Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/440

 

 

                                                       

Ц.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,

яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, Д.Ганбат, Т.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/704 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Ариунболдын бичсэн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ц.Бт холбогдох 2006000003030 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цийн Б, 1969 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, “Болор Жонш” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Виллаж хотхоны 101 дүгээр байрны 1-15 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТИ69080917/;

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Яллагдагч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ-Үе хотхоны 102-41 тоотод хохирогч Ч.Дтай маргалдан улмаар хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ.” гэж заажээ.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост шинжилгээ хийсэн шинжээчийн 30 тоот дүгнэлт, эд зүйлд шинжилгээ хийсэн шинжээчийн 65 тоот дүгнэлт, шинжээч А.Аригуунтөгсийн өгсөн мэдүүлэг, Т.Бы 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрчээр өгсөн “...Ц.Б гартаа цустай хутга бариад зогсож байсан, ...тухайн үед талийгаачийн гарт хутга байсан эсэхийг анзаараагүй. ...” гэх мэдүүлэг зэргээс үзвэл хохирогчийн амь нас хохироход үйлчилсэн хүчин зүйлийн шалтгаант холбоог тогтоолгохоор нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн цээжний хөндий рүү дээрээс доош чиглэлтэй нэвтэрсэн шарх гэмтэл нь хохирогчийн гарын оролцоотойгоор, гадаад хүчний буюу зайнаас түлхэх нөлөөгөөр үүсгэгдэх боломжтой эсэх, мөн яллагдагчийн “...гарыг нь түлхэхэд хойшоо суугаад эргэж босож ирээд нэг алхаад сөхөрч унасан. ...” гэж мэдүүлж байгаачлан дээрх шарх түлхэлтийн улмаас үүссэн гэж үзвэл хохирогч чихний гэдэснээс доош 12.5 см зайд цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгыг өөрийн гараар буцаан авах, улмаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах замаар тогтоолгох нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.

Нөгөөтээгүүр, яллагдагчийн өмгөөлөгчөөс “...гэрч Т.Бы мэдүүлгүүд өөрчлөгдсөн, мэдүүлгийг газар дээр нь шалгаагүй” гэж тайлбарлах бөгөөд шүүх гэрч Т.Быг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах замаар тодорхой нөхцөл байдлыг тодруулах боломжтой юм.

Яллагдагчийн өмгөөлөгчөөс амь хохирогч Ч.Дын тухайн өдөр шүүхэд гэрчээр оролцсонтой холбоотой үйл баримтыг тодорхойлж, үүнээс улбаалсан сэтгэл санааны байдлыг тогтоох, мөн амь хохирогчийн урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан эсэх баримтуудыг хэрэгт хавсаргаж, засарч хүмүүжсэн эсэхийг тогтоох шаардлагатай гэж тайлбарлах бөгөөд энэ нь хохирогчийн амь хохирсон байдалд нотолгооны ач холбогдолгүй бөгөөд хэрэг учрал болсон тухайн цаг мөчид үүссэн маргааны шалтгаант холбоо болсон гэж тодорхойлох боломжгүй юм.

Харин хэргийн 88 дугаар тал дахь гэрч Т.Бы “...Ц.Бийн эхнэр Н.М 2005 оны орчимд байх Ч.Дын дүү А.Птай уулзаж учирдаг байсан, энэ талаар Ц.Б мэддэг байсан бөгөөд тухайн үед Ц.Б надад хэлэхдээ манай эхнэр хүнтэй яваад байх шиг байна, хоёулаа очиж уулзъя гээд яваад очиход Н.М, А.П, А.Пгийн ээж нар байсан. Тэр утгаараа би бодохдоо Ц.Б Ч.Дын гэрт очоод Ч.Дын ээжийн зургийг хараад А.Пгийн ах гэдгийг мэдсэн байж магадгүй, тэгээд ийм зүйл хийсэн ч байж магадгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаярын Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан гомдолд “...хэргийн 83 дугаар хуудасны ар талд гэрч Т нь Ц.Бийн эхнэр Н.Мтэй утсаар ярьсан ярианы талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байх ба мэдүүлэгт “...Н.М чамаас болж зодоон цохион хийсэн” гэж нөхөр Ц.Б нь хэрэг гарах үед эхнэр лүүгээ ярьсан” талаар мэдүүлжээ. Тиймээс энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл, зорилго, сэдэлтийг тогтоох шаардлагатай.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай байх бөгөөд эдгээрийг нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Э.Ариунболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүд бүрэн дүүрэн тогтоогдсон байна. Гэрч Т.Бы “...Ц.Бийн эхнэр Н.М 2005 оны орчимд байх Ч.Дын дүү А.Птай уулзаж учирдаг байсан. Энэ талаар Ц.Б мэддэг байсан бөгөөд тухайн үед Ц.Б надад хэлэхдээ “манай эхнэр хүнтэй яваад байх шиг байна, хоёулаа очиж уулзъя” гээд яваад очиход М. П, Пгийн ээж нар нь байсан. Тэр утгаараа би бодохдоо Ц.Б нь Дын гэрт очоод Дын ээжийн зургийг хараад Пгийн ах гэдгийг мэдсэн байж магадгүй, тэгээд ийм зүйл хийсэн ч байж магадгүй гэж бодож байна. Би тухайн үед Бт “чи хүн хутгалчихсан байна шүү дээ” гэхэд Б эхнэртэйгээ утсаар яриад “би хүн хутгалчихлаа” гээд ярьж байсан. Хэрэг болсны маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой Бтай уулзсан. Би тухайн үед Биас “юу болчхов” гэж асуухад Б надад хэлэхдээ “чамайг 00-н өрөөнд байхад Д “би шоронгийн атаман” гэж яриад бид хоёр маргалдсан. Тэгээд би Дыг хутгалчихсан юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “би яагаад сонсоогүй юм” гэж асуухад “бид хоёр аажуухан ярьж байсан” гэж хэлсэн бөгөөд “ямар хутгаар хутгалсан юм” гэхэд “өнгийг нь санахгүй байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч Х.Т нь Ц Бийн эхнэр Н.Мтэй утсаар ярьсан ярианы талаар мэдүүлэг өгсөн ба “Чамаас болж зодоон цохион хийсэн” гэж нөхөр Б хэрэг гарах үед эхнэр рүүгээ ярьсан талаар мэдүүлсэн ба дээрх баримтуудаас үзэхэд Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт ... зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүд тогтоогдож байна гэж үзэж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээчийн 30 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээчийн 30 дугаартай “...Талийгаачийн биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн мөрний дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч гол судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр дээрээс доош чиглэлтэй үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч гол судас гэмтээсэн шархны улмаас цээжний хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ.” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан, 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 2-т “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх бол шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “...Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ.” гэж тус тус заасныг үндэслэн амь хохирогчийн цээжний хөндий рүү дээрээс доош чиглэлтэй нэвтэрсэн шарх гэмтэл нь хохирогчийн гарын оролцоотойгоор, гадны хүчний буюу зайнаас түлхэх нөлөөгөөр үүсгэгдэх боломжтой эсэх болон шүүгчийн захирамжид дурдагдсан эргэлзээ бүхий байдлуудыг тогтоох бүрэн боломжтой байна.

