| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2019/00169/И |
| Дугаар | 104/ШШ2019/00259 |
| Огноо | 2019-07-18 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 104/ШШ2019/00259
| 2019 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 104/ШШ2019/00259 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* тоотод байрлах *******г ХХК /РД: *******/-ийн
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, , од оршин суух ******* ХХК-иас
Зуучлалын гэрээний үүргийн биелэлт 6.789.934.6 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-ийн үндэслэлгүй олж авсан зүйлийн үнэ 13.474.033 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр д ХХК-тай 2017/007 тоот Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулж гэрээнд тулгуурлан д ХХК-ийн угаалгын нунтагтай ******* бүхий түрээсийн чингэлгийг Хятадын Тианжин боомтоос Улаанбаатарын гаалын талбай хүртэлх тээврийг зохион байгуулсан. ...чингэлэг нь 09 дүгээр сарын 02-ны өдөр гаалийн талбайд тавигдсан бөгөөд хамтын гэрээний 2.2.7 болон 2.2.10 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авагч тал буюу д ХХК нь 3 хоногт ямар нэгэн саадгүйгээр ачаа барааг хүлээн авч түрээсийн чингэлгийг суллаж өгөх үүрэгтэй. Гэтэл д ХХК-ийн зүгээс гаалийн бүрдүүлэлтийг хувийн шалтгааны улмаас удаашруулсанаас болж тухайн чингэлэг Улаанбаатар хотод 23 хоног саатаж нийт 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бараа бүтээгдэхүүнээ авсанаар тухайн чингэлэгтэй холбоотой 1800 ам доллорын чингэлэг түрээсийн зардал гарсан. д ХХК төлбөрөө төлөөгүй учраас манай талаас д ХХК-ийн бараа болох 4 тонн угаалгын нунтагийг барьцаа болгож зориулалтын бараа хадгалах газар хадгалсан. Иймд д ХХК-иас 7.677.967.6 мөнгөн төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч д ХХК манай компанитай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулж зууч нь үйлчлүүлэгчийн захиалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж, гарах экспорт импортын тээврийг зохион байгуулж зуучийн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн.
д ХХК нь манай нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардлуудыг төлөх үүрэг хүлээсэн.
Гэрээнд заасны дагуу манай компани д ХХК-ийн угаалгын нунтагтай ******* бүхий түрээсийн чингэлэгийг Хятадын Тианжин боомтоос Улаанбаатарын гаалийн талбай хүртэлх тээврийг зохион байгуулж 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаалийн талбайд тавигдсан. Үйлчлүүлэгч 3 хоногийн дотор ачаа бараагаа авч түрээсийн чингэлийг суллаж өгөх үүрэгтэй. Гэтэл уг үүргээ биелүүлэхгүй 09 дүгээр сарын 25-ны өдөр буюу 23 хонуулж бараа бүтээгдэхүүнээ хүлээж авсанаас болж 1800 ам долларын түрээсийн зардал гарсан.
Үүнийгээ төлөхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй учраас 4 тонн угаалгын нунтагийг барьцаанд авч чингэлэгт хадгалсан. Иймд чингэлэг түрээсийн нэмэлт зардал 1800 ам доллар буюу 4.757.220 төгрөг, алданги 920 ам доллар буюу 2.431.468 төгрөг, 4 тонн ачаа хадгалсны төлбөр 605.000 төгрөг, нийт 7.677.976.6 төгрөгөөс илүү төлсөн 888.033 төгрөгийг хасч 6.789.934.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: д ХХК нь нэхэмжлэгч ХХК-тай Тянжин боомтоос Улаанбаатар хүртэл нийт 3.050 долларын тээвэр хийхээр тохиролцсон. Монгол валютаар 7.511.967 төгрөг төлж 14 хоногийн дотор тээвэр хийж авчрахаар тохиролцсон боловч тухайн цаг хугацаанд авчраагүй учир шалтгааныг асуусан боловч хилийн боомт дээр гал гарсан учир бараа тээвэрлэж болохгүй удаж байна гэсэн хариу тайлбар өгсөн. Манай байгууллага нь тээврийн мөнгө 7.511.967 төгрөгийг өгсөн. Мөн 888.033 төгрөг илүү төлсөн боловч Гаалийн бүсээс бараагаа авах гэтэл ХХК нь 4 тонн 60 кг угаалгын нунтагийг нэмэлт зардал гарч торгуулийн төлбөр дутуу төлсөн гэж барааг барьцаалж авсан. Тиймээс манай байгууллага нь бараагаа одоо болтол авч чадахгүй, зах зээлд борлуулж чадахгүй бизнесийн алдагдал зогсонги байдалд хүрсэн учир 7.677.967.6 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал байгаа чингэлгийг Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаанд авчрах үүрэгтэй байсан. Гэтэл авчраагүй 30 хоногийн хугацаанд авчирсан асуудал байгаа хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК-иас Хятадын компанид 1800 ам доллар төлсөн тухай баримтыг авчирсан байгааг үндэслэж нэмэлт зардлыг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс илүү төлсөн 888.033 төгрөгийг хасч тооцох ёстой. Харин алданги, хадгалалтын хөлсийг төлөхийг зөвшөөрөхгүй. Хадгалалтын хөлсний талаарх баримт байхгүй учраас төлөх үндэслэлгүй. Адилхан бизнесийн байгууллага, санхүүгийн асуудал хүндрэлтэй байгааг харгалзан алдангийг 50 хувь багасгах боломж байвал эвлэрэх хүсэлтэй гэв.
