| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0606/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1517 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1517
2025 06 04 2025/ШЦТ/1517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Э.Мөнхболд,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаарСүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 240900000*** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, өдөр ** төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд, мэргэжилгүй, **** төвд ажилладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Г , /РД:****/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "**" зочид буудал дотор байх үедээ шорон яриад айлгах гэлээ гэх шалтгаанаар иргэн П.Г--ийн нүүрэн тус газарт 2 удаа мөргөж түүний биед зүүн дээд нэгдүгээр шүдний булгаралт, буйланд цус хуралт, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г- нь “...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "**" зочид буудал дотор байх үедээ шорон яриад айлгах гэлээ гэх шалтгаанаар иргэн П.Г--ийн нүүрэн тус газарт 2 удаа мөргөж түүний биед зүүн дээд нэгдүгээр шүдний булгаралт, буйланд цус хуралт, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч П.Г--ийн "... Өнөөдөр буюу 03-р сарын 27-ны 12:00 цагийн үед **р хороо ** зочид буудалд хөдөлмөр зуучаар хамт ажилд гардаг зүс таних Н, Г нарын хамт ороод 0,5 литрийн Стандарт гэсэн архинаас уусан юм. Тэгээд тэнд байж байтал П.Г--аа гэх залуу нь би шоронгийн хянагч байсан гээд чи бол хэн ч биш гэх мэтээр над руу дайраад байсан ба бид хоёр барьцалдаад буудлын өрөөнөөс гараад буудлын коридор хэсэгт П.Г--аа намайг толгойгоороо мөргөөд хамраас цус гарахаар нь би больё гэтэл намайг заамдаж чирээд дахиад толгой хэсгээрээ ам руу мөргөөд миний хоёр шүд унасан юм. Тэгээд би больё миний шүд унасан байна гэсэн чинь дахиж зодоод шанаа орчимд хөлөөрөө өшиглөөд гараараа толгой орчимд цохиж аваад намайг зодсон ба тухайн буудлын хүмүүс нь цагдаа дуудсан байсан юм...би сэтгэл санааны хохирол гаргуулахгүй..." гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 23-24, 28 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 43** дугаартай "... П.Г--ийн биед зүүн дээд нэгдүгээр шүдний булгаралт, буйланд цус хуралт, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна... П.Г--ийн биед учирсан зүүн дээд нэгдүгээр шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, уруулын дотор салстын шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт, /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "... Бичлэгийг тоглуулахад буудлын хүлээн авагч ширээний ард талд байх ба бичлэг эхэлснээс хойш 34 секундийн дараа зүүн гар талын эхний өрөөнд очиж хаалгыг онгойлгоход дотроос нь 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс барьцалдаад гарч ирж Байна. Уг хүмүүс дундаас буудлын хүлээн авагч хохирогч П. Г-г цааш нь салгаад аваад явж байна, яллагдагч Б.Г- хувцсаа тайлаад араас очиход өрөөнөөс гарч ирсэн эмэгтэй араас нь татаж байхад дээгүүрх хувцсаа ураад буудлын хүлээн авагчийг татаж холдуулаад хохирогчийг заамдаж авч байна, буудлын хүлээн авагч гар утсаа авч байна, буудлын өрөөнөөс гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хараад зогсож байна... Хохирогч, яллагдагч нар камерт орж ирэх ба гарч ирсэн өрөөний хаалганы дэргэд очоод зогсож байхад хохирогч яллагдагчийг баруун гараараа цохиж мөргөхөд яллагдагч барьж аваад 2 удаа мөргөхөд хохирогч доошоо тонгойход яллагдагч гараараа 5-6 удаа цохиж байна. Өрөөнд цуг байсан эмэгтэй буудлын ресепшн эмэгтэй тавихад дэргэд байсан хаалгаар орж бревнеес эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг дагуулж гарч ирж байна мөн цаад өрөөнөөс хүмүүс гарч ирж байна. Энэ үед яллагдагч, хохирогч нар зодолдоогүй, тус тусдаа өөр газар зогсож байна..." гэх тэмдэглэл, /ХХ-ийн 12-17 дугаар хуудас/,
Гэрч С.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2 залуу нь коридорт байсан, тэгээд дийлдэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Дуудлага өгснөөс хойш 20-30 минутын дараа цагдаа ирээд зодоон хийсэн 2 хүнийг авч яваад нөгөө 2 хүнийг нь үлдээгээд явсан, цагдаа явахдаа надаас гомдолтой юу гэж асуухаар нь би галзуу хүнд гомдолгүй, ажлаа хиймээр байна гэж хэлээд явуулсан. Тэрнээс хойш дахиж манай буудлаар ирээгүй. Хүний шүд унагадаг залуу нь орохдоо өрөөний тооцоо дутуу хийчхээд гар утсаа үлдээгээд явсан байсныг нь тэр залуу ирээд гар утсаа аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 30 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Г-ын "...Би өрөөнөөс гарч коридорт байхад нь 1 удаа мөргөөд дараа нь дахиад 1 удаа мөргөсөн. 2 дарь мөргөлтөн дээрээ шүд нь уначихлаа гээд гартаа барьж харуулсан..." гэсэн мэдүүлэг, /ХХ-ийн 6 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч П.Б.Г-- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.Г--ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Б.Г--ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Хохирол хор уршгийн хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч П.Г--ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан боловч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохиролгүй талаар мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч Б.Г--ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г--ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г--ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Г--д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г--д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн хугацааг 1 хоногийг нь 15 нэгжээр тооцож түүний эдлэх ялаас нь хасаж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г-ад торгох ял оногдуулсна тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г--ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г--ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г--д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн хугацааг 1 хоногийг нь 15 нэгжээр тооцож түүний эдлэх ялаас нь хасаж тооцсугай.
5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Б.Г--ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г--ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС