Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 115/ШШ2023/0001

 

   

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...ийн ...,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ...

Хариуцагч: Дорноговь аймгийн .... сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ...,

Гуравдагч этгээд ... нарын хоорондын төрийн албанаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....., түүний өмгөөлөгч ..., хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ..., нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.... нь Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан “... сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 13.049.748 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийг гарган маргаж байна.

Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2. Нэхэмжлэгч нь анх Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар мөн сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.

3. Үүний дараа маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Г....ыг ... сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлжээ.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2022 оны Б/08 дугаар актыг эс зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор “таныг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байна.

Нэхэмжлэгчээс 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. Миний бие Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар томилогдон ажиллаж байгаад ... сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч ...ын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөх, халагдах ямар нэгэн алдаа гаргалгүй хуулийн хүрээнд ажиллаж байсан.

5.2. 2017 оны 05 сарын 20-ны өдөр болсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээс хойш /167267 кодтой/ ... сумын Засаг даргын тамгын газрын дарга, нийгмийн даатгалын байцаагчаар, газрын даамлаар төрийн жинхэнэ албанд тасралтгүй ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч.

5.3. Намайг 2022 оны 05 сарын 24-ний өдөр ... сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаач гэж тус сумын Засаг даргын орлогч Г.Г санал болгосон. Тус сум нь Засаг дарга ч үгүй, тамгын дарга ч үгүй болчихсон байсан үе. ...ыг Засаг даргаар томилогдох гэж байгаа гэхээр нь би утсаар холбогдон таныг Засаг даргаар томилогдох гэж байгааг сонслоо “намайг  тамгын даргаар ажиллаач гэлээ, танд ямар санаа байна, хэрэв таныг надтай хамтран ажиллана гэвэл би зөвшөөрнө” гэж би асуухад “надад татгалзах зүйлгүй, хоёул хамтран ажиллана” гэсэн. Гэтэл ажлаа аваад удалгүй надтай хамтарч ажиллахгүй гээд ажлаас чөлөөлж дахин үүрэг гүйцэтгэгч томилж байгаа нь төрийн албаны хуулийг болоод төрийн албанд томилох чөлөөлөх журмыг зөрчсөн.

5.4. Өмнө хийж байсан ажлаас минь чөлөөлүүлж Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, даргаар томилчхоод сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд дахин үүрэг гүйцэтгэгч томилж намайг ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйл, 62.1.1 хэсэгт заасныг тус тус зөрчсөн ба шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн албаны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж байна.

5.5. ******* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний Б/08 дугаартай захирамж нь ямар зөрчил дутагдал гаргасан тодорхойгүй зөвхөн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гаргах эрхээ л дурдаж захирамжилсан байгаа нь төрийн жинхэнэ албан хаагч миний хөдөлмөрлөх, цалин орлоготой байх эрхийг зөрчсөн.

5.6. Авлигатай тэмцэх газарт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар албан бичиг хүргүүлсэн. Хариу ирсэн даруйд Тамгын даргаар жинхэлж томилно гэж намайг өмнө ажиллаж байсан газрын даамлын ажлаас минь чөлөөлүүлсэн.

5.7. Би Тамгын даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн болоод сахилгын зөрчил гаргаагүй.

5.8. Тиймээс Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ... сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, даргаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 13,049,748 төгрөгийн цалинг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

5.9. Нэхэмжлэгч Г.... шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Авлигатай тэмцэх газарт 2022 оны 05 сарын 27-ны өдөр ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар албан бичиг хүргүүлсэн. Хариу ирсэн даруйд намайг Тамгын даргаар жинхэлж томилно гэж өмнө ажиллаж байсан газрын даамлын ажлаас минь чөлөөлүүлсэн. Авлигатай тэмцэх газрын А/7873 тоот албан бичиг 06 дугаар сарын 10-нд ирсэн гэж хэллээ. Би 24-ний өдөр гарсан надад тэр талаар огт хэлээгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1-т төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилно гэсэн. Тэгэхээр би тийм ажилд очно гэж өргөдөл бичээгүй. Зүгээр өөр ажилд томилогдох болсноо танилцуулаад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Хоёр байгууллагын албан тоот байхгүй. Тэр дагуу шилжүүлсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн акт нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ... сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ...ыг томилсон аймгийн Засаг даргын захирамж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан байдаг. Үүрэг гүйцэтгэгч гэсэн үг үсэг энэ хуульд байхгүй. Засгийн газрын юм уу, улсын их хурлын тогтоолоор үүрэг гүйцэтгэгч томилоод байгаа нь буруу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Гэтэл улс төрийн намууд энэ хуулийг тоохгүй үүрэг гүйцэтгэгч томилдог. Тийм учраас ...ыг Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын үүрэг гүйцэтгэгчээр томилсон 2022 оны 05 дугаар сарын 27-ны Б/06 Засаг даргын орлогч Г-д гэсэн захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий гарсан байдаг.