Хариуцагч ******* ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа: Манай компани чингэлийн тээврийн хөлсөнд 7.511.967 төгрөг төлөх байсан. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 8.400.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл ХХК мөнгө дутуу төлсөн үндэслэлээр 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 4.060 кг угаалгын нунтагийг 1841 ам долларт тооцож суутгаж авсан. 1 кг угаалгын нунтаг нь 3.100 төгрөгийн үнэтэй. Иймд ХХК-иас угаалгын нунтагийн үнэ 12.586.000 төгрөг, үйлчилгээний хөлсөнд илүү авсан 888.033 төгрөг нийт 13.474.033 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: .... гэрээнд заасны дагуу чингэлэгийг талбайд бууснаас хойш 3 хоногийн дотор ирж ачаа бараагаа авах ёстой. Гэтэл эднийх 23 хоног ачаагаа аваагүйгээс нэмэлт зардал гарсан. Нэмэлт зардлаа төлөхгүй болохоор манайх төлбөрийн барьцаанд 4 тонн угаалгын нунтагийг аваад хадгалалтын хөлс төлөөд явж байгаа. Төлбөрөө төлөөд ачаагаа ав гэсэн аваагүй. Угаалгын нунтаг нь байгаа болохоор бид 12.586.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Үйлчилгээний хөлсөнд илүү 888.033 төгрөг төлсөн нь үнэн. Үүнийг бид нэмэлт зардлаас хасч тооцоод үндсэн нэхэмжлэлийн үнэд өөрчлөлт оруулсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн эхэмжлэлийн зарим хэсгийг хангах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ******* ХХК-иас тээвэр зуучийн хөлс 7.667.967.6 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн илүү төлсөн 888.033 төгрөгийг хасч нэхэмжлэлийн үнийн дүнг 6.789.934.6 төгрөг болгосон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 2018/041 дугаартай Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ гэж тодорхойлон 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаалийн талбайд тавигдсан чингэлэгийг суллаж өгөөгүйгээс гарсан нэмэлт зардал, алданги, хадгалалтын хөлс зэргийг шаардсан.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ХХК нь ******* ХХК-ийн захиалгаар экспорт, импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, ******* ХХК нь үйлчилгээний хөлс төлөх үүрэг хүлээсэн байна. Уг гэрээний дагуу үйлчлүүлэгч ******* ХХК гаалийн талбайд чингэлэг тавигдсанаас хойш 3 хоногийн дотор ачаа бараагаа авч чингэлэгийг суллаж өгөх үүрэг хүлээсэн талаар зохигч маргаагүй.
Дээрх үйл баримтаас зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд үйл ажиллагааны төрлөөс шалтгаалж Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан худалдааны зуучлагчийн үүргийг ХХК гүйцэтгэсэн учраас үйлчлүүлэгч буюу хариуцагч ******* ХХК-иас үйлчилгээний хөлс шаардах эрхтэй.
Хариуцагч ******* ХХК-ийн угаалгын нунтагтай ******* бүхий түрээсийн чингэлэг нь Хятадын Тианжин боомтоос Улаанбаатарын гаалын талбайд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тавигдаж, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ачаа бараагаа хүлээн авч нэхэмжлэгч тал Хятадын компанид 1800 ам доллар төлсөн болох нь зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдсон.
