Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/02694

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг,*******,*******,*******, “А” ХХК /5335124/-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,,

гэрээний үүрэгт 2,,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганбагана,

Хариуцагч Ч.Р,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Ч.Рд холбогдуулан 2,,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэг сарын хугацаатай байгуулж, хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны байрны тоотод байрлах орон сууцыг худалдахад зуучлахаар тохирсон, гэрээний хугацаа дууссанаар 2022 оны дугаар сарын 18-ны өдөр дахин нэг сарын хугацаатай сунгасан. Хариуцагч манай компаний оролцоогүйгээр орон сууцаа худалдсан боловч гэрээний 5.6, 5.7, 5.8-д заасныг зөрчиж зуучлалын шимтгэл төлөх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа би өөрийн өмчлөлийн орон сууцаа зарахаар зар тавьсан байхад Минжмаа гэх хүн утсаар холбогдож таны орон сууцыг хурдан хугацаанд зарж өгнө гэсэн тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан, үүнээс хойш байр зарагдаагүй байтал 2022 оны -р сарын 18-ны өдөр гэрээ сунгасан зураг явуулсан байсан. Энэ гэрээнд зуучлуулагч ямар ч эрхгүй гэж тусгасан байгааг анзаарч уншаагүй, би ББСБ-д өртэй байсан тул яаралтай орон сууцаа зарах хэрэгтэй байсан, тиймээс өөрийн фэйсбүүкт тавьсан зарын дагуу холбогдсон иргэнд өөрөө орон сууцаа зарж борлуулсан. Би өөрөө орон сууцаа бусдад худалдан борлуулсан байтал энэ компани ямар ч ажил хийгээгүй байхад би яагаад төлбөр төлөх болж байгаа юм, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3. Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, А ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-4/, А ХХК-ийн нэхэмжлэх /хх-5-6/, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн 2022-02-18-ны өдрийн гэрээ /хх-7-10/, гэрээний сунгалт /хх-12/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч талаас хариу тайлбар /хх-22/, хариуцагч Ч.Ргийн бусадтай байгуулсан 2022-4-11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ /хх-23/, 2022-02-18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ /хх-24-27/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

/хавтаст хэргийн хх-11, 28, 32-45 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт нь А ХХК-ийн ажилтан Т.Минжмаагийн фэйсбүүк цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-49-72/ байна.    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ч.Рд холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн гэрээ”-ний дагуу төлөх шимтгэлд 2,310,000 төгрөг, алдангид 462,000 төгрөг, нийт 2,,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч тал миний орон сууцыг хурдан шуурхай худалдан борлуулж өгнө гэж гэрээ байгуулсан боловч би өөрийн фэйсбүүкт тавьсан зарын дагуу өөрөө орон сууцаа зарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах онцгой эрхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ОХ/22/001 дугаартай гэрээгээр нэг талаас Ч.Р зуучлуулагч, нөгөө талаас А ХХК буюу зуучлагчаар оролцож, улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, байрны 3 тоотод байрлах Ч.Ргийн өмчлөлийн орон сууцыг худалдах, худалдан авах үндсэн гэрээ байгуулах боломжит худалдан авагчтай холбож өгөх, зуучлуулагч нь гэрээгээр тохиролцсон үйлчилгээний хөлсийг зуучлагчид төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар нэг сарын хугацаатай тохирсон байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 411.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, хуулийн 411.1 дэх хэсэгт “зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, зуучлалын гэрээ нь зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдах бөгөөд зуучлагч нь гуравдагч этгээдтэй хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл байгуулах эсхүл холбож өгөх үүрэг хүлээх бөгөөд зуучлуулагч нь тодорхой хөлс, шагнал төлөх үүрэгтэй бөгөөд зуучлах онцгой эрх нь гэрээнд заасан хугацаанд үйлчлэхээр байна.

 

Иймд зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зуучлуулагч зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлагчид шимтгэл хөлс, шагнал олгох ёстой гэж тодорхойлсон.

 

Хариуцагч нь орон сууцаа өөрөө зарсан учраас гэрээгээр тохирсон шимтгэл төлөх боломжгүй, өөрөө зээлтэй, худалдан авагчийг надад зуучлаагүй учраас шимтгэл төлөхгүй гэх тайлбарыг гаргаж маргасан.

 

Талуудын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа нэг сар байх бөгөөд уг гэрээний сунгалт 2022--18-ны өдөр хийгдсэн байх бөгөөд энэхүү сунгагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч тал маргаагүй.

 

Зуучлалын гэрээгээр хөлс төлөхөөс гадна зуучлалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардал төлөх зохицуулалтай бөгөөд зуучлуулагч нь зуучлагчийн тусламжгүйгээр гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлагчид шагнал төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэж байна.

 

Тодруулбал, зуучлагч нь хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс төлөхөөр, зуучлагчийн тусламжгүйгээр зуучлуулагч нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан тохиолдолд зуучлагчид шагнал төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд “хөлс” нь гэрээнд заасан үүргээ биелүүлсний төлөө мөнгөн хэлбэрээр авч буй төлбөрийг, “шагнал” нь хийсэн ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмрийг харгалзан олгож байгаа мөнгөн төлбөрийг ойлгохоор байна.

 

Хариуцагч Ч.Р нь онцгой эрхийн гэрээний зүйл болох орон сууцыг гуравдагч этгээдэд худалдсан болох нь хэрэгт авагдсан 2022-4-11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар гэрээгээр нотлогдож, уг гэрээний худалдан авагчид зуучлагч буюу нэхэмжлэгч зуучлаагүй болохыг зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.2-т зуучлуулагч энэ хуулийн 411.1-д заасан хугацаанд өөр зуучлагчаар үйлчлүүлэх гэрээ байгуулсан бол зуучлагч өөрт учирсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр нөхөн төлүүлэх эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахад зуучлах байсан бол нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ гэрээний үнийн хоёр хувиас хэтрэхгүй гэж заасан.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзсан үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч зуучлалын гэрээний зүйл болох орон сууцыг 2022-04-11-ний өдөр 70,000,000 төгрөгөөр бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, нэхэмжлэгч тал үгүйсгэж няцаагаагүй тул худалдах-худалдан авах гэрээний дүнгийн хоёр хувиас хэтрэхгүй хэмжээний буюу 1,400,000 төгрөгийн шагналыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Ргээс зуучлалын гэрээний шагналд 1,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,372,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 411 дүгээр зүйлийн 411.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ргээс 1,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,372,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 59,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ргээс 37,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