6.1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан үндэслэлээ эцсийн байдлаар шүүхэд тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар зөвшилцөөгүй байсан болохоор энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж байна. Мөн хуулийн 44.1-т зааснаар зөвшилцсөн албан ёсны албан бичиг байдаггүй гэдэг. Хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ...ыг шилжүүлэх тухай 2022 оны 05 дугаар сарын 27-ны Б/26 тушаал байгаа. Хариуцагчийн нэхээд байгаа үндэслэл нь эндээс гарч байгаа. Тэгэхээр заавал тухайн хоёр байгууллагын удирдлагууд бичгээр зөвшилцсөн байна гэсэн зүйл байхгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан тухайн албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт мэдлэг боловсрол, мэргэжил мэргэшил ур чадвар туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх онцгой шаардлага буюу онц даалгавар биелүүлэх байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл байдлыг ойлгоно гэж байгаа. Нэхэмжлэгч Барилга хот байгуулалтын газарт өргөдлөө өгөхдөө өөр ажил албан тушаалд шилжих болсон тул гэсэн үг үсэг оруулсан байна. Энэ ажил албан тушаалд ажиллаач ээ гэсэн нь О даргын тушаал бүрэн нотолж байна.

6.2. Шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албан тушаал тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилоход оршино гэж байгаа. Сул орон тоог яаж нөхөх юм гэдгээр энэ журмын 2.1-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас хойш долоо хоногийн дотор төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлнэ. Зөвлөл сул орон тооны мэдээллийг тухай бүр цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ гэж заасан. Харин хэдэнд хэнийг чөлөөлсөн нь хамаа байхгүй, үүнийг мэдээлэх ёстой байсан. Мөн энэ журмын 2.2-т төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө гэж байгаа. 2.2.1-т шатлан дэвшүүлэх журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас гэж байгаа. Хариуцагч тухайн сумынхаа Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа албан тушаалтнаас томилох ёстой. Мөн тухайн шатлалыг дэвшүүлэхгүй байсан гэдэг. Төрийн албаны тухай хуульд албан тушаал зэрэг дэвийг бууруулахгүйгээр дэвшүүлэх зарчмаар сул орон тоог нөхнө гэж байгаа.

6.3. Авлигатай тэмцэх газрын албан бичиг нь дараа томилогдсон дэс түшмэлийн албан тушаал дээр шалгалт өгсөн хүнийг болж байна гэж үзсэн хэр нь төрийн жинхэнэ алба хаагчийн удирдах албан тушаалд сонгон шалгаруулалт өгөөд тэнцсэн байгаа хүнийг нягталж үзээгүй байж энэ хүн шалгалт өгөөгүй байна гэсэн албан бичиг ирүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Тэгэхээр энэ хүн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг өгөөд 72,6 хувийн оноо авсан байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө гэж заасныг зөрчсөн байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 45 болон 46 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасан. Төрийн алба өөрөө төрийн алба хаагчийг ажлаас чөлөөлөхдөө хууль тогтоомжийг хатуу мөрдөхийг үүрэгжүүлсэн. Энэ нөхцөл байдал тухайн актыг гаргахад тогтоогдоогүй байхад ажлаас нь халж байгаа нь буруу юм. ... сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон шийдвэрт хэн нэгэн гомдол гаргаж маргаагүй байдаг. Төрийн албаны шалгалт өгөх болзол журмын 2.1, 2.2-т зааснаар томилсон байдаг. Тэгсэн хэр нь сар хүрээгүй хугацаанд төрийн удирдах албан тушаалд ажиллуулсныхаа дараа шалтгаангүйгээр чөлөөлж байгаа нь төрийн алба тогтвортой байх зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

 6.4. Мөн журмын 2.2-т удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхнө гэж заасан байхад нөөцөд бүртгэгдээгүй ... гэдэг үүрэг гүйцэтгэгчийг томилж байгаа нь шударга ёс тэгш байдлыг хангах төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална гээд 7.1.1-7.1.8 хүртэлх заалтуудыг баримтлан ажиллах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт төрийн албанд томилох журмыг хуульчилсан. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар хориглосон заалтууд ...д тогтоогдоогүй байдаг. Энэ хүн улсад 36 жил төрийн албанд 27 жил ажилласан. Төрийн албанд ажилласан туршлага дээр хариуцагчаас маргаагүй. Тэгэхээр 27 жил ажилласан туршлагатай дээшээ дэвшин ажиллах боломжтой хүн байсан байна.

