Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03048

 

    2022        06         28                                      101/ШШ2022/03048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххх  дүүргийн, ххххх хороо, 000000 тоотод оршин суух овгийн Ч.Т /0000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххх дүүрэг, хххххххх хороо, ххххх хороолол, 0000 байрны 00 тоотод оршин байх МБ.П ХХК /0000000/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэг, зардалд 8,072,242 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т , нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр МБП-ийн захиралтай уулзаж, түрээсийн гэрээ байгуулсан. Сарын төлбөр нь 2,500,000 төгрөг, төлбөрийг өмнөх сарын 30-ны дотор төлж, ашиглалтын төлбөрийг сар бүрийн нэхэмжлэхийн дагуу түрээслэгч төлөхөөр гэрээ байгуулж, хүлээлгэж өгсөн. 10, 11, 12 дугаар саруудад төлбөрийг сар бүр төлж, 1 дүгээр сарын төлбөрийг дутуу төлсөн. Түүнээс хойш төлбөр төлөөгүй тул утсаар ярихад надад төлнө гэж хэлсэн. Би гадагшаа яваад ирэхэд 2 дугаар сард мөн төлбөрийг төлөөгүй байсан. Тэгээд би очиж уулзахад сургалтынх нь нэг залуу байсан. Түүнээс хойш аль ч зардлыг өгөөгүй. Би хэд хэдэн удаа залгахад утсаа авдаггүй. Тиймээс 1-5 дугаар сарын төлбөр 10,000,000 төгрөгийг авах ёстой боловч анх үлдээсэн барьцаа хөрөнгийг нь хасаад 7,500,000 төгрөг болсон. Ашиглалтын төлбөр нь 1,572,242 төгрөг, нийт 8,072,242 төгрөг болж байгаа. Гэрээг цуцлахаар болсон бол надад 2 сарын өмнө мэдэгдэж, хүлээлгэж өгөх ёстой. Гэрээнд заасан эдгээр үүргээ биелүүлээгүй тул би шүүхэд хандсан. Надад хүлээлгэж өгөөгүй байхад нь байраа үзэхэд гэрэл хагарсан, үүдний хажуу талыг өшиглөсөн, хойд өрөөний хаалгыг нугасаар нь эвдэж, цоож хэсгийг нүх гаргасан байсан. Би энэ эвдэрлийг өөрт нь хэлж байсан боловч энэ хохирлыг нэхэмжлээгүй, алдангийг ч тооцоогүй. Надад гарлаа гэдгээ хэлсэн бол би хүлээж аваад дараагийн хүнээ бэлдэх байсан боловч энэ хохирлыг ч нэхэмжлээгүй. Өөрийнх нь надад мэдэгдээгүйгээс гарсан ашиглалтын зардал, түрээсийн төлбөрийг л нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч МБ.П ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 01-нд түрээсийн гэрээ байгуулан хххх, 000 тоотыг ашиглаж байсан. Түрээслүүлэгч Ч.Т  нь түрээсийн төлбөрөө хоцроосон гэсэн шалтгаанаар 2020 оны 1 дүгээр сарын эхэнд манай байгууллагыг 000  тоотоос нүүхийг шаардаж гаргасан байна. Иймээс 2020 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад манайх хххххх, 0000  тоотыг ашиглаагүй тул нэхэмжлэлийг үл зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т , хариуцагч МБ.П ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг, ашиглалтын зардалд 1,572,242 төгрөг, нийт 8,072,242 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, дурдсан хугацаанд түрээсийн байрыг ашиглаагүй тул түрээс, зардлыг хариуцахгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хххх дүүргийн хххх хороо, хххххххх хороолол, ххх гудамж 00 байрны 0000 тоотод орших 134.76 м.кв талбай бүхий офисс, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна. Зохигч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0019 тоот Албан тасалгааны түрээсийн гэрээгээр тус 0000  тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч түрээслүүлэх, хариуцагч түрээслэхээр тохиролцон, гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, нэг сарын түрээсийн төлбөр 2,500,000 төгрөг, үүнд сар бүрийн ашиглалтын зардал хамаарахгүй байхаар тохиролцон гэрээг бичгээр байгуулжээ. Гэрээний дагуу нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч 2019 оны 10-12 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлсөн талаар зохигч маргаагүй байна.