Хариуцагч ******* ХХК нь гэрээний 2.2.7-д заасан тээврийн хэрэгслийн түрээс 1800 ам доллар төлөхийг зөвшөөрсөн учраас энэ талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ХХК-тай байгуулсан гэрээний 3.2-т зуучийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамж төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 2018 он 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд гарсан нэмэлт зардал 1800 ам долларыг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн учраас нэхэмжлэгч Иргэний хуулийн 23 зүйлийн 232.6.-д зааснаар алданги шаардах эрхтэй.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үнэ, үйлчилгээний хөлс нь гадаад валютаар тооцогдсон байх бөгөөд ХХК нь ******* ХХК-ийн төлөх ёстой нэмэлт зардлыг Хятадын талд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 1 ам долларыг 2.564.90 төгрөгөөр тооцож шилжүүлсэн байх тул 1800 ам долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар бус Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн өдрийн ханш 2.564.90 төгрөгөөр тооцож нэмэлт зардалд 3.973.247 төгрөг гэж тооцох үндэслэлтэй. Үүнээс илүү төлсөн 888.033 төгрөгийг хасч 3.728.787 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн учраас алдангид 1.864.393.5 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас зуучлалын гэрээний үүрэгт 3.728.787 төгрөг, алданги 1.864.393.5 төгрөг нийт 5.959.870,5 төгрөгийг гаргуулж
нэхэмжлэлийн шаардлагаас 830.064,1 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ХХК нь гэрээний 2.2.10-д зааснаар хадгалалтын хөлс 605.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас энэ шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ХХК-д холбогдуулан 4.060 кг нэг бүрийн үнэ нь 3.100 төгрөгийн үнэтэй угаалгын нунтагийг үндэслэлгүйгээр авсан, зуучлалын гэрээний үнэд 888.033 төгрөг илүү авсан үндэслэлээр 13.474.033 төгрөг гаргуулахыг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа буюу зуучлалын гэрээний үүргийг биелүүлээгүйгээс үлдэгдэл төлбөрийн барьцаанд авсан. Одоо ч 4.060 кг угаалгын нунтаг нь хадгалаатай, хадгалалтын хөлс төлөөд байж байгаа. Зуучлалын гэрээний нэмэлт зардал, алдангаа төлөх юм бол угаалгын нунтагийг буцааж өгнө. 13.474.033 төгрөгийгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас хариуцагч ******* ХХК нь тээвэрлүүлсэн ачаа бараагаа хүлээн авах хугацаа хэтрүүлсэн үйлдэл нь өөрсдийнх нь гэм буруугаас болсон нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч хариуцагчтай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө барьцаалах гэрээг бичгээр байгуулаагүй, үндэслэлгүйгээр бусдын хөрөнгийг авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол авсан этгээд түүний үнийг төлнө. Өөрөөр хэлбэл *******г ХХК барьцаанд авсан гэх угаалгын нунтагийн чанар байдлыг муутгасан, эсвэл өөр шалтгаанаар буцааж өгөх боломжгүй болсон бол үнийг төлнө. Гэтэл уг бараа бүтээгдэхүүн бодитоор байгаа, чанар байдлын талаар хариуцагч маргаагүй нөхцөлд үнийг төлөх боломжгүй юм.
Хариуцагч барааг буцааж авахгүй үнийг шаардсан үндэслэлээ баримтаар нотлож мэтгэлцээгүй зэрэгцээ барааг буцааж өгөхгүй байгаа шалтгаанаар үнийг
шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 73 дугаар зүйлийн 73.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1., 23 зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 5.959.870,5 /таван сая есөн зуун тавин есөн мянга найман зуун далан төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 830.064,1 /найман зуун гучин мянга жаран дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2.-т заасныг баримтлан хариуцагч Танассан интенэйшнл трейд ХХК-ийн нэхэмжлэгч *******г ХХК-д холбогдох үндэслэлгүй авсан эд зүйлийн үнэ 13.474.033 /арван гурван сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гучин гурав/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.342,67 /нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун дөчин хоёр төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг, ******* ХХК-ийн төлсөн 225.320 /хоёр зуун хорин таван мянга гурван зуун хорь/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-иас 110.308 /нэг зуун арван мянга гурван зуун найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******г ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч нар энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