6.5. Нэхэмжлэгч сонсох ажиллагаанд хариу тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах хуулийн зохицуулалттай байгаа. Сонсох ажиллагаа дээр таныг ийм ийм үндэслэлээр ийм журмын хэдийн хэдийг зөрчиж томилсон байх тул таныг энэ ажлаас чөлөөлөх гэж байна гээд сонсох ажиллагаагаа хийхээр, энэ хүн ийм нотлох баримт гаргаж өгье гэх байсан. Өнөөдөр сонсох ажиллагааныхаа материалыг авчирч өгөхөд бас нэг хавтас хэрэг шахуу зүйл шүүхэд нотлох баримтаар ирэх ёстой. Тэгтэл сонсох ажиллагааг зүгээр дүр эсгэж хийсэн байна.

6.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.3-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана гэж байгаа. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 23.2.2-т 8-с доошгүй жил ажилласан байхыг заана гэж байгаа. Тэгэхээр энэ хүн төрийн албанд 27 жил ажилласан байгаа нь энэ шаардлагыг бүрэн хангасан байна гэж үзнэ. Мөн гаргасан захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2-т мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй. Мөн хуулийн 49.1-т заасан халагдахгүй байх баталгааг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 44.1, 44.2, 44.3-т бичгээр тохиролцоно гэсэн үг үсэг байхгүй. Тухайн байгууллагын удирдлагууд тохиролцсон байж болно, үүнийг үгүйсгэх арга байхгүй. Нэхэмжлэгчийг хуульд заасан зарчмаар томилсон акт нь хүчинтэй, харин ... сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 24-ний Б/05 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захирамж байж чадсангүй. Тийм учраас хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Аймгийн Засаг даргын зэрэг дэв дэвшүүлсэн актаар нэхэмжлэгчийг ахлах түшмэлээр томилсон. Тэгэхээр хариуцагчийн яриад байсан ТЗ-5-ТЗ-9 рүү орж байгаа нь буруу юм гэдэг нь энэ нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна гэв.

7. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5 дахь заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна” гэж тус тус заасан байтал Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Г....ыг шилжүүлэх тухай” Б/26 дугаар тушаалаар ******* сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн боловч газрын даамал /дэс түшмэл ТЗ-5/-ын албан тушаалаас сумын Засаг даргын тамгын газрын дарга /ахлах түшмэл ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хууль,  тогтоомжийн дээрх заалтыг зөрчсөн.

 Г.... нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол журам”-ыг тус тус зөрчин төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй томилогдсон тул сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Б/08 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн үндэслэлтэй болно” гэжээ.

8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Г....ыг чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн 45.1.3-т хуульд заасан бусад үндэслэл гэдгээр чөлөөлсөн. Энэ нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хооронд сумын Засаг даргын орлогч Г сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байх хугацаандаа сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Мыг өөрийн хүсэлтээр чөлөөлж Г....ыг Засаг даргын тамгын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тухайн үед Г.... нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын харьяа газрын даамлаар ажиллаж байсан бөгөөд тус газрын даргын тушаалаар ******* сум руу шилжсэн байдаг. Өөрийн хүсэлтээр шилжин томилогдохоор чөлөөлөгдөж ******* сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Албан тушаалын түр орлон гүйцэтгэгч гэдэг нь тухайн албан тушаалд жинхлэгдээгүй байгаа асуудал бөгөөд тухайн албан тушаалын жинхэнэ статусыг эрхэлдэггүй. Эрх үүргийг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй хууль зүйн агуулга юм. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд тусгагдсан байдаг. Сумын Засаг даргын тамгын газрын даргын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн орон тоонд тусгай шалгалт зохион байгуулан нөхөн томилох хуулийн заалт байдаг. Мөн өөр байгууллагын алба хаагчаар орлон гүйцэтгүүлэхээр хууль бус шийдвэр гарсан байдаг. Үндсэндээ тамгын газар дотроосоо биш өөр байгууллагаас томилсон байдаг.

