Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/420

 

 

                                                       

Г.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд Г.Г, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Мийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлээр Г.Гд холбогдох 1702000320059 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Гончигийн Г, 1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, одоо “НОРДЭ” ХХК-д харуул хамгаалалтын даргаар ажилладаг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 537 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Г.Г нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, эрүүгийн 201625021234 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хахууль өгөгч Г.Б, П.Б нарын “хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эаар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Бөөс 500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард Г.Б, П.Б нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Г.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Ч.М бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хэлэлцээд, цагаатгагдсан этгээд Г.Гд ял сонсгосон үндэслэл болсон нотлох баримтууд буюу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, Удирдлагын академийн сургалтын албаны 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 09/25 дугаартай албан бичиг, гэрч О.Э, З.Д, Б.Б, яллагдагч П.Б, Г.Б нарын мэдүүлгүүд зэргийг эргэлзээтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 8, 36.6, 36.9 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэн цагаатгагдсан этгээд Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заасан үндэслэлүүд дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Үүнд:

Энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчийн хувиар оролцогч болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан О.Э 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр “... 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад ... би Г.Г байцаагчийн ажил дээр нь очоод өрөөнд нь ороод “май хөгшөөн” гээд ширээн дээр нь 500.000 төгрөг тавиад гарсан. Үүнээс хойш арав орчим хоногийн дараа Г.Г над руу утсаар яриад амралт эхлэх гэж байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна, 2 сая төгрөг өгөх боломж байна уу гэж хэлэхээр нь асуугаад хариу хэлье гэсэн.... Хаан банкнаас П.Б мөнгө аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр Г.Г байцаагчийн өрөө рүү бид хоёр хамт орж дугтуйтай 2 сая төгрөгийг би цаасанд хавчуулаад ширээн дээр нь тавьсан...” гэж,

Мөн О.Э 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрчээр “... 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ... би 500,000 төгрөг аваад Ггийн ажил дээр очиж өрөөнд нь оруулж өгсөн. Үүний дараа 1 сар орчмын дараа байх ... Г.Г 2 сая төгрөг зохицуулаад өгөх боломж байна уу гэсэн... П.Б бид хоёр ороод Г.Гд өгөх ёстой бичиг баримтын завсар уг мөнгөө хийгээд би ширээн дээр нь тавиад нөгөө мөнгө чинь энд байгаа шүү гэж хэлээд гарсан...” гэж,

2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр “... 2016 оны 05 сарын сүүл үе байсан бөгөөд ... 500,000 төгрөгийг ... өгсөн. Тухайн үед П.Б Монголд байхгүй Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан ... Г.Г нь 2016 оны 08 дугаар сард ээлжийн амралтаа авах гэж байгаа эхнэрээ эмчилгээ, шинжилгээнд үзүүлнэ гэж 2 сая төгрөг зохицуулаад өгөөч гэж хэд хоног гуйсан... П.Б бид хоёр явж очоод өрөө рүү нь хамт ороод Г.Г байцаагчид өгөхдөө бичиг баримтууд өгч байгаа дүр үзүүлээд баахан цаасан дунд 2 сая төгрөгийг хийсэн байсан. ... Тэгэхэд Г.Гд мөнгө энд байгаа гэдгийг би толгойгоороо дохиж заахад П.Бг гарч бай гэж Г байцаагч хэлсэн Б өрөөнөөс нь гарсан... Г.Г “баярлалаа хөгшөөн” гэх утгатай зүйл яриад би өрөөнөөс нь гарч явсан...” гэж тус тус мэдүүлсэн.

Мөн энэхүү хэрэгт сэжигтэн, яллагдагчийн хувиар мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан П.Б 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар “... тэр 2,000,000 төгрөгийг аваад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү Э бид хоёр хамт яваад Ггийн өрөөний наана нь би үлдээд Э цааш явж ороод өгсөн байх...” гэж,

2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагчаар “... Би тэр 2,000,000 төгрөгийг ахлах мөрдөн байцаагч Г.Гд манай хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр ... өгөөгүй. Тэгээд ч тэр үед манай хэргийг Г.Г байцаагч шалгахаа больсон байсан...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, яаж үйлдсэн болох /2 сая төгрөгийг Э ганцаараа эсхүл Бтай цуг өгсний аль нь болох/-ыг мөрдөн байцаалтаар нотолж чадаагүй гэжээ.

