.М-ын мэдүүлэг /хх-ийн 15/ зэргээр тогтоогдсон. Хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэн шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон авч үзсэн.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч И овогт Т-н Э, И овогт Б-ийн Б, А овогт М-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т-н Э, Б-ийн Б, М-ийн М нарт ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, мөн хугацаанд зан үйлээ засах албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нарт хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Ц.Д, Б.М, М.З нарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч Т.Э, Б.Б, М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б