8.1. Түүнчлэн Г....ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-г үндэслэн шууд томилсон боловч уг хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 27.1-т заасан төрийн албан хаагчаас авна гэсний дагуу тусгай шалгалт өгч байж томилох байсан. Үүнийг өгөлгүй шууд томилсон байдаг. Энэ тохиолдолд ******* сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалын тусгай шалгалтыг захиалга өгч байгаад шалгаруулж томилох байсан. Тусгай шалгалт өгөх хугацаанд түр ажиллаж байгаа албан тушаалтныг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь Засаг даргад байгаа. Г....ыг мөн томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 23 дугаар зүйлийн 23.6-т Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох талаар авлигатай тэмцэх газраас манайд албан бичиг ирсний дараа томилох ёстой байсан. Энэ нь мөн хууль бус байсан учраас 06 дугаар сарын 24-ний өдөр Г....ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

8.2. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-т хуульд заасан бусад үндэслэлээр гэдэг агуулга дээр мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан журмын 1.5-т заасныг зөрчсөн. Үндсэндээ дотор нь шилжүүлэх биш, өөр байгууллагын хүнийг ******* сумын Засаг даргын тамгын газарт авчирсан.

Захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 гэсэн заалтын араас л түрүүний заалтуудаа оруулж өгөх байж. Түүн дээр нь хуулийн бусад заалт гэж байгаа болохоор бусад гээд нийлбэрээр нь бодсон. Энэ дээр алдаа гаргасан байна. Төрийн албаны тухай хуулийн 46.2.5-д заасан заалтыг үндэслэсэн байгаа. Түүнийхээ хойноос нь залгуулаад 44.1, эсхүл журмын хэд гэж үндэслэж өгөх байсан байна. Алдаатай акт гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Журамд үндэслэн шүүхэд хариу тайлбар гаргасан байгаа. Би хуулийн заалтыг ерөнхийгөөр нь аваад энэ энэ заалт зөрчигдсөн гэж байгаа боловч, шүүхэд албажиж ирсэн энэ заалт дээрээ л тогтоно. Маргаан бүхий акт дээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн бодит нөхцөл байдлаа тодорхойлоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Мөн Г.... нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр энийг шийдвэрлэх боломжгүй. Ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн. Авлигатай тэмцэх газарт манайх ажил албан байдлын тодорхойлолтыг нь хавсаргаад 9 хуудас баримт явуулсан, ирэхдээ нэг л бичиг ирсэн. Тэгэхээр одоогийн байдлаар нийтийн албан томилогдох нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн. Тэрийг нь үндэслээд би шинэ тамгын газрын даргыг томилсон. Аль нь ч хуульд нийцэхгүй байгаа. Ер нь хөдөө орон нутагт боловсон хүчний асуудал хүндрэлтэй байдаг. Хэн нэгнийг халж байгаа бол зөрүүлээд хэн нэгнийг байлгах л ёстой.

8.3. Одоо зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалтаар, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ “адил төрлийн албан тушаалд шилжүүлэх” гэж заасан журмын зохицуулалтыг зөрчин газрын даамлын /дэс түшмэл ТЗ-5/ албан тушаалаас сумын Засаг даргын тамгын газрын дарга /ахлах түшмэл ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь хууль бус тул маргаж байна.

Уг нь сар хүрэхгүй хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажиллаж байхад нь буцаагаад хуучин ажилд нь томилж өгье гэдэг асуудал ярьсан. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн үгнээс улс төрийн нөхцөл байдал яг харагдаж байна. Би заавал дарга байх ёстой гэдэг байдал харагдаж байна. Энэ олон жил төрийн албанд ажиллаад өдийг хүртэл яваад ирсэн хүний хувьд жаахан ёс зүйтэй баймаар юм.