Дээрх үйл явдал, үйл баримтаас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Талууд түрээсийн гэрээ байгуулсан нөхцөлд тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу тавигдах ба энэ шаардлагыг хангасан үйл баримт тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч нь Пийс тауэр барилгын 1205 тоотод орших 134.76 м.кв талбайтай үл хөдөх эд хөрөнгийг өмчилдөг, бие даасан өмчлөх эрхийн гэрчилгээтэй нөхцөлд хуульд заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх нөхцөлд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай.

Зохигч дээрх шаардлагыг хангагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар тус 0019 тоот түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд нэхэмжлэгч нь тус 0019 тоот гэрээг үндэслэн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

Хэдийгээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь хуульд нийцээгүй боловч нөгөө талаар шүүх хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг нээж болохгүй.

Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргийг бус, харин хариуцагч, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны үнийг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэг хүлээхийг, нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгө, түүний үнийг буцаан шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д хуульчлан зохицуулжээ.

Зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй бус харин зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг шүүх хүчин төгөлдөр бус болохыг тогтоосноор хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд эзэмшиж ашигласан эсэх, хариуцагч хөлс, ашиглалтын зардал төлөх үүрэгтэй эсэх болон нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхийг тус тус хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтад үндэслэн хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч түүний өмчлөлийн 1205 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацаанд эзэмшиж байгаад 05 дугаар сард нүүсэн тухай тайлбарлаж, хариуцагчийг эзэмшиж байх хугацаанд гарсан ашиглалтын зардлын гэх баримтыг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хамт нотлох баримтаар гаргажээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа, нэхэмжлэгчийн шахалтаар 2020 оны 01 дүгээр сард тус 1205 тоотоос нүүсэн гэх боловч тус ашиглалтын зардал гарсан гэх баримтыг нотлох баримтаар үгүйсгээгүй, 2020 оны 01 дүгээр сард 1205 тоот үл хөдлөх эд хөрөнгөөс нүүсэн, чөлөөлсөн болохоо нотлоогүй байна. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа үндэслэл бүхий байдлаар, баримтаар нотлоогүй, энэ талаархи тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Учир нь хариуцагч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж татгалзсан тайлбараа нотолж, нэхэмжлэгчийн шаардаж буй 8,072,242 төгрөгийг хариуцах үндэслэлгүй тухай, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  баримтуудын эсрэг нотлох баримт, тайлбар гаргаагүй, өөрөөр хэлбэл татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гэж тооцох ба түүний тайлбар нь Энхтайван найрамдлын ордон ТББ гэх нэртэй 2020 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын “Ашиглалтын зардлуудын төлбөрийн нэхэмжлэх” гэсэн баримтаар тогтоогдож байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарыг бодит байдалд нийцсэн гэж дүгнэн, 2020 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хугацаанд хариуцагч нь тус 1205 тоот үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан гэж үзлээ.

Иймд хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан хугацааны төлбөрийг зохигчийн хооронд байгуулсан 0019 тоот гэрээний үнээр тооцож, мөн хугацааны ашиглалтын зардлыг нотлогдсон хэмжээгээр тус тус нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй.

Зохигчийн хооронд байгуулсан түрээсийн гэрээг хууль зөрчсөн үндэслэлээр шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон нь хариуцагчийг үүргээс чөлөөлөхгүй ба энэ тохиолдолд нэхэмжлэгч дээрх хугацааны хөлс, зардлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй. Зохигчийн хооронд үүссэн түрээсийн гэрээний үүрэг “хүчин төгөлдөр бус болсон” нь хуулийн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг хариуцагчаас шаардах эрхийн үндэслэлийг бий болгоно.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар хариуцагч МБ.П ХХК-иас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 4 сарын хугацаанд эзэмшиж ашигласан хугацааны хөлс 7,500,000 төгрөг, мөн хугацааны ашиглалтын зардал 1,572,242 төгрөг, нийт 8,072,242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т т олгож шийдвэрлэв.

Хариуцагч 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 20-ны өдөр хүлээн авч, баримтад гарын үсэг зурж баталгаажуулжээ. Гэвч хариуцагч товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй учир хүндэтгэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч МБ.П ХХК /000000/-иас 8,072,242 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т  /000000000 /-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч МБ.П ХХК-иас 144,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Т-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