Г.Ггийн гэм буруутай эсэхийг тогтоолгох зорилгоор улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт О.Э, П.Б, Г.Б нарын мэдүүлгүүдийг тус бүрд нь эсхүл гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг дангаар нь шинжлэн судлаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан, цагаатгагдсан этгээд Г.Гг гэм буруутай эсэхийг тогтоолгох зорилгоор нийт 11 нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан.

Гэмт хэрэг гарсан цаг хугацааг О.Э Г.Ггийн шаардсанаар эхний 500,000 төгрөгийг эх үрсийн баярын өмнөх өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өгсөн болох нь О.Эын цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт авагдсан 3 удаагийн мэдүүлэг, уг мэдүүлгийн эх сурвалжийг бататгасан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр, сүүлийн 2.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард буюу Г.Гг ээлжийн амралтаа авах хугацааны өмнө өгсөн болох нь О.Эын 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус тус гэрчээр өгсөн мэдүүлгүүд /Г.Г нь ээлжийн амралт авах гэж байгаа талаараа хэлж, 2 сая төгрөг шаардсан/-ийн эх сурвалж эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн “...Ахлах мөрдөн байцаагч Г.Г 2 удаа ...яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн ... 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр мөрдөн байцаагч Г.Г “Хэргийг прокурорт шилжүүлэх” санал гаргаж байсан байна...” гэсэн тэмдэглэл, гэрч Б.Бийн “... Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн нь Бүти ХХК-ийн захирал Батжаргал гэж хүнд компани, газраа залилан мэхлүүлсэн гэх хэргийг ахлах мөрдөн байцаагч Г.Г нь шалгаж байсан. Тус хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлж байсан. Г.Г ээлжийн амралтаа авсан санагдаж байна. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэрэг нь прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцсан тул ахлах мөрдөн байцаагч Батсайхан уг хэргийг хүлээн авч шалгасан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзнэ.

Түүнчлэн, О.Э эхний 500.000 төгрөгийг Г.Бөөс авч ганцаараа, 2 дахь удаагаа 2,000,000 төгрөгийг П.Бгаас авч, түүнтэй хамт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан байранд нэвтэрч өгсөн үйл баримт агуулгын зөрүүгүй О.Эын 3 удаагийн, П.Бгийн 2 удаагийн, Г.Бийн 1 удаагийн тус тус мэдүүлгүүдээр тогтоогддог. Харин сүүлийн 2,000,000 төгрөгийг Г.Гд өгөх үед, түүний өрөөнд О.Э ганцаараа орсон талаарх П.Бгийн мэдүүлэг П.Бтай хамт байсан талаар өгсөн О.Эын мэдүүлгээс зөрүүтэй байдаг боловч Г.Гд хахууль өгсөн талаар болон өгсөн хахуулийн хэмжээний талаар тэд харилцан зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй, тогтвортой мэдүүлцгээдэг. Дурдагдсан нотлох баримтууд дангаараа Г.Ггийн үйлдлийг гэмт хэрэг мөн гэж нотлох боломжгүй, бүгд нийлж буюу нэг баримт нь нөгөө баримтын эх сурвалж болж, нэг нь нөгөөгөө бататгасан баримтууд юм. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд О.Э “хөгшин рүүгээ тоо явуулаач, хэд хэрэгтэй байна” гэсний хариуд Г.Г “чи өөрөө мэдчихээ хөгшөөн” гэсэн мессежийг явуулсан байх бөгөөд энэ нь цагаатгагдсан этгээд Г.Ггийн гэм бурууг тогтоох нотолгоо биш байна гэжээ.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, О.Э нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байхад Г.Г байцаагч “баяр ёслол болох гээд байна тав арван цаасны боломж байна уу” гэж надаас асуухаар нь “за би яръя” гэж хэлсэн. Ингээд Г.Б ахтай уулзаад “Г.Г байцаагч мөнгө нэхээд байна” гэсэн чинь “хэдийг” гэхээр нь “мэдэхгүй ээ, мөнгөний тоо зааж хэлээгүй” ...” гэсэн мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөрийн эзэмшлийн гар утсанд Г.Ггээс мөнгө нэхсэн мессеж ирсэн, хадгалагдаж байгаа гэж шууд заасны дагуу түүний эзэмшлийн “Samsung” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэсэн нотлох баримтуудаас мэдүүлэгт дурдагдсан цаг хугацаа, хэмжээ тодорхойгүй мөнгө нэхсэн үйл баримт нотлогдсон байхад эдгээр нотлох баримт, нотлогдсон үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж, эсхүл няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүх дурдаагүй, мөн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй” байх гэснийг тус тус ноцтой зөрчиж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Цагаатгагдсан этгээд Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны эхний үе шатнаас эхлэн бусдаас хахууль аваагүй гэдгээ мэдүүлдэг бөгөөд Г.Ггийн шалгаж байсан эрүүгийн 201625021234 дугаартай хэргийн хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Им Жун Ү гэгчтэй нэгдмэл сонирхол бүхий хүмүүс болох О.Э, П.Б, Г.Б нар нь ямар ашиг сонирхлын үүднээс Г.Гд хахууль өгөх болсон, хахууль авсан гэж үзэж байгаа бол цагаатгагдсан этгээд Г.Г нь үүний хариуд ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн зэргийг мөрдөн байцаалтын шатанд сайтар шалгаж тогтоогоогүй байгааг дурдах нь зүйтэй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтын хүрээнд цагаатгагдсан этгээд Г.Г нь өөрийн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн мэдүүлгийн эх сурвалж хэрэгт цугларсан бусад баримтуудаар нотлогдоогүй, харин няцаагдаж байна. О.Э, П.Б, Г.Б нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Им Жун Ү-тэй нэгдмэл сонирхолтой бөгөөд тэд “хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлж, хохирлоо барагдуулж авах” ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр эрүүгийн 201625021234 дугаартай хэргийг шалгаж байсан ахлах мөрдөн байцаагч Г.Гд 2.500.000 төгрөгийг хахууль болгон өгсөн үйл явдал мөрдөн байцаалтаар тодорхойлогдсон. Г.Г дээр дурдагдсан нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт хэргийг шилжүүлсэн үйлдэл гүйцэтгэсэн үйл баримт нь хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдоно.