Тэгэхээр Г....ыг чөлөөлсөн шийдвэр дээрээ бусад гэдэг үндэслэлээр ерөнхий заалт авсан алдаа гаргасан байна. Гэхдээ бусад үндэслэл байсан уу, гэхээр байсан. Миний зүгээс Г....ы гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэдийгээр алдаа гаргасан ч гэсэн бусад үндэслэлээр ...ыг чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

9. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорноговь аймгийн ******* сумын 4-р багийн иргэн Г....ы нэхэмжлэлтэй ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралд оролцохгүй болно. Миний бие нь урьд нь ажиллаж байсан албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

10. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх замаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэн ба нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

11. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн Ж....ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд, тэрээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцохгүй” талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “... гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бол энэ талаар хүсэлтийг бичгээр гаргана” гэж заасантай нийцэж байх тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

12. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн  2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөц байхдаа уг албан тушаалд томилогдсон нь хууль зөрчөөгүй, хариуцагч чөлөөлсөн захирамждаа намайг ямар зөрчил дутагдал гаргасныг тодорхойлоогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар олгогдсон төрийн албанд ажиллах эрх, хуульд заасан баталгааг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлан маргадаг.

13. Хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа “...Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ “адил төрлийн албан тушаалд шилжүүлэх” гэж заасан журмын зохицуулалтыг зөрчин газрын даамлын /дэс түшмэл ТЗ-5/ албан тушаалаас сумын Засаг даргын тамгын газрын дарга /ахлах түшмэл  ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь хууль зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох тухай, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх зохицуулалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй томилогдсон тул ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн үндэслэлтэй” гэх агуулгаар маргасан.

14. Гэвч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд байсныг мэдээгүй алдаа гаргасан байна, энэ үндэслэлээр маргахгүй” гэх тайлбарласан ба зөвхөн “Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, “адил төрлийн албан тушаалд шилжүүлэх” гэж заасан журмын зохицуулалтыг заасныг зөрчсөн, газрын даамлын /дэс түшмэл ТЗ-5/ албан тушаалаас сумын Засаг даргын тамгын газрын дарга /ахлах түшмэл ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь хууль бус тул төрийн албанаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэх үндэслэлээр маргасан болно.

            15. Хэдийгээр хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа дурдсан “төрийн жинхэнэ албаны мэргэшлийн болон тусгай шалгалт өгөлгүйгээр томилогдсон” гэх үндэслэлээр маргахгүй болохоо шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн ч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж байгаа “төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөөс томилогдсон эсэх” асуудалд шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

16. Нэхэмжлэгчийн төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт өгсөн бөгөөд төрийн албанд ажилласан байдлын талаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

16.1. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д тус тус зааснаар “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд” хамаарч байна.

16.2. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлөөс 2017 онд зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцон Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын тамгын газрын сул орон тоонд өрсөлдөн тэнцэж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн байх ба одоо төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байгаа болох нь Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 89 дүгээр албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар тогтоол, “167267” кодтойгоор бүртгэсэн тогтоолын хавсралтаар /хх-н 59, 60, 62-р хуудас/;

16.3. Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр (тухайн албан тушаалыг эрхэлж байсан Ц.Мын хүүхэд асрах чөлөөний хугацаанд) 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэл 02 жил 8 сар 15 хоногийн хугацаанд ажилласан болох нь ******* сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаар захирамжаар /хх-н 65, 66-р хуудас/;

16.4. Үүний дараа ******* сумын Нийгмийн даатгалын байцаагчийг түр орлон гүйцэтгэгчээр 6 сар 10 хоногийн хугацаанд ажилласан ба энэ нь Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 тушаалаар томилогдон, мөн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Г....г шилжүүлэн ажиллуулах тухай” Б/25 дугаар тушаалаар /хх-н 52, 53-р хуудас/;

16.5. ******* сумын газрын даамлаар 1 жил 11 сар 17 хоногийн хугацаанд ажилласан болох нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Г....ыг томилох тухай” Б/15, мөн газрын даргын “нэхэмжлэгчийг ******* сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн тухай” 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар /хх-н 58, 24-р хуудас/ тус тус тогтоогдож байх ба дээрх хугацаанд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал буюу ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд түр хугацаагаар, төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх тушаалд түр болон жинхлэн тус тус ажилласан байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч өмнө нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Тамгын газрын дарга М-ыг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ******* сумын Засаг даргын тамгын газрын даргаар түр томилогдон ажилласан бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгч, төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн, тэрээр одоо төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд байгаа буюу нөөцөөс хасагдсан бүртгэлгүй, төрийн жинхэнэ албан тушаал болох газрын даамлын албан тушаалд ажиллаж байгаад ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон  болох нь тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөөс томилогдсон” гэж маргасан нь үндэслэлтэй байна.