Мөн Ц.Бт холбогдох хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг хэрэг учрал болох үед байсан гэх Т.Быг оролцуулан явуулж шийдвэрлэх боломжтойгоос гадна нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ш/үхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/704 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Шүүгдэгчийг чирэгдүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход харшилж болохуйц үндэслэл юм. Прокурор сэдэлд, зорилгыг тогтоосон эсэх нь эргэлзээтэй. Яллагдагч ямар сэдэл, зорилгоор тухайн хэргийг үйлдсэн гэдгийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэдэлт, зорилго тогтоогдсон мэт ойлгомжгүй байдлаар эсэргүүцэл бичсэн. Ямар сэдэлт, зорилгоор тухайн үйлдлийг хийсэн эсэх байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай, тухайн нөхцөл байдал тогтоогдоогүй. Ц.Б хутга далайгаад босоод ирэхэд нь дараад суулгасан, өөрөө хутгаа сугалж босч ирээд алхаад өвдөглөөд унасан гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгээр тухайн гэмтлийг өөртөө учруулж болох эсэх талаар прокуророос асуусан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шинжилгээний явц, үр дүнг тусгасан байдлыг шинжээчийн дүгнэлт гэж үзнэ. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж асуулт асуухаар тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. Магадгүй туршилт хийж тогтоохоор үйл ажиллагаа байгаа юм. Ямар жин, өндөртэй хүмүүс, ямар байдалтай байсан. Хутга далайсан хүнийг дараад суулгахад тухайн гэмтэл учрах эсэх, гэмтэл учирсан бол тухайн хүн хутгыг авах боломжтой эсэх талаар яллагдагчийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь учир дутагдалтай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. ...” гэв.

Яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пгийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд намайг яллагдагчийн өмгөөлөгч гэж бичсэн. Яллагдагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр хүсэлт гаргасан мэтээр дурдсан байгаа. Миний зүгээс Нийслэлийн прокурор болон Дүүргийн Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байсан. Тухайн хүсэлтүүдийг хүлээж аваагүй, уг баримтууд хэрэгт авагдсан. Шүүх хуралдаанд прокурорт гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Гэтэл хүсэлт гаргасан мэтээр дүгнэж, уг хүсэлтийг үндэслээд сэдэлт, зорилго, нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гаргаагүй хүсэлтийг үндэслэж шийдвэрлэсэн. Үүнийг прокурорын эсэргүүцэлд тодорхой дурдсан. Анхан шатны шүүхээс хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэсэн. Хэргийг нүдээр харсан гэрч Ц.Бийг хутга бариад зогсож байсан талаар үнэн, зөв мэдүүлсэн. Нөхцөл байдлыг тогтоохоор шинээр шинжээч томилох шаардлагагүй. Хэрэв шинжээчээс тодруулах зүйл байгаа бол шүүхийн шатанд тодруулах боломжтой учраас заавал прокурорт буцааж шийдвэрлэх шаардлагагүй. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ц.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ-Үе хотхоны 102-41 тоотод хохирогч Ч.Дтай маргалдан улмаар хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийг материалыг хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд прокурор Э.Ариунболдын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Бт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/704 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.Бт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ц.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