Шүүхээс цагаатгагдсан этгээд Г.Ггийн үйлдлийг нотолсон нэг нь нөгөө нотлох баримтынхаа эх сурвалжийг бататган заасан, үйл явдлыг тодорхойлсон, агуулгын зөрүүгүйн дээр дурдагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрч, яллагдагчийн мэдүүлгүүд зэрэг бичмэл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, няцаалт өгөлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл /Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх/-ийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан /дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал/ заалтад хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Г.Гд холбогдох эрүүгийн 1702000320059 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Ггийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Г Сүхбаатар дүүрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байхад нь П.Б өргөдөл гаргаж шалгуулсан хэрэг нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шиг хохирлын мөнгийг хурдан төлүүлэх зорилготой биш компанийн хувьцааны маргаантай, хувьцаа залилсантай холбоотой гаргасан өргөдөл байсан. Үүнийг шүүх дүгнэхдээ ямар зорилгоор хохирлын мөнгө төлүүлэх зорилгоор гаргаагүй байна гэсэн. Мөн энэ хэргийн дараа П.Б “Авлигатай тэмцэх газарт Г.Б болон түүний хамаарал бүхий прокурорууд энэ мөнгийг авсан, прокурорууд ард нь байсан тул би итгэж мөнгөө өгсөн” гэж мэдүүлэг өгсөн. Улмаар хэд хэдэн прокурорууд шалгагдсан ч тэднийг ямар нэг үйлдэлд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй. Шүүх яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэрэв шүүх хэргийг бүхэлд нь хянаж, П.Бгийн гаргасан өргөдлийн дагуу шалгасан гэж үзвэл О.Э, Г.Б, П.Б нар прокуроруудтай холбогдож уулзан, давуу байдал үүсгэсэн асуудалд ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, прокуророос Г.Гд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хоёр удаа цагаатгах тогтоол гарсан ч прокурор эсэргүүцэл бичсэн. Шударга ёс гэж байгаад хуулийг нэр мөр хэрэгжүүлж байгаа бол энэ хэрэгт оролцсон бүх холбогдогч нар шүүхийн танхимд суух ёстой байсан. Прокурорын зүгээс 11 нотлох баримтын талаар ярьдаг бөгөөд гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 132/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Шүүх бүрэлдэхүүн уг гар утсаар хийсэн бичлэгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Г.Г “очлоо хө, ойлголоо” гэх мессежийг 11 цагийн үед бичсэнийхээ дараа “чи өөрөө мэд” гэсэн хариу өгсөн нь зурагнаас тодорхой харагддаг. Мөнгөний талаар өөрөө мэд гэсэн зүйл яриагүй, хүн очих гэж байна гэхээр нь өөрөө мэд гэсэн агуулгатай, хэлбэрийн хувьд оролцогч, архивч О.Э гэсэн гарын үсэгтэй байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.5 дугаар зүйлд зааснаар үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч байлгах ёстой. Гэтэл хөндлөнгийн гэрчүүд байгаагүй. Мөн О.Эын гар утсанд үзлэг хийхдээ “Samsung” маркийн гар утас гэснээс биш О.Э ямар дугаартай, ямар дугаар руу мессеж бичсэн зэргийг тогтоосон зүйл байдаггүй. Гар утсанд үзлэг хийсэн цаг нь “11 цаг 30 минутад эхэлж 11 цаг 45 минутад дуусав” гэсэн хэрнээ гар утсан дээрх цаг нь 12 цаг 03 минут байдаг. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл нь П.Бгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 23.5 дугаар зүйлд зааснаас зөрүүтэй байдаг.Тэгэхээр мөрдөгч яг адилхан үйлдэл хийж байгаа хэрнээ хоёр хүний гар утсыг шалгахдаа процессын алдаа гаргасан. Түүнчлэн О.Эын гар утасны лавлагаа байдаггүй, зөвхөн Г.Ггийн гар утасны лавлагаа байдаг. 96969897 дугаар гээд оролцогч нарын бүгдийнх нь дугаарын лавлагааг гаргуулахаар прокуророос албан бичиг явуулсан боловч лавлагааны хариу нь ирээгүй. Магадгүй өндөр албан тушаалтай хүмүүсийн утасны жагсаалтыг өгөх ёсгүй байдаг байх. Мөн нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгүүд байдаг бөгөөд 1 дүгээр хавтас хэргийн 68 дахь талд П.