Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0559

 

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0559

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У*****, нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн өмгөөлөгч Л.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***** нарыг оролцуулан С*****-У***** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн төлөөлөгч Б.Б*****, өмгөөлөгч Л.Б***** нар шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ...Техникийн тодорхойлолтыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр ажилд томилогдсон, ажилд ороод сар ч болоогүй, 2018 оны 6 дугаар сард санхүүгийн мэргэжлээр сургууль төгссөн, мэргэжлээрээ ч олигтой ажиллаагүй, анагаах ухаан болон эм зүйн ямар ч мэдлэг, мэргэжилгүй Э.Э***** гэгч нь УНТЭ-ийн үнэлгээний хороо, эмч мэргэжилтнээс тайлбар авалгүйгээр, ******* ХХК-ийн захиалгаар өөрчлөхийг даалгасан. Өөрчлөхгүй бол албан тушаалтанд арга хэмжээ авахыг үүрэгдсэн албан бичгийн драфтыг бусдаар бэлтгүүлж, олон бичгэн дунд буюу №01/190-тай хамт оруулж, 2020 оны тендерийг мэдэхгүй, 2020 оны 08 сарын 19-нд шинээр томилогдсон даргаараа гарын үсэг зуруулсан. Улсын Гуравдугаар шатлалын эмнэлэг аль улсын, аль үеийн, ямар техникийн үзүүлэлтэй мэс заслын эмнэлгийн хэрэгсэл худалдан авахыг Э.Э******* шиг нь мэддэг, эмнэлгийн захиргаа, үнэлгээний хороо мэдэхгүй, ямар эмнэлгийн хэрэгсэл мэс засалдаа хэрэглэхийг мэргэжлийн эмч нар нь мэдэхгүй, шийдвэрлэхгүй, юу зүрхэндээ суулгуулахыг өвчтөнүүд мэдэхгүй, сонгохгүй ийм тавилан Монголын жирийн иргэдийг хүлээж байна. Үр дүнг нь хавтас хэргийн 242-д байгаа прокурорын тогтоол үзнэ үү. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Э*****ийг оруулахаар захирамж, гарч, ШӨХТГ-ын даргын тушаалаар Э.Э*****ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон боловч Э.Э***** нь өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй ба улмаар ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байна. Дарга Б.Б***** нь мөн өөр салбарын сайд болж өөрчлөгдсөн. Иймд цаашид маргалдах шаардлагагүй болсон тул С*****-У***** ХХК нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн төлөөлөгч Б.Б*****, өмгөөлөгч Л.Б***** нар ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №01/*** дугаартай шийдвэрийн Тендерийн баримт бичгийн Багц 92, Багц 93-ын S0137 кодтой судасны нүх бөглөгч хэрэгслийн техникийн тодорхойлолтуудад Ангиографийн оношилгоо, эмчилгээний үед хэрэглэх, нэг удаагийн хэрэглээний, судасны ханыг дотор, гадна 2 талаас нь хавчиж цус тогтоох бүтэцтэй хэрэгслийн иж бүрдэл, /6F,8F/-тэй дүйцэхүйц гэж тус тус тусгасан нь тодорхой нэг үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн аргыг заасан байна. Иймд техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлтийг оруул гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа удаа дараа зөрчил гаргаж байгаа холбогдох албан хаагчид арга хэмжээ ав гэсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэж тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн төлөөлөгч Б.Б*****, өмгөөлөгч Л.Б***** нар нь Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан гаргасан ...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №01/*** дугаартай шийдвэрийн Тендерийн баримт бичгийн Багц 92, Багц 93-ын S0137 кодтой судасны нүх бөглөгч хэрэгслийн техникийн тодорхойлолтуудад Ангиографийн оношилгоо, эмчилгээний үед хэрэглэх, нэг удаагийн хэрэглээний, судасны ханыг дотор, гадна 2 талаас нь хавчиж цус тогтоох бүтэцтэй хэрэгслийн иж бүрдэл, /6F,8F/-тэй дүйцэхүйц гэж тус тус тусгасан нь тодорхой нэг үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн аргыг заасан байна. Иймд техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлтийг оруул гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа удаа дараа зөрчил гаргаж байгаа холбогдох албан хаагчид арга хэмжээ ав гэсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн өмгөөлөгч Л.Б*****д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд Нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн өмгөөлөгч Л.Б***** нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан С*****-У***** ХХК-иас Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргад холбогдуулан гаргасан...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №01/*** дугаартай шийдвэрийн Тендерийн баримт бичгийн Багц 92, Багц 93-ын S0137 кодтой судасны нүх бөглөгч хэрэгслийн техникийн тодорхойлолтуудад Ангиографийн оношилгоо, эмчилгээний үед хэрэглэх, нэг удаагийн хэрэглээний, судасны ханыг дотор, гадна 2 талаас нь хавчиж цус тогтоох бүтэцтэй хэрэгслийн иж бүрдэл, /6F,8F/-тэй дүйцэхүйц гэж тус тус тусгасан нь тодорхой нэг үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн аргыг заасан байна. Иймд техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлтийг оруул гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа удаа дараа зөрчил гаргаж байгаа холбогдох албан хаагчид арга хэмжээ ав гэсэн хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлээсээ Нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн төлөөлөгч Б.Б*****, өмгөөлөгч Л.Б***** нар бүхэлд нь татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч С*****-У***** ХХК-ийн төлөөлөгч Б.Б*****, өмгөөлөгч Л.Б***** нар нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