            16.6. Дээрх дүгнэлтээр хариуцагчийн “нэхэмжлэгч төрийн албаны мэргэшлийн болон тусгай шалгалт өгөөгүй томилогдсон” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Учир нь нэхэмжлэгч газрын даамлын албан тушаалаас буюу төрийн жинхэнэ албан тушаалаас төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шилжин томилогдсон тул түүнд төрийн албаны ерөнхий, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй байх тул тусгай шалгалт буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орох шаардлага тус тус үүсэхгүй байна.

16.7. Цаашлаад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй нэхэмжлэгч Г....ыг сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд ..., эсхүл[1] энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж;

16.8. “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын[2] 5.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, ... ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж тус тус заасантай нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

17. Хариуцагчийн “...Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ “адил төрлийн албан тушаалд шилжүүлэх” гэж заасан журмын зохицуулалтыг зөрчин газрын даамлын /дэс түшмэл ТЗ-5/ албан тушаалаас сумын Засаг даргын тамгын газрын дарга /ахлах түшмэл  ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь хууль бус, төрийн байгууллага хооронд шилжүүлэхэд удирдлага хооронд харилцан тохиролцоогүй” гэх агуулга бүхий татгалзлын тухайд:

17.1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан “албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт” тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно” гэж;

17.2. “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулна”, 2.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө хүсвэл энэ журмын 2.1-д заасан үндэслэлээр төрийн өөр байгууллагад шилжин ажиллах хүсэлтээ байгууллагын удирдлагад гаргаж болно” гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл “албан ажлын зайлшгүй шаардлагад үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас төрийн өөр байгууллагад шилжүүлж болох бөгөөд ингэхдээ төрийн жинхэнэ албан хаагч өөрөө зөвшөөрсөн буюу шилжин ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн, байгууллагын удирдлага хоорондоо харилцан зөвшөөрсөн” зэрэг нөхцөл хангагдсан байхыг ойлгохоор байна.

17.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д “Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх...” гэж заасан.

******* сумын Засаг даргын тамгын газрын даргын орон тоо суларсан буюу даргагүй болсон нөхцөл байдал нь тус сумын Засаг даргаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэхээр байх тул энэ тохиолдолд сумын Засаг даргын орлогчоос өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан, тухайн албан тушаалын тусгай шалгалтыг өгч тэнцсэн бөгөөд нөөцөд байгаа Г....ыг өөрийн ажлын алба буюу Тамгын газрын даргын албан тушаалд ажиллахыг санал болгож томилсон нь дээр дурдсан хуулийн “албан ажлын зайлшгүй шаардлага”-д үндэслэсэн гэж үзэхээр байна.

17.4. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргад “..өөр ажилд шилжин ажиллах болсон үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлж, шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх-н 127-р хуудас/ гаргасан буюу шилжих хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

17.5. Түүнчлэн түүнийг шилжүүлэн авч буй байгууллагын удирдлага болох сумын Засаг даргын орлогчоос нэхэмжлэгчийг “Тамгын газрын даргаар ажиллахыг санал болгосон” бөгөөд шилжүүлж буй байгууллага буюу Дорноговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргаас нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Г....ыг шилжүүлэх тухай” Б/26 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д гаргасан байгаагаас үзвэл “удирдлага хооронд харилцан тохиролцоогүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

18. Хариуцагчийн “...газрын даамлын /дэс түшмэл ТЗ-5/ албан тушаалаас сумын Засаг даргын тамгын газрын дарга /ахлах түшмэл  ТЗ-9/-ын албан тушаалд шилжүүлсэн нь хууль зөрчсөн” гэх татгалзлын үндэслэлийн тухайд:

18.1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “ахлах түшмэл, ... албан тушаалын зэрэг дэвийг ... аймаг, нийслэлийн Засаг дарга,... олгоно” гэж заажээ. Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчдад зэрэг дэв шинээр болон ахиулан олгох тухай” А/270 дугаар тушаалаар[3] /хх-н 125-126–р хуудас/ нэхэмжлэгч Г....д “төрийн захиргааны гутгаар зэргийн ахлах түшмэл” зэрэг дэвийг ахиулан олгосон  байх ба, нэхэмжлэгчид ахлах түшмэлийн зэрэг дэв олгосон аймгийн Засаг даргын шийдвэр хүчин төгөлдөр байна. Иймээс нэхэмжлэгчийг “сумын Засаг даргын тамгын газрын дарга буюу ахлах түшмэлийн албан тушаалд журам зөрчиж шилжүүлсэн” гэх хариуцагчийн татгалзал мөн үндэслэлгүй.