Б Бтой нүүрэлдэхдээ “би ажил дээрээ очоод интернетээр үзэхэд таны царай мөн байсан. Би Бд мөнгөө өгсөн” гэх мэдүүлэг, 70 дахь талд “прокурорт ажилладаг дүүгээсээ асууя гээд 160 сая, 220 сая, 360 сая төгрөг”, “дүү маань ээлжийн амралтаа авах гээд байна, мөнгөний боломж байна уу” зэрэг мэдүүлгүүд авагдсан байхад эдгээр үйлдлүүдэд огт дүгнэлт хийгээгүй хэрнээ шүүхээр цаг хугацааны хувьд зөрүүтэй, бусад зөрүүтэй нотлох баримтуудаар хүнийг яллах нь үндэслэлгүй гээд шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргасан байхад эсэргүүцэл бичсэн нь зохистой юу. Үүнээс гадна 1 дүгээр хавтас хэргийн 72 дахь талд мөрдөгч гар утсанд үзлэг хийсэн байдаг бөгөөд үүнд прокурор Бтой 34 минут хийсэн ярилцлагыг сиди дээр буулгаж авсан 2 хувь зураг байдаг. Гэтэл сиди дээр хуулж авсан бичлэгт дуу хоолойны шинжилгээ хийгээгүй. Тухайн сиди ч хэрэгт байдаггүй. Энэ мэтчилэн маш олон зөрчлүүд харагддаг бөгөөд прокурор хэт нэг талыг барьж зөвхөн Г.Гд чиглүүлж ажиллагааг явуулсан. Мөн яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Г.Б, П.Б нарын “хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хүнээр дамжуулан мөнгө авсан гэж дүгнэсэн. Гэтэл тухайн хэрэг нь хувьцааны маргаантай холбоотой хэрэг байхад үүнийг ч шалгаж тогтоогоогүй. Түүнчлэн прокурор О.Э, Г.Б, П.Б нарын мэдүүлгүүд хоорондоо ижил гэдэг. Гэтэл тэдний мэдүүлэг Б, Э, Д нарын үйлдэлтэй яг адилхан байхад ямар үндэслэлээр тэдгээр хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгаагүй вэ. 1 дүгээр хавтас хэргийн 72 дахь талд авагдсан О.Эын мэдүүлэгт “Б ах хэлэхдээ миний ард хоёр прокурор, Д хурандаа байгаа, энэ мөнгийг тэр хүмүүст хувааж өгдөг юм” гэсэн байдаг. Гэтэл прокурор үүнд ямар нэг дүгнэлт хийлгүй зөвхөн Г.Гд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн байна вэ. Г.Бөөр өмгөөлөл хийлгэх гэж О.Э түүнийг олж ирсэн учраас тэд нэг ашиг сонирхолтой. Б энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хүн байсан боловч харамсалтай нь байхгүй болчихсон. Прокурор П.Бд давуу байдал олгож 2018 оны 11 дүгээр сард яллагдагчаар татсан хэрнээ 2019 он гартал хилийн хориг тавиагүй. Тэр хугацаанд П.Б “би гадаадад амьдардаг, явмаар байна” гэж ярьж, бичиж өгсөөр байхад хилийн хорио тавиагүй. Яллах дүгнэлт гардуулах үедээ л түүнийг хилээр гарч явсныг мэдсэн байдаг. Энэ хэрэгт Б, Д, О, М нарын 4 прокурор хяналт тавьсан. Эдгээр прокурорууд бусад прокуроруудаа л хамгаалж байсан. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Г.Гг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, түүний хэргийг дангаар нь шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш шүүх хэргийг нэг удаа мөрдөн байцаалтын шатанд буцааж нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хоёр дахь удаа давж заалдах шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн үндэслэлүүдийг үгүйсгэсэн үндэслэлээ зөв дурдах, хууль хэрэглээний асуудалд дүгнэлт хийх гэсэн 2 заалтаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан болохоос биш цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гэж үзээгүй. 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанаар цагаатгасан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж ирүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Г.Г “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Прокуророос Г.Гг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж, 201625021234 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа хахууль өгөгч Г.Б, П.Б нарын “хэргийг хурдан шуурхай шалгуулж, хохирлын мөнгийг түргэн төлүүлэх” ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд иргэн О.Эаар дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байран дотор 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Бөөс 500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сард Г.Б, П.Б нараас 2.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Г.Гд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаж гараагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.”, 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;” гэж заасны дагуу прокурор мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Г.Гг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байх тул Г.Гд холбогдох хэргийг хүчингүй болгож, цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

