| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын Наранжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/0205/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/347 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/347
2025 05 16 2025/ШЦТ/347
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа,
улсын яллагч Э.Оргилбат /цахим/,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /цахим/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 19** оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** овогт ***ийн *** (РД:***);
Хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг дэмжиж оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч ***тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, биед нь халдаж, гарыг нь хазаж зодсоны улмаас зүүн сарвууны ядам хуруунд шарх, зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч ***гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15, 17 дахь тал), гэрч ***ын мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), гэрч ***ын мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0725/2848 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), шинжээч ***гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ын гарын хурууг нь хазсан, цохиж зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махбодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагджээ.
Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч *** нь “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 250,000 төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг өгсөн (хавтаст хэргийн 17 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