2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1683

 

 

 

 

 

 

 

 

 

    2025        6        25                                      2025/ШЦТ/1683

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч Я.Амарзаяа,  

шүүгдэгч Д.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овгийн Д-ийн Ү-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Д.Ү нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ..........................  тоот хашаанд хохирогч Д.Быг “нийтийн байранд ирж архи уулаа” гэх шалтгаанаар биед нь санаатайгаар халдаж, түүний биеийн цээжин тус хэсэгт гартаа барьж байсан хүрзний ишээр цохиж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн М гэх залуу хоол унд байхгүй байхад нь хохирогч залуу ирээд архидуулаад байсан. Урд өдөр нь ажилд оруулахаар яриад өглөө нь “байлгаж байгаарай” гээд эхнэрт нь хэлээд гарсан. Тэгээд өглөө нь ирэхэд нөгөө залуу дахиад л архи уулгасан байсан. Тэгээд бухимдсандаа юм цэвэрлэж байсан хүрзээрээ цохисон, тэр нь миний буруу. Хүрзээр цохисон буруу үйлдлээ бүрэн ухамсарлаж байна. 30 жил багшилж байна, урьд нь хэрэгт орж, ял шийтгэл авч байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна, ялаас чөлөөлөх боломж байдаг юм болов уу. Тийм хүсэлттэй байна, өөр ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн *********** дугаартай хэргээс:

Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, хохирогч Д.Бын мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 4728 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, гэрч Т.Дгийн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/, гэрч Х.Ргийн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч А.Мын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Д.Ү нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Д.Ү-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ү нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Д.Ү нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ....................................... хашаанд хохирогч Д.Быг “нийтийн байранд ирж архи уулаа” гэх шалтгаанаар биед нь санаатайгаар халдаж, түүний биеийн цээжин тус хэсэгт гартаа барьж байсан хүрзний ишээр цохиж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Нотлох баримтын талаар:

 - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

- Хохирогч Д.Бын: “...Ү гэх хүн намайг гаднаас ороод ирхэд хашааныхаа хогийг цэвэрлэж байгаад хүрзний ишээр буюу модон бариул хэсгээр нь нэг удаа 2 гараараа хүрзээ барьж байгаад цохисноос болоод миний өвчүү хугарсан. Өөр хүн надад гэмтэл учруулаагүй. Би өөр хүмүүстэй маргалдаж муудалцаагүй. Би тухайн үед Ү ахад хүрзний ишээр цохиулаад цээж өвдөөд газарт сууж байсан чинь Дг гарч ирээд намайг татаж босгоод чи одоо яв гэж хэлээд хашаанаас гаргасан. Дг намайг хүчтэй татах цохих түлхэх үйлдэл хийгээгүй. Намайг Ү ах цохиж ийм байдалд хүрсэн юм. Бид нар Ө гэж дууддаг бүтэн нэрийг нь М гэж байсан. Тухайн үйл явдлыг М хажууд хараад зогсож байсан бас Дгийн эхнэр Б хашаанд байсан гэхдээ Б яг харсан эсэхийг нь би мэдэхгүй байна.... Би тухайн үед архи уусан байсан гэхдээ тийм их согтоогүй хийж байгаа үйлдлээ мэдэх хэмжээнд байсан.... Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй. Би Ү ахад ямар ч гомдолгүй яагаад гэхээр намайг архи уугаад байсан учраас болиулах гээд ийм үйлдэл хийсэн гэж би бодсон. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 4728 дугаартай: “Д.Бын биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

- Гэрч Т.Дгийн: “... Тухайн үед эхнэр бид хоёр гэртээ байсан маргаан болоод гэрээсээ гараад очиход Ү ах хүрз барьчихсан Б, М хоёрыг архи уухаа боль одоо яв гээд хөөгөөд зогсож байсан. Тухайн үед тэнд Ү, Б, М гурваас өөр хүн байгаагүй.... Тухайн маргаан болох үеэр Сашка огт байгаагүй бид нартай архи ууж байгаад өдөр 13 цагийн орчимд гэртээ харих гээд явсан Мын мэдүүлэгт Дурдагдаад байгаа Сашка тэнд байгаагүй харин би гэрээсээ гарч ирээд татаж босгоод эндээс яв гэж хэлсэн. Намайг манай нийтийн байрны хүмүүс Дашка гэж дууддаг ер нь манай байрныхан Сашкатай намайг андуурч дуудаад байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/,

- Гэрч Б.Бийн: “... Тухайн үед би гэртээ байж байгаад хашааны хаалга дугарахаар нь цонхоор нь харсан чинь Б, Батмөнх хоёр тортой юм бариад орж байсан тэгээд би буцаад гэрээ цэвэрлээд байж байсан чинь гадаа маргаан болоод манай нөхөр Дг гараад Б газарт унасан байхаар нь татаж босгоод одоо яв гэсэн би нөхрийгөө дуудаад буцаад гэртээ орсон. Тухайн маргаан болох үеэр Ү ах, Б, М гурав байсан өөр хүн байгаагүй би харин цонхоор харж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/,

- Гэрч Х.Ргийн: “... Би тухайн хэрэг учрал болох үед байгаагүй гэртээ байсан манай нөхөр болох А.М гаднаас үдээс хойш орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Тэгээд би яав юу болов гэхэд М надад хэлэхдээ байрны эзэн Ү Быг хүрзний ишээр цохиод, авсан юмыг нь өөрт нь өгөөд бид нарыг тараагаад явуулчихлаа гэж байсан. Тус хэргийн талаар би Маас сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- Гэрч А.Мын: “... Тэгээд бид хоёр манай гэрт ирээд хашаа руу ортол байрны эзэн Ү ирсэн байсан ба бид хоёрыг хараад намайг гэртээ ор Буяаг чи одоо яв зайл гэж хэлээд.... тухайн үед Ү хүрз гартаа бариад зогсож байсан ба Буяагийн цээж хэсэгт нэг удаа цохиод Буяа амьсгалж чадахгүй байна гэж хэлээд доош бөхийсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.Ү нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсэг Их дарь эх 1 дүгээр гудамж 96А тоот хашаанд хохирогч Д.Быг “нийтийн байранд ирж архи уулаа” гэх шалтгаанаар биед нь санаатайгаар халдаж, түүний биеийн цээжин тус хэсэгт гартаа барьж байсан хүрзний ишээр цохиж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учиржээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Үын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа бүрэн төлж барагдуулсан талаарх арилжааны банкны баримтууд зэргээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь түүнд холбогдох хэргийн гэм буруугийн үндсэн шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед мөн адил гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүгдэгч Д.Үын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Д.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз – 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн Д-ийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Д.Үыг чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Үыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз – 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