            Анхан шатны шүүх, гэрч О.Эын “...Г.Г над руу утсаар яриад “амралт эхлэх гээд байна, эхнэрийн биед эмчилгээ хийлгэх шаардлагатай байна 2.000.000 төгрөг өгөх боломж байна уу” гэхээр нь ... Б бид хоёр ... Хаан банкнаас П.Б мөнгө аваад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж, Г.Г байцаагчийн өрөө рүү бид хоёр хамт ороод дугтуйтай 2.000.000 төгрөгийг цаасанд хавчуулаад ширээн дээр нь тавьсан. Г.Г байцаагч “за, за баярлалаа” гэсэн. ...Г.Г байцаагчийн мөнгө нэхсэн мессеж миний утсан дээр байна лээ. ...Мөн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Г.Г байцаагч “Удирдлагын академид орсон ... сургалтын төлбөр зохицуулаад өгчхөөч” гэхээр нь “Им Жун Ү-тэй яръя” гэсэн. ...Д, Б ах “наад Гтэйгээ дотно болоод ав, хоолны газраа авчирч хоол идүүл ...” гэж надад хэлж байсан. Тэгээд би Г байцаагчийг хоолны газар ирж хоол ид гээд ирээгүй. ...” /2хх 76-77/,

            гэрч П.Бгийн “...2.000.000 төгрөгийг Эт дугтуйнд хийж өгөөд бид хоёр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэс рүү хамт явж, ... Э дугтуйтай мөнгөө гар цүнхнийхээ ард бариад өрөө рүү ороод 1 минут бололгүй гараад ирсэн. Э гарч ирээд “болчихлоо, явъя” гэсэн. ...” /2хх 57-58/,

            гэрч Б.Бийн “...Им Жун Ү гэх БНСУ-ын иргэн нь Бүти ХХК-ийн захирал Батжаргал гэж хүнд компани, газраа залилан мэхлүүлсэн гэх хэргийг ахлах мөрдөн байцаагч Г.Г нь шалгаж байсан. ...Г.Г нь 2016 оны 8 дугаар сарын сүүлээс 9 дүгээр сарын сүүл хүртэл 1 сарын хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн санагдаж байна. ...Г.Г ганцаараа нэг өрөөнд суудаг байсан. ...” /2хх 105-106/ гэсэн мэдүүлгүүд,

            гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 132-134/, Удирдлагын академийн сургалтын албаны сонсогч Г.Ггийн тухай “...Г.Г нь тус академид суралцахаар элсэн орохдоо 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр сургалтын төлбөр болох 2.449.000 төгрөгийг ... тус академийн дансанд бэлнээр тушаасан. ...” /1хх 208/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /1хх 210/ зэрэг бусад нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

            Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 994 дугаартай магадлалд заасан заалт хангагдаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэсэн заалт хэрэгжээгүй байна.

            Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд “Эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах” гэж заасныг зөрчжээ.

            Иймд Г.Гг үндэслэлгүй цагаатгасан талаарх улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/106 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ч.Мийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Г.Гд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл цагаатгагдсан этгээд Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                                    Д.МӨНХӨӨ  

                        ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