Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1041

 

Ч.Ө-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын   14-ний өдрийн 183/ШШ2019/00607 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Ө нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0748 дугаар захирамжийн дагуу төлбөр авагч "НБМ Финанс" ББСБ, төлбөр төлөгч Ч.Ө надад холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа билээ. Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч Ч.Ө миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 3 тоот хаягт орших 1 өрөө байр маань төлбөрт хураагдсан, уг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Гантуяагийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/8 дугаар тоот тогтоол гарсан. Уг тогтоолд дээрх миний өмчлөлийн орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлж, мөн үнэлсэн үнийн дүнгийн 70 хувь буюу 36 148 000 төгрөгөөр дуудлага худалдаанд дуудах үнийг тогтоосон байна. Түүнчлэн дээрх миний өмчлөлийн орон сууцыг тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлбөр барагдуулахаар хураагдсан юм. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шинжээч томилон миний өмчлөлийн орон сууцыг үнэлүүлсэн ба хөрөнгийн үнэлгээний компани нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээг 51 640 000 төгрөг гэж үнэлсэн байна. Угтаа бол миний бие хөрөнгөө зах зээлийн бодит ханшаар үнэлүүлж, уг хөрөнгийн дуудлага худалдааны төлбөрөөс өр төлбөрөө барагдуулах хүсэлтэй тул хөрөнгөө дахин үнэлүүлэх хүсэлтээ тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн боловч хүсэлтийг хангахаас татгалзсан болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 1 өрөө байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар захирамжаар Ч.Ө 40 201 265 төгрөгийг гаргуулж, "НБМ Финанс" ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гуйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17290753 дугаар тогтоолоор үүсгэж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17290753/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17290753/04 тоот тогтоолоор хураасан. Талуудаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор шинжээч томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. Төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээтэй, холбоотойгоор нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1276 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ 2018/01637 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул 2017 оны 260 дугаар тогтоолоор тогтоолгосон үнэлгээ хүчинтэй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д "Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно" гэж заасан. Гэтэл төлбөр авагчаас дахин үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт ирүүлээгүй, төлбөр төлөгч хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг ирүүлсэн боловч хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоолгох боломжгүй, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т "Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдах, борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй" гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГ холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байр, 03 тоот хаягт байрлах 16 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.Ө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №183/Ш32019/01735 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2018 оны эдийн засгийн өсөлт, барилгын салбарын эрчимжүүлэлтээс шалтгаалан байрны үнэ өссөн бөгөөд өнөөдөр миний өмчлөлийн зэргэлдээ орон сууцны үнэ 67.000.000-75.000.000 төгрөгийн үнэ ханштай байгаа нь Үндэсний статистикийн газрын судалгаа, сайтуудад тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхэд нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохыг шаардаж, үнэлгээнд өөрчлөлт орсон нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Ө нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг 36 148 000 төгрөгөөр үнэлэн анхны дуудлага худалдаанд оруулсан үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/0566 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1276 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1637 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ч.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар захирамжаар нэхэмжлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК 48 915 941 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8 915 941 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 40 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг захирамжид гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-22-23/

 

Хариуцагч НШШГГ-н 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17390753/02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол 39 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17290753/04 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 27, 30/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул НШШГГ “Баян модот” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай тус тус нийцжээ.   

 

Төлбөр төлөгч Ч.Ө 85 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр авагч “НБМ Финанс ББСБ” ХХК зөвшөөрөөгүй үйл баримт тогтоогдсон байна /хх-ийн 33-35/

Шинжээч “Баян модот” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17/0113 тоот дүгнэлтээр орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 36 148 000 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт болон өмчлөгч нарт мэдэгдсэн, энэ талаар нийтэд мэдээлсэн хариуцагч байгууллагын  ажиллагаа хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 37-45/

Хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа үнэлгээ тогтоолгож болно” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ө нь хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг хариуцагчид ирүүлсэн боловч хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон талаарх баримтыг хүсэлтдээ хавсаргаж ирүүлээгүй, үнэлгээнд өөрчлөлт орсон нь баримтаар тогтоогдоогүй. Үнийн санал өгөх талаар өмчлөгчид мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд  нийцсэн гэж үзэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2019/05197 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ч.Ө давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                       

                                  ШҮҮГЧ                                                  Ч.ЦЭНД                                                                                                           

                                                                                                Н.БАТЗОРИГ