18.2.Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгчийг чөлөөлсний дараа түүний оронд “Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд тусгай шалгалт өгөөгүй” гуравдагч этгээд Ж....ийг томилсон, Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч Г....ы “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг хянасан тухай 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 05/7873 дугаар албан бичгийг маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгоогүй” гэдгээ тус тус хүлээн зөвшөөрч,  энэ асуудлаар маргаагүй болохыг;

нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “...өөрсдөө санал тавьж, өмнөх ажлаас минь чөлөөлүүлж томилчхоод сар хүрэхгүй буцаагаад чөлөөлсөн, нэхэмжлэгчийн оронд тусгай шалгалт өгөөгүй гуравдагч этгээдийг томилсон нь  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “мэргэшсэн, тогтвортой байх” төрийн албаны зарчимд нийцээгүй гэж маргасан нь үндэслэлтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

19. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий акт болох 2022 оны 06 дугаар сарын 24-ний Б/08 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар:

19.1. Аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмуудыг баримтлах бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заажээ.

19.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий акт болох 2022 оны Б/08 дугаар тушаалыг гаргахдаа дээрх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмуудыг болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг тус тус зөрчсөн байх ба өөрөөр хэлбэл маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэх ерөнхий заалтыг үндэслэл болгосноос өөрөөр нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болсон бодит нөхцөл байдал болох шалтгаан, үндэслэлийг тодорхойлон заагаагүй нь хууль бус, маргаан бүхий акт эрх зүйн зөрчилтэй болжээ.

19.3. Гэсэн ч хариуцагч нь нэгэнт бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үндэслэлээ дурдаагүйгээр гаргасан маргаан бүхий актаа хамгаалан, актад үндэслэл болгоогүй асуудлаар маргасныг шүүх өмнөх хэсэгт дүгнэлт өгч, хангалттай няцаасан болохыг дурдах нь зүйтэй.

19.4. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байсан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаандаа ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь өмнө нэгэнт тогтоогдсон, иймээс нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаа”-гаар хангагдана.

19.5. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх тохиолдлуудыг хуульчилсан ба, нэхэмжлэгчийн тухайд түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1-46.2.4 дэх хэсгүүдэд заасан “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэл, нөхцөл байдал бий болоогүй, дээрх тохиолдлуудын аль нь ч үүсээгүй байна.

            19.6. Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг зөрчин нэхэмжлэгч Г....ыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, түүний төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “...ийн ...ыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г....ыг Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын /түр орлон гүйцэтгэгч/ албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

  20. Шүүхээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г....ыг Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын /түр орлон гүйцэтгэгч/ албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

  20.1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь өмнө нь авч байсан дундаж цалин хөлсөө шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцоолон нэхэмжилсэн тул, шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болж түүнийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дахин тооцоолж нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 20.2. ******* сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Г....ы цалингийн тодорхойлтод “ЭБАТ-ын нэмэгдлийн хувь хэмжээг хүний нөөцийн программд буруу оруулснаас ЭБАТ-ын нэмэгдэл дутуу олгогдсон” /хх-н 114-р хуудас/ гэж тайлбарласан  байх тул нэхэмжлэгчийн 1 сард авах байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнийг ажилд томилсон Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/06 дугаар тушаалд /хх-н 67–р хуудас/ заасан үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс тооцох нь зүйтэй байна.

 20.3. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын Хоёр-т заасны дагуу тооцоход нэхэмжлэгчийн төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 129 хоногийн нийт 13,049,748 төгрөгийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

       21. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

22. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд, хэргийн оролцогчдын маргаагүй зарим асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн тэдгээрт холбогдох нотлох баримтын шаардлага хангаагүй болон хэрэгт хамааралгүй зарим нотлох баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.1.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г....ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “...ийн ...ыг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Г....ыг Дорноговь аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын даргын /түр орлон гүйцэтгэгч/ албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13.049.748 /арван гурван сая дөчин есөн мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг Дорноговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан Г....д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчид даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОТГОНТУЯА

 

 

 

 

 

 

 

[1]. Маргаан бүхий акт гарснаас хойш 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар “эсхүл”гэснийг “болон” гэж өөрчилсөн.

[2]. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар баталсан

[3] Тушаалын хавсралтын № 4